Техник технологи бидний өдөр тутмын амьдралд олон өөрчлөлт авчирч байгаагийн нэг нь үзэгний хэрэглээг багасгаж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс шаардлагатай зүйлээ гар утсан дээрээ тэмдэглээд авчихдаг болсон нь гайхах зүйл биш билээ.
Хэдийгээр технологийн хэрэглээ, цар хүрээ өргөн боловч бидэнд хэзээ ч орхиж болохгүй зүйлс гэж бий. Түүний нэг нь гар бичмэл юм.
ТАНИН МЭДЭХҮЙН АЧ ТУС
Гараар бичих нь танин мэдэхүйн ач холбогдолтой гэдгийг мэдэх үү? Аливааг цаасан дээр бичих үед бичиж буй зүйлээ нухацтай, тайван бодох, найруулах, цэгцтэй сэтгэх боломж хэзээ хэзээнээс илүү олддог. Ой тогтоолтод ч сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, Karin H. Jamesa болон Laura Engehardta нарын эрдэмтэд хамтран үг, өгүүлбэр уншиж сурч буй таван настнуудын дунд гараар бичих нь тэдний сэтгэхүйн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Тэд судалгаанд оролцож буй хүүхдүүдийг хоёр хэсэг болгон хуваасан ба эхний бүлэг хүүхдүүдэд компьютер дээр шивж боловсруулсан материал өгч, цээжлүүлсэн бол нөгөө хэсэг хүүхдүүдэд материал уншуулахын зэрэгцээ дэвтэр дээр нь тэмдэглэл хөтлүүлсэн байна. Ийнхүү судалгааны үр дүнд гараар тэмдэглэл хөтөлсөн хүүхдүүд материалыг илүү сайн цээжилсэн байв.
ГАРААР БИЧИХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ
Нийтлэлч Patrick McCelan өнөө үед гараар бичих нь хэдий хэмжээний ач холбогдолтой байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд цаасан дээр гараар бичихэд анхаарал сарниулах хүчин зүйлсээс ангижирч, сайтар төвлөрч чаддаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн энэ үед тархиндаа бүхнийг боловсруулж, бодол санаагаа цэгцлэх боломж бүрддэг учир хэрэгцээгүй зүйл бичиж цагаа үрэхээс сэргийлдэг гэжээ.
Мөн Норвегийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Audrey van der Meer 2017 онд нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэрээр өсвөр насны хүүхдүүд болон их сургуулийн оюутнуудын дунд хичээлийн тэмдэглэлийг компьютер дээр шивэх, гараар бичих хоёрын аль нь илүү үр дүнтэй байгааг судалсан байна. Ийнхүү компьютер дээр шивэхээс илүү гараар бичих үед хүмүүсийн тархи идэвхтэй ажиллаж байгааг тогтоожээ. Тэрээр, “Үзэг цаас ашиглах нь ой тогтоолтод эерэгээр нөлөөлдөг. Мөн цаасан дээр үзгээр дарж бичихэд гарч буй бүдэгхэн чимээ бидний олон мэдрэхүйг идэвхжүүлдэг” гэжээ.
Эх сурвалж: Neuroscience News
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх