Barbie Ferreira: "PLUS SIZE" гэдэг хэллэгээс ТАТГАЛЗАХ цаг болсон


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-25

"Загварын шоун дээр туранхай, гоолиг эмэгтэйчүүд л гарах ёстой" гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилж, дэлхий дахинд “махлаг эмэгтэйчүүд ч загвар өмсөгч болж болно” гэдгийг харуулж буй загвар өмсөгч Barbie Ferreira-тай танилц. 

Өдгөө 23 настай Barbie Ferreira бага насаа АНУ-ын Нью Йорк болон Нью Жерси мужид өнгөрүүлжээ. Харин загвар өмсөгчийн карьераа 16 настайдаа буюу 2013 оноос эхлүүлсэн бөгөөд тухайн үед “махлаг” эмэгтэйчүүд загварын ертөнцөд ховорхон байсан нь түүнийг бухимдуулсан гэдэг. Ийнхүү загвар өмсөгчид заавал туранхай байх албагүйг дэлхийд харуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан түүний алдар нэр агшин зуурд өсөж, загварын тайзан дээр хөл тавьснаас ердөө гуравхан жилийн дараа Times сэтгүүлийн “Хамгийн нөлөө бүхий залуу үеийнхэн” жагсаалтад багтсан байдаг. 

Barbie Ferreira загварын ертөнцөд алдаршаад зогсохгүй кино урлагийн салбарт ч хүч үзсэнийг залуус бид мэдэх билээ. Тэрээр одоогоор "Becca" гоо сайхны брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Ингээд түүний Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу. 


VOGUE: Та хэзээнээс нүүрээ будаж эхэлсэн бэ?

- Би өсвөр насандаа нүдээ хар өнгийн нүдний харандаагаар хүрээлдэг байсан юм. Үнэхээр эмо. Сүүлд л YouTube-ээс нүүр будалтын бичлэг үзэж суурь будалт хэрхэн хийдэг талаар мэдлэгтэй болсон. Эхэндээ ч нүүр тэр чигтээ улбар шар болчихно. Мэдээж өсвөр насны хүүхэд учраас маш олон удаа уйгагүй туршиж байж л будаж сурсан даа. 

VOGUE: Нүүр будалт хийхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ?

- Надад нүүрээ будах их хөгжилтэй санагддаг. Миний хувьд нэгэн төрлийн сэтгэл зүйн эмчилгээ ч гэж хэлж болно. Гэхдээ би нэг их хүнд будалт хийдэггүй юм. Зүгээр л нүүрээ будсаны дараа "гоё болчихлоо" эсвэл "муухай болчихлоо" гэх мэтээр мэдрэмж авч байгаа маань л чухал гэж боддог. 


VOGUE: Та багаасаа л өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог байсан уу?

- Яг өсвөр насан дээрээ өөрийгөө хаанаас нь ч харсан дургүй хүрдэг байсан. Tumblr хуудсандаа нүүрээ будсан зургаа л нийтэлж байснаас хэзээ ч биеэ бүтнээр нь гарсан зургаа хийж үзээгүй. 

VOGUE: Хэзээнээс энэ хандлага өөрчлөгдөж эхэлсэн бэ?

- Анх загвар өмсөж эхлэхдээ цаашид нууж чадахгүй бодит байдалтайгаа нүүр тулсан. Тэр үед л жинхэнэ өөрийгөө олсон. Өөдөөс минь харж буй камер надад их зүйлийг заасан гэж боддог. Магадгүй би камерын өмнө зогсоогүй бол эдгээр зүйлсийг хэзээ ч сурахгүй байсан байх. Би ер нь өөрийгөө их өчүүхэн гэж боддог, сэтгэл санааны хувьд ч тэр. Гэтэл бие маань том. Гэхдээ цахим ертөнцөд намайг дэмждэг хүмүүсийн нэгдэл бий болсноор нүдийг минь нээж өгсөн дөө.


VOGUE: Загвар өмсөж эхлэхдээ биеийн галбирынхаа талаар ямар бодолтой байсан бэ? 

- Анх загвар өмсөж эхлэхэд өөрийгөө зүгээр л маш том биетэй гэж мэдэрч байсан. Хүмүүс тийм биеийн галбирт дасаагүй байсантай холбоотой байх. Гэхдээ би өмнөх зургуудаа харахаар дундаж хэмжээтэй л байсан юм шиг харагддаг юм. Угаасаа ихэнх өсвөр үеийнхэн тийм биетэй байдаг шүү дээ. 

VOGUE: Таныг загвар өмсөж эхлэх үед “нэмэх размерын загвар өмсөгч”, “элсэн цаг шиг биетэй” зэрэг хэллэгүүд түгээмэл хэрэглэгддэг байсан. Гэхдээ өнөөдөр эдгээр үгс нэгэнт хоцрогджээ. Та энэ талаар юу гэж боддог вэ?

- Эхэндээ бол энэ бүх тодорхойлолтууд их дажгүй санагддаг байсан шүү. Эдгээр үгс байгаагүйсэн их их хоосон санагдах байсан байх. Харин одоо бол биднийг бусад загвар өмсөгчдөөс өөр гэж үздэг үзлийг өөрчлөхийг хүсэж байна. Бид бүгд л загвар өмсөгчид байхад мяраалаг эмэгтэйчүүдийг “plus size” (нэмэх размер) гэж тодотгож, бусад туранхай загвар өмсөгчдөөс ялгаж хэлдэг. Энэ ялгаатай байдлыг халах цаг нь болсон.


VOGUE: Хүмүүс таныг "биеийн-эерэг байдал"-ын төлөөх тэмцэгч гэж тодорхойлдог шүү дээ. Энэ үг танд таалагддаг уу? Эсвэл биеийн галбираараа өөрийгөө тодорхойлуулах дургүй байдаг уу?

- Гоо сайхны нэг хэмжээ аль хэдийнэ тогтчихсон салбар луу зоригтой орсон болохоор хүмүүс намайг биеийн галбирын тухай ойлголтод шинэчлэл хийсэн гэлцдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би ч бас жинхэнэ өөрийгөө олж байсан. Жинхэнэ би биеийн галбир гэдэг ганцхан хэмжүүрээр бусдад тодорхойлогдох шаардлагагүй гэдгийг ойлгосон. Холливуд болон загварын ертөнцөд тогтсон хэв маягийг эвдэхийг л хүсэж байна. 


VOGUE: Та түрүүн загвар өмсөгчдийн дунд байдаг тогтсон хэм хэмжээг өөрчлөх тухай ярьсан шүү дээ. Таны хувьд дэлхийд алдартай брэндийн нүүр царай болж, кинонд ч тоглоод амжсан. Үүнээс үзэхэд та тэр бүх “хэм хэмжээ” гэдэг зүйлийг алгуурхнаар үгүй хийж байгаа юм шиг санагдлаа. Энэ бүх ялгааг төгсгөх цаг нь болсон уу?

- Загвар өмсөгчдийн биеийн галбирын тухай яриа жилээс жилд л яригддаг. Би бүр багадаа биеийн галбираасаа болж шаналаад, уулын оройд гараад хашхирч ч үзсэн. Гэхдээ энэ арга нэг их амжилт олоогүй л дээ. 

Хүмүүс нийгмийн сайн сайхны төлөө янз бүрийн ажил хийдэг. Миний хувьд энэ ажлаа сүр дуулиан багатай, алгуурхнаар хийхийг хүсдэг. Энэ нь надад илүү хүчирхэг мэдрэмж төрүүлдэг гэх үү дээ. Би хэлэхийг хүссэн бүх зүйлсээ хэлчихсэн. Тиймээс одоо бол зүгээр л хийх хэрэгтэй байх.


VOGUE: "Euphoria" цувралын тухай яриагаар ярилцлагаа үргэлжлүүлье. Энэ кино танд гоо сайхны тухай юу заасан гэж боддог бэ?

- "Euphoria" надад маш олон зүйл заасан. Миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Би өөрийгөө гадаад төрхөөрөө тодорхойлохын оронд авьяас чадвараараа харуулах ёстой гэдгийг ойлгосон. 

VOGUE: Та саяхнаас "Becca" брэндийн нүүр царайгаар ажиллах болсон шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байна ?

- Мөрөөдөл маань биелсэн гэж боддог. Би үнэхээр гайхамшигтай брэндтэй хамтран ажиллаж, сурталчилгааны ажлыг нь хийж байгаа. "Becca" брэнд ч бас үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээж байна. Тэд дэлхий ертөнцөд дутагдаад буй төрхийг бүтээх гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гайхалтай брэнд. 


VOGUE: Та яг өсвөр насан дээрээ "Becca" брэндийн нүүр царай болсон бол танд ямар санагдах байсан бол?

Гоо сайхны ертөнц өөрөө тодорхой хэмжээний стандарттай. Өөрөөр хэлбэл арьс, нүүр будалт, биеийн галбир зэрэг хүчин зүйлүүд нь хязгаарлагдмал стандарттай байдаг. Тиймдээ ч би өсвөр насан дээрээ янз бүрийн гоо сайхны сурталчилгааг хараад “надад угаасаа ийм боломж олдохгүй дээ” гэж боддог байсан. Яагаад гэвэл энэ стандартаас болоод над шиг байтугай надаас илүү хүмүүст ч тийм боломж олдоход хэцүү байсан шүү дээ. 

Харин орчин үед “гоо сайхан” гэдэг ойлголт харьцангуй өргөжин тэлж байгааг харахад таатай байна. Үнэндээ хүмүүс нэгэн хэвийн зүйлсээс залхаж байна шүү дээ. Тиймдээ ч амьдралд илүү ойр, бодит зүйлсийг л худалдан авдаг болсон байна. 

VOGUE: Та хэдэн жилийн өмнөх өөртөө зөвлөгөө өгөх боломж олдвол юу гэж зөвлөх байсан бэ? 

- Би зүгээр л "Охин минь, чи маш олон сөрөг зүйлстэй нүүр тулна. Гэхдээ л бүгдээрээ үнэ цэнтэй байх болно" гэж хэлмээр байна.

#Plus Size #Загвар