Харвардын их сургуулиас хийсэн нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүн ямар нэгэн зүйл хийх хугацааныхаа 47 хувьд нь өөр зүйлийн талаар боддог гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн зүйл хийхдээ тал хугацаанд нь хийж буй зүйлийнхээ талаар, үлдсэн хугацаанд нь тэс өөр зүйлийн талаар боддог байна.
Гэхдээ та санаа бүү зов. Тархи өөрийг нь сатааруулж буй зүйлсийг үл тоож сурах чадамжтай байдаг тул анхаарал төвлөрөлтийг хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Тиймээс анхаарал тань амархан сарничихдаг бол дараах аргуудыг туршаад үзээрэй.
1. САТААРУУЛЖ БУЙ ЗҮЙЛСЭЭС ХОЛД
Бид энэ жилийн ихэнх хугацааг хөл хорионд өнгөрүүлсэн. Ийнхүү гэрээсээ ажиллаж хичээллэх шаардлагатай болсонтой холбоотойгоор юу анхаарлыг маань хамгийн их сатааруулж байсныг судалжээ. Судалгааны үр дүнд олон нийтийн сүлжээ анхаарал сарниулах голлох шалтгаан болсон бол удаах шалтгаан нь бага насны хүүхэд байв.
Гэхдээ олон нийтийн сүлжээ бол хялбархан шийдвэрлэх боломжтой асуудал билээ. Өөрөөр хэлбэл та олон нийтийн сүлжээнээс ирж буй мэдээлэл, сурталчилгаа, и-мэйл, зурвас зэрэг мэдэгдлүүдийг унтраачихад л болно. Тийм ээ, зүгээр л мэдэгдлүүдээ унтраачих.
Харин бага насны хүүхдийн хувьд дээрх асуудлыг шийдсэн шиг хялбар аргаар шийдэх боломжгүй ч бас бүр шийдвэрлэх боломжгүй асуудал биш юм. Та бага насны хүүхэдтэй маш тодорхой дүрэм баримтлахад л болно. Жишээлбэл та өөртөө байдаг хамгийн хачирхалтай загвартай малгайг "ажлын малгай" гэж нэрлээрэй. Ингээд ажил, хичээлээ хийхдээ ажлын малгайгаа өмсөөд, завтай үедээ малгайгаа тайлахад хүүхэд аяандаа таныг ямар үед завгүй, ямар үед завтай байгааг ойлгож эхэлнэ. Хүүхэд бидний бодож байгаагаас ч ухаантай "хүмүүс" шүү.
2. ЦАГИЙН ХУВААРИА ЯГ ТАГ БАРЬ
Үр бүтээмжтэй ажиллахад тогтсон цагийн хуваарь баримтлах хэрэгтэй гэдгийг та хаа нэгтээгээс сонсож л байсан байх. Гэхдээ цагийн хуваарь гаргахдаа сайтар тооцолж, амьдралтай ойр байдлаар зохиогоорой. Өөрөөр хэлбэл ажил, хичээлээ хийж эхлэх болон дуусах цаг, тэдгээрийн хооронд авах амралтын цагууд хүртэл нарийн тодорхой байх хэрэгтэй.
Ихэнх хүмүүс хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахдаа хаа хамаагүй зүйлс биччихдэг. Ингээд өдрийн төгсгөлд жагсаалтад багтаасан ажлуудаа бүгдийг нь дуусгаж чадалгүйгээр дараагийн өдрийн жагсаалт руу шилжүүлчихнэ. Тиймээс ороо хураах, нүүрээ будах зэрэг цаасан дээр бичээгүй байсан ч хийчихдэг зүйлсийг огт бичихгүйгээр чухал ажлуудаа л тэмдэглээрэй.
3. НЭМЭЛТ АРГУУД
Олон нийтийн сүлжээ: Шинээр и-мэйл ирэх бүрийг цаг тухайд нь уншиж анхаарлаа сарниулах хэрэггүй. Мэдэгдэл бол анхаарал сарниулах хамгийн том хүчин зүйл шүү дээ. Тиймээс өдрийн тодорхой үеүдэд л мэдэгдлүүдээ шалгахаар цаг товлоорой. Жишээлбэл өглөө 09:00, 11:00, 14:00, 16:00, 18:00 цагуудад л и-мэйлээ шалгана гэх мэт.
Ганцаараа өнгөрүүлэх хугацаа: Хичээлээс давтлагын хооронд, уулзалтаас уулзалтын хооронд өнгөрөх өдрүүдэд тухтай суугаад шинэ санаа гаргах, аливаа зүйлийг эргэцүүлэх хэцүү. Тиймээс өөртөө цаг гаргаж хэвшээрэй. Энэ үедээ утасныхаа "Do Not Disturb" тохиргоог идэвхжүүлчихвэл утсанд тань төрөл бүрийн дуудлага, мэдэгдэл ирж, анхаарлыг тань сатааруулахгүй амар шүү.
Амралтын цаг: Чамгүй удаан хугацааны туршид анхаарлаа төвлөрүүлээд ажил хичээлээ хийсэн бол багахан цаг гаргаад амраарай. Амралтын цагаараа гадаа гарч алхаж, сунгалт хийж, найзуудтайгаа ярьж, өдрийн хоолоо идэж болох юм. Стресс менежментийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд тодорхой хугацаанд анхаарлаа төвлөрүүлсний дараа богино хугацаанд амралт авах нь зайлшгүй шаардлагатай талаар дурдсан байдаг.
Дасгал хий: Дасгал хийх нь анхаарал төвлөрөлт, ой тогтоолт болон үр бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шалгарсан арга билээ. Их Британид хийгдсэн бас нэгэн судалгаагаар хүмүүс дасгал хийсэн өдрөө дасгал хийгээгүй өдрөөс 21 хувиар өндөр анхаарал төвлөрөлттэй, 41 хувиар өндөр үр бүтээмжтэй ажилласныг тогтоожээ.
Өөрийгөө ажигла: Анхаарал сарних хамгийн гол шалтгаан бол уур бухимдал, айдас, ганцаардал зэрэг сэтгэл санааны тогтворгүй байдлууд юм. Хэрэв ганцаардсан мэдрэмж төрж байвал чөлөөт цагаараа гэр бүл болон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүл. Амьдрал чинь уйтгартай санагдаж байвал шинэ хобби ол. Айдас төрж байвал элдэв төрлийн мэдээ үзэх цагаа хязгаарлаарай. Эдгээр асуудлуудыг шийдвэрлээгүй цагт ажлаа хэчнээн нарийн төлөвлөөд ч үр бүтээмж сайтай байхгүй болов уу.
Мөн таны анхаарал амархан сарничихдаг бол бясалгал хийж үзэхийг зөвлөж байна. Бясалгаж сурснаар яг одоодоо төвлөрч, өөрийгөө хянаж, удирдаж сурах давуу талтай билээ.
Эх сурвалж: NY Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх