Б.Мөнхжигүүр: Өөрт ямар боломж байгааг байнга эрэлхийлж байх хэрэгтэй


Сүүлийн жилүүдэд гадаадад суралцах оюутнуудын тоо эрс нэмэгдсээр байна. Эх орондоо олж авахаас илүү чанартай боловсрол эзэмшихийн тулд харийн орныг зорих нэгэн байхад шинэ соёл, шинэ хэл сурахаар яван одох нэгэн ч бий. Аль эсхүл энэ бүх боломжуудыг нэг дор багтаасан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд ч бий. 

Монголын томоохон их сургуулиуд гадаад харилцаагаа өргөжүүлж, зөвхөн Ази гэлтгүй Европын олон шилдэг сургуультай хийсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд оюутнуудаа солилцооны хөтөлбөрүүдэд хамруулах болжээ. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын дугаартаа Япон улсын Нагояа их сургуулийн "NUPACE" оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан эх орондоо ирээд буй Б.Мөнхжигүүрийн туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байна.


YOLOӨдрийн мэнд! Та Нагояагийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Манай сайтын уншигчдад хөтөлбөрийнхөө талаар танилцуулаач.

- Намайг Мөнхжигүүр гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 4-р курсийн оюутан. Өнгөрсөн жил Япон улсын Нагояагийн их сургуульд нэг жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаад энэ зун Монголд ирсэн. Энэхүү хөтөлбөрт МУИС-ийн Нагояагийн их сургуультай хийсэн гэрээний дагуу жилд 1-2 оюутан хамрагддаг. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутны хүсэлт болон сургуулийнх нь боломж бололцооноос хамаараад 1-2 семестрийн турш дэлхийн олон орны оюутнуудтай хамт суралцах боломжтой байдаг. 

Энэ хөтөлбөрт ямар ч мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтойгоос гадна зөвхөн бакалаврын бус, магистрын оюутнууд ч хамрагдаж болдгоороо онцлог. Хичээлийн хувьд Нагояагийн их сургуулиас санал болгосон хичээлүүдээс чөлөөтэй сонгох боломжтой учраас япон хэл судлахын хажуугаар мэргэжлийн хичээлүүдээ англи хэл дээр судалсан. Сургалтын хөтөлбөр нь олон улсын оюутнуудад зориулагдсан байдаг учраас зөвхөн солилцооны хөтөлбөрийн оюутнуудтайгаа бус, тухайн сургуульд суралцаж буй бүхий л оюутнуудтай хамт мэргэжлийн хичээлээ үздэг байсан. Бас нэг онцлууштай зүйл гэвэл хичээлийн хажуугаар соёлын олон олон хөтөлбөрүүд зохион байгуулагддаг явдал. Харин сул тал гэвэл төгсөх курсдээ үзэх ёстой байсан мэргэжлийн хичээл маань тухайн сургуульд байгаагүй учир буцаж ирээд МУИС-д кредит цагаа тооцуулж чадаагүй. Тийм болохоор нэг жил илүү сурч байна. 


YOLOХөтөлбөр нь шалгуур хэр өндөртэй байсан бэ? Материалаа яаж бүрдүүлж байв?

- Миний хувьд тухайн сургуульд яагаад сурмаар байгаа, ямар хичээлүүд сонгомоор байгаа, эдгээр нь ирээдүйн зорилготой маань хэрхэн холбогдож байгааг илэрхийлсэн сургалтын төлөвлөгөө болон IELTS-ийн оноо, хоёр багшийн тодорхойлох захидал, эрүүл мэндийн хуудас зэрэг материалуудыг бүрдүүлсэн. Дүнгийн голч 3-аас дээш байх ёстой. Шалгуурын хувьд эхлээд МУИС-иас шалгарч эцсийн хариуг Нагояагийн их сургууль гаргадаг.

YOLOСолилцооны хөтөлбөрөөр сурахад тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

- Энэ хөтөлбөрийн МУИС-ийн бусад солилцооны хөтөлбөрөөс ялгарах давуу тал нь JASSO тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг явдал. Тус тэтгэлэгт тэнцэж чадвал сар бүр 80,000 иен /2'200'000 гаруй төгрөг/-ий тэтгэлэг авдаг. Сургалтын төлбөр төлдөггүй болохоор авсан тэтгэлгээрээ амьжиргааны зардлаа төлчихнө. Хэрвээ мөнгөө гамтай хэрэглэж, цуглуулж чадвал үлдсэн мөнгөөрөө аялах ч боломжтой юм билээ. 

Нагояагийн их сургууль нь Япон улсдаа их нэр хүндтэй учраас сургалтын чанар, номын сангийн багтаамж, оюутны хаягаараа Харвард, Оксфордын их сургуулийн оюутнуудтай эн тэнцэхүйц байдгаас гадна дэлхийн шилдэг их сургуулиудын зочин профессоруудын илтгэлд үнэгүй хамрагдах боломжтой байдаг. Нагояа нь Осака, Токио гэх мэт аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудыг бодвол өртөг багатай, тэд нарынхаа голд нь байрладаг учраас аялахад тохиромжтой байсан.


YOLOЧиний хувьд анх удаа гэрээсээ хол, урт хугацаагаар амьдарсан гэсэн. Ганцаараа амьдрахад хэр их бэрхшээл тулгарч байсан бэ

- Тэнд байхдаа бусад улсын оюутнуудтай найзалж нөхөрлөдөг байсан ч монгол оюутнуудтайгаа найзалдаг шигээ дотно байж чадаагүй. Үүнд анх танилцсан хүнтэйгээ шууд дотносдоггүй япон соёл болон миний интроверт зан чанарын аль аль нь нөлөөлсөн байх. 

Монголоос ганцаараа очсон болохоор эхний хэдэн сар ганцаардсан. Хэсэг хугацааны дараа орчиндоо дасаад, сүүлдээ ганцаараа байх дуртай болсон. Ганцаараа байх тусам өөртэйгөө ярилцаж, ойлгож, тэр цаг мөчөө үнэ цэнэтэйд тооцож сурсан. Удалгүй хөл хорионы улмаас сүүлийн семестрийн хичээл маань онлайнаар орсон болохоор гадуур гарах, найзуудтайгаа уулзах боломж хомс болсон. Ер нь энэ нэг жилийн хугацаанд ганцаараа байж сурсан гэж бодож байна.

zurag 3

YOLOОрчиндоо дасах гэдэг бэрхшээл түлхүү тулгарч байсан юм байна. Энэ нь Япон улсаас хамаарав уу, эсвэл шинэ орчинд очсонтой холбоотой болов уу?

- Аль алинаас нь л хамаарсан байх. Гэхдээ япон соёл их нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Өмнө нь би АНУ-д богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт, Испани улсад олон улсын оюутны хуралд оролцож байсан юм. Европчуудтай, ялангуяа Америкчуудтай нээлттэй харилцахад асуудал тулгарч байгаагүй. Би хэдийгээр интроверт төрлийн хүн ч гэсэн тэр хүмүүс намайг илүү нээлттэй байлгаж чаддаг. Харин Японд бол тийм харилцаа үүсгэхэд хугацаа их шаардсан.


YOLOЧиний хувьд Америкийн Төрийн Департаментаас хэрэгжүүлдэг “Эмэгтэй оюутнуудын манлайллын хөтөлбөр – SUSI”, мөн Испанид зохиогдсон  Модел ASEM-д оролцож байсан туршлагатай. Эдгээр туршлагатайгаа харьцуулбал Японд суралцах нь ямар онцлогтой байв?

- Тэндхийн хичээлийн агуулга манай Монголынхоос хол тасарчихсан, тэнд очихгүй л болж сурч чадахааргүй зүйл бол байгаагүй. Гэхдээ хичээлээ явуулах арга барил нь их өөр байсан. Япончууд Америк болон Испани хүмүүсээс илүү чамбай хүмүүс. Оюутнууд нь багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг учраас багш нар нь "ингээд өг, тэгээд өг" гэсэн шаардлага тавьдаггүй. Өгөх даалгавраа өгөөд л орхичихдог. 

Японд сурч байхдаа япон, америк болон европ багш нарын хичээлийг судалж байсан юм. Нийтлэг ажиглагдсан зүйл гэвэл хүүхэд бүр хичээлээ ойлгож байгаа юу гэдэгт ач холбогдол өгдөг явдал. Анги дүүргэлтийн тоо цөөн талдаа учраас оюутан бүртэй тулж ажиллахад хүндрэлгүй. Бас нэг онцлог гэвэл нэг удаагийн хичээлийг орохын тулд багш болон оюутан аль аль талдаа их бэлтгэлтэй ирдэг. Багшийн зүгээс дор хаяж долоо хоногийн өмнөөс уншиж судлах материалыг өгч, аль хэсгийг нь аль өнцгөөс судлах талаар зөвлөгөө өгдөг учраас хичээлээ үзэх үед оюутан тодорхой хэмжээний ойлголттой болоод ирсэн байдаг. Тухайн хичээл орохоос өмнө сэдвээ судалчихсан оюутнууд маш их асуулттай ирнэ. Багш ч тэдгээр асуултуудад төвөгшөөлгүйгээр хариулдаг. Ерөнхийдөө багш нар заах гэхээс илүүтэйгээр чиглүүлэх үүрэгтэй байсан. 


YOLOОюутан солилцоогоор сурч байх хугацаандаа Модел АСЕМ-д оролцсон. Энэ хөтөлбөрийнхөө тухай уншигч залууст маань мэдээлэл өгөөч.

- Модел АСЕМ нь Ази, Европын 51 улсаас бакалавр, магистрын оюутнууд оролцох боломжтой олон улсын хурал юм. Хоёр жилд нэг удаа л зохион байгуулагддаг бөгөөд нэг улсаас 1-2 оюутан хамрагдах боломжтой. Ерөнхийдөө Монголд зохиогддог загвар НҮБ-ын хуралтай адилхан гэж хэлж болно.

Цаг хугацааны хувьд “АСЕМ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалт”-тай зэрэг зохион байгуулагддаг учраас тухайн уулзалтад оролцож байгаа дипломатуудыг урьж оролцуулан хамтдаа хэлэлцүүлэг хийдэг. Бидний хувьд төлөөлж буй улсдаа тохирсон хороодод хуваагдаад хэлэлцээр явуулдаг. Энэ үед туршлагатай дипломатууд бидний хэлэлцээ хийх арга барилд маань санал зөвлөмжөө өгнө. Миний оролцсон жилийн хурал Испанийн Мадрид хотод болсон учраас тэр хотоороо аялах бас ЭСЯ-дуудад зочилж туршлага судлах боломж олдсон. Сонирхуулахад бүх зардлыг нь зохион байгуулагч байгууллагаас даадаг. 

Модел АСЕМ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


YOLOЗөвхөн Монголчууд бидний ч гэлтгүй, дэлхий нийтийн Япончуудыг хардаг тогтсон өнцөг, ойлголт бий. Чиний хувьд Японд очихоосоо өмнө ард иргэдийнх нь талаар ямар бодолтой байсан бэ? Энэ бодол бодит байдалтай хэрхэн нийцэж байв?

- Япончуудын талаарх бидний тогтсон ойлголт бодит байдалтай тийм ч хол зөрөхгүй байх. Гэхдээ мэдээж Япон хүн бүр нэгэн ижил гэсэн үг биш. Олон төрлийн соёлын талаар таньж мэдэж, гадаад хэлээ сайжруулъя гэсэн хүмүүс байхад Япон улс өндөр хөгжсөн учраас би гадаад хэлж сурч гадаад явах ямар ч шаардлагагүй гэсэн бодолтой хүмүүстэй ч таарч байсан. Нэг онцлууштай зүйл гэвэл Япончууд хүний хувийн орон зайд халдаж төвөг болохгүй байхыг эрмэлздэг. Бусдын гэр бүлийнхнийх нь тухай, орлого санхүүгийнх нь тухай асуух нь тэдэнд төвөг удаж байгаад тооцогдоно.

Манай итали багш нэг удаа ингэж ярьж байсан юм. "Би энэ сургуульд найм дахь жилдээ багшилж байна. Сургуулийн хажуугийн дэлгүүрийн худалдагч эгч намайг тэр дэлгүүрт анх очихоос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Тэр энэ найман жилийн турш намайг дэлгүүрээр нь орох болгонд "Тавтай морилно уу. Та уут авах уу? Бонус карт байгаа юу?" гэж асуудаг. Манай Италид бол "Сайн уу? Ажил нь сайн уу? Сонин сайхан юу байна?” гэх байсан" гэж хэлж байсан юм. Үүнийг сонсчихоод би ч бас "Манай Монголд ч бас тэгэх л байсан байх даа" гэж бодсон. Үүнээс "Япон хүмүүс хэлэх ёстой зүйлээ л хэлж, хийх ёстой зүйлээ л хийдэг" гэдгийг анзаарсан даа. 

Харин бодож байснаас минь өөр байсан зүйл гэвэл гялгар уутны хэрэглээ. Би Монголд байхдаа нэг удаагийн гялгар уут аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг байсан. Гэтэл Японд очоод дэлгүүрээс жижиг гэлтгүй авсан бүх бүтээгдэхүүнийг маань тус тусад нь ууталж өгдөг байлаа. Тор нь үнэгүй болохоор хэн ч тоодоггүй байсан юм шиг санагдсан. Гэхдээ энэ хавраас эхлээд тор нь үнэтэй болсон л доо. 


YOLOГанцаараа байгаа цаг хугацаагаа үнэлж сурсан гэсэн шүү дээ. Энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар академик түвшинд ахиж дэвшсэнээс гадна өөр юуг ойлгож суралцсан бэ?

- Японы түүх, кимоно, сүшиг бодитоор мэдэрч судлахаас гадна бусдыг ямагт хүндэлдэг хандлага нь таалагдсан. "Баярлалаа", "уучлаарай" зэрэг үгсийг жижиг зүйл дээр ч хэлснээр тухайн хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж болохыг ойлгосон. Хэдий настай хүн явж байлаа ч өөрөөс нь залуу хүн урд нь явж байгаа бол хэзээ ч урдуур нь дайрдаггүй. Бие биенээ хүндлэх харилцаанаас нь их зүйл сурсан, сурах хэрэгтэй ч гэж бодсон.

Бас зөвхөн Япончуудаас гэлтгүй герман найзуудаасаа цаг баримтлах чадварыг суралцсан. Хүнтэй дотно ярилцах их чухал юм байна, утга учиртай харилцааг бий болгохын тулд аль аль талаасаа хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм байна. Монголд байхад “Хэн нэгнийг кофенд уривал намайг юу гээд бодчих бол” гэдэг хандлагатай байсан боловч олон хүнээр кофенд уриулсны дараа "ингэх нь зөв юм байна" гэж ойлгосон. Хамгийн чухал нь харилцаа, хандлагын асуудал байдаг.

YOLOХичээлээс гадуур соёлын ямар хөтөлбөрүүдэд оролцож байв?

- "COVID-19" цар тахлаас болоод миний Японд өнгөрүүлсэн нэг жилийн талаас илүү хувьд нь олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй. Гэхдээ австрали, англи, америк оюутнуудтай хамт бага сургуулийн сурагчдад англи хэл заах боломж олдсонд баяртай байдаг. Унаган англи хэлтэй хүмүүстэй хамт хичээл заах боломж олдсон учраас өөрөө ч бас ихийг сураад авсан. Нэг сар гаруйн хугацаанд 5-10 насны 20 хүүхэдтэй ангид англи хэлний хичээл заахдаа япон хүүхдүүд монгол хүүхдүүдээс юугаараа ялгаатай, багш эцэг эхтэй нь хэрхэн харьцдаг, хүүхдүүд нь томчуудтай хэрхэн харьцдагийг ойроос харж танилцсан. 


YOLOИрээдүйд Япон улсад суралцахаар төлөвлөж буй оюутнууд ямар чадварууд дээрээ илүү анхаарч хөгжүүлбэл зүгээр гэж бодсон бэ?

- Японд англиар ярьдаг хүмүүс тийм ч их биш. Ихэвчлэн японоор л ярина. Тийм учраас япон хэлээ сайн сураарай. Гудамжны хаяг бүр ханзаар бичигдсэн байдаг учир хэлээ ашиглах талаас нь сураарай гэж зөвлөмөөр байна. Мөн цаг сайн барьдаг байх хэрэгтэй.

YOLOХөл хорионы үеэр Японд нөхцөл байдал ямар байв? Онлайнаар суралцсан сэтгэгдлээсээ хуваалцаач. 

- Ангийнхантайгаа уулзахгүй байхаас эхлээд олон сул тал байсан ч үнэндээ танхимаар суралцахаас илүүтэйгээр онлайнаар сурах нь үр дүнтэй санагдсан. Мөн хөл хорионы үеэр Япончууд миний төсөөлснөөс сандрал багатай байсан. Жишээлбэл амны хаалтын нөөц дуусахад ард иргэд нь маш хүлээцтэй хандаж байсан нь бахархууштай ч "шинэ коронавирусийг хөгшин хүмүүс л тусдаг" гэсэн буруу ойлголтоос үүдэн амны хаалт зүүгээгүй хүмүүс их байлаа. Миний хувьд аль болох тайван байхыг хичээсэн ч хүний нутагт байсан болохоор олон хүнтэй газраар явахаас айж л байлаа. Өөрт тохиолдсон нэгэн сонирхолтой түүхийг хуваалцмаар санагдлаа. Би Японд байхдаа Ширикаваго гэдэг тосгон руу аялах гээд 40 хүний суудалтай автобусанд суусан юм. Тосгон руу очиход ч, тосгоноос ирэхэд ч тэр автобусанд надаас өөр зорчигч байгаагүй. Гэсэн хэдий ч ганцхан хүн явах юм байна гээд автобусыг цуцлалгүйгээр ганцхан намайг хүндэтгээд үйлчилсэн нь үнэхээр гайхалтай санагдсан. 


YOLOМонголын их сургуулиуд маань ийм болоосой гэсэн бодол төрж байв уу?

- Гадаадын их сургуулиудын кампус, лаборатори, тоног төхөөрөмжүүд гээд олон зүйлс нь таалагдсан. Ядаж л интернэт нь гацдаггүй. Монголынхоо нөхцөл байдалтай харьцуулаад хэрэгжүүлж болмоор санагдсан зүйлсээсээ дурдъя. Ариун цэврийн өрөө нь үргэлж цэвэрхэн бөгөөд ариун цэврийн цаастай байдаг нь амар. Сургууль дотор ус, ундааны автомат машин байдаг учраас хичээлийн дундуур ам цангавал гараад дэлгүүр явах шаардлагагүй. Давхар бүрд принтер, сканер байдаг гээд жижигхэн юм шиг хэрнээ хүний цагийг хэмнэх шийдлүүд байдаг нь таалагдсан.

YOLOХэд хэдэн хөтөлбөрүүдэд хамрагдаж, оролцож байсан хүний хувьд эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдэд хандан зөвлөгөө өгөөч.

- Нэгдүгээрт, надад ямар боломж байна гэдгийг байнга эрэлхийлж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, ямар нэгэн хөтөлбөр таалагдвал өргөдлөө шуудхан илгээгээрэй. Би чадахгүй байх гэсэн айдсандаа бүү хүлэгд. Тэнцэхгүй байсан ч тэр үйл явцаасаа суралцана. Мөн бүртгүүлье гэж шийдсэн бол өргөдлөө аль болох бэлдэж эхлэх хэрэгтэй. Чамайг хэн бэ гэдгийг бичсэн эсээ чинь тодорхойлох учир эсээ дээр анхаарлаа сайтар хандуулаарай. 

YOLOУрилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Сурлагад чинь амжилт хүсье!


*Энэхүү солилцооны хөтөлбөрт АШУҮИС, ШУТИС, МУБИС болон МУИС оюутнууд өргөдлөө илгээх боломжтой байдаг бөгөөд хөтөлбөрийн талаар ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

БОЛОМЖ ҮРГЭЛЖ ЧИНИЙ ГАРТ

#тэтгэлэг #боломж