ЗАХИДАЛ: Аравдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-10-09

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Миний хамгийн сайн найзын хуучин найз охин нь...

Сайн байна уу? Би 14 настай. Би нэг охинд сайн болсон юм л даа. Гэхдээ тэр охин миний хамгийн сайн найзын хуучин найз охин нь. Тэр сүүлийн үед надад их наалдах болсон. Жишээлбэл бид хоёр их юм ярьж байхад миний мөрийг байнга дэрлэж, миний зургийг дарж, гадуур явахад миний гараас барьдаг болсон. Гэхдээ тэр манай ангийн өөр нэг хөвгүүнтэй ч бас тэгж харьцдаг.

Ингээд бодохоор тэр надад сайн байж болох ч намайг зүгээр л найзаа гэж хардаг байж болно. Тэгээд би үерхэх санал тавья гэж бодсон ч хэрэв тэр зөвшөөрөхгүй бол бид хоёр дахиж харьцаж чадахгүй байх. Дахиж харьцаж чадахгүй бол надад их хэцүү байх болно. Гэхдээ л би түүнтэй үерхмээр байна. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Татгалзвал сонголтыг нь хүндлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чиний хувьд үерхэл гэж юу вэ? Үерхвэл та хоёрын харилцаа одоогийнхоосоо ямар болно гэж төсөөлж байна вэ? Чамайг үерхэх санал тавибал тэр охин зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Зөвшөөрөхгүй бол ирээдүйд чамтай ямар харилцаатай болохыг бидний зүгээс хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл чи ямар нэгэн үйлдэл хийхээс нааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй гэсэн үг.

Ийм асуудалтай тулгарсан хүүхдүүд янз бүрийн л шийдвэр гаргадаг. Зарим нь сэтгэлээ илчилдэг бол зарим нь дотроо хадгалж нууц чигээр нь үлдээдэг. Аль ч сонголт нь давуу болон сул талтай. Тиймээс гарах эрсдэлийг тооцоолж өөрийнхөө хувьд зөв гэсэн сонголтоо хийгээрэй. Магадгүй шууд үерхэх санал тавихаас илүүтэйгээр санаачилга гаргаж түүнийг кинонд урьж, скейт унаж, өөрсдийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдаж хамтдаа илүү их цагийг өнгөрөөж болох юм. Хэрвээ тэр охин үерхэхээс татгалзвал түүний шийдвэрийг хүндэтгээрэй. Энэ нь сайн охиноо хүндэтгэж байгаа нэг хэлбэр юм шүү. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сайн найзыг маань ч бас оролдсон гэсэн

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ жил 10-р ангид орсон. Саяхан бид ангиараа зугаалгаар явсан. Тэр үеэр би харж явдаг хөвгүүндээ сэтгэлээ илчилтэл шууд л намайг үнсээд авсан. Тэгээд тэр намайг орой өрөөнд нь ирээрэй гэсэн. Би түүнд их сайн болохоор зүгээр л ярилцаж суух байх мэтийн зүйлс бодож очтол тэр өөр зүйл хүссэн. Бид буруу зүйл хийсэн.

Гэтэл өнөөдөр найз маань надад тэр орой намайг явсны дараа сайн хөвгүүн маань өөрийг нь оролдсон тухай хэлсэн. Найз маань хэлэхээс санаа зовж дотроо нэлээн удаан хадгалсан юм байна лээ. Сайн гэж бодож явсан хөвгүүн маань үнэхээр муухай бодолтой байсныг мэдээд цочирдсон. Түүнд итгэж анхны бүхнээ өгсөн байтал намайг ердөө л нэг ашигласан байж. Тэрэнтэй харьцахгүй байя гэсэн ч дасчихсан мэдрэмж төрөөд... даанч дэндүү муухай хүүхэд юм аа. Яаж өөр зүйл бодож, тэрийг мартах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Шийдвэрийг өөрөө хүсэж гаргасан бол битгий харамсаарай

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Яагаад буруу зүйл хийсэн гэж бодож байгаа вэ? Чамд бодлоо тулгасан гэсэн үг үү? Эсвэл та 2 харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргасан шийдвэр үү? Найз нь тэр хөвгүүний талаар муухай зүйл хэлсэн учраас л тэр хөвгүүн муу санагдаж байна гэсэн үг үү? Эсвэл өөр бусад шалтгаан байгаа юу? Найз нь үнэн хэлсэн болов уу? Тэр хөвгүүнтэй үерхэж байгаа юу? Одоо ямар харилцаатай байгаа вэ? Тэр хөвгүүнтэй ярилцаж үзсэн үү? Хэрвээ хүсвэл тэр хөвгүүнээс ямар бодол санаатай байгаа талаар тухайн үйл явдлын талаар юу гэж бодож байгаа талаар асууж ярилцаарай.

Өөрийн анхны нандин гэсэн бүхнээ зориулж байхад тийм зүйл сонсох нь гомдмоор, уур хүрмээр байгаа нь мэдээж. Хэрвээ чи тухайн үед шийдвэрийг өөрөө хүсэж гаргасан бол одоо битгий харамсаарай. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл учраас өөрийгөө буруутгахаас илүү цаашдаа яах вэ, эрэгтэй хүүхэдтэй яаж харилцвал зүгээр байдаг вэ гэдэгт төвлөрөөрэй.

Хэрвээ хэн нэгэн чиний биед зөвшөөрөлгүй хүрэх эсвэл хүрэх гэж оролдох нь чамд таагүй санагдвал түүнийг болиулж, тухгүй байвал орхиж явах эрхтэй. Өөрийн хүсэхгүй байгаа зүйлд “үгүй” гэж хэлэх нь өөрийгөө хамгаалах чадвартай, бие даасан эмэгтэй хүний үйлдэл юм шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Аав ээжийн хэлдэг үг нь арай л аймар 

Сайн байна уу? Өмнөх захидлын хариу надад их тусалсан шүү. Би өөрийн бодолдоо хэт үнэнч, зохисгүй зүйлсийг шууд хэлчихдэг зантай учраас аав ээжтэйгээ таарамж муутай байдаг. Жишээ нь би аав ээжийг эрт босохгүй утсаа оролдоход гээд л буруу муухай гэж боддог бүх зүйлээ л хэлчихдэг. Энэ нь тэдний дургүйг хүргэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ аав ээжийн загнадаг үгс нь арай л аймар. Гэдсээ чирээд явж байгаарай, бөгсөөрөө толгой хийгээрэй, намайг байхгүй бол амаараа шороо үмхэнэ энэ тэр гээд л. Дээрээс нь би үүнийг нь ер мартаж, тоохгүй өнгөрч чадахгүй юм. Яг яах ёстой юм болоо. Заримдаа гайгүй байдаг ч ээжийн хэлдэг муухай үгнээс болоод бид сөргөлдөж хэрүүл гардаг даа. Би гэртээ очих үнэндээ дургүй. Номын сан юм уу ангидаа л байх дуртай болоод байна. Яаж шийдэх талаар зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Галыг гал биш УС унтраадаг

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гэрийнхэндээ загнахдаа хэлдэг эдгээр үгс нь гомдмоор байдаг талаар хэлж байсан уу? Хэлэхдээ тайван дуу хоолойн өнгөөр “эдгээр үгс тань намайг маш их гомдоож байна, битгий ийм муухай зүйл хэлээч” гэх маягаар тайлбарласан өнгө аястайгаар хэлж байсан уу? Хэрвээ хэлэхэд хэцүү байвал захидал бичээд өгч болно шүү. Мөн өөрөө өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах талаар санаа тавьж байгаа нь сайн байна. Маргаанд зөвхөн нэг талын буруу гэж байдаггүй. Захидалд аав ээждээ буруу гэж бодсон зүйлээ хэлчихдэг гэсэн байна. Хэлэхдээ яаж хэлдэг вэ, ямар өнгө аястайгаар хэлдэг вэ, чи аав ээжтэйгээ яаж харилцдаг вэ гэдгээ бодоод үзээрэй.

Хэрвээ чи аав ээжтэйгээ харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа бол өөрөөсөө эхлээд үзээрэй. Аав ээжтэйгээ ойлголцоход чиний зүгээс ямар хичээл зүтгэл хэрэгтэй байна вэ? Галыг гал биш ус унтраадаг. Үүн шиг хэн нэгэн чиний өөдөөс уурлах үед өөдөөс нь уурлах нь харилцан яриаг илүү төвөгтэй болгоно уу гэхээс эерэг үр дүнд хүргэхгүй. Хүн өөрийгөө доромжлуулчихлаа, дээрэлхүүлчихлээ гэж бодохоороо уурладаг ба энэ нь нэгэн төрлийн хамгаалах механизм юм. Харин үүнийг зөв зүйтэйгээр залахад 10 удаагийн урт гүнзгий амьсгаа авах амьсгалын дасгал, би яагаад уурлаж байгаа вэ гэдгээ эргэцүүлэх эргэцүүлэл нь маш чухал.

Мөн гэрийнхэндээ өөрийнхөө сэтгэлээ нээгээрэй. Заавал маргаан болж байж хэлмээр байгаа зүйлээ хэлэх биш энгийн үед харилцан яриандаа эелдэг, тайван өнгөөр хэлэх гэсэн зүйлээ хэлээрэй. Ингэх нь гэрийнхэндээ өөрийгөө илүү ойлгуулахад тусална шүү. Хэрвээ аав ээжийгээ гомдоох үг хэлж байсан бол түрүүлж уучлалт гуйгаарай. Өглөө болгон аав ээж хоёроосоо нэг нэг сайхан талыг олж харан тэдэнд хэлээд үзээрэй. Жишээ нь та өнөөдөр сайхан харагдаж байна, та сайхан нүдтэй шүү, өнөөдрийн өмссөн хувцас нь сайхан зохиж байна гэх мэт. Нэг хүний хэлсэн ганц үг тухайн өдрийг бий болгодог ба чамайг ийнхүү харилцаж эхлэхэд гэр бүлийнхэн нь ч мөн адил чамтай сайхан харилцаж эхлэх болов уу. Хамгийн чухал нь аав ээжийнх хэлдэг муухай үгс чамд ямар мэдрэмж өгдгийг хэлэх, тайлбарлах юм шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би бүх зүйлийг мартаж орхидог

Би 19 настай, эмэгтэй. Гуравдугаар курсийн оюутан. Би бусдад хоосон амлалт, найдвар өгч байгаадаа үнэхээр их гутарч байна. Учир нь би үнэхээр мартамхай. Бүх зүйлийг мартаж орхидог. Тэмдэглэл хөтөлж байж л санадаг. Долоо хоногийн өмнө нэг залуу сэтгэлээ илчилж зурвас бичсэнийг нь уншчихаад сандраад устгасан одоо бол яг юу гэж бичсэнийг нь санахгүй байгаа ч ерөнхийдөө сэтгэлээ нээснийг нь л санаж байна.

Өнөөдөр надтай таараад бичсэн зурвасынхаа талаар хэлэхэд нь түүний өмнөөс юу гэж хэлхээ мэдэхгүй шууд яваад өгсөн. Бас нэг хамаатныхаа эгчид маш том амлалт өгснөө бүр хожуу сүүлд нь санасан. Одоо би тэр эгчийгээ харахаар үнэхээр том гэм хийсэн юм шиг санагдаж өөртөө гутарч сэтгэл өвддөг. Зарим хичээл, өмнөх болсон процессоос санах гэж оролдохоор толгой маш их өвддөг. Энэ өвчин мөн үү?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө шууд онош тавьж болохгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Энэ байдал хэзээнээс эхэлсэн бэ? Юун түрүүнд энэ бол шууд өвчин, эмгэг гэж онош өөртөө тавьж болохгүй. Мэргэжлийн хүн дээр очиж баттай зөвлөгөө авч баттай оношилгоо хийх хүртэл, өөрийгөө биечлэн оношлох хэрэггүй ээ.

Шилжилтийн насанд тархинд ирж байгаа гормон нь тархины хэсгүүдэд ачаалал өгч тархинд нөлөөлж байдаг. Жишээ нь тархины урд хэсэг. Энэ хэсэгт санах, төвлөрөх, анхаарах хэсэг байдаг бөгөөд шилжилтийн үед, гормоны ачааллаа дийлэхгүй аливаа зүйлийг санахгүй байх, анхаарал сулрах шинж тэмдэг илэрч болно. Бие хүний физиологиос хамаарч хүмүүст ондоо байдлаар илэрч болно.

Мөн ой тогтоолтоо хэвийн явагдаж байгааг мэдэхийн тулд эхлээд өөрийн амьдралын хэв маягаа ажиглах шаардлагатай болдог. Сайн унтаж амарч чадаж байгаа юу? Эрүүл шим тэжээлтэй хоол идэж байгаа юу? Хорт зуршилтай эсэх? Cүүлийн үед санааг чинь зовоосон үйл явдал болсон эсэх? Шийдвэрлэж чадахгүй асуудал байгаа эсэх? гэх мэтчилэн олон хүчин зүйлийг мэдэх шаардлагатай. Тиймээс эдгээр асуултад хариулаад үзээрэй. Мөн мэргэжлийн сэтгэл судлаач, эмчид хандаж болно шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Зовоохыг хүсэхгүй байна, больё гэсэн

Сайн байн уу? Би 8 сарын өмнө нэг залуутай танилцсан юм л даа. Тэр минь их хөгжилтэй, гоё ааштай байсан болохоор дасаад сайн болчихсон. Анхандаа чатны шохоорхол гэж бодсон юм. Гэхдээ цаашлах тусам сайн болсоор... Харьцаад 4 сарын дараа нэгэн өдөр уулзахаар болсон юм. Тухайн үед бие биенээ хараад шууд л сайн болчихсон. Удалгүй би хөдөө яваад чатлах нь багассан ч сэтгэл нь хэвээрээ байсан.

Бид хоёрын гэр хол болохоор хааяа л уулздаг. Уулзахаараа нэг их удаан уулзахгүй. Тэгээд гоё харьцах нь багасаад, юм л болохоор муудалцаад, нэг өдөр надад “энэ бүхнээс залхаж байна, больё” гэсэн ч уучлалт гуйгаад нийлчихсэн. Намайг жоохон зүрх муутайг мэддэг болохоор тэгсэн ч байж магадгүй. Түүнийг авч үлдсэндээ үнэхээр их баяртай байсан болохоор эвлэрээд хэд хоног сайхан байсан. Гэхдээ нэг хэсэг хайраа гэж дуудаж чадахгүй хэцүү байсан л даа. Тэрэнд минь ч бас хэцүү байсан ч “уурандаа хэлсэн шүү дээ” гэж хэлэхээр нь уучлаад дахин хайраа гэж дуудаж чадахаар болсон.

Удахгүй бид хоёрын хамт байсны 247 дахь өдөр болох гэж байгаа ч тэр нэг л сонин байгаад байгаа нь илт мэдэгдээд байсан. Гэхдээ би түүнийг алдахыг хүсээгүй болохоор мэдээгүй юм шиг царайлж уулзах өдрөө хүлээсэн. Тэгээд л миний санаа зовоод байсан зүйл болсон. Тэр намайг “зовоохыг хүсэхгүй байна, үнэхээр уучлаарай, больё” гэсэн. Гэхдээ бичсэн зүйлийг нь уншаад уйлах нулимс байгаагүй. Яг л үүнд нь дассан мэт “за” гэж хэлээд “сайн охинтой учраарай, чамайг хайрлаж чадахаар” гэж хэлсэн. Энэ явдал дөнгөж өчигдөр л болсон. Би үүрд хамт амьдарна гэдэг үгэнд нь итгэсэн. Гэхдээ би халамжилж, хайртай гэдэг үгийн утгыг мэдрүүлж чадаагүйдээ харамсаж байна.

Одоо надад түүнтэй өнгөрүүлсэн дурсамжаас өөр зүйл алга даа. Хүнд сайн болсон ч нөгөө хүн нь хайргүй байхын зовлонг мэднэ ээ. Өнчин хайр минь намайг хэдэн жилээр зовоосон. Гэхдээ тэр минь гарч ирснээр ганцаардал минь арилсан юм. Тиймээс одоо дахин нэг хүнийг алдаж байгаадаа итгэж чадахгүй байна. Би түүндээ “уйлахгүй, зүрхээ өвтгөхгүй, чамайгаа мартана” гэж хэлсэн боловч сэтгэл дотроо уйлж, зүрх минь өвдөж байна. Би түүнийг хэзээ мартахаа мэдэхгүй ч дурсамжуудаа бодон уйлж сууна. Хүнийг мартах үнэхээр амаргүй шүү дээ. Түүнийг мартаж энэ гунигийн байдлаас гарахад минь туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бидэнд үлдээсэн тэдний орон зай хоосон болж хоцордог

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайртай дотны хүмүүсээсээ салах хэцүү. Бидэнд үлдээсэн тэдний орон зай хоосон болж хоцордог. Энэ бүхнийг мартах хэцүү. Салалтын дараа уйтгар гунигтай болох нь хэвийн зүйл. Бидний төсөөлөл болоод бодит байдал хоорондоо тохирохгүй байгаагаас болж бид илүү сэтгэлээр унадаг. Хосын харилцааны үед ирээдүйн талаар өөр өөрсдийн зураглалыг бий болгодог. Ирээдүйд төсөөлсөн зураглал биелээгүйн төлөө болоогүй зүйлд анхаарлаа өгөх хэрэггүй ээ.

Салалт хэцүү ч дараагийн харилцаанд дахин гаргасан алдаагаа гаргахгүй байх туршлага болж өгдөг. Одоо бий болоод байгаа харууслаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дотор хуримтлагдсан харууслаа тайлахын тулд эхлээд уйлж болно, хэн нэгэнд хэлж болно. Тархинд үүсээд байгаа сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх нь өөрөө эерэг зүйл юм. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрснийхөө дараа одоо үүсээд байгаа хоосон орон зайгаа юугаар дүүргэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулаарай. Хичээлээ хийх үү? Хэлэндээ анхаарах уу? Интернетээс шинэ зүйл сурах уу? Энэ бол өөрийн чинь шийдвэр юм. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээжийг байхгүй үед аав илүү загнадаг

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би ямар нэгэн зүйлийг санаандгүйгээр чанга дуугаргахаар эцэг эх маань үргэлж л “яагаад уурлаад байгаа юм” гэж зандрах болсон. Уурлаагүй байхад л уурласан гээд. Ээжийг байхгүй үед аав маань намайг илүү загнах, хааяадаа гарлуу чанга цохих зэрэг зүйл хийдэг. Гэхдээ дараа нь хүрч ирээд уучлалт гуйдаг л даа. Одоо уучлалт гуйхаар нь бүр гомдож байна.Сэтгэлээ онгойтол чангаар уйлъя гэсэн ч чаддаггүй.

Аав ээж хоёр маань миний аль дээр хийсэн алдаануудыг түүж яриад, байнга л тэдгээр зүйлсээр загнадаг. Засарч байхад засарч байгааг минь анзаарахгүй загнаад л. Урам хугарам үг дандаа л хэлдэг. Тэдгээр үгсийг нь сонсохоор юу ч хийх хүсэлгүй болдог. Ээж аав хоёрыг гэртээ ирэхээр амар тайван байдал үгүй болж, бүх юм эмх замбараагүй байгаа юм шиг санагддаг. Надад сэтгэлээ онгойлгох найз байхгүй. Өмнө нь загнуулахад нулимсаа тэвчээд өнгөрдөг байсан ч одоо загнаж эхлээгүй байхад нь л уйлчихдаг болсон. Бусад хүүхдүүдийн эцэг эх хүүхдэдээ яаж ханддагийг хараад үнэхээр их атаархдаг болчихож. Энэ мэдрэмжээс салмаар байна. Хааяа өөртэйгөө хүртэл ярьдаг.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн бодол, мэдрэмжийг нуугаад хэрэггүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ямар ч харилцаанд бий болсон асуудлыг дотроо удаан хадгалах биш, тухайн үед нь зөвөөр илэрхийлж гаргах нь чухал байдаг. Бухимдлаа удаан дотроо тэвчиж хадгалах нь асуудлыг нэмэгдүүлдэг болохоос биш багасгадаггүй. Сэтгэл санаа тогтворгүй байгаа үед аливаа хүнтэй харилцахад биднээс таагүй бухимдсан өнгө гардаг. Бухимдсан өнгө аясыг мэдэрсэн харилцагч тал мөн адил эргүүлээд таагүй хариу үйлдэл үзүүлдэг. Харилцааны үед бид нүүрний хувирлаа толинд харж байгаа юм шиг өөрсдийгөө хардаггүй ээ. Магадгүй эцэг эхдээ буруу ойлгогдохоор нүүрний хувирал гаргадаг байж болно. Чи үүнийгээ өөрөө ч анзаараагүй байж болно.

Захиан дээр тэвчээд өнгөрдөг гэсэн байна. Эцэг эхдээ өөрийн бодит мэдрэмжийг хэлэхгүйгээр дотроо хав дарсаар байгаад асуудлыг шийдэж чадахгүй эцэг эхтэйгээ харилцахад улам хэцүү болж байгаа юм болов уу? Өөрийн бодол болоод мэдрэмжийг тэвчиж нуух биш хэлээрэй. Өөрийн мэдрэмжийг бусдад ямар байдлаар илэрхийлж байгаагаас хамаараад харилцагч тал яаж хүлээж авах нь хамааралтай байдаг. Өөрийн зүгээс яаж хэлж байгаа вэ? Гэдгээ анзаарч аль болох тайван өнгөөр өөрийгөө илэрхийлээрэй. Хамгийн чухал нь чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг хэлэх, тайлбарлах юм шүү. Хэрвээ чи хэлж чадахгүй байвал захидал бичээд өгч болно шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter