Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Сүүлийн 5 жил гэртээ суусан болоод ч тэр үү муу юм боддог болчихлоо
Сайн байна уу? Сэтгэл санаа минь таагүй, айдастай байх үе нь их боллоо. Янз бүрийн муу юм бодож, тэрнээсээ айж санаа зовох юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхэд төрүүлээд, гэртээ суусных юм болов уу? Энэ бодлуудаасаа хэрхэн ангижрах вэ? Зөвлөгөө өгч туслаач. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Тоолгүй өнгөрөөж болохгүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.Сэтгэл санаа таагүй болох нь хүн бүрд тохиолддог зүйл. Гэхдээ хүн бүр сэтгэл санааны таагүй, тогтворгүй байдалд ордог юм чинь удахгүй гайгүй болчихно гэж тоохгүй өнгөрөөж болохгүй. Таагүй мэдрэмж хэзээ ч үүсэж болно. Гэхдээ үүсээд байгаа энэхүү мэдрэмжээ хэрхэн эрүүлээр гадагш гаргах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж, ажиллаж сурах нь чухал юм.
1. Таагүй мэдрэмж ХЭЗЭЭ, ХААНА, ЯМАР ҮЕД үүсээд байгааг ажиглаж сурах нь чухал байдаг. Ингэснээр бид өөрийгөө урьдчилан хянаж сурахаас гадна мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх боломжтой болдог.
2. Энэ нөхцөл байдлаа гэр бүл болон итгэдэг хүмүүстэй хэлээрэй. “Намайг ойлгохгүй байх”, “тэдэнд төвөгтэй санагдах байх” гэсэн бодлуудаас болоод мэдрэмжээ хэлэхгүй орхигдуулах тохиолдол гарч магадгүй. Хэлэх гэсэн үгээ дотроо дарж нууснаараа бид өөрсдийгөө улам л хэцүү байдалд оруулдаг гэдгийг ойлгоорой. Бидний дотор таагүй бодол, мэдрэмж хуримтлагдсан байгаа цагт биднээс гарах үйлдэл маань хүртэл таагүй байна.
3. Нийгмийн харилцаа хумигдахын хэрээр сэтгэл санаа таагүй болох тохиолдол байдаг. Нийгмийн харилцаанд өөрийн боломжоороо сайн оролцохыг хичээгээрэй.
Таагүй бодол удаан хугацаанд үргэлжилж байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Нэг л өдөр аав гэдэг хүмүүс амьдралд ороод ирчихсэн болохоор...
Сайн байна уу. Би 18 нас хүрнэ. Энэ жил оюутан болсон. Ээж, хойд аав, 3 настай дүү нар минь Солонгос улсад хараар амьдардаг болоод 5 жил өнгөрч байна. Харин би энд эмээтэйгээ нагацынхаа гэрт амьдардаг.
Үеэл маань надтай чацуу. Бид хоёр их ойр өссөн болохоор ямар нэгэн зүйлийг нууж хаахгүйгээр ярилцдаг. Би юунд, яагаад зовоод байгаагаа тодорхой хэлж чадахгүй ч заримдаа үхээд өгмөөр санагддаг. Энэ бодол намайг 4 жил дагаж байна. Энэ бодол үеэлийг маань ч бас дагадаг байх. Гэхдээ надад энэ бодлоо хэлж байгаагүй л дээ. Яагаад ингэж бодсон бэ гэхээр тэр ч бас хойд аавтай. Бид хоёр зуны амралтаараа түүний хойд аав болон ээжийнх нь жижиг бизнест тусалдаг. Жил ирэх тусам дарамт нэмэгдэх болсон. Ачааллын хувьд шөнө 2, 3 цаг хүртэл ажиллаад, өглөө нь наймаандаа гараад орой нь бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ жилийн хувьд хонон өнжин ажиллаад байхад хүртэл сайн зарсангүй гээд уурласан. Баахан ядартал ажиллуулчихаад аав ээждээ тусалчихаад яахаараа цалин авах ёстой юм гээд дургүйлхэнэ.
Эмээ минь их өндөр настай. Эмээгээ эмнэлэгт хэвтэхэд нь эмчид үзүүлээд, хэвтүүлэх гэсээр байгаад наймаанд гардаг цагаасаа 2, 3 цаг оройтоод очиход, “хариуцлагагүй байна, муу байна, мулгуу байна” гэж аймар загнасан. Тийм болохоор эмээг өнгөрчихвөл үеэл бид хоёр хэцүүдэх байх гэж их айдаг.
Саяхан 9 настай охин хойд эцэгтээ зодуулж нас барсныг сонсоод сэтгэл тавгүй болчихлоо. Үеэлийн маань хойд аав нь нагац эгчид “охиноо өмөөрвөл нийлүүлж байгаад нүднэ шүү” гэж хэлсэн. Би өөрийнхөө ээж, хойд аав хоёроос мөнгө гаргуулахгүй гээд тэтгэлэг хөөцөлдөж байхад ээжийг маань “охиноо хүнд царай алдуулсан арчаагүй”, хойд аавыг “аав шиг аав байж чаддаггүй”, хэдэн жилийн өмнө өнгөрсөн өвөөг маань “манж гаралтай өвөө чинь намайг хөөсөн” гээд уурлаж байсан. Өвөө минь хятад овгоор овоглодог юм л даа. Гэхдээ түүхийг нь мэдвэл манж биш.
Бас үеэлийг минь “чи ажиллах дургүй байгаа бол би чамайг сургах албагүй” гэж хэлсэн нь үеэл бид хоёрыг энэ их дарамт дунд ажиллахаас өөр гарцгүй болгож байгаа юм. Би ажил хийхээ больчихвол бүх хүнд ачаа үеэлийн толгой дээр ирэх учир би гарч болохгүй. Бид хоёр хоёулаа ажлаасаа гарвал үеэл минь их сургуулиасаа гарна. Нагац эгчийг зодож байсан гэх бодол надад байтугай үеэлд минь, эмээд минь бас бий. Солонгост байгаа ээж минь “хүүгээ аваад нутаг буцах юмсан. Архи уугаад, агсан тавиад, хувцсаа авж яваад олон хонож байна. Энэ явдал нэг бус удаа гарсан” гээд эгчид хэлэхэд нь нагац эгч “гэр бүл дунд хэрүүл байх нь хэвийн үзэгдэл шүү дээ” гэж хэлж байсан. Ээж минь тэнд бас дарамтад байдаг юм шиг.
Үеэлийн мэргэжил сонголтод хойд аав нь нөлөөлөөд өөрийнх нь хүслийг асууж байгаа нэрээр доош нь хийсээр байгаад хүсээгүй мэргэжлийг нь сонгуулчихсан. Би Солонгост сурахыг тийм их хүсэхгүй байгаа ч ээж аав хоёр сургана гэсэн болохоор сурах л байх. Гэхдээ ээж маань тэнд хараар амьдардаг болохоор намайг нагац эгчийн нөхрийн хүүхэд болж хил гаргана гэж төлөвлөсөн ч энэ хүн намайг “чи тэнд очвол чамаас болоод хэрүүл болно, тиймээс яваад хэрэггүй” гээд овог солих бичиг баримт хөөцөлдөхгүй байсаар байгаад хил хаачихсан. Үеэлийг маань өөрийнхөө нэр дээр авахад ганцхан өдөр зарцуулсан байж намайг яагаад төвөгшөөгөөд байгаа юм бол? Би ч хүсэхгүй байна л даа. Үеэл минь би яагаад ааваар овоглодог болсноо ойлгодоггүй гэж хэлж байсан. Хойд аав нь “нэгэнт чи миний нэрээр овоглож байгаа юм бол их юм үзнэ шүү” гэж хэлсэн. Бид хоёрт аавтай болох талаар юу ч хэлэхгүй байж байгаад нэг л өдөр аав гэдэг хүмүүс амьдралд ороод ирчихсэн шок шиг зүйл биднийг дарамтад оруулчихсан юм шиг...
Хүн бүхэнд зовлон бий. Гэхдээ “миний зовлон л хамгийн хэцүү нь” гээд хүн бүхэнд яриад яваад байж болохгүй. Үүнийгээ өсвөр насны сэтгэл санааны тогтворгүй байдал гэж бодоод нэг их тоолгүй тайван явах гэж хичээх тусам улам л бусдын төлөө амьдарч байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ надаас илүү үеэлд маань сэтгэл санааны тусламж хэрэггүй байгаа байх. Энэ зүйлсийг яаж тайлбарлахаа мэдэхгүй их олон зүйл биччихлээ. Өөр хэлэх олон зүйл байгаа ч хэтэрхий нуршуу болох гээд байгаа учир больё доо. Яг яах ёстойгоо ч мэдэхгүй. Үхээд өгмөөр ч юм шиг боловч би байхгүй бол эмээ, үеэл, нагац минь илүү зовох учир болохгүй. Зүгээр л нагац эгчийг нөхрөөсөө салаасай гэж хүсэж байна. Гэхдээ бас тэгчихсэн үеэлийн маань дүү нь бид хоёр шиг зовох болохоор битгий салаасай ч гэж хүсэх шиг. Өөрийгөө ч ойлгохгүй болохоор нь танайд хандлаа.
ЗӨВЛӨГӨӨ: Бие махбодын хүчирхийлэл байнга давтагдаж байвал...
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн нөхцөл байдал их хэцүү байгааг төсөөлж байна. Гэр бүлийн уур амьсгал таатай болгохын тулд хүн бүрийн оролцоо чухал байдаг. Тиймээс үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Чи өөрийн зүгээс чадах зүйлийг л хийхэд хангалттай. Чиний хийх зүйл бол үеэлтэйгээ ярилцах, түүнийг анхааралтай сонсох, дэмжих, мөн ээжтэйгээ байнга холбоотой байж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх юм.
Хэрвээ гар хүрч, бие махбодын хүчирхийлэл байнга давтагдаж байвал хүүхдийн утас 108 –д хандах бүрэн боломжтой шүү. Мөн боловсрол эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх талаа орхигдуулж болохгүй шүү. Тиймээс үеэлтэйгээ хамтдаа чөлөөт цагаараа юу хийж өөрсдийгөө хөгжүүлж болох талаар ярилцаарай. Их сургуульд орж, бие даан шийдвэр гаргах цаашлаад бие даан амьдрах боломжийг өөрсдөө бий болгоорой.
Таагүй мэдрэмж өгдөг гэр бүлийн гишүүд өөрсдийн асуудлыг шийдэж чадахгүй болохоор уурлаж бухимдаж, бусдад таагүй сэтгэгдэл үлдээж байгаа болов уу. Тэд харилцаа, хандлагаараа өөрийн харилцааны түвшинг л харуулж байна. Тэд таагүй үг хэллээ гээд хүмүүс тийм гэсэн үг биш. Энэ бол тэдний дотоод асуудал гэж ойлгож болно.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Мэргэжлээ сонгож цаашдын хувь заяагаа шийднэ гэхээр хямардаг
Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Би 14 настай. 9-р ангид суралцдаг. Энэ жил бол улсын шалгалт өгч, улаан шугам татаж, мэргэжлээ сонгож цаашдын хувь заяагаа шийдэх том бөгөөд амаргүй жил болох болно гэж боддог.Үүнийг бодохоор сэтгэл санаагаар нэлээд хямардаг.
Би 6-р ангидаа хуульч гэдэг мэргэжил сонгосон. Гэхдээ энэ мэргэжилдээ хэрхэн хүрэх арга зам болон цаашид юуг яаж хийх, аль сургуульд орохоо ч шийдэж чадаагүй л байна. Бас ЭЕШ-дээ маш их санаа зовж байна. Бас яаж нэг зүйлдээ тууштай байж сурах уу?
Би ер нь сэтгэл зүйч дээр очих уу? Заримдаа бүр өөрийгөө ойлгохоо байлаа. Надад энэ тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд минь тусална гэж найдаж байна, баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Энэ жил хүнд байна гэж бодвол бүх зүйлс амаргүй санагдана
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. 9-р ангиа төгсөх шалгалт, улаан шугам нь чиний хувьд томоохон сорилт болж байгаа бололтой. Цаашлаад ирээдүйн мэргэжил, карьертаа санаа зовж байна гэж ойлголоо.
Тархи хүний бодлын зарчмаар ажилладаг учир энэ жилийг хүнд, хэцүү байна гэж бодвол энэ жил чамд тохиолдох бүх зүйлс амаргүй, хэцүү санагдана. Гэхдээ энэ мэдрэмж улаан шугам, улсын шалгалттай бүхий л 9-р ангийн хүүхдүүдэд мэдрэгдэж байгаа. Чи л ганцаархнаа үүнтэй тулгараагүй учраас ангийнхаа хүүхдүүдтэй хичээлээ давтаж байж болно шүү дээ.
Эсвэл 9 – р анги хүртлээ үзсэн хичээлийнхээ агуулгын талаар жагсаалт гаргаж өдөрт нэг нэгээр нь давтаарай. Давтсан агуулгынхаа урд нэмэх тэмдэг тавиарай. Ингэснээр тодорхой хэмжээний амжилтын мэдрэмж төрж санаа зовних чинь багасна.
Захидлаас олон зүйлд санаа зовж байгаа юм шиг санагдлаа. Нэг дор олон асуудлыг шийдэх нь хүндрэлтэй байдаг учраас чиний санааг зовоож байгаа асуудлуудыг нэг нэгээр нь эрэмбэлээд үзье. Цаас гаргаад түүнийгээ 2 хэсэгт хуваагаарай. 1 – р хэсэгт өөрийнхөө хамгийн ойрын хугацаанд биелүүлэх шаардлагатай зүйлсээ тодорхойлж бичээрэй. 2-р хэсэгт нь тодорхой хугацааны дараа шийдэж болох асуудлаа бичээрэй. Тухайлбал улаан шугам 1-р хэсэгт бичигдэх бол 2-р хэсэгт ЭЕШ бичигдэнэ шүү дээ. Ингэх нь чамд өөрийнхөө асуудлыг цэгцэлж алинаас нь эхэлж асуудлаа шийдэх вэ гэдэг нь тодорхойлогдоно.
Сонгосон мэргэжлийнхээ талаарх мэдээллийг багшаасаа асуугаарай. Бас энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байдаг. Цаашлаад их, дээд сургуулийн мэдээллийн сайт уруу орж хуулийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн талаар уншаарай. Эндээс л тухайн мэргэжилд хүрэх арга зам чинь эхэлнэ. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Яаж нээлттэй байх вэ?
Сайн байна уу. Би 14 настай, 9-р дүгээр ангид орсон эмэгтэй сурагч байна аа.
Би байрныхаа хүүхдүүдтэй бөмбөг тоглож сураад найзууд болохыг хүсдэг ч би тийм ч нээлттэй биш, танихгүй хүмүүстэй ярьж чаддаггүй, яаж юу гэж ярьж эхлэхээ үнэндээ мэддэггүй. Гадаа гарахаараа ганцаархнаа дуу сонсоод л суудаг. Карантиний үед гадаа таньдаг найз байхгүй болохоор гэртээ утсаараа оролдоод л суудаг байсан. Яаж нээлттэй байж хүүхдүүдтэй танилцах вэ? Юунаас эхлэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хөнгөн яриа өрнүүлээрэй.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Байрынхаа хүүхдүүдтэй найзууд болохыг хүсдэг ч юу ярьж эхлэхээ мэддэггүй гэсэн байна. Танихгүй хүнтэй юм ярих гэхээр ямар мэдрэмж төрдөг вэ? Тухайн мэдрэмж нь юунаас шалтгаалдаг вэ? Чамайг юу гэж бодох бол гэсэн бусдын бодлоос санаа зовдог уу эсвэл өөр шалтгаантай юу? Мөн ангидаа найзтай юу? Анх хоорондоо хэрхэн найзалж эхэлсэн бэ? Тэгвэл байрныхаа хүүхдүүдтэй найзлахад ямар мэдрэмж саад болж байна вэ? Энэ талаар дараагийн захидалдаа дэлгэрэнгүй бичээрэй.
Аливаа зүйлийг шинээр эхлүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учирдаг. Найз нөхдийн харилцаанд ч мөн адил. Гэхдээ хүн бүр түүнийг харилцан адилгүй хугацаатайгаар даван туулдаг. Тиймээс дараах аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Эхний ээлжид сэтгэл санаагаа бэлдэж тэдэнтэй хөнгөн яриа өрнүүлэх гээд үзвэл ямар вэ? Олон хүүхдүүдтэй зэрэг ярилцахад хүндрэлтэй байгаа бол нэг хүүхэд сонгож аваад өөрийгөө танилцуулаарай. Тэр хүүхэд ч гэсэн чамд өөрийнхөө нэрийг хэлж танилцуулах болов уу. Дараа нь бага зэргийн хөнгөн яриа өрнүүлж үзээрэй. Хөнгөн яриа өрнүүлж ярилцахад тохиромжтой сэдвүүд байдаг.
1. Цаг агаарын талаар ярилцах /Өнөөдөр хүйтэн байна шүү, хэдэн градус юм бол/
2. Тусламж хүсэх /Тийм ч том тусламж байх албагүй. Жишээ нь: Үзгийг нь зээлж болох уу?/
3. Харилцаж буй хүүхдийнхээ хоббиг асууж түүнийг нь цааш дэлгэрэнгүй яриулж түүнийг чин сэтгэлээсээ сонсох /Жишээ нь кино үзэх дуртай гэвэл ямар кино хамгийн их таалагддаг, кино үзэх нь яагаад сонирхолтой байдаг талаар асууж, үйл явдлынх нь тухай ярилцаж мөн өөрийнхөө дуртай киноны талаар хуваалцаарай./
Тухайн сэдвийн хүрээн дэх яриа нь тийм ч урт хугацаанд үргэлжлээгүй байж болох ч ийнхүү танилцсан болохоор таарах үедээ мэндэлж дахин хөнгөн яриа өрнүүлээрэй. Эхэндээ хэцүү санагдаж магадгүй ч бага багаар оролдох тусам хэн нэгэнтэй ярилцахад тулгарах бэрхшээл нь багасах боломжтой. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх