Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 26-нд “Гэрү” компани “Намарт мянган өнгө нэмье” арга хэмжээг Б. Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд “Гэрү” компанитай хамтран ажилладаг уран бүтээлчдээс гадна хувь уран бүтээлчид ч мөн бүртгүүлэн оролцож, өөрийн бүтээлээ танилцуулж худалдаалах боломжтой болсноороо онцлог юм.
Арга хэмжээ 11:00-18:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд гар урлал сонирхогч, уран бүтээлчид бүтээлээ хямдралтай үнээр худалдаалж, оролцогчдын хөрөг зургийг зурж байв. Би ч гэсэн хөргөө зуруулаад амжсан шүү.
Түүнчлэн амьд хөгжмийн хамтлагууд болон дуу хөгжимд дуртай залуус ая дуугаа өргөж, зэс, шатдаг шавар, эсгий урлалын сургалтад үнэ төлбөргүй хамрагдан нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүллээ.
Арга хэмжээнд оролцож буй урлангуудаас хамгийн онцлууштай нь нийслэлийн 1-р сургуулийн 7в ангийн сурагч Л.Маргад-Эрдэнэ болон түүний эгч Б.Гүнжидмаа нарын урлан байв. Л.Маргад-Эрдэнэ 12 настай. Тэр нэгдүгээр ангиасаа л гар урлал хийж эхэлсэн. Эгч Б.Гүнжидмаа нь 16 настай, эсгий урлал сонирхдог. Тэд бүтээлээ цахимаар зарах гэж оролддог ч бүтээгдэхүүнүүд нь овор хэмжээ багатайн дээрээс хямд үнэтэй учир хүргэлт хийх боломж төдийлөн байдаггүй. Тиймээс хааяа хааяадаа гар зургийн уралдаан, үзэсгэнгүүдэд оролцож бүтээлүүдээ худалдаалдаг гэнэ.
Нас балчир ч өөрийн гар урлалыг бусдад таниулж буй бяцхан охидын хөдөлмөр, сэтгэл шингэсэн хавчаар, чимэглэлийг хүмүүс их сонирхож байв.
АШУҮИС-д суралцдаг ихэр эгч дүү Г.Саранчимэг, Г.Наранчимэг нарын бүтээлийг онцлохгүй байхын аргагүй. Г.Саранчимэг сурагч байхаасаа л номын хавчуурга хийсээр ирсэн бөгөөд автобусанд явж байхдаа өөрийнх нь хийсэн номын хавчуургыг хэрэглэж буй хүмүүстэй их таардаг хэмээн олзуурхан өгүүлж байлаа. Харин түүний ихэр Г.Наранчимэг багын мөрөөдлөө биелүүлж, энэ есдүгээр сараас “Sonder” хувцасны брэндийнхээ үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр эхний цуглуулгынхаа хувцаснуудыг уг арга хэмжээнд авч иржээ.
Уран бүтээлч П.Мөнхболд жилийн хугацаанд сонирхон хийсэн зэс урлалын бүтээлүүдээ анх удаа олон нийтэд дэлгэсэн байв.
Энэ мэтчилэн уг арга хэмжээ олон шинэ уран бүтээлч, урлангуудыг олон нийтэд танилцуулж, шинэ эхлэлийг бий болгож байлаа. Үзэсгэлэнг үзэж сонирхон худалдан авалт хийж буй оролцогчид ч “Гадаадаас юм авах хэрэггүй болжээ. Монголдоо бүгдийг хийж байна шүү дээ” хэмээн ам сайтай байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх