Б.Намуун: ЗОРИГТОЙ мөрөөдөөд ЗОРИЛГОДОО хүрэхийн төлөө уйгагүй ТЭМЦЭЭРЭЙ


Сондор | YOLO.MN
2016-09-02

Муухай бүрхэг өдөр ч сайхан үйл явдал тохиолдож болно. Тиймээс хүүхүүд аливааг гэгээлгээр харж, зоригтой мөрөөдөөд зорилгодоо хүрэхийн төлөө тэмцдэг байгаасай л гэж хүсдэг дээ.

                                               Б.НАМУУН

Хэн нэгний хэлсэн оновчтой ухаарлын үг, эшлэл бусдад урам өгөх нь бий. Толгой гудайлган, нулимстай нүдтэй сууж байсан ч царайнд инээмсэглэл тодруулж чадах тийм хүчтэй үгс ч хүртэл бий. Далайцтай эерэг утга санааг хэдхэн үгэнд багтаан толгойд ортол хэлж чадсан эшлэлүүдийг бид түгээж бусадтайгаа хуваалцдаг.

Урмын үгтэй онч мэргэн үгсийн пост зургуудаараа өсвөрийнхөн дунд танил болсон “МӨРӨӨДӨГЧ” фэйсбүүк хуудсын админ, YOLO.mn сайтын үнэнч уншигч Б.Намуунтай уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.



YOLO: Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Намайг Б.Намуун гэдэг. Баянзүрх дүүргийн 44-р дунд сургуулийн 11-р ангид суралцдаг.

YOLO: “Мөрөөдөгч” фэйсбүүк хуудсыг хэзээ нээсэн бэ?
Одоогоос гурван жилийн өмнө анх “Мөрөөдөгч” хуудсаа нээж байсан. Би хуудсынхаа уриа үгийг “Мөрөөдөгч таны мэлмийг нээнэ” гэж өгсөн. Энэхүү хуудсаараа дамжуулж үе тэнгийнхэн, өсвөр насны хүүхдүүдэд урам өгөх эшлэлүүдийг хүргэдэг юм.

YOLO: Фэйсбүүкт олон хуудас байдаг. Тэгвэл “Мөрөөдөгч” хуудас тэднээс юугаараа онцлог юм бэ?
Онцлог гэвэл олон бий, жишээ нь фэйсбүүкийн ихэнх хуудсуудын админ өөрийнхөө үгийг эсвэл бусдаас хуулбарлаад тавьчихдаг. Харин Мөрөөдөгч хуудасны хувьд бусдын үгийг зөвшөөрөл авч тавьдаг. Мөн саяхнаас постын төрлөө арай өөр болгосон ба энэ нь өсвөрийн хүүхдүүд өөрийн хэлэх дуртай үг эшлэл, афоризмыг зургийн хамтаар нийтлүүлж болсон. Ингэхдээ мессенжерээр өөрийн эшлэлийг болон зургаа хамт явуулахад л хангалттай юм.  Ингэснээр хуудсыг маань хүмүүс илүүтэй мэддэг болсон шүү.

Түүнчлэн би ном унших их дуртай, шүлэг өгүүллэг ч бичдэг. Мөн роман бичихийг оролдож байгаа. Номоос уншсан, өөрт таалагдсан үгийг эшлэл болгож бусадтай хуваалцах их дуртай. Одоогоор пэйж маань 27 мянга орчим лайктай.

 








 

"ӨСВӨР НАСНЫХАН БҮГД Л МӨРӨӨДӨГЧ, ИХ ЭМЗЭГ ХҮМҮҮС"

YOLO: Чиний хэлэх дуртай үг юу вэ?
"Зоригтой мөрөөд, зорилгодоо хүр" гэсэн үгийг хэлэх их дуртай. Тиймээс ч би өөрийн хуудсаа ч  мөрөөдөгч гэж нэрлэсэн. Б.Намууныг нэг үгээр тодорхойл гэвэл “МӨРӨӨДӨГЧ” гэж л хэлнэ дээ. Ер нь өсвөр насныхан бүгд л мөрөөдөгч байдаг шүү дээ, үүнтэй бүгд санал нэгдэх байх.

YOLO: Тэгвэл мөрөөдлөөсөө хуваалцаач?
Миний мөрөөдөл асар их. Бүгдийг нь ярина гэвэл та бид хоёрын энэ яриа хэзээ ч дуусахгүй байх. Яг ойрын мөрөөдөл гэвэл, би шүлэг өгүүллэг зохиодог гэж хэлсэн дээ. Өчигдөр гэхэд би нийт гурван өгүүллэг биччихсэн. Өөрийн бичсэн өгүүллэгүүдээ бусдад хүргэж, ухаарал хайрлахыг хүсдэг. Мөн шүлэг болон өгүүллэгээрээ ном гаргахыг хүсдэг. “Түрээсийн байр” нэртэй роман бичиж эхэлсэн. Түүнийгээ дуусгаад мөн хэвлүүлэхийг хүсдэг. Гээд яриад байвал миний хүсэл, мөрөөдөл дуусахгүй байх хэхэ.

YOLO: Тэгэхээр ирээдүйд чи зохиолч болохоор шийдсэн үү?
Үгүй ээ, би ирээдүйд сэтгүүлч болно гэж боддог.

YOLO: "Мөрөөдөгч" хуудсаараа дамжуулж хүргэж байгаа афоризм, эшлэлүүд чинь өсвөр насны хүүхдүүдэд хэр нөлөөлдөг бол, чи юу гэж бодож байна вэ?  
Хүүхдүүд түгээхдээ (шэйрлэхдээ) тайлбар хийсэн байдлаас нь харахад их л эерэгээр хүрч байгаа мэт санагддаг. Мөн мессенжерээр “Ухаарлын, их үнэн үгтэй зүйлсийг их хүргэдэг. Таалагддаг шүү, Баярлалаа” гэхчлэнгээр урмын сайхан үгс ирдэг. wink

Мөн зарим хүүхдүүд “Мөрөөдөгч” хуудасны онч үгтэй зургуудыг өөрсдийн профайл зургаараа байршуулсан байхыг харахад их гоё санагаддаг. Эдгээрээс үзэхэд  хүүхэд залууст их эерэгээр нөлөөлж чадаж байна гэж хардаг шт.

YOLO:  Энэхүү фэйсбүүк хуудсын цаана өсвөр насны охин байгаа гэж хүмүүс боддоггүй байх даа?
Харин тийм. Дотны хэдэн найзууд маань л мэддэг. Мэдэхгүй нэг найз маань “Энэ Мөрөөдөгч хуудас их гоё юм аа, админ нь ямар хүн байдгийг чи мэдэх үү?” гэж асуухад нь “Мэдэхгүй юм байна” гэчихсэн. Гэхдээ аливаа юм нууцлаг байх нь гоё байдаг шдээ тэ.  Заримдаа мессенжерээр  зөвлөгөө авахыг хүссэн өсвөр насныхан, бүр ах эгч нар ч ханддаг. Гэхдээ би мэддэг зүйлээрээ чадах чинээгээр туслахыг хүсч зөвлөгөө өгдөг. Мессенжерийн цаана өсвөр насны охин байгаа гэдгийг тэд мэдэхгүй, мэдвэл яах бол гэж би хааяа боддог шүү.

YOLO: “Мөрөөдөгч” фэйсбүүк хуудсын зорилго?
Ихэнх өсвөр насны хүүхдүүдийн асуудал, бэрхшээл ижилхэн юм шиг санагддаг. Мөн маш эмзэг хүмүүс шүү дээ cheeky Хайр сэтгэл, найз нөхдийн харилцаа гээд олон зүйлст анхаарал нь ихэвчлэн төвлөрч байдаг. Тиймээс тэдэнд аливааг зөв талаас нь, зөв байдлаар ойлгуулах, урам өгөхийг л зорьдог доо. Муухай бүрхэг өдөр ч сайхан үйл явдал тохиолдож болно, аливааг гэгээлгээр харж байгаасай, зоригтой мөрөөдөөд зорилгодоо хүрэхийн төлөө тэмцдэг байгаасай л гэж хүсдэг дээ.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа.

МӨРӨӨДӨГЧ фэйсбүүк хуудаст зочлохыг хүсвэл ЭНД дараарай wink
 















#Teenagers #Mission #Зорилго #Facebook