Хүн бүхэн хөгжмийг өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй мэдрэмжээр хүлээж авдаг. Тийм ч учраас дуу хөгжим гэдэг он цагийн явцад олон урсгал чиглэлд хуваагдан, хөгжиж ирсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл таны сонсох дуртай хөгжмийн урсгал тань, таны тухай цөөнгүй зүйлсийг хэлж чадна гэдгийг сэтгэл судлаачид баталж байна. Хувь хүн бүр өөрсдийн сэтгэлзүйн онцлогоос шалтгаалан өөр өөр төрлийн хөгжмийн урсгалыг таашааж, эсвэл огт дургүй байдаг нь магад үүнтэй холбоотой болов уу. Та ямар хөгжмийн урсгалыг түлхүү сонсдог вэ? Дуртай дуугаар тань таныг тодорхойлох гээд үзвэл яаж байна?
ПОП хөгжимд дурлагсад
Поп урсгалыг идэвхийлэн сонсогчид дэлхийн нийт хүн амд хамгийн дээгүүр байранд жагсч байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн поп дуу сонсох хүсэл нь өдөр бүрийн сэтгэл санааны төлөв байдлаас үүдэлтэй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл тэд сэтгэлээ засахын тулд ихэвчлэн дуу сонсдог. Хэрэв та поп хөгжимд дурлагсдын нэг бол, нийгмийн харилцаанд асуудалгүй, нээлттэй бөгөөд нөхөрсөг хүмүүн. Мөн сэтгэлзүйн байдлаасаа шалтгаалан ямар дуу тоглуулахаа шийддэг. Тухайн цаг үеийнхээ топ-чартыг тэргүүлж буй дуунуудыг утсандаа заавал татдаг байх учиртай.
ХИП-ХОП хөгжимд дурлагсад
Тэд хамгийн нээлттэй, бас эрч хүчээр дүүрэн хүмүүс. Мөн тэд хөгжмийг хэмнэлгүйгээр төсөөлж чадахгүй, хэмнэл тэдний хувьд хамгийн чухал зүйл. Ер хөгжмийг зөвхөн чихээрээ сонсоод өнгөрөхийг дутуу үнэлдэг бөгөөд үргэлж бүжиглэх, өөрөө дуулах, хэмнэлээр нь ширээ цохих гэх мэт үйлдлийг давхар хийж байдаг. Шөнийн клубд олон нийтийн дунд хөгжмийн хэмнэлийг мэдрэнгээ бүжиглэх гэдэг тэдний дуртай зүйлсийн нэг. Мөн хип-хоп хөгжимд дурлагсад өөрсдийгөө дээгүүр үнэлэх хандлагатай байдаг тухай нэгэн судалгааны үр дүнд дурьдсан байна.
СОНГОДОГ хөгжимд дурдлагсад
Цаг хугацааны элчилгэнд элэгдэж хуучирдаггүй сонгодог хөгжимд дурлагсдын хувьд дурьдах сонирхолтой баримт бий. Юуны өмнө тэднийг дуугүй, хаалттай талдаа хүмүүс гэдгийг хэлэх нь зүй. Мөн бүтээлч, оюуны чадавхи өндөртэй. Тэд хөгжмийг зүгээр нэг сэтгэл засах, эсвэл сонсоод өнгөрөх зүйл гэж үздэггүй ба илүү утга агуулгатай, гүн гүнзгий талаас нь хардаг. Тийм ч учраас Л.В.Бетховений 60 минут гаран үргэлжлэх есдүгээр симфони, П.И.Чайковскийн хагас цагаас илүү үргэлжлэх төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг эхнээс нь дуустал амьсгаа татан сонсч чадах тэвчээртэй.
Нэмж сонирхуулахад Др.Норт хэмээх эрдэмтэн 2009 онд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ нь SAT шалгалтанд хамрагсдын онооны үзүүлэлтийг сонсдог хөгжимтэй нь уялдуулж үзсэн байна. Харин үр дүнд нь хамгийн өндөр оноо авсан сурагчид сонгодог хөгжим сонсдог байсан бол, хамгийн бага онооны эзэд реппер Lil Wayne-ийг сонсдог гэсэн үзүүлэлт гарчээ.
РОК хөгжимд дурлагсад
Хуучны рок фенүүдийн тухайд гэвэл, тэднийг уйгагүй хөдөлмөрч гэсэн үгээр тодорхойлохоос эхэлье. Мөн хамгийн их өөртөө төвтэй хүмүүс бол тэд. Өөрийн мэдрэмж, сэтгэгдэл гэдэг дуу хөгжимд тавьдаг хамгийн том шалгуур нь. Тэдний хувьд хөгжим гэдэг сэтгэлтэй салшгүй холбоотой эд. Сэтгэл санааны байдлаасаа шууд шалтгаалан сонсох дуундаа сонголт хийх төдийгүй, тэдний хуучирдаггүй дуртай дуунууд амьдралынх нь хаа нэгтээх дурсамжтай нь үргэлж холбогдож, сэрээж сануулж байдаг ажээ.
ХЭВИ-МЕТАЛ хөгжимд дурлагсад
Энэ удаад таны төсөөлсөн шиг мэдээжийн байхгүй нь бололтой. Хүнд метал урсгал сонсдог хүмүүс сонсдог хөгжим шигээ хүнд хэцүү, эсвэл өмсдөг хувцас шигээ хурц, харанхуй байдаггүй тухай нэгэн судалгааг сонирхуулахаар бэлтгэлээ. Психологийн доктор, профессор Адриан Норт нийтдээ 36 мянган оролцогчдыг хамруулсан нэгэн судалгаагаа гурван жилийн туршид хийсэн байна. Зорилго нь ийм төрлийн хөгжимд дурладаг хүмүүсийн сэтгэлзүйн онцлогийг судлах явдал байжээ. Харин үр дүн нь хачирхалтай. Тэд сонгодог хөгжим идэвхийлэн сонсогчидтой дүйцэхүйц оюуны чадавхитай төдийгүй ухаалаг зан төлөвтэй хүмүүс аж. Бүтээлч сэтгэлгээтэй, сайхан сэтгэлтэй мөн эмпатийн чадвар хамгийн өндөр...
ЖАЗЗ, БЛЮЗ хөгжимд дурлагсад
Энэ төрлийн хуучны хөгжмийг сонсдог хүмүүсийг гүн бодогчид хэмээн тодорхойлбол зохилтой. Мөн чөлөөт сэтгэлгээтэй, маш бүтээлч. Тэд хөгжмийг сонсох мэдрэхүйн эрхтнээрээ дамжуулж “тархи”-аа хөгжүүлэхэд ашигладаг гэнэ. Дагаад дуулчихмаар, эсвэл дагуулаад аялчихмаар тогтсон аягүй юм шиг ойлгомжгүй, эмх замбараагүй санагдах энэ урсгалд рок болон сонгодог хөгжмийн урсгалын онцлогууд сүлэлдэн уялдсан байдагтай ч холбоотой биз.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх