Аливаа зүйлийг бичнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ хэцүү байсан ч бусдад уншуулахаасаа өмнө өөрийн бичсэн зүйлийг заавал засаж сураарай. Сайн бичвэрийн нууц сайн засвар байдаг. Тиймээс өөрийн бичсэн зүйлээ хэд хэдэн удаа засаж, сайжруулах хэрэгтэй. Харин хэрхэн засах учраа олохгүй байвал дараах аргуудыг уншаарай.
ЭХНИЙ БИЧВЭР БОЛ НООРОГ
Та хэчнээн сайн бичиж, найруулдаг байсан ч таны эхний бичсэн зүйл бол ноорог юм. Бичнэ гэдэг нь бодохын нэр. Тийм ч учраас бичсэн зүйлээ эмх цэгцтэй боловсруулах хэрэгтэй.
НИЙТЛЭГ АЛДААНУУДЫГ АЖИГЛА
Хүмүүсийн бичвэр дэх алдаа нь маш нийтлэг, түгээмэл алдаа байдаг. Тиймээс бичвэрээ дуусгахаас өмнө өөрийн алдааг хянаарай. Тухайлбал, үг сонголтдоо анхаарах хэрэгтэй. Эхийн найруулгын төрлөөс хамаараад үгийн сан өөр өөр байдаг тул үг сонголтын алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Мөн та хуучирсан үг хэллэг, зарим хэлц үгийн утгыг сайн мэдэхгүй бол ашиглах гэж яарах хэрэггүй. Үүний оронд тохиромжтой энгийн үг сонгоорой.
БАГА ЗЭРЭГ ЗАВСАРЛА
Бичвэрээ дуусгаад шууд л засаад эхлэх нь тийм ч зөв зүйл биш. Харин ч хэдэн цаг эсвэл нэг хоногийн дараа хийсэн зүйлээ хянаад үзвэл “шал өөр” байх болно. Ингэснээр өөрийн алдаа болон бичвэртээ дутагдалтай байгаа зүйлээ олж харна. Мөн өөрийн бичсэн зүйлээ өөртөө уншиж өгөх хэрэгтэй. Ийнхүү унших үед ойлгомжгүй хэсэг байвал тэр хэсгээ засах боломжтой юм.
ШААРДЛАГАГҮЙ ХЭСГИЙГ ХАСАЖ СУР
Хэтэрхий их нурших дэмий. Тийм ч учраас “эргэлзэж байвал хас” гэдэг дүрмийг баримталж сураарай. Хэрвээ өгүүлбэрт шаардлагагүй үг байвал хас, цогцолборт шаардлагагүй өгүүлбэр байвал тус өгүүлбэрийг ч бас хас. Дээр дурдсанчлан “эхний бичвэр бол ноорог”. Таны эхэлж бичсэн зүйл бол тэр чигээрээ таны бодол санаа байдаг. Тиймээс тухайн эхэд шаардлагагүй үг, өгүүлбэр маш олон байгаа. Эргэлзэлгүй хасах хэрэгтэй.
ЭХЛЭЛ ХЭСЭГТЭЭ АНХААР
Ямар ч бичвэрийн эхлэл хэсэг нь хамгийн чухал байдаг. Эхлэлээ зөв бичиж чадахгүй бол бусдын анхаарлыг татаж чадахгүй. Богино хэмжээний мэйлээс эхлээд 5000 үгтэй эсээ бичсэн ч эхний хэдэн өгүүлбэрээ цэгцтэй, тодорхой бичих хэрэгтэй. Энэ нь хүмүүст цааш унших сэдэл төрүүлдэг чухал зүйл юм.
ЭХИЙН БҮТЦЭЭ АНХААР
Эхийн ерөнхий бүтэц нь замбараагүй байвал хэчнээн төгс өгүүлбэр бичээд ч нэмэргүй. Олон догол мөртэй, нуршуу бичвэл хүмүүсийг залхаана. Тиймээс цогцолбор бичихдээ утга санааг нь тодорхой гаргах хэрэгтэй. Хэрвээ урт нийтлэл бичиж байгаа бол дэд гарчиг оруулж, мэдээгээ хуваагаарай.
БОЛОМЖИТ БҮХ НӨӨЦИЙГ АШИГЛА
Бичвэрээ найруулга болон дүрмийн алдаагүй бичихийн тулд мэддэг зүйл чинь хангалтгүй санагдаж байвал интернетээс судлаад үз. Жишээ нь монгол хэлний дүрмийн алдаа шалгагч ашиглаж болно. Мөн nairuulga.mn сайт руу зочилж найруулгын тухай уншиж, судлах хэрэгтэй.
Өөрийн бичсэн зүйлээ засаж сурах нь бичихтэй адил маш чухал зүйл. Тиймээс зөв засвар хийж сураарай. Амжилт хүсье!
Эх сурвалж: The New York Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх