“Never Have I Ever” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-09-10

Бид өмнөх дугаартаа “It’s Okay To Not Be Okay” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа ахлах сургуулийн сурагчдад тохиолдож буй хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг өгүүлэх “Never Have I Ever” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.9/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 96%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны дөрөвдүгээр сарын 7

Нийт бүлгийн тоо: 1

Үйл явдал: Devi Vishwakumar бол 15 настай өсвөр насны охин. Түүний аав гэнэт нас барснаар, тэрээр гүн цочролд орон алхах чадвараа алдаж, хэцүүхэн жилийг өнгөрүүлнэ. Үүний дараагаар тэрээр сайхан амьдрахыг хичээн, өөрчлөлт хийхээр шийдсэн ч ижил дасал болсон орчин тойрны хүрээлэл, найз нөхөд, гэр бүлийнхэн нь улам л ярвигтай болж эхэлснээр үйл явдал өрнөнө.

15000 ОХИДООС ШАЛГАРСАН НЬ

Залуу жүжигчин Maitreyi Ramakrishnan нь Devi Vishwakumar-ын дүрд тоглохын тулд нийтдээ 15000 охидтой өрсөлдсөн. Тэрээр зохиолч Mindy Kailing-ийн анхаарлыг татах гэж таван хуурцаг өөрийгөө танилцуулсан бичлэг илгээсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь кино багийнхан түүнийг гол дүрд тэнцсэнийг хэлэх гээд утас руу нь хэд хэдэн удаа залгасан ч тэрээр хуурамч дуудлага байна гэж бодоод аваагүй аж. Ийнхүү түүн рүү И-мейл илгээхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ шүү.

DARON BARNET-Д ЗОРИУЛСАН НЭР

Paxton Hall-Yoshida хэмээх дүрийн нэр анх зүгээр л Paxton Hall байжээ. Гэхдээ кино багийнхан Daron Barnet-ыг сонгон шалгаруулалтынхаа үеэр Японоор чөлөөтэй ярьж, ээжийнх нь талд Япон гаралтай хүмүүс байдаг гэдгийг мэдээд нэрийг нь солихоор шийдсэн аж. Ийнхүү цувралыг илүү сонирхолтой байлгах үүднээс Paxton Hall-Yoshida хэмээх нэртэй дүр бүтсэн аж.

30 СЕКУНД БА НЭГ САР

Цувралд 30 секундийн хугацаатай гардаг энэтхэг бүжгийн хэсгийг авахын тулд бүтэн нэг сарыг зарцуулсан гээд боддоо. Бүжиг дэглээч Joya Kazi нэгэн ярилцлагадаа:

"Тэр хэсгийн зураг авалтыг хийхийн тулд бид нэг сарыг ардаа үдсэн. Учир нь бүжиг дэглэлт, хувцаслалт, бүжигчид, кино зураг авалтын багийнхны төлөвлөгөө гээд олон ажлыг нэгэн зэрэг амжуулах хэрэгтэй болсон” хэмээжээ.

НЭГ ДҮРИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Darren Barnet болон Jaren Lewison нар анх нэг нэгнээ хараад ижилхэн дүрд шалгуулахаар ирсэн хэмээн бодож байжээ. Хэсэг хугацаанд тэд нэг нэгээ өрсөлдөгчийн нүдээр харан, хоорондоо юу ч дуугараагүй гэнэ. Гэтэл яг үнэндээ Darren Barnet "Paxton Hall-Yoshida"-гийн дүрд, Jaren Lewison "Ben Gross"-ын дүрд тоглохоор зэхэж байжээ. Дараа нь тэд өөр өөр дүрд өрсөлдөж байснаа мэдсэн ба одоо маш сайн найзууд болсон билээ.

ТЭДНИЙ НАС

Цувралын ихэнх жүжигчид өөрийн наснаасаа хамаагүй залуу дүрийг бүтээсэн аж. Жишээлбэл ахлах сургуулийн охины дүрийг бүтээсэн Richa Moorjani нь өдгөө 31 настай гэнэ шүү.

ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ ХАЙРЫН ТҮҮХ

Эх зохиол дээр Ben Gross болон Devi Vishwakumar хоёрын хооронд ямар ч хайрын холбоо байхгүй байсан ч бодит амьдрал тэд хоорондоо гайхалтай зохицож байсан тул зохиолчид тэдэнд зориулж зохиолоо бага зэрэг өөрчилсөн гэдэг. Хэрвээ тэдний дунд хайр дурлалын романс үүсээгүй бол зохиол тэс ондоо үргэлжлэх байжээ.

ЖИНХЭНЭ ЧОНЫН ДАЙРАЛТ

Дөрөвдүгээр анги дээр чоно Devi-руу дайрч тэрээр гартаа бэртэл авдаг шүү дээ. Сонирхолтой нь тэрхүү үзэгдэл нь бодит байсан аж. Иймэрхүү үзэгдэлд ихэвчлэн компьютер график ашигладаг бөгөөд тус үзэгдлийг илүү бодитой харагдуулахын тулд тэжээвэр чоно ашигласан ажээ. Чоно түүнийг ямар нэгэн байдлаар жинхэнээсээ бэртээгээгүй хэдий ч түүн рүү дөхөж очоод үсэрдэг хэсэг нь жинхэнэ байсан гэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Эхний бүлэг маш олон асуултыг үзэгчдэд үлдээгээд төгссөн. Тийм ч учир хоёрдугаар бүлгийн талаарх мэдээллийг чих тавин хүлээж байсан хүн цөөнгүй. Харин “Netflix” компанийн зүгээс цувралын хоёрдугаар бүлэг 2021 онд хэмээн албан ёсоор мэдэгдэж тус цувралын шүтэн бишрэгчдэд бэлэг барьсан юм. Таны бодлоор Devi дараагийн бүлэгт Ben болон Paxton хоёрын хэнийг нь сонгох бол?

Эх сурвалж: BuzzFeed

 

 

#Бидний мэдэхгүй баримтууд #Never Have I Ever