Yolo.mn редакцийн хамт олон сэтгэл зүйн ямар нэгэн асуудал тулгараад буй өсвөр үеийнхэн, залуусаас захидал хүлээн аван мэргэжлийн сэтгэл судлаач, эмч нарт хүргэж уламжилдаг билээ. Үүнд сэтгэл санааны гүн хямралд өртөж, гэр бүл болон үе тэнгийнхэнээсээ дарамт мэдэрсэн, айдас түгшүүр, сэтгэл гутрал зэрэг олон хүчин зүйлсээс үүдэн шаналж буй өсвөр үе, залуусынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийн түгээмэл асуудлыг хөндөхөөр Оптимал Эн Макс ХХК, Судалгааны багтай хамтран “Өсвөр насныхан юу туулж байна вэ?” цуврал нийтлэлийг бэлтгэлээ.
Ингээд нийтлэлийн эхний сэдэв бол “10 эрсдэл 10 үр дүн”
Оптимал Эн Макс судалгааны байгууллага Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт амьдардаг 14-19 насны 2000 орчим оролцогчдын дунд судалгаа явуулж тэдний 1667 хариултад шинжилгээ хийн "Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа"-ны тайланг гаргажээ. Тайланд дурдсан өсвөр үеийнхний яаралтай анхаарал хандуулах шаардлагатай 10 эрсдэл 10 үр дүнг хүргэж байна.
1. Өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай бодож байна.
Судалгаанд оролцогчдын 21% амиа хорлох талаар нухацтай боддог (5 болон түүнээс дээш удаа нухацтай бодож байсан), 16% нь ядаж нэг удаа амиа хорлохыг завдаж үйлдэл хийж байсан гэв. Өөрөөр хэлбэл өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай боддог, өсвөр насны 6 хүүхэд тутмын 1 нь дор хаяж нэг удаа амиа хорлох үйлдэл хийж байсан байна. Амиа хорлох бодол, үйлдэлд гэр бүл доторх хүчин зүйлс, ялангуяа эцэг эхийн зүгээс ирэх биеийн болон үгэн хүчирхийлэл хамгийн хүчтэй нөлөөлдөг. Дараагийн эрэмбэд үе тэнгийн дээрэлхэл, дарамт нь амиа хорлох бодол, үйлдэл үүсэхэд нөлөөлөх хандлагатай байна. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сул байх нь амиа хорлохыг завдахад хүргэх мөн нэг хүчтэй хүчин зүйл байв. Амиа егүүтгэх талаар бодож, завдах нь ихэнхдээ сэтгэл гутралын шинж тэмдэг байдаг ба өөрийгөө буруутгах, юунд ч дур сонирхолгүй болох гэх мэт бусад сэтгэл гутралын шинж тэмдгүүд оролцогчдод илэрч байв. Тиймээс зөвхөн амиа хорлох талаарх бодол, үйлдэлд бус сэтгэл гутрах эмгэгт анхаарлаа хандуулах хэрэгтэйг харуулж байна.
2. Өсвөр насны 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж байсан.
Тухайлбал 72.1% нь нэр хочоор дуудуулах, янз бүрийн үгээр хэлж шоглуулах зэрэг сэтгэл зүйн дээрэлхэлд 2 болон түүнээс дээш удаа өртөж байсан, 38.2% нь цохиулах, зодуулах гэх мэт бие махбодын дээрэлхэлд 2 болон түүнээс дээш удаа өртөж байсан, 25.1% нь 2 болон түүнээс дээш удаа цахим орчинд дээрэлхүүлж байсан, 16.1% эд зүйлээ 2 болон түүнээс дээш удаа булаалгаж байсан, 15.3% нь 2 болон түүнээс дээш удаа дээрэлхэл болон заналхийллээс болж хүсээгүй зүйлээ хийхэд хүрч байсан гэж хариулжээ. Дээрэлхэлд өсвөр насны охид, хөвгүүд ижилхэн өртдөг ч дээрэлхэл үйлдэгч нь хөвгүүд байх хандлагатай байна. Мөн дээрэлхэлд өртөх нь бүх гадагш, дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд илрэхэд их, бага хэмжээнд нөлөөлж байгаа бөгөөд үүн дотроо бусдыг дээрэлхэх гол нөхцөл нь өөрөө дээрэлхэлд өртсөн байх явдал байлаа. Зөвхөн дээрэлхлээс гадна үе тэнгийн нөлөөнд автах (peer pressure) буюу тэдэнд таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүсээгүй зүйлсээ хийх нь олон эрсдэлийг дагуулж байна.
3. Харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй байдал нь сэтгэл зүйн олон эрсдэлийг үүсгэж байна.
Тухайлбал судалгаанд оролцогч өсвөр насныхны 42.6% нь харагдах байдал, гадаад үзэмжиндээ зарим үед сэтгэл хангалуун бус байдаг бол 23% нь үргэлж сэтгэл хангалуун бус байдаг гэж хариулжээ. Үүнд өсвөр насны охид болон Улаанбаатар хотод амьдардаг өсвөр насныхан илүү их багтаж байна. Харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй болох тусам сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, хоолноос татгалзах хандлага илүү хүчтэй илэрч байна. Олон улсад “Body Shaming” гэж нэрлэдэг харагдах байдал, үзэмжээр ялгаварлах хандлага манай өсвөр насныхны дунд түгээмэл бөгөөд энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж ажиглагдлаа. Тухайлбал “Гоё сайхан харагддаг хүмүүсээр дүүрэн сэтгүүл, нэвтрүүлэг үзсэний дараа би өөртөө итгэлгүй болдог” гэдэгтэй оролцогчдын 64% их, бага хэмжээнд санал нийлсэн байна.
4. Өсвөр насны хөвгүүд илүү тамхи татах хандлагатай бол охид, хөвгүүд ижилхэн согтууруулах ундаа хэрэглэх хандлагатай байна.
Өсвөр насны охидын 32%, хөвгүүдийн 44% тамхи татаж үзсэн бол согтууруулах ундааны хувьд охидын 50%, хөвгүүдийн 44% хэрэглэж үзсэн байна. Тамхи татаж үзсэн байдал 14 насныхны дунд 21% байсан бол 19 насанд 71% болж өсчээ. Согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдал мөн адил 14 насанд 31% байсан бол 19 насанд 89% болон өсчээ. Өөрөөр хэлбэл архи, тамхи хэрэглэх эрсдэл 14 насанд аль хэдийн үүссэн байх ба нас ахих тусам тухайн эрсдэлүүд өсөх хандлагатай байна. “Сэтгэл санаагаа дээрдүүлэх зорилгоор тамхи татдаг” гэж хариулсан нь хамгийн түгээмэл (11%) бол согтууруулах ундааны хэрэглээний хувьд “сонирхож үзээд хэрэглэсэн” гэдэг хариулт хамгийн түгээмэл (22%) бөгөөд цөөн тохиолдолд (4%) “асуудлаа мартах гэж хэрэглэдэг” гэж хариулжээ (Тамхины хэрэглээ болон согтууруулах ундааны хэрэглээ бүлгээс дэлгэрэнгүй уншина уу). Өөрөөр хэлбэл архи, тамхины хэрэглээ нь ердийн нэг “хүмүүжилгүй” байдлын илрэл бус сэтгэл зүйн шалтгаантай байх хандлагатайг харууллаа.
5. Хүйсээс хамаарч ялгаатай эрсдэлд өртөж байна.
Дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд болох сэтгэл гутрал, түгшүүр, хоолноос татгалзах, өөрийгөө гэмтээх зэрэг нь өсвөр насны охидын дунд илүү түгээмэл бол бусдыг дээрэлхэх, нийгмийн хэм хэмжээг зөрчих гэх мэт гадагш чиглэсэн эрсдэл нь өсвөр насны хөвгүүдийн дунд илүү түгээмэл илэрч байна. Мөн үе тэнгийн нөлөөнд автах, бэлгийн харилцааны талаар буруу ойлголттой байх, тамхи татах зэрэг нь хөвгүүдийн дунд илүү түгээмэл байгаагаас харвал эрэгтэй, эмэгтэй өсвөр насныхны дунд ялгаатай соёлууд байна. .
6. Амьдарч буй байршлын нөлөө ажиглагдаж байна.
Улаанбаатар хотод амьдардаг өсвөр насныхны дунд амиа хорлох бодол, сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, өөрийгөө гэмтээх, түрэмгий зан үйл, архи, тамхины хэрэглээ, бэлгийн харилцааны талаарх буруу ойлголт зэрэг нь хөдөө орон нутагт амьдардаг өсвөр насныхнаас харьцангуй түгээмэл байна. Тиймээс энгийнээр хэлбэл хот, хөдөөд амьдрах нь эрс ялгаатай бөгөөд уг ялгааг үүсгэж буй гол хүчин зүйлс нь хотод амьдарснаар илүү их стресстэй үйл явдалд өртдөг, илүү их бусадтай өөрийгөө харьцуулж голдгоос (ялангуяа харагдах байдлын хувьд) сэтгэл гутрах зэрэг дээр дурдсан эрсдэлүүдэд илүү өртдөгийг энэхүү судалгааны үр дүн харууллаа. Гэвч энэ нь хөдөө орон нутагт амьдардаг өсвөр насныханд сэтгэл зүйн эрсдэлүүд тохиолддоггүй эсвэл тэдэнд анхаарал хандуулах шаардлагагүй гэсэн үг огт биш юм.
7. Сэтгэл зүйн ур чадваруудыг хөгжүүлэхэд анхаарснаар эрсдэлийг бууруулах боломжтой байна.
Стрессийг даван туулах чадварт илүү ач холбогдол өгч, уг чадварыг хөгжүүлэх нь үр дүнтэй байхаар байна. Учир нь сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвараас илүүтэй стрессийг даван туулах чадвар нь гадагш, дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүдээс хамгаалах хүчин зүйл юм. Ялангуяа түрэмгий зан үйлд хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл нь стрессийг даван туулах чадвар сул байдал байлаа. Өөрөөр хэлбэл хэдийгээр сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар буюу сэтгэл хөдлөлөө таних, ойлгох, илэрхийлэх зэрэг чадварт суралцах нь чухал ба тодорхой хэмжээнд эрсдэлийг бууруулах ч түүнээс илүү стресстэй, “хэцүү” нөхцөл байдлыг даван туулахын тулд бодол, үйлдлээ удирдаж чиглүүлэх, сэтгэл хөдлөлд бус шийдэлд төвлөрөх стратегит суралцах зэргээр стрессийг даван туулах чадвар эзэмших нь сэтгэл гутрал, түгшүүр, түрэмгий зан үйл гэх мэт олон эрсдэлээс илүү хүчтэйгээр хамгаалах хандлагатай.
8. Сургуулийн орчны эерэг уур амьсгал тун чухал байна.
Сургуульдаа сэтгэл ханамжтай байх тусам аливаа эрсдэлээс сэргийлэх хандлагатай бол харин сургуулийн сэтгэл ханамжийг бууруулж буй зүйлс нь үе тэнгийн дээрэлхэл болон дарамт шахалт, багш ажилтнуудын сурагч руу чиглэсэн таагүй, ялгаварласан харилцаа зэрэг байна. “Намайг гадуурхаж, бусдын өмнө эвгүй байдалд оруулдаг багш байдаг” гэдэгтэй оролцогчдын 20% нь маш их санал нийлж байна гэж хариулснаас харахад сургуулийн орчинд зөвхөн сурагчид хоорондоо бус, багш нар сурагчийг дээрэлхэх үзэгдэл түгээмэл байдаг бололтой. Цаашлаад биеийн болон цахим дээрэлхэлд өртөх нь амиа хорлох оролдлого хийх эрсдэл болон бусад эрсдэлийг 2 дахин эсвэл түүнээс их хэмжээгээр нэмэгдүүлж байв.
9. Гэр бүлийн эерэг уур амьсгал чухал нөлөөтэй.
Гэр бүлийн орчны хүчирхийлэл, таагүй уур амьсгалын эсрэг арга хэмжээ авах нь мөн өсвөр насныханд тохиолдох сэтгэл зүйн эрсдэлийг бууруулахад үр дүнтэй байхаар байна. Учир нь сургуулийн орчин, хувь хүний ур чадвар зэрэгтэй адил гэр бүлээс хамаарах хүчин зүйлс таагүй байгаа үед сэтгэл зүйн эрсдэл үүсгэх хандлагатай байдаг. Ялангуяа өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг завдах зэрэг нь эцэг эхийн зүгээс ирэх үгэн болон биеийн хүчирхийллээс хамгийн их шалтгаалахаас гадна эцэг эхийн хүчирхийлэл нь бүх сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлийг 2 дахин эсвэл түүнээс их хэмжээгээр ихэсгэх хандлагатай байгаа тул гэр бүлийн нөлөөг чухалчилж энэ талаарх ажлуудаа үргэлжлүүлэх нь чухал гэдгийг харууллаа.
10. Олон талт арга хэмжээ хэрэгтэй
Дээрхийг нэгтгэж хэлбэл өсвөр насныханд илэрч буй сэтгэл гутрах, түгших, тамхи татах гэх мэт олон эрсдэл нь зөвхөн нэг хүчин зүйлээс бус хувь хүн, гэр бүл, сургууль болон үе тэнгийнхэн зэрэг олон хүчин зүйлсээс хамаарах хандлагатай байна. Тиймээс илүү цогц, олон талт урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаанууд хэрэгцээтэйг харуулжээ. Ингэхдээ хувь хүний түвшинд сэтгэл зүйн ур чадваруудыг нэмэгдүүлэх, амьдралдаа сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд орчны тааламжтай тухтай байдалд анхаарах, гэр бүлийн эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх болон хүчирхийллээс сэргийлэх, сургууль, үе тэнгийн түвшинд дээрэлхлээс сэргийлэх, багш нарын харилцаа хандлагад анхаарах зэргээр сургуульдаа сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлэх зэрэг нь аливаа сэтгэл зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд үр дүнтэй байна.
Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Эх сурвалж: Optimal NMax
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх