Мууранд хайртай хүмүүсийн ЗААВАЛ очиж үзэх зочид буудал


Миау | YOLO.MN
2020-08-25

Мууранд дуртай уншигчид минь анхаарлаа хандуулаарай! Япон улсад мууранд хайртай ч тэжээх боломжгүй эсвэл муур тэжээх эсэхдээ эргэлзэж буй хүмүүст тохирсон нэгэн буудал байдаг гэнэ. Ингээд энэхүү сонирхолтой зочид буудлын тухай танилцуулъя. 

Япон улсын Канагава мужид байрлах "My Cat Yugawara" зочид буудлын бусад зочид буудлаас ялгарах онцлог нь "мууран найз" санал болгох үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл энэ зочид буудалд буух нь муур тэжээмээр байдаг ч зарим нэг шалтгааны улмаас тэжээх боломжгүй, аль эсвэл муур тэжээх эсэхдээ эргэлзэж буй хүмүүсийн хувьд нэг сумаар хоёр туулай буудах боломж юм. 

"My Cat Yugawara" бол Японы уламжлалт Риокан зочид буудал. Өрөөнүүд нь дээр үеийн япон кинонууд дээр гардаг шиг цайвар ногоон өнгийн татами дэвсгэр, богино хөлтэй чабудаи ширээтэй, хэтэрхий олон тавилга, сувениргүй, ерөнхийдөө минималист хэв маягтай байх аж. 

Тус зочид буудлын эзэн Акихиро Очи хэлэхдээ:

- "Япон улсад муур тэжээмээр байдаг ч зарим нэг шалтгааны улмаас тэжээх боломжгүй хүмүүс зөндөө бий. Тиймээс энэ улсад ирээд хоноглонгоо хайртай амьтантайгаа цагийг өнгөрөөх газар зайлшгүй хэрэгтэй. 

Хэдийгээр бид мууран найз санал болгох онцгой үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдээ татдаг ч муурнуудыгаа "ажилтан" гэдэг өнцгөөс хардаггүй. Тэдэнтэйгээ хамт амьдарч, хооллож, бүр хамт унтдаг. Тиймдээ ч энд байгаа бүх муурнуудынхаа онцлог зан аашийг сайн мэднэ. 

Мөн бид ашгийн төлөө ажилладаггүй гэдгийг дуулгахад таатай байна. Зочид буудлын үйл ажиллагаанаас олсон орлогын ихэнх хувь нь муурны хоол болон эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагддаг. 

Мууртай багцыг авсан хүмүүст хандаж хэлэхэд муур оройн 17:30 минутаас маргааш өглөөнийх нь 09:00 цаг хүртэл тантай хамт байх болно. Гэхдээ та энэхүү үйлчилгээг анх удаа авах гэж байгаа бол дор хаяж нэг удаа "My Cat Yugawara" кафед ирж сургалтад хамрагдсан байх ёстой. Ингэж байж л бид хайртай муурнууддаа болон хүндэт үйлчлүүлэгчдэдээ санаа зовохгүй байж чадна шүү дээ"

Нийтлэлийн төгсгөлд онцлоход энэхүү үйлчилгээг авсан үйлчлүүлэгчид зочид буудалд хоноглосны дараа муур тэжээхээр шийдсэн бол, нэн ялангуяа хамт байсан муураа үрчилж авахыг хүсвэл ЭНЭ НЬ БҮРЭН БОЛОМЖТОЙ!

Гэхдээ та тухайн муурыг цаашид үнэхээр хайрлан халамжилж, сайн эзэн нь байж чадах эсэхээ батлахын тулд зочид буудлын ажилчидтай ярилцлагад орох ёстой. Яг л ажилд орох гэж байгаа мэтээр хүлээж авч байгаа биз? Тийм ээ, амьтан тэжээх гэдэг ажил хийх шиг л чухал, хариуцлагатай зүйл шүү дээ. 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Зочид буудал #Муур