Алдарт "Titanic" (1997) киноны Жекийн дүрээр бидний сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин Леонардо Ди Каприо карьерынхаа туршид олон гайхалтай дүрийг бүтээсний зэрэгцээ олон гайхалтай дүрд тоглохоос татгалзаж байжээ. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд түүний тоглохоос татгалзсан алдартай дүрүүдийг танилцуулахаар шийдлээ.
АНАКИН СКАЙВОЛКЕР (STAR WARS: ATTACK OF THE CLONES)
Жүжигчин Леонардо Ди Каприо дэлхийн хамгийн том франчайзын гол дүрд. Гайхалтай сонсогдохгүй байна гэж үү? Алдарт жүжигчин маань Холливуудын “А” зэрэглэлийн жүжигчдээс франчайз кинонд тоглож байгаагүй цөөн хэдэн жүжигчдийн нэг.
Тэртээ 2002 онд түүнд "Star Wars" франчайзын шинэ трилогийн гол дүр болох Анакин Скайволкерын дүрд тоглох санал ирж байжээ. Гэвч жүжигчин маань тухайн жилдээ “Star Wars: Attack Of The Clones” киноны оронд "Catch Me If You Can", "Gangs of New York" зэрэг уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн юм. Харин түүний оронд ирээдүйн харанхуйн эзний дүрд жүжигчин Хейден Кристенсен тоглон олны шүүмжлэлийг ихээхэн хүртэж байсан билээ.
ДИК ГРЕЙСОН/РОБИН (BATMAN FOREVER)
Найруулагч Тим Бартон 1989 онд гарсан “Batman” киноныхоо асар их амжилтын дараагаар Бэтмэний үнэнч туслах Робиныг танилцуулах төлөвлөгөөтэй байсан ч энэ дүр 1992 онд гарсан “Batman Returns” киноноос тэр чигтээ хасагдсан юм.
Харин цувралын гурав дахь анги "Batman Forever" (1995)-г найруулагч Жоел Шумахер найруулахдаа Робины дүрд залуу жүжигчин Леонардо Ди Каприог тоглуулах хүсэлтэй байжээ. Харамсалтай нь тэрээр мөн л татгалзсан бөгөөд татгалзсан шалтгаанаа өөрийгөө тухайн дүрд бэлэн байгаагүй гэдэгтэй холбон тайлбарладаг.
ТОМ РИПЛИ (THE TALENTED MR. RIPLEY)
“Titanic” кинонд тоглосны дараа Ди Каприод маш олон дүрийн санал ирсний нэг нь “The Talented Mr. Ripley” киноны Том Риплигийн дүр юм. Тэрээр Итали руу явсан залууг аавынх нь хүсэлтээр буцаан авч ирэх даалгавар авсан залуугийн түүхийг өгүүлэх уг кинонд тоглохоор аман тохиролцоонд хүрээд байсан ч найруулагч Дэнни Бойлын “The Beach” кинонд тоглох болсон учраас тус кинонд алгассан аж.
Түүний оронд нэрт жүжигчин Мэтт Деймон тус кинонд тоглож бид бүхэнд гайхамшигтай жүжиглэлтийг толилуулсан билээ.
НЕО (THE MATRIX)
Төгс зүйлийг бүтээхэд хугацаа их ордог шиг энэ дүрд тоглох жүжигчнийг олох гэж эгч дүү Вачовски багагүй хугацааг зарцуулжээ. Леонардо Ди Каприо, Вилл Смит, Брэд Питт, тэр бүү хэл Сандра Буллокт хүртэл энэхүү дүрд тоглох саналыг тавьж байжээ. Хожим нь Леонардо Ди Каприо энэхүү дүрд тоглохоос татгалзсан шалтгаанаа “Титаникийн дараа визуаль эффект орсон кинонд тоглох сонирхол буурсан” гэж тайлбарлажээ. Ямартай ч эцсийн эцэст энэхүү дүр Киану Ривз гэх төгс эзнээ олсон юм.
ПИТЕР ПАРКЕР (SPIDER-MAN)
Робин бол Леонардо Ди Каприод санал болгож байсан цор ганц супер баатрын дүр биш юм. Сэм Рэйми найруулагчийн “Spider-Man” (2002) кинонд Ди Каприо тоглох боломжтой байсан. Гэвч мөн л Робины адил "бэлэн биш" гэсэн шалтгааны улмаас татгалзаж байжээ. Ди Каприогийн оронд түүний хамгийн сайн найз, жүжигчин Тоби Магуайр тоглож одоогийн Марвелын эхлэлийг гайхалтайгаар тавьж байсан билээ.
Эх сурвалж: Screen Rant
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх