ХИЧЭЭЛИЙН шинэ жилд өөрийгөө БЭЛТГЭХ 12 ЗӨВЛӨГӨӨ


Үжин | YOLO.MN
2016-08-31

Зуны хөгжилтэй, зугаатай өдрүүд дуусч хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангиараа цуглаад нэгнийгээ өндөр болсныг гайхаж, нөгөөгийнхөө царайг борлосныг шоолж, ангийн охины тайрмал үс нь зохиж гээд хэсэгтээ л ам хуурайгүй сонин сайхан зүйлсийн ярилцана. Мөн сургуулийнхаа харж явдаг охин, хүүг харцаараа хайж харсан даруйдаа ичингүйрнэ, cheeky багш нарыгаа санасан сэтгэлээр бялхана гээд есдүгээр сарын нэгэн бол өсвөр үеийнхний дуртай өдрүүдийн нэг билээ.

Back to school буюу сургууль руугаа буцах үе эхэлж байгааг угтан чамд хэрэг болох хэдэн зөвлөгөөг хүргэе. wink

1. Зуныг дуусгахдаа бэлтгэ
Зуны гурван сар дуусч байгааг санаж тоглож наадах, гадуур зугаалах цагаа багасгаж хичээлдээ бэлтгээрэй. Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, хэрэг болох жижиг сажиг зүйлсээ бэлтгэсэн гэж найдъя.

2. Идэвхтэй байдлаа бүү алдаарай
Зуны хэдэн сар чи инээд баяслаар дүүрэн маш идэвхтэй байсан бол энэ байдлаа ч хичээлдээ эерэгээр ашиглаж идэвхтэй байгаарай. “Сайхан амралт минь дуусч, хар дарсан хичээл эхэллээ” гэж сөргөөр бодохын оронд “Одоо л ёстой хичээлийг бужигнуулна даа, найзуудтайгаа уулзаад сайхан байна байхдаа” гэж эерэгээр хараарай.

3. Өмнөх өдрөө бүх зүйлээ жин тан болго
Хичээлийн хэрэгсэл, хувцас хунар гээд шаардлагатай бүх зүйлээ наймдугаар сарын 31-нд жин тан бэлтгээрэй. “Маргааш өглөө болъё” гэдэг зангаа ядаж хичээлийн шинэ жилийн эхний өдөр гээгээд өмсөх хувцсаа индүүдээд бэлтгэчхээрэй. Ер нь маргаашийн юмаа өмнөх өдөр нь бэлтгэчихвэл өөр хүн хийгээд өгчихсөн мэт л санагдана.

4. Бүх зүйл шинэ байх албагүй
Хичээлийн эхний өдөр шинэ зүйл өмсөх ёстой гэсэн дүрэм журам, хууль хаана ч байхгүй. Тиймээс “тийм зүйл авах байсан юм даа..., шинэ гуталтай л явдаг байж” гэсэн бодлоо гээгээд одоо байгаадаа л сэтгэл хангалуун байгаарай. Учир нь чи хүсээд байсан зүйлээ хичээлд орсныхоо дараа авчхаж болно шүү дээ.  Cурагчид cургуульд сурах гэж л явдаг болохоос шинэ зүйлээ хэн нэгэнд харуулах гэж очдоггүй гэдгийг санаарай!

5. Хамтдаа явахаа найздаа хэл
Яагаад ч юм, хичээлийн эхний өдөр ганцаараа сургууль руугаа явна гэхээр бишүүрхэх сэтгэгдэл хааяа төрөөд байдаг шүү дээ. Тиймээс ангийн найзтайгаа эртхэн уулзаж ханьсаад хамт явж болох юм. Тэгэхээр найзтайгаа урд өдөр нь яриад уулзах цагаа болзоорой.

6. Эртхэн унтаж амар
Ангийнхан, найзуудтайгаа уулзана гэхээр сэтгэл чинь хэчнээн догдолж байсан ч урд өдөр нь эртхэн унтаж амраарай. Хэн хаана юу гэж байна гээд шөнөжин фэйсбүүк ухаад, эсвэл кино үзээд унтаж амрах алтан цагаа хэрэггүй зүйлст зориулснаар төлөөсөнд нь өглөө сургууль дээрээ улайсан нүд ядрангуй царайтай л очно. Тиймээс эртхэн унтаж амраад өглөөг эрт босоорой.

7. Өглөөг эрч хүчээр дүүрэн угт
Есөн сарын нэгэн болоод ерөөсөө бидний баяр даа... Шинэ сар, шинэ өдөр, шинэ эхлэл, шинэ зорилго, шинэ..., шинэ... гээд ирж буй хичээлийн нэг жилийг гэгээлгээр төсөөлж урам зоригоор дүүрэн ШИНЭ ӨГЛӨӨГ угтаарай. Дашрамд сануулахад, чи өглөөг яаж угтана тэр өдөр яг тийм байдаг юм шүү.

8. Өглөөний цайг заавал уу
Өглөөний цай уугаагүй чиний тархи, өглөөний цай уусан Дорж, Дулмаагийн тархинаас хойрго сэтгэдэг юм шүү. Тиймээс бусдаас илүү сэтгэж, хичээлийн эхний өдрөөс л хичээлдээ амжилт гаргахыг хүсэж л байгаа бол ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ УУЖ ЗАНШ.

9. Хичээл эхлэхээс 15 минутын өмнө оч
Хичээлийн нээлтэнд очихгүй байсан ч чи өглөө хичээл эхлэх цагаас дор хаяж 15 минутын өмнө очоорой. Эхний өдөр, эхний хичээлээс хоцорвол тэр жилийн турш хоцорсон сурагчдын тоонд ордог нь жам. Наргиа байлаа, гэхдээ л эртхэн очихыг зөвлөж байна. wink

10. Ангийнхантайгаа дотно байхыг хүсдэг бол одоо л жинхэнэ боломж нь
Чи ангийнхантайгаа нэлээд дотно байдаг бол чи энэ хэсгийн зөвлөгөөг алгасаж болно. Харин ангийнхантайгаа тийм ч дотно биш, дотно болохыг хүсдэг ч өөрийн бүрэг зангаасаа болж ганцаараа л явдаг бол энэ өдөр маш сайхан боломж олдож байна. Учир нь дээр өгүүлсэн шинэ гэсэн тодотголыг санаж байгаа биз дээ. Шинээр эхэлж, харилцаандаа ч шинэ зүйлийг эрэлхийлж бусадтай нээлттэй байхыг хичээж, зуныг хэрхэн өнгөрөөсөн талаараа ангийнхантайгаа ярилцаж болох юм. Амжилт хүсье.

11. Хүсч байсан дугуйландаа одоо л хамрагдаарай
Чи өмнө нь “За дараагийн улирлаас, за ирэх сараас л яг явна даа” гэсээр сонирхдог дугуйландаа явахаасаа өнгөрч зуны амралт эхэлчихсэн бол энэ хичээлийн жилийг өөрийн дуртай зүйлийг турших боломж гэж хараарай. Учир нь намраас эхлээд дугуйландаа хамрагдчихвал дадлагажин туршлагажих, дугуйлангийнхантайгаа эртхэн танилцах, шинэ зүйлийг эрт сурах гээд олон давуу талтай.

12. Хичээл зүтгэлээ одооноос л гаргаарай
Төгсөх анги мөн ч бай үгүй ч бай хичээлийн эхний өдрөөс л хичээлдээ мэрийлттэй байгаарай. “Энэ чинь хэзээ ийм байлаа, ямар идэвхтэй байна аа. Тэр ч зун тархиа сайн цэнэглэжээ” гэж багш, сурагчид бодтол идэвхтэй байсан ч яадаг юм тийм ээ. Тиймээс хичээлдээ идэвхтэй байж, өмнө нь байсан дундаж сурлагатай чи биш хичээл зүтгэлтэй сайн сурагч байхыг эрмэлзээрэй. Үр дүнг нь чи хэдэн сарын дараа явцын дундах шалгалт, багш нарын хандлагаас хараад өөрөөрөө бахархах вий.

Дээрх зөвлөгөөг өөрийн амьдралдаа хэрэгжүүлсэн байхад хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс л чиний сургуулийн амьдрал салахын аргагүй гоё санагдах нь лавтай. АМЖИЛТ ХҮСЬЕ smiley

 

#teenagers #freetime #school