Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Найзынхаа бусад зантай нь ч төстэй болж эхэлсэн
Сайн байна уу? Би одоо 10-р ангид орно. Намайг 5 настай байхад өвөө маань нас барсан болохоор одоо эмээтэйгээ хамт амьдардаг. Анх 1-р ангидаа хотод сурч байгаад, 2-р ангиасаа сумын төвийн сургуульд шилжиж ирээд 5 жил сурсны дараа эмээ маань хотод амьдрах шаардлагатай болоод буцаад л хот руу шилжиж ирсэн. Шилжиж ирээд өмнө нь сурч байсан ангидаа эргэн орсон. Би сумандаа багш, ангийнхан, найз нөхдөдөө нэр хүндтэй сурагч байсан. Даанч хотод ирсний дараа сумын сургуулийнхаа найз нөхдөө санаад 8-р ангидаа буцаад л сумандаа ирсэн. Эмээ маань хотод үлдэж би дотуур байранд амьдрах болсон.
Намайг хот руу шилжээд буцаад ирэх 1 жилийн хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Би урьдын адил шилдэг нь байхаа больж, үргэлж л 2-р байранд орох болсон. Яг л миний байр суурийг хэн нэгэн нь авчихсан юм шиг санагддаг. Өмнө нь сайн найз байсан найзуудтайгаа үргэлж л ам зөрдөг болсон. Надад хэн ч байхгүй болж эхэлсэн. Тэр үед би өөрийгөө их зантай болсныг мэдсэн бас мэдэрсэн. Тиймээс би урьдын адил байхыг хичээж, өмнөх дүрдээ очиж чадсан.
Гэвч надад ахиад л асуудал гарч ирсэн. Миний хамгийн сайн ганц найзад маань манай эмээ, ангийн болон бусад хичээл ордог багш нар дургүй байдаг байсан. Тэр нь бас надад дургүй юм шиг санагдуулдаг болсон. Ангийн багш байнга л найзыг маань зэмлэнэ. Эмээ ч намайг битгий найзал гэнэ. Би одоо болтол найзалсаар л байгаа. Тэр найз маань ууртай, хараал хэлдэг,шартай, хэрүүлч охин. Би тэр бүгдийг нь сурахгүйн тулд маш сайн бодлоготой байдаг байсан. Саяхнаас хааяа хааяа хараал хэлдэг болсон. Бас бусад зантай нь ч төстэй болж эхэлсэн. Үнэхээр л "Алтны дэргэд гууль шарлана" гэдэг шиг л...
Найзлахаа больё гэхээр бид хоёрын бүх зүйл нийцдэг. Зөрчилддөг ганц ч зүйл байхгүй. Өөр хүүхдүүдтэй найзалж нөхөрлөе гэхээр үзэл бодол огт таардаггүй. Тэрнээсээ болж харилцаагаа улам муутгачихдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өмнө нь байсан шигээ байх гэж хичээвэл ухралт хийж байгаагаас өөрцгүй
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярллаа. Шилжилтийн насанд дааврын өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл тавгүйтэх, бухимдах гэх мэт сэтгэл зүйн сөрөг шинжүүд илэрдэг. Тиймээс чамд илрээд байгаа шинжүүд нэг талаас чамаас өөрөөс чинь шалтгаалахгүйгээр үүсэж байгаа юм. Гэхдээ бүх бурууг шилжилтийн насруу чихээд байж болохгүй. Аль болох сэтгэл хөдлөлөө удирдаж, өөрийгөө чиглүүлэхийг хичээх хэрэгтэй.
Чиний хувьд өмнө нь анги дотроо үргэлж шилдэг байсан болохоор одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой. Юмс өөрчлөгддөг нь хэвийн зүйл. Чи заавал 1-т жагсах албагүй. 2-т байлаа гээд чи муу гэсэн үг биш шүү дээ. Хэрвээ чи үнэхээр нэгдүгээрт жагсмаар байвал одоогийнхоосоо илүү хичээх хэрэгтэй л гэсэн үг. Энэ нь чамайг хурцалж буй хэрэг юм.
Дараагийн асуудлын хувьд өсвөр насны хүүхдүүдэд найз нөхөрлөл бол хамгийн үнэтэй зүйлсийн нэг. Чиний хувьд эмээтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй болов уу. Чиний найзын яг юунд нь дургүй, яагаад дургүй байдаг вэ гэдгийг тодруулж болох юм. Бас эмээгийнхээ бодлыг өөрчлөхийн тулд чи юу хийж чадах вэ? Магадгүй түүнтэй найзлах чамд ямар давуу талтай байдаг, чи яагаад түүнийг сонгож найзладгаа тайлбарлаж болох юм. Мөн найзтайгаа ярилцаж юунаас болоод амархан уурладаг, яагаад хараал хэлдэг, энэ бол муу зуршил гэдгийг эвээр тайлбарлаж болох юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эд юмс ч, хүн ч хувирч өөрчлөгддөг. Өмнө нь байсан шигээ байх гэж хичээвэл ухралт хийж байгаагаас өөрцгүй. Ирээдүйд чи олон шинэ хүнтэй танилцаж, олон өөр орчинд орох болно. Тэр бүрт өмнөхөө санаад, гуниглаад байвал шинэ үүссэн боломжуудаа алддаг юм шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
АСУУДАЛ: Надад үнэхээр чаддаг сонирхдог мэргэжил байдаггүй
Сайн байна уу? Би 15 настай. Энэ жил 11-р ангид орно. Ахлах анги бол мэргэжлээ сонгочихсон, их сургуулиа судалж байх цаг. Гэхдээ би одоог хүртэл мэргэжлээ сонгоогүй. Янз бүрийн мэргэжил сонголтын лекцүүдэд сууж хүмүүсээс зөвлөгөө авч, тест бөглөж ч үзсэн. Гэвч тэндээс гарч ирсэн хариунууд нь миний хүссэн мэргэжил биш байсан. Хүмүүсээс зөвлөгөө авахаар бүгд үргэлж л өөрийгөө таньж мэд, тэгээд хүсэл сонирхлоо дага, бас сайн хийж чаддаг зүйлээрээ л мэргэжил сонго гэдэг.
Гэхдээ би яаж ч үзээд надад хамгийн сайнаараа хийж чаддаг зүйл байхгүй. Багаасаа дурлаж өссөн хүсэл сонирхлоо дагаж мэргэжлээ сонгомоор байгаа ч тийм ч сайн хийж чадахгүй бөгөөд тавигдах шаардлагад нийцдэггүй. Бас аав ээж хоёр минь миний дуртай сонирхсон мэргэжилд үнэхээр дургүй байдаг. Ээж минь намайг эдийн засагч болгохыг хүсдэг байсан ч би тэмцэлдсээр саяхнаас ээж минь тэрийгээ больчихсон. Мөн миний дуртай, сонирхдог мэргэжлийг зөвшөөрсөн ч гэсэн заавал намайг ахин нэг яг үндсэн мэргэжлээ сонгож эзэмш гэсэн. Гэхдээ надад үнэхээр чаддаг сонирхдог мэргэжил байдаггүй.
Ээжийг мэргэжлээ яах гэж байна, ямар сургуульд орох юм гэж асуухаар надад үнэхээр ядаргаатай санагддаг. Ээж битгий хэл би ч бас өөрийнхөө ирээдүйд санаа зовж байна. Би ч гэсэн бусдын нэгэн адил ээж ааваасаа татлаа түлээгүйгээр тэтгэлэг авч гадаадын их сургуульд суралцахыг хүсдэг ч яаж ийм зүйлсийг хийх вэ гэдэгт санаа зовж байна.
Гэхдээ би нийгэмтэй харьцсан ажил болон олон хэл ашиглаж харилцдаг ажилд дуртай. Тиймдээ ч би олон хэл сурах гэж мэрийж байгаа. Гэсэн хэдий ч бас л болж өгөхгүй байна. Би тууштай биш бас намайг яг л хажууд багш шиг загнаж зөвлөж засах хүн хэрэгтэй байгаа болохоор хэл сурахад хүндрэлтэй л байна. Тэглээ гээд ээж аавдаа явахыг хүссэн олон сургалтуудынхаа талаар хэлмээр байгаа ч хөдөлмөрлөж зовж байж олдог бараг бүхий л мөнгийг нь үрмээргүй байгаа болохоор түүнийгээ нуугаад хэлж чадахгүй юм. Сурахыг хүссэн хөгжмийн зэмсэг олон орны хэл гээд маш олон зүйлс байгаа ч хэлж чадахгүй нь. Түүнчлэн мэргэжил сонголт гэх үгийг сонсохоос хүртэл дургүй хүрч байна. Би одоо яавал дээр вэ? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Зөв ч бай, буруу ч бай шийдвэр гаргах нь зөв
Сайн байна уу? Захидал ирүүлсэнд баярлалаа. Ирээдүйдээ санаа зовж, хэрэгцээ шаардлагаа ухамсарлаж, зөвхөн өөрийгөө биш эцэг эхийгээ бодож байгаа чинь тун сайн хэрэг. Өсвөр насандаа хүн бүр "Би хэн бэ", "Ирээдүйд би хэн болох вэ?" гэх асуултад хариулахыг хичээж өөрийгөө эрж хайдаг. Өөрөөр хэлбэл энэ бол энгийн зүйл. Гэхдээ хэт их гүнзгийрч, энэ асуултыг хэт хүндээр хүлээн авбал төөрөгдөлд орох эрсдэлтэй. Мэргэжил сонголт гэдэг бол амьдралын хамгийн чухал шийдвэр мөн. Гэхдээ энэ нь хурим хийхтэй адил амьдралдаа ганцхан удаа сонгох ёстой гэсэн үг биш. Ялангуяа орчин үед мэргэжил гэхээс илүү карьерийнхаа тухай ярих болсон. Өөрөөр хэлбэл сэтгүүлч мэргэжилтэй хүн зөвхөн телевизийн салбарт ажиллахаас гадна компанийн олон нийтийн ажилтан, Youtube vlogger, дижитал харилцааны мэргэжилтэн гээд л олон төрлийн ажил хийж болно. Бас орчин үед мэргэжил дундаас хосолсон шинэ мэргэжлүүд их үүсэж ажлын байрууд ч бий болох болсон. Мэргэжил сонголтод зөвхөн дур сонирхол, авьяас чадвараа гадна нийгмийн хэрэгцээг тооцоолох ёстой.
Өөрөө хэлбэл мэргэжил сонголт хэцүү ч энгийнээр:
Хүн шийдвэрээ гаргахгүй, нэг асуудлыг хэт удаан бодож эргэцүүлээд байхаар сүүлдээ тэрэндээ стрессдэж, тэр асуудлаасаа зугтаж эхэлдэг. Тиймээс зөв ч бай, буруу ч бай шийдвэр гаргах нь зөв байдаг. Чи хүссэн мэргэжлээрээ сурахаар ээжтэйгээ тохиролцчихсон юм байна гэж ойлголоо. Шийдвэрээ гаргачихсан байна шүү дээ. Бид гаргасан шийдвэрээ өөрчилж болох ч эхлээд тэр шийдвэр маань зөв байсан шүү гэдгийг батлах бүх алхмыг хийж, хичээх хэрэгтэй байдаг. Тиймээс нэгэнт сонгон суралцсан мэргэжлээ “тултал” нь сурахыг хичээгээрэй. Харин эцэг эхийн чинь хувьд чамайг ур чадвараа хөгжүүлж сайжраасай гэж хүсэж байгаа байх. Тиймээс тэдэнд өөрийнхөө юу хүсэж байгааг хэлж бас тэдний юу бодож байгааг сонсоход буруудахгүй. Бас захианд бичсэн шигээ “би ур чадвараа хөгжүүлмээр байгаа ч та хоёрын зовж олсон мөнгийг үрмээргүй байна” гэж хэлбэл тэр хоёр чамайг зөв ойлгох байх. Олон асуудал тулгараад эргэлзээд байвал ганцаараа шийдэх гэж зүтгэлгүй эргэн тойрныхондоо ярьж, тусламж авч байгаарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Хааяа ямар ч утгагүй сэтгэлээр уначихдаг
Сайн байна уу ? Би 17 настай. Би байнга л амьдралын утга учир гэж юу вэ гэж боддог. Хааяа бүүр утга учиргүй санагддаг болохоор 2, 3 жилийн өмнөөс л үхэхийг хүсдэг болсон. Бас хааяа гэнэт уйлмаар санагдаж, инээмээргүй болж, хоолны дуршилгүй болж, ганцаараа баймаар санагдаж, зүгээр л оршиж байдаг гэхэд болно. Олон хүнтэй газраас зайлсхийдэг. Би уул нь мэргэжлээ сонгосон ч өөртөө маш их гутардаг болохоор чадахгүй юм шиг санагддаг болсон. Гэхдээ чадахгүй бол, их сургуульд орж чадахгүй бол... гэж бодогдож сүүлийн үед үнэхээр их сэтгэлээр унаж байна. Их сургуульд орохгүй л бол амьдрал үгүй юм шиг санагдаж бүр ч үхэхийг хүсэх болсон. Хүмүүстэй ярилцах гэдэг боловч намайг ойлгодоггүй болохоор ярилцахаа ч больсон. Хааяа юу ч болоогүй, гэр бүл зүгээр, найз нөхөдтэй байхад ямар ч утгагүй сэтгэлээр уначихдаг. Би яг яах ёстой юм бол оо?
ЗӨВЛӨГӨӨ: Орж чадахгүй бол яаана биш орохын тулд хичээнэ гэж бодоорой
Сайн уу, захиа ирүүлсэнд баярлалаа. Мэргэжил сонголтоос шалтгаалж ахлах ангийнхан бүгд л их бага хэмжээгээр стрессдэж байна. Зарим нь стрессдсэндээ илүү их бэлдэж, өөрийгөө хөгжүүлж байхад зарим нь анхаарал төвлөрөхөд хэцүү болж бүр зарим нь сэтгэлээр унаж, өөрийгөө голж байна. Чи стрессдсэн үедээ сэтгэлээр унаж, хямрах хариу үйлдэл үзүүлдэг бололтой.
Хүн зүгээр сууж байгаад л хямраад, уначихдаггүй. Түүний өмнө заавал ямар нэгэн бодол байдаг. Магадгүй чи “их сургуульд орж чадах болов уу” гэж бодохдоо сэтгэлээр унаад байгаа байх. Бид эерэг зүйл бодвол эерэг мэдрэмжтэй байдаг. Ойр ойрхон сэтгэлээр унаад байгаа бол сөрөг бодол их байна гэсэн үг. Тиймээс хүн өөрийгөө өөрчлөхийн тулд бодлоо өөрчлөх хэрэгтэй болдог. Орж чадахгүй бол яаана биш орохын тулд би хичээнэ гэж бодоорой. Ирээдүйн тухай бодлоосоо айж, түгшиж биш сэтгэл догдолж хүлээж аваарай. Үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү, яах учраа олохгүй байвал сэтгэл зүйчтэй биечлэн уулзах шаардлагатай. Ялангуяа амиа хорлох талаар бодол орж ирэх болсон бол энэ чи сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, цаг гаргах хэрэгтэй болсны дохио юм. Зөвлөгөө өгдөг төвүүд, сэтгэл зүйч нарыг судлаад өөрийнхөө итгэсэн сэтгэл зүйчтэй уулзаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Хэн нэгэн намайг ажиглаад, сонсоод байгаа юм шиг
Сайн байна уу? Хүнтэй нээх нээлттэй ярилцдаггүй болоод ч тэр үү энэ асуудлыг шийдэхэд бага хэрэг хэцүү бас сэтгэл зүйчтэй уулзаад ярилцъя гэсэн ч уулзаад ярилцахдаа нээлттэй ярилцаж чаддаггүй болохоор бичиж байна. Би 19 настай, эмэгтэй, оюутан. Сүүлийн жилүүдэд хэн нэгэн намайг ажиглаад, сонсоод байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөөд бүх үйлдлээ хянадаг болсон. Яг хяналтын камер гэх зүйлд бичигдээд ч байгаа юм шиг. Дараа нь намайг сүрдүүлэх юм шиг, хэн нэгэн шоолох юм шиг санагддаг. Өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадахгүй хэн нэгний хараанд байгаа юм шиг мэдэрч эвгүй айдастай мэдрэмж байнга төрөөд сүүлдээ хэт биеэ баримтгай болсноо анзаарсан. Хааяа зүгээр байдаг ч гэнэт маш хүчтэй мэдрэгдэж хэсэгтээ л айдастай, хаанаас харж байгаа бол гэсэн шиг сандарч балмагддаг. Том зайтай том талбай хүчтэй мэдрэгдээд бүхээг гэх мэт маш жижиг орчинд л чөлөөтэй мэдэрдэг. Яавал зүгээр вэ? Мөн энэ захиаг сайт дээрээ тавихад зүгээр гэж бодож байна. Надтай адилхан олон ийм мэдрэмжтэй хүүхдүүд байдгийг олж мэдсэний ихэнх нь охид байсан. Тийм учраас энэхүү захианд минь хариу бичвэл өөр олон ийм мэдрэмжтэй хүүхдүүд уншиж бага ч болов тус болно гэж найдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Заавал мэргэжлийн хүнд хандах шаардлагатай
Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд сэтгэл зүйчтэй ярилцахаас огт ичиж санаа зовох зүйл байдаггүй шүү. Тэр хүн чиний нууцыг хадгалж бас чамайг ойлгож, сонсох үүрэгтэй байдаг. Чиний нууцыг мэдчихвий гэж айгаад байж болно. Ямар нэгэн зүйл нуудаг уу? Хүн стрессдсэн үедээ төрөл бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Зарим нь ууртай болж, зарим нь сэтгэлээр унаж, зарим нь чам шиг “сэрдэмтгий” болдог. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлээд, чамайг хэн нэг хүн сонсоод байгаад итгээд ч байгаа юм шиг санагдвал клиник сэтгэл зүйч буюу сэтгэцийн эмчтэй уулзах шаардлагатай.
Чиний бичсэн шинж тэмдгийг paranoid delusion гэж нэрлэдэг. Энэ нь тодорхой зүйлээс, нууцаас ч юм уу шалтгаалсан бол түр зуурын шинжтэй байж болно. Эсвэл клиник шалтгаантай байж болно. Тиймээс тодруулах болон тусламж авах гол арга нь мэргэжлийн хүнтэй уулзах юм. Бас задгай талбайгаас айх айдас байдаг. Үүнийг agoraphobia гэж нэрлэдэг. Энэ талаар интернетэд хангалттай мэдээлэл байгаа. Мөн л чамд хэцүү санагдаж, үүнээс болоод гарч явахаасаа ч татгалзаж эхэлбэл мэргэжлийн хүнд хандах шаардлагатай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Гэрээсээ явахыг маш их хүсдэг болсон
Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Бага байхын л гэр бүлийн асуудал их байдаг байсан. Аав ээжийн л хоорондох зүйл юм чинь надад хамаагүй гэж бодохыг хүсдэг ч миний хамгийн хайртай хоёр хүн болохоор тоохгүй өнгөрөөж чаддаггүй. Сүүлийн хэдэн жил өсвөр нас маань болсноос ч тэр үү өөрт тулгарах олон асуудлаа шийдэж чадахгүй их бухимддаг болсон. Аав ээж маань амьдралынхаа хэцүү зүйл бүрийг зөвхөн миний буруу юм шигээр надад хэлдэг.
Үеийн маань хүүхдүүд их л хийх юмтай, харин надад мөрөөдсөн зүйл ч байхгүй. Найзууд, эргэн тойрны асуудлууддаа л дарагдсан. Уг нь гэрийнхэнтэйгээ ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй талаар уншсан л даа. Даанч манай гэрийнхэн миний хэлэхийг хүссэн зүйлийг сонсохыг ч хүсдэггүй. Өмнө нь их өөдрөг хүүхэд байсан ч одоо бүр ямар ч хүсэл эрмэлзэлгүй, хөгжилтэй байхаа больсон. Аав ээж маань намайг үргэлж чи бусад хүүхдүүдээс сайхан амьдарч байгаа шүү гэж хэлдэг ч би тэгж боддоггүй. Хааяа тэднээс илүү сайхан амьдрахыг хүсэхэд огт өөрчлөлт гаргадаггүй. Намайг том хүн шиг бай гэдэг хэрнээ хүүхэд шиг байгаач гэж байгаа юм шиг үг үйлдэл гаргадаг.
Гэрээсээ явахыг маш их хүсдэг болсон. Даанч жоохон байна. Аав маань намайг том болоод цалин сайн л бол юу ч хамаагүй хий гэдэг. Харин ээж маань хүссэн л юмаа хийхийг зөвлөдөг. Надад хамт байдаг ах эгч дүү байхгүй. Аав ээжийн өдөр тутмын асуудал болгоныг харж сонсож суудаг. Өмнө нь хэд хэдэн удаа сэтгэл гутрал маягийн зүйлд орж байсан. Гэвч тоохгүй л өнгөрсөн. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах хэрэгтэй болов уу? Эсвэл энэ хэвээрээ байгаад л байх уу? Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Чамд буруу байхгүй
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал ирүүлсэнд баярлалаа. Юуны өмнө ээж аавууд хоорондоо таарамжгүй, асуудалтай байгаад хүүхдүүд буруутай байдаггүй гэдгийг санаарай. Ихэнх тохиолдолд ээж аав нь тааламжгүй байгаад хүүхдүүд өөрийгөө буруутай мэтээр би л байхгүй бол, эсвэл би чадах бүхнээ хийсэн бол энэ гэр бүл сайхан байх байж гэсэн буруу төсөөлөл, ойлголттой явдаг. Тиймээс чамд ч бас ийм төрлийн бодол орж ирж байвал битгий өөрийгөө буруутга, чамд буруу байхгүй гэдгийг хэлье.
Харин чиний дараагийн хийх зүйл бол аав ээждээ энэ байдал хэцүү байгааг хэлж, чи өөрийнхөө зүгээс юу хийж, тусалж болох вэ гэдгээ асуугаарай. Энэ асуулт аавд ээжид чинь хүүхэд нь ч мөн гэр бүлийн ийм асуудалд санаа зовж байгааг ойлгуулж, цаашид хүүхдийнхээ дэргэд хамаагүй сөрөг сэтгэгдэл хэлэхгүй байх дээр анхааруулга болох ёстой. Гэр бүлийн харилцаанаас болоод сэтгэлээр унаад байна, сэтгэл гутрал ч байж магадгүй гэж ойлголоо. Мэдээж бусдад хуваалцаж, шаардлагатай бол тусламж авах нь зөв. Бидэнд хандаж байгаа маань чи алхам хийгээд эхэлчихсэн гэсэн үг шүү дээ. Эхний ээлжинд сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа тогтвортой болгоход төвлөрөөрэй. Сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж болно. Дараагаар нь мэргэжил сонголтоо бодвол илүү үр дүнтэй болов уу. Олон асуудлууд зэрэг тохиолдоод байгаа үед тэднийг ялгаж салгаж, нэг нэгээр нь шийдэхийг оролдвол үр дүнтэй байдаг. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх