Дүүгээ нохойноос хамгаалсан зургаан настай хүүг “бяцхан баатар” хэмээх болжээ


О.Хандмаа | YOLO.MN
2020-07-16

Зургаан настай хүү дүүгээ нохойд хазуулахаас хамгаалж урдуур нь орж өөрөө гэмтсэн ба одоо түүнийг цахим ертөнцөд “бяцхан баатар” хэмээн өргөмжлөх болжээ.

Бриджер Уокер гэх хүүгийн баатарлаг түүхийг түүний нагац эгч инстаграм хуудаснаа нийтэлсэн аж. Тэрээр “Бид зоригтой бяцхан хүүд маш их хайртай. Тэр минь супер баатруудын эгнээнд нэгдсэн хамгийн залуухан нэгэн боллоо. Шинэ гишүүнийхээ тухай бусад супер баатрууд мэдэх ёстой шүү” хэмээн өхөөрдөн бас бахархан бичсэн нь маш олон хүнд хүрчээ.

Бриджер Уокер нохойд хазуулсан хэдий ч дүүгийнхээ гараас хөтлөн зугтахаар яаран гүйсэн аж. Бяцхан хүү энэ бүх зүйл тохиолдсоны дараа “Хэн нэгэн үхэх ёстой бол тэр нь би байх ёстой” гэж бодсон тухайгаа хуваалцжээ. Тэрээр нохойд хазуулсны улмаас 90 гаруй оёдол тавиулсан байна.

Одоо түүний биеийн байдал дээрдсэн бөгөөд инээд хөөр цалгисан энгийн амьдралдаа эргэн оржээ. Бриджер Уокер хүүгийн хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй зан чанараар түүний гэр бүлийнхэн үргэлж бахархдаг аж.

Хүүг хазсан нохойн эзэд хариуцлагаа хүлээсэн ба хүүд болон түүний гэр бүлд эелдэг найрсгаар тусалсаар буй гэнэ. Энэ явдал тохиолдсон нь Бриджер Уокер хүүгийн гэр бүлд сөрөг муу биш харин ч эерэг сайхан уур амьсгал нэмж, нэгнээ хайрлах сэтгэлийг улам бадраасан хэмээн хүүгийн нагац эгч нь цахим хуудаснаа бичсэн байна.

#Ах #Дүү #Гэр бүл #Амьтад