Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээг цахимаар зохион байгуулаад зургаан сар болж байна. Уран бүтээлчдийг хэрэглэгчидтэй холбох зорилготой “Гэрү” компаниас зохион байгуулсан “Өнгө нэмье” арга хэмжээ энэ сарын 4-нд болж өнгөрснийг сурвалжиллаа.
Ямар нэгэн цагийн хуваарь, баригдмал хөтөлбөргүй арга хэмжээнд ирсэн залуус их л хөгжилтэй харагдсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлчилгээний газруудыг шат дараатайгаар нээж эхэлсэн эдгээр өдрүүдэд залууст зориулсан арга хэмжээг зохион байгуулах төлөвтэй.
“Гэрү” компанийг үүсгэн байгуулагч Г.Түвшинбат “Гудамжны болон гоёл чимэглэл хийдэг уран бүтээлчдийг арга хэмжээндээ урьж оролцуулан, тэдний бүтээлээр хотдоо өнгө нэмж байна. Оролцож буй залуус маань ч өөрсдийн чадах зүйлээр хотдоо өнгө нэмээсэй гэсэн үүднээс уг арга хэмжээг зохион байгууллаа” хэмээв.
HUB инновацын төвийн талбайн баруун талд урт цагаан самбар байх агаад түүний зүүн талд “Стресс аут” гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Урт цагаан ханан дээр гудамжны уран бүтээлчид болон арга хэмжээнд ирсэн хүмүүс хүссэн зүйлээ зурсан нь Улаанбаатар хотод өнгө нэмэх шиг. Зүүн талд нь байрлах стрессээ тайлах самбар луу будагтай бөмбөлөг шидэж, усан буугаар шүршиж будагдсан хүмүүс инээлдэн гүйнэ.
Талбайн баруун талд “Гэрү” компанитай хамтран ажилладаг зэсээр гоёл чимэглэл хийдэг “Наргий”, этгээд содон хийцтэй гоёл чимэглэл урладаг “Бэх”, хатгамлаар гоёл чимэглэл хийдэг гар урлалын “M.handmade”, хэрэглэхэд ч хайран амтлаг, эгдүүтэй харагдах саван, лаа, гоо сайхны бүтээгдэхүүн урладаг “Анирул”, мөн гоёл чимэглэлийн “Эрүка” брэндийн ширээг засжээ. Тэдгээр брэндийн үүсгэн байгуулагчид өөрсдийн бүтээлийг танилцуулж борлуулахын зэрэгцээ оролцогчидтой ярилцан туршлага солилцсон.
“Бэх” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батхүү “Би “Гэрү”-тэй хамтраад хоёр жил болж байна. “Гэрү”-гээс зохион байгуулж буй дөрөв дэх арга хэмжээнд оролцлоо. Шинийг сэтгэгч залууст зориулсан үйл ажиллагаанд оролцож буйдаа нэн таатай байна. Өмнөх арга хэмжээнүүд ихэвчлэн “Гэрү”-тэй хамтарч ажилладаг уран бүтээлчдийг сурталчилж таниулсан арга хэмжээ байсан бол энэ удаагийнх хүн бүр уран бүтээлч байж чадна гэсэн санааг агуулснаар онцлог боллоо” хэмээн арга хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин “Наргий” брэндийн үүсгэн байгуулагч Т.Наргиймаа “Би гурав дахь жилдээ уран бүтээл хийж байна. Манай брэнд хотод үйл ажиллагаа явуулдаггүй, хөдөө орон нутагт жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Цар тахлын улмаас боломжгүй болсон тул энэ жилээс “Гэрү”-тэй хамтарч эхэллээ. Залуусыг дэмжиж, авьяасыг нь нээх боломжийг олгож буй арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна” хэмээв.
"The Colors", "The SHOM" хамтлагийнхан, реппэр Wolfizm ирнэ гэснийг дуулсан оролцогчид тэднийг ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ гэж бодсон бололтой хоцорч ирсэн зарим нь бусдаасаа “Хамтлагууд нь дуулчихсан уу?” гэж асуух нь олон. Харин уг уран бүтээлчид тойрч суугаад сонсогчидтойгоо уулзалт хийж, чөлөөт сэдвээр ярилцан хэсэг хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн юм. "The Colors" хамтлагийнхан “Өмнө нь ийм уулзалт хийж байгаагүй. Анх удаа сонсогчидтойгоо уулзалт хийж байна. Маш их таалагдлаа. Сайхан арга хэмжээ болж байна шүү” хэмээн онцлов. Уран бүтээлчид шинэ цомог, уран бүтээлийнхээ тухай тэр бүү хэл дуртай хоол, хөгжилтэй дурсамжуудаа хуваалцан хөтлөгч, чиглүүлэгчгүй чөлөөтэй ярилцаж буй нь оролцогчдод таатай байгаа бололтой бүгд л дотны найзууд мэт хүссэн асуултаа асууна.
Ханан дээрх зургууд улам олон, өнгөлөг болж өнгө нэмнэ. Урт цагаан ханан дээр өөрийн зургийг зурсан Б.Нямдарь охины сэтгэгдлийг сонсвол “Үнэхээр гоё арга хэмжээ болж байна. Өмнө нь ийм арга хэмжээд оролцож байгаагүй учраас их догдолж, өөрийнхөө зургийг үлдээж буйдаа баяртай байна. Би ШУТИС-ийн үйлдвэрлэлийн экологийн инженер 2+2 хөтөлбөрт суралцдаг. Өмнө нь хичээл ихтэй, завгүй учраас арга хэмжээнүүдэд төдийлөн оролцдоггүй байсан. Энэ жил Хятад улс руу явж суралцах болохоор ч тэр үү Монголдоо их зүйл хиймээр, цаг хугацаагаа хөгжилтэй өнгөрүүлмээр санагдсан” гэж өгүүллээ.
Хүн болгон өөрсдийн арга барилаар өөр өөр зураг зурах бөгөөд таглаа ашиглан сакура мод зурах охидын нэг Э.Намуунбилэг “Тийм ч сайн зурдаггүй ч “Өнгө нэмье” арга хэмжээнд ирснийх хана дээрээ ягаан өнгө нэмж сакура мод зурлаа. Миний санахад өмнө нь ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагүй. Ханын зураг, мурал арт төрлийн сургалтад сууя гэхээр цаг зав амждаггүй учраас ядаж ийм арга хэмжээ зохиогдвол очих юм сан гэж их боддог байсан” хэмээв.
Өдөр 14 цагаас эхэлсэн уг арга хэмжээ орой 20 цагт дууссан учраас хүмүүс өөрсдийн цаг заваа зохицуулан хүссэн үедээ ирэх боломжтой байв. Өндөржүүлсэн бэлэн байдалд удаан хугацаанд байсан залуус ийнхүү өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх