"Сайн найзаа алдмааргүй байна"


Сондор | YOLO.MN
2016-04-02

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Сайн найз маань муу хүүхдүүдэд уруу татагдаад байх юм

Нэгдүгээр ангиасаа өдийг хүртэл найзалсан сайн найз Г минь буруу хүүхдүүдтэй нийлж буруу замаар орох гээд байгааг мэдрээд байна. Хэлэхээр намайг ч тоохгүй, бүр надаас хөндийрөөд байх юм. 15 настай Л...

Сайн байна уу. Намайг Л гэдэг, 15 настай

Би айлын том хүүхэд болоод ч тэр үү өөрийгөө их хүмүүжилтэй гэж боддог. Харин нэгдүгээр ангиасаа өдийг хүртэл найзалсан сайн найз Г минь буруу хүүхдүүдтэй нийлж буруу замаар орох гээд байгааг мэдрээд байна. Хэлэхээр намайг ч тоохгүй, бүр надаас хөндийрөөд байх юм. Тэр анимэ үзэх их дуртай юм л даа. Харин би бол үздэг ч хэт автдаггүй юм. Тэгсэн Г анимэд “хэт автсан” хүүхдүүдтэй интернетээр танилцаад нийлж цагийг өнгөрөөдөг болсон. Тэр хүүхдүүдийн зарим нь бүр өөрөөс нь гурван насаар эгч юм байна лээ. Мөн нэг удаа гараа зүсэж эсгэснээ надад харуулсан.

Заримдаа өөрийн фэйсбүүк хуудаст сонин сонин юм бичиж оруулна. Жишээ нь нэг удаа бүр “би жирэмсэн” гээд биччихсэн байсан. Гэхдээ мэдээж тэр тоглож тэгсэн л дээ. Тэр уг нь хичээлдээ их сайн хүүхэд байсан.  Даанч хэт автагч болж, хичээлдээ муудаж, надтай ч найзлахаа болилоо. Би найзаа алдмааргүй байна. Учир нь тэр маш хүн чанартай хүүхэд. Би хуучны Г найзаа маш их санаж байна. Бид хичээлээ хамт хийн цагийг маш хөгжилтэй өнгөрүүлдэг байсан. Бүр зүү орох ч зайгүй найзууд шүү дээ, уг нь. Түүнийг үүнээсээ болж бүр солиотой болчих вий гэж айх юм. Би яах вэ.
 

Зөвлөгөө: Түүний төлөө санаа зовж байгаагаа, ээж аавд нь хэлэх бодолтой байгаагаа хэлээд үзээрэй.

...Найз чинь өөрийнх нь төлөө санаа тавьж байгаа хүн байгаад баярлах болно. Хэрэв сөрөг хариу үзүүлбэл хэсэг хугацааны дараа туслах үйлдлээ ахиад оролдоод үзээрэй. Сэтгэл судлаач И.Тогтуун

Чиний хийж чадах хамгийн эхний алхам бол өөрийнхөө санаа зовж байгааг хэлэх. Мэдээж хэрэг хэлсэн байх, гэхдээ ахиж хэлэхдээ баримттай нотолгоотой, яг ямар байдалтай байгаа нь бодитоор ингэж харагдаж, мэдрэгдэж байна гэдгээ, түүний төлөө санаа зовж байгаагаа, ээж аавд нь хэлэх бодолтой байгаагаа хэлээд үзээрэй.

Ихэнх хүүхэд өөрийнхөө байдлыг гаднаас нь тунгааж бодохдоо тааруу, тухайн үеийн мэдрэмж сайхан санагдвал түүнийгээ дагах хандлагатай байдаг. Магадгүй ийм зүйлээс л болж өсвөр насандаа тамхи татаж буруу зүйлс хийдэг. Харин том болоод намайг ийм замаас хэлж татаж гаргах сэтгэл хэнээс нь ч гараагүй гэж үү гэдэг бодол тээсээр явдаг. Тиймээс чи найздаа санаа зовж байна гэдгээ үгний хажууд хавчуулж хэлэлгүй, чухал сэдэв болгож ярилцаад үзээрэй. Ингэсний дараа чи найздаа туслаж чадсангүй гэж насан туршдаа харамсах бодлоос ангижирч чадна. Мөн найз чинь өөрийнх нь төлөө санаа тавьж байгаа хүн байгаад баярлах болно. Хэрэв сөрөг хариу үзүүлбэл хэсэг хугацааны дараа туслах үйлдлээ ахиад оролдоод үзээрэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Асуудал #Найз #Итгэл #Problem #Friend #Trust