Г.Наранболд: КЭНДО тулаан, тэмцэлд бус нөхөрлөлд сургадаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-12-12

Кэндо нь тусгай хувцас болон хулсан сэлэм (шинай) ашиглан тулалддаг Японы уламжлалт тулааны урлаг юм.  X зууны үеэс үүсэлтэй уг тулааны урлаг өнөөг хүртэл онцлог,  уламжлалаа хадгалан өвлөгдөж ирсэн төдийгүй зөвхөн Япончууд ч бус, дэлхий дахинд олон хүний хичээллэх дуртай спорт болон хөгжжээ.

Бид энэ удаагийн ярилцлагын зочноор Улаанбаатар кэндо клубийн багш Г.Наранболдыг урьж, уншигчдадаа энэхүү тулааны урлагийн талаарх мэдээллийг хүргэж байна.

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу? Намайг Наранболд гэдэг. Би 2010 оноос эхлэн кэндо хэмээх тулааны урлагийг сонирхон хичээллэж, 2016 оноос Улаанбаатар кэндо клубд багшилж байна.

YOLOКэндо сонирхоход хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? Яагаад кэндог сонгож хичээллэх болов ?

-Бага байхдаа Японы эртний самурай нарын тухай хар цагаан кино үзэх дуртай хүүхэд байлаа. Тэр үед л Самурай гэж даруу төлөв, үнэнч шударга, эр зориг, эрдэм мэдлэгтэй мундаг хүмүүс байдаг юм байна гэдэг төсөөлөл суусан даа. Харин кэндогийн талаар ахлах сургуульд байхдаа мэдэж, хичээллэхийг хүссэн ч Монголд кэндо хаана заадгийг мэдэхгүй явсаар их сургуулийн 1-р курсийн амралтаар Улаанбаатар кэндо клубийг олж элссэн. Харин өнөөдрийг хүртэл яагаад хичээллэсэн бэ гэвэл кэндогийн хамт олон, энэ тулааны урлаг болон түүгээр хичээллэдэг хүмүүсийн нийгэмд үзүүлж байгаа  болон үзүүлж чадах эерэг нөлөөлөл нь их гэж итгэдэг. Мөн өөрийн мэдсэн жаахан зүйлсийг бусдад хуваалцаж байна.

YOLOКэндогоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Мэдээж  хувь хүний хүмүүжил, төлөвшилтөд их чухал нөлөөтэй. Кэндогийн талаар хүмүүсийн хамгийн анхны бодол нь энэ тулааны урлагаар хичээллээд сэлмээр тулалдаж сурах юм байна, биеэ хамгаалдаг болох юм байна гэж боддог. Харин үнэн хэрэгтээ кэндо бусадтай тулалдах тэмцэх бус, нэгдэх, нөхөрлөх, нэг хамт олон, нэг баг байх талаар заадаг. Нөхөрлөл гэдэгт нэг нэгнээ хүндлэх, ойлгох, үнэнч шударга хандах, хүнлэг найрсаг байх гээд олон зүйлийг багтаадаг. Энэ бүгдийг хүмүүс кэндогоос олж авах боломжтой гэж боддог юм.

YOLOКэндогоор хичээллэхэд шантармаар хэцүү үе байдаг уу? Хэрхэн даван туулдаг вэ?

-Кэндо гэдэг үг нь кэн буюу илд, до буюу зам гэсэн үг бөгөөд утгачилбал “илдний замнал” юм. Аливаа зам, тэр дундаа илдний замналаар алхаж, өөрийн сэтгэлд байх илдийг хайж, хайсан илдээ олж хурцалж явахад тэр зам дандаа шулуун дардан байна гэж байдаггүй. Даваа нухчаатай хүнд үе маш их тулгарна. Тэр үед хажууд чинь нэг замаар хамт яваа нөхөр чинь л тусална даа.

YOLOЭнэ тулааны урлагаар хичээллээд танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Кэндо намайг өөрчилсөн гэхээс илүүтэй хэн нэгэн болгож төлөвшүүлж, бие хүн болгосон гэвэл онох байх. Кэндо бол хүмүүжил төлөвшилтийн хувьд ийм л том нөлөөтэй гэж боддог юм.

YOLOКэндо Монголд анх хэзээ орж ирсэн бэ? Монголчууд хэр их сонирхож, хичээллэдэг вэ?

-1999 онд Монгол Улсад кэндогийн анхны сургалт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш жил ирэх тусам кэндог сонирхон хичээллэх хүмүүсийн тоо улам хурдацтай нэмэгдэж байна. Түүнийг дагаад кэндогийн сургалт явуулдаг клубүүдийн тоо ч нэмэгдэж байгаад хувиасаа их баяртай байдаг юм.

YOLOКэндогоор хичээллэх гэж байгаа хүн юуг анхаарах ёстой вэ?

-Кэндогоор хичээллэх сонирхолтой хүнд тусгайлан тавих шаардлага, анхаарах зүйл гэсэн юм байхгүй ээ. Кэндогоор хичээллэе гэсэн чин хүсэлтэй байхад л тэр хүний өмнө кэндогийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

YOLOКэндогоор хичээллэвэл хүний бие организмд ямар, ямар өөрчлөлт гарах вэ?

-Кэндо бол ихэнх тулааны урлагуудтай харьцуулахад бага балчир наснаас эхлээд өтөл буурал болтлоо хичээллэж болдог, нас, хүйс харгалздаггүй, мөн бэртэх гэмтэх магадлал харьцангуй бага байдгаараа давуу талтай. Бусад тулааны урлаг, спортын төрлүүдийн адил хүнд бие бялдрын өв тэгш хөгжил, тэсвэр тэвчээр, хурд хүчний чадвар нэмэгдүүлэх сайн талтай. Зөвхөн кэндо гэлтгүй хүн ямар нэгэн зүйл шинээр сурах, хичээллэх нь сэтгэл санаа, зан араншин, бие бялдарт тодорхой нөлөөлөл үзүүлдэг. Хэр зэрэг нөлөөлөх нь тухайн хүний өөрийн хичээл зүтгэл, тууштай байдлаас шууд хамааралтай. Харин кэндогийн хувьд аливаа зүйлд тууштай байж, түүндээ үнэнч байхад сургадаг. Тийм болохоор кэндогоор  тууштай үнэнч хичээллэж чадвал та бүхэнд их өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

YOLOБидэнд сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Та манай сайтын уншигчдад хандан сургамжтай үг хэлэхгүй юу.

Эцэст нь хэлэхэд, кэндо бол хүнд өөрийгөө хайж олоход нь тусалдаг тулааны урлаг гэдгийг хэлмээр байна. Кэндогоор хичээллэхийг хүссэн хүн бүрд кэндо нээлттэй байдаг гэдгийг дахин дурдъя. Намайг ярилцлагад урьсан YOLOmn-ий хамт олонд баярлалаа.

#Sports