Маргаашнаас эхлэн дөрөв хоногийн турш 2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Б. Алтанцэцэг ЭЕШ өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад дараах зөвлөгөөг өглөө.
YOLO: Шалгалтын өмнөх өдөр хичээлээ бэлдэх хэрэгтэй юу? Эсвэл огт бэлдэхгүй байх нь зөв үү?
- Хүний тархи гэдэг компьютерийн процессортой л адил. Бид компьютерээ өдөр шөнөгүй ажиллуулаад байвал сэнс нь процессороо хөргөх гээд хэт их ажиллаад, гацаад, сүүлдээ эвдэрдэг. Яг л үүний адилаар бид шалгалтын өмнөх өдөр тархиа хэт их ажиллуулаад, олон цагаар хичээлээ бэлдээд байвал шалгалтын өдөр тархи маань ядарчихсан байх учраас сайн гүйцэтгэл гаргаж чадахгүй.
Харин өглөө сэрээд хийсэн үйлдэл болон орой унтахынхаа өмнө хийсэн үйлдлүүд хүний ой тогтоолтод тодоор хадгалагдан үлддэг тул эдгээр үеүдэд хичээлийн сэдвүүдээ 1 удаа гүйлгээд харахад л болно.
YOLO: Тэгвэл тархиа амрааж, сэтгэл санаагаа тайван байлгахын тулд юу хийвэл зүгээр вэ?
- Хүн “Шалгалт боллоо”, “Ямар хэцүү юм бэ?”, “Шалгалтдаа уначихвал яана аа” гэх зэргээр сөрөг зүйлс бодоод, өөрийгөө сандаргаад байвал тархи нь эдгээр бодлуудыг бодит үйл явдал уу төсөөлөл үү гэдгийг ялгаж чадахаа больдог. Улмаар шалгалтдаа жинхэнээсээ унасан мэт мэдрэмж төрөөд стрессдэж эхэлдэг гэсэн үг. Мөн эдгээр бодлууд тархины айдсын төвийг ажиллуулдаг бөгөөд ингэснээр стрессийн даавар ялгарч, тархины бодож сэтгэх, анхаарал төвлөрүүлэх хэсгүүд ажиллагаагүй болдог.
Тиймээс болоогүй зүйлсийг бодож өөрийгөө стрессдүүлэхийн оронд ЭЕШ-ыг баярын өдөр гэж бодон өөрийгөө догдлуулаарай.
YOLO: Зарим хүмүүс бусдаасаа арай илүү сандардаг шүү дээ. Тэдгээр хүмүүс сөрөг зүйлс бодохгүй байх гэж хичээсэн ч сандрах тохиолдол байдаг. Энэ үед?
- Стрессийн гормоныг дарах хамгийн үр дүнтэй арга бол ус ууж дасгал хөдөлгөөн хийх. Шалгалт өгөхийн өмнөх өдөр хэвийн хэмжээнээс арай их хэмжээгээр ус ууж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Боломж байвал гадаа гараад хурдан хурдан алхаад зүрхэндээ ачаалал өгсөн ч болно.
Мөн зарим хүүхдүүд хэт их сандарснаасаа болж гэдэс нь өвдөж, гүйлгэх тохиолдол бий. Хүүхдүүд өөрийгөө сандрах үед гэдэс нь өвддөг төрлийн хүн үү, үгүй юу гэдгээ мэддэг учраас гэдэс нь өвддөг хүүхдүүдийн хувьд өмнөх өдөр нь хэт хүнд хоол идэхгүй байх, өглөө сэрээд гэдсэнд хариу урвал үзүүлж болзошгүй хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл өлөн байхдаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. Харин оронд нь ус уугаад самар, цэвэр шоколад идээрэй.
YOLO: Хэт их сандарсан үед ямар дасгал хийвэл үр дүнтэй вэ?
- Өөрийгөө тайвшруулах гээд ч үр дүнд хүрэхгүй байгаа бол амьсгалын дасгал хийгээрэй. Шалгалтын өмнөх өдөр, орой унтахынхаа өмнө, өглөө сэрээд, шалгалтын өмнө нүдээ аниад 5 минутын туршид хамраараа гүнзгий амьсгаа аваад хамраараа гаргаарай. Улмаар тархинд чинь “тайвширчихлаа” гэсэн дохио ирэх болно. Хэрвээ бясалгал хийж чаддаг бол бясалгал хийсэн ч болно шүү дээ.
YOLO: Нэг өдөрт хоёр шалгалт өгөх хүүхдүүд шалгалтынхаа хооронд сэтгэл санаагаа хэрхэн тайвшруулах вэ?
- Юутай ч шийдвэрлэх шалгалтын өдөр учир болзошгүй эрсдэлүүдийг тооцоолон гэрээсээ гардаг цагаасаа 1 цагийн өмнө гараарай. Тухайн өдөр юу ч тохиолдож болзошгүй учраас “Яана аа, хоцорчихлоо” гэж сандарч гүйхийн оронд түрүүлж очоод хичээлээ сэргээж хараад сууж байсан нь дээр шүү дээ.
Мөн өлссөн үед анхаарал сарниж, тархи сайн ажиллахгүй байх эрсдэлтэй тул нэг шалгалтаа өгчихөөд нөгөө шалгалтаа өгөхөөсөө өмнө шим тэжээлтэй хоол хүнс идээрэй. Гэр бүлийнхэн нь шалгалтын өдөр чамайг дэмжих гээд ирсэн бол гэрийнхэндээ шим тэжээлтэй хоол хүнс захиж болно.
Хэрвээ энэхүү зөвлөгөөг ЭЕШ өгөх хүүхдүүдийн гэр бүлийнхэн нь уншиж байвал хүүхдийнхээ сэтгэл санааг нь тайвшруулж, магтаж өгөөрэй. Хүн магтуулж эерэг зүйлс сонсох үед тархинд нь аз жаргалын даавар ялгарч, өөртөө итгэлтэй болж, ажлын гүйцэтгэл нь сайжирдаг учир аль болох эерэг зүйлс ярьж өгөөрэй. Мөн “Миний хүү заавал чадна”, “Өндөр оноо авна” гэх зэрэг хэт их хүлээлт үүсгэсэн үгс хүүхдэд дарамт болдог учир зүгээр л сайн магтаарай.
YOLO: Энэ жилийн хувьд сурагчид маань шалгалтаа өгсөн өдрөө хариугаа онлайнаар шалгах боломжтой болсон. Шалгалтын хариугаа өдөр өдөртөө шалгасан нь дээр үү, аль эсвэл сүүлд нь шалгасан нь дээр болов уу?
- Бүх шалгалтаа өгч дууссаныхаа дараа хариугаа хараарай гэж хувийн зүгээсээ зөвлөмөөр байна. Хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Зарим хүмүүс сэтгэлээр уначихаад хэдхэн цагийн дараа сэргэдэг бол зарим нь 2, 3 хоногоос нааш сэргэдэггүй. Тиймээс эхний шалгалтдаа тааруу оноо авснаа мэдээд 2, 3 хоног сэтгэлээр уначихвал дараа дараагийн шалгалтуудаа тийм ч сайн гүйцэтгэлтэйгээр өгөхгүй байх эрсдэлтэй.
YOLO: Ингээд ярилцлагын төгсгөлд энэ жил ЭЕШ өгөх гэж буй залуустаа хандан зөвлөгөө өгвөл?
- Айлаа гээд ямар ч асуудал шийдэгдэхгүй. Харин ч эсрэгээрээ шалгалтын чинь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх боломжтой учраас битгий айж сандраарай. Мөн хүн сандарсан үедээ хамаг биеэ хураачихдаг учраас энэ үедээ эрүү, шанааны ясаа суллаж, цээжээ тэнийлгээрэй. Үүний дараа 5 минутын туршид амьсгалын дасгал хийчихвэл тайвшрах болно.
Ингээд энэ жил ЭЕШ өгөх гэж буй нийт залуустаа амжилт хүсье!
Дараах бичлэгээс ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх