Бидний хийдэг БУРУУ үйлдлүүд


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-07-23

Бид зарим зүйлсийг буруу хийдэг ч буруу хийж байгаагаа мэдэхгүй үе олон байдаг. Жишээлбэл, хүргэлтийн хоолны савыг таваг болгон хэрэглэх, суултуурын тагийг хаасны дараа усаа татах зэрэг амьдралыг хөнгөвчлөх жижигхэн мэт боловч чухал аргуудыг төдийлөн мэддэггүй. Тиймээс бидний ямар ч анзааргагүйгээр буруу хийдэг үйлдлүүдийг хэрхэн зөв хийх талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА УСЫГ ИХЭЭР УУХ

Энгийн үед хангалттай хэмжээний ус уух нь бие дэх шингэнийг тэнцвэржүүлэх, өлссөн мэт мэдрэмж төрүүлэхгүй байх зэрэг олон давуу талтай. Гэхдээ дөнгөж хооллож дууссаны дараа их хэмжээний усыг нэг дор уувал хоол шингээгч ферментүүд шингэлэгдэж, улмаар хоол шингэхэд энгийн үеийнхээс илүү урт хугацаа шаардагддаг байна. Тиймээс хоол идэхээс дор хаяж 30 минутын өмнө, идсэнээс 1 цагийн дараа ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. 

МӨСТЭЙ УС УУХ

Зуны халуун өдрийг мөстэй усгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Гэхдээ энэ нь мөн л буруу ажээ. Хятадын Анагаах Ухааны Их сургуулийн судалгааны багийнхны 2012 онд хийсэн нэгэн судалгаагаар мөстэй усыг өдөр тутамдаа тогтмол ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах эрсдэлтэй болохыг тогтоосон байна. 

PRINGLES ЧИПСИЙГ ИДЭХ

Хэтэрхий том гартай хүмүүс байтугай дундаж хэмжээтэй гартай хүмүүс ч "Pringles" чипсийг идэхэд саванд нь гараа оруулах бяцхан асуудалтай тулгардаг. Гэхдээ энэхүү асуудлыг хялбараар шийдвэрлэхийн тулд бичгийн цаасыг бөөрөнхийлөөд сав руу оруулаад гаргахад л болно. 

БУРГЕР ИДЭХ

Бургер амттай ч идэхэд хэцүү хоол. Тиймдээ ч охидын дунд "анхны болзоон дээр бургер захиалахаас зайлсхий" гэдэг нууцхан дүрэм бий. Цөөн орцтой бургер идэхэд тийм хэцүү биш ч мах, өндөг, утсан гахайн мах, улаан лооль, бяслаг, салат навч зэрэг маш олон орцтой, "өндөр" бургерийг идэхэд ямар байдгийг та бүхэн маань хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл бургер идэх хамгийн тохиромжтой арга бол тойруулан хазаж идэх арга гэнэ. Ингээд дараагийн удаад бургер идэхдээ нэг талаас нь биш, тойруулан хазаж идээд үзээрэй.

УЛААН ЛООЛИЙГ ХӨРГӨГЧИНД ХАДГАЛАХ

Улаан лоолийг тасалгааны температурт хадгалах уу хөргөгчинд хадгалах уу? Хариулт нь боловсорч гүйцсэн эсэхээс хамаараад хаана ч хадгалж болно. Хамгийн тохиромжтой нь +13 хэмд хадгалах билээ. Гэвч дийлэнх хөргөгч хоёр хэмээр ажиллахаар тохируулагдсан байдаг бөгөөд уг хэмд хадгалагдсан улаан лооль амтлаг чанараа алдах эрсдэлтэй болдог. Үүнээс сэргийлэхийн тулд улаан лоолийг хоёр хоног тасалгааны температурт хадгалж үлдсэн хугацаанд нь хөргөгчинд хадгалбал амтлаг чанараа алдахгүй.

ХООЛНЫ ЦААСАН ХАЙРЦГИЙГ ТАВАГ БОЛГОХ

Хүргэлтийн хоолны цаасан хайрцаг анх 1894 онд зохион бүтээгдэж байжээ. Уг цаасан хайрцаганд шингэн зүйл ч хийж болох бөгөөд бариулыг нь салгаад таваг болгон хэрэглэж болдог. 

ШҮРШҮҮРТ ОРОХ ҮЕДЭЭ НҮҮРЭЭ УГААДАГ

Бидний ихэнх нь усанд орж байхдаа нүүрээ давхар угаадаг шүү дээ. Эмч нар шүршүүрт орох дундаж температурыг Цельсийн 38-41 градус гэж зөвлөсөн байдаг. Харин нүүрний арьс биеийн арьснаас илүү нимгэн бөгөөд эмзэг байдаг учраас энэ температурын усаар нүүрээ угаахад арьсны төрөлхийн тослог чанар алдагддаг. Иймд усанд орохоосоо өмнө эсвэл дараа нь нүүрээ хүйтэн бүлээн усаар угааж хэвшээрэй. 

СУУЛТУУРЫН ТАГИЙГ НЭЭЛТТЭЙ ҮЕД УСАА ТАТДАГ

Суултуурын тагийг хаалгүйгээр усаа татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагддаг. Ингээд нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн өрөөн дэх бүх гадаргуу дээр тогтож үлддэг юм.

ӨГЛӨӨНИЙ ШҮРШҮҮР БА ОРОЙНЫ ШҮРШҮҮР

Шүршүүрт хэзээ орох нь хамгийн тохиромжтой вэ? Хэзээ ч орсон тохиромжтой байх болно. Гэхдээ өглөөдөө хүйтэн шүршүүрт орвол эрч хүч нэмэгддэг бол орой унтахаасаа өмнө халуун бүлээн устай шүршүүрт орвол бие тань тайвширч, сайтар амрах болно. 

БИЧИЛ ДОЛГИОНЫ ЗУУХ + ХУВАНЦАР САВ

Хуванцар савыг бичил долгионы зууханд халаахад савнаас химийн бодис ялгарч, хоол хүнсэнд шингэх эрсдэлтэй. Хэдийгээр BPA-free буюу бисфенол А бодис агуулаагүй хуванцар савыг бичил долгионы зууханд халааж болно гэж зөвлөдөг ч хамгийн эрсдэл багатай сонголт бол шилэн сав юм шүү. 

ТЕФЛОН ХАЙРУУЛЫН ТАВАГ

Тефлон буюу наалддаггүй хайруулын тавгийг 260-аас дээш хэмд халаахад хоол хүнсийг хордуулахуйц хийг өөрөөсөө ялгаруулдаг. Гэвч энэ нь тефлон хайруулын тавгийг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш шүү. Зохистой хэрэглэх нь л чухал юм. 

ХЭТ ХУРДАН ИДЭХ

Хүн хоол идэж эхэлснээс дунджаар 20 гаруй минутын дараа тархинд нь "өлсөхөө больчихлоо", "цадсан" гэсэн дохионууд ирдэг байна. Тиймээс та идэж буй хоолноосоо өөр зүйлд анхаарлаа хандуулбал, хурдан хурдан идвэл 20 минутын туршид идэх байсан хоолноосоо хамаагүй их хэмжээтэй хоолыг өөрийн мэдэлгүй л идчихсэн сууж байх болно.

ЭЛСЭН ЧИХРИЙГ УУСГАХ

Халуун уух зүйлд хийсэн элсэн чихрийг уусгахын тулд тойрог хэлбэрээр хутгах нь түгээмэл арга ч сайтар уусгахын тулд шугаман хөдөлгөөнөөр хутгах хэрэгтэй.

Эх сурвалж: Bright Side

#Зөвлөгөө #Өдөр тутам