Хүн төрөлхтнийг бусад амьд амьтдаас давамгай болгож, дэлхийг захирах боломжийг олгодог цорын ганц зүйл бол тархи. Тархигүйгээр бид үнэн хэрэгтээ бусад амьтдаас нэг их ялгарах зүйлгүй. Харин ч бүр дутна гээч. Зөвхөн энэ л эрхтний тусламжтайгаар бид техник технологи, гар урлал, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн нийгмийг бүтээсэн билээ.
Хүн төрөлхтөн бид олон зуун жилийн туршид тархи хэрхэн ажилладаг, бид одоо байгаагаасаа илүү нарийвчлалтайгаар сэтгэх боломжтой эсэх дээр маргалдаж ирсэн. Үүний үр дүнд бидний олонх нь яагаад ч юм тархиныхаа ердөө аравхан хувийг л ашиглаж чаддаг гэсэн буруу ойлголттой болжээ. Сэтгүүлч би ч мөн саяхныг хүртэл энэхүү өрөөсгөл ойлголтод бат итгэлтэй байсан билээ. Ингээд энэхүү нийтлэлээрээ хүмүүс бид тархиныхаа чухам хэдэн хувийг ашиглаж чаддаг талаар судалцгаая!
Юуны өмнө энэхүү 10 хувийн "үлгэр" буюу хүн тархиныхаа ердөө 10 хувийг ашигладаг гэх онолыг хэн, хэрхэн дэвшүүлснийг мэдэх нь зүйтэй. АНУ-ын сэтгэл судлаач, философич Виллям Жеймс “Хүний энерги” (1908) номондоо “Хүн оюун ухаан болон хүч чадлынхаа маш багахан хэсгийг л ашигладаг” гэж бичсэн байжээ. Харин энэхүү ном хэвлэгдэн гарсны дараа олон эрдэмтэд түүний энэхүү санааг өөрсдийн номонд тусгахдаа оюун ухаан гэдэг үгийг нь тархи болон хувиргаж, тэс өөр утгыг бий болгосон аж.
Хамгийн сонирхолтой нь 1920 онд лабораторийн хулгана дээр хийгдсэн нэгэн туршилтын үр дүн энэхүү өрөөсгөл ойлголтыг бүр ч үнэн юм шиг харагдуулсан гэж хэлж болно. Тухайлбал судалгааны явцад судлаачид хулганы тархины зарим хэсгийг нь салган авсан ч хулгана өмнө нь хийж байсан үйлдлүүдээ хэвийн хийж байсан учир амьд амьтад тархиныхаа маш бага хэсгийг л ашигладаг гэсэн буруу ойлголт дэлгэрчээ. Энэ бол та бидний мэдэх 10 хувийн онолын эхлэл. Энэхүү "онол" эрдэмтдийн үл ойлголцлын үр дүн байж шүү дээ. Тэгвэл бид тархиныхаа хэдийг хувийг ашиглах боломжтой байдаг вэ?
Хүний тархи дунджаар 1.5 килограмм буюу биеийн жингийн 2 орчим хувийг эзэлдэг бол биеийн нийт энергийн 20 орчим хувийг дангаараа зарцуулдаг аж. Ихэнх сээр нуруутан амьтадтай харьцуулбал энэ нь 10 хувиар их үзүүлэлт юм. Тархины нийт массын 10 хувь буюу 150 орчим грамм нь биеийн нийт энергийн 20 хувийг зарцуулна гэдэг бол ямар ч утгагүй ойлголт аж.
Мөн бид одоо үед Magnetic Resonance Imaging (MRI) буюу Соронзон үелзүүрт томографын тусламжтайгаар тархиныхаа хэдэн хувийг ашиглаж байгаагаа мэдэх боломжтой болсон билээ. Хэвийн жинтэй хүний тархинд ойролцоогоор 86 тэрбум нейрон буюу мэдрэлийн эс байх бөгөөд эдгээр нь гадаад, дотоод орчноос сэрэл, мэдээлэл, сигналыг хүлээн авч боловсруулсны үндсэн дээр хариу илгээдэг өвөрмөц зохион байгуулалттай эс юм.
Томограф шинжилгээний үр дүнд эдгээр эсүүд нь тархины бүхий л хэсэгт мэдээлэл дамжуулан тархийг үргэлж ажиллагаатай байлгадаг болох нь батлагдсан. Иймд бид ямар ч эргэлзээгүйгээр тархиа 100 хувь ашигладаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг физикчдийн нэг Альберт Эйнштейн л тархиныхаа 20 орчим хувийг ашигладаг бол эгэл бид тархиныхаа 10 хувийг ашигладаг гэдэг ойлголт бол хоосон салхи л гэсэн үг.
Гэвч тархи гэдэг гайхалтай эрхтнийг хүн төрөлхтөн одоог хүртэл бүрэн ойлгож амжаагүй байна. Ирээдүйд ч бүрэн ойлгохгүй байх. Тархи гэдэг эрхтэнгүйгээр хүн гэдэг хэзээ ч одоогийн нийгмийн цогцлоож чадахгүй байсан. Энэ л тархины тухай бидний мэдэх туйлын үнэн.
Эх сурвалж: Thoughtco, Science News
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх