ЗАХИДАЛ: Зургаадугаар сарын захидлын хариу №4


ССҮТөв | YOLO.MN
2020-06-23

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өөр найзтай байх боломжийг минь хааж байсан.

Сайн байцгаана уу? Би 14 настай, эмэгтэй. Би 6-р ангиасаа одоогийн ангидаа шилжиж ирсэн. Гэтэл одоог хүртэл ангийнхандаа дасаж өгөхгүй л байна. Эхэндээ бүх хүүхдүүдтэй нөхөрсөг харилцаатай байсан. Гэхдээ нэг охинтой илүү дотно байсан юм. Түүнтэй нэг жил орчим хугацаанд найзлахад надад түүнээс өөр найз байгаагүй. Өөр найзтай байх боломжийг минь тэр хааж байсан. Түүнээс өөр хүүхэдтэй ганц л үг солиход тэр уурлаад намайг хүчээр холдуулдаг байсан. Гэсэн ч бид хоёр сайн найзууд хэвээрээ байсан.

Түүнээс холдчих л юм бол өөр хэн ч намайг тоохгүй мэт санагддаг байлаа. Бид хоёр байнга хоёулханаа явдаг байсан. Эхэндээ ангийнхан маань биднийг маш сайн найзууд гэдэг байсан боловч сүүлдээ “лэсби, гажиг, ноомой” гэх мэтээр доромжлох болсон. Бүр сүүлдээ тэр охины ааш зан эвдэрч харилцаагаа таслахаас өөр аргагүй болсон.

Гэтэл одоо тэр охин ангийн ихэнх хувийг эзэлдэг охидтой найзалж, намайг ардуур муулж, нууцыг минь тарааж байна. Тийм болохоор тэд надтай найзлах нь битгий хэл ярилцах ч дургүй болсон. Түүнээс болж би хичээл дээр хамгийн хойно ганцаараа сууж, үг дуугарахаа ч больсон. Ингээд миний сурлага огцом буурч, сургуулийн талаар бодох төдийд л айдас төрөх шиг болдог. Миний хувьд найз нөхдөө их буруу сонгодог юм шиг санагддаг. Бас шилжиж, бүх зүйлийг цоо шинээр эхлүүлэхийг маш ихээр хүсэж байна. Шилжих талаар ээж аавдаа хэлэхэд одоо байгаа сургууль чинь сайн сургууль, бас сонгоны анги болохоор шилжих хэрэггүй гэж хэлдэг. Одоо би яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бусдаас өөрийгөө битгий тусгаарла.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дотогшоо чиглэсэн (интроверт) хүнийг гадагшаа чиглэсэн (экстраверт) хүмүүстэй харьцуулах нь зөв биш. Дуугүй байх нь буруу зүйл биш. Энэ байдлыг чинь хүмүүс шоглоод байгаа бол тэд бусдыг ойлгох чадваргүй хүмүүс бололтой.

Эцэг эх чинь шилжүүлэх хүсэлгүй байгаа юм байна. Магадгүй энэ зөв ч байж болно. Асуудлаа шийдэхгүй зугтсанаар дахиж ийм асуудалтай тулгарах үед бид өмнөхөөсөө илүү хүнд байдалд ордог. Одоо гараад байгаа асуудлаа шийдэхгүй зугтлаа гэж бодъё. Өөр сургууль руу шилжихэд бүх зүйл сайхан байна гэсэн баталгаа байгаа юу? Өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн байхад хангалттай. Найзтайгаа ярилцаж чадах уу? Яагаад өөрийн чинь талаар яриа гаргах болсныг асууж чадах уу? Ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг тодорхой болгох шууд арга зам бол асуух юм. Хэн нэгэн чамайг таагүй байдлаар хэлэх үед хэцүү, гомдмоор, шударга бус санагдаж байгаа байх. Гэсэн хэдий ч бусдаас өөрийгөө битгий тусгаарлаарай. Хүмүүс надтай харилцахыг хүсэхгүй байгаа гэсэн бодол чинь магадгүй чиний бодлын алдаа байж ч болох юм. Харилцаанаас зугтах нь арга зам биш. Өөрийн мэдрэмж, бодлыг нууснаараа чамд л хэцүү. Түүнчлэн эцэг эхдээ өөрт тохиолдож байгаа үйл явдлаа, мэдрэмжээ тогтмол хэлж байгаарай. Магадгүй тэд чамайг яагаад шилжихийг хүсэж байгааг, чамд ямар хэцүү мэдрэмж төрж байгааг мэдэхгүй байж болно. Чамд амжилт хүсье

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийнхөө асуудлыг гэр бүлийнхэндээ шахаад байгаа нь дарамттай

Сайн байна уу? Надад одоогоор хувийн асуудал их байна. Аав ойрдоо архи ууж, гэртээ агсам тавих болсон. Хэлж чадахгүй зүйлсээ хэлээд, өөрийгөө үнэд оруулахыг хүсээд байгаа юм шиг. Гэхдээ тэдгээр нь өөрийнхөө амьдралд гаргасан шийдвэр болохоос миний гаргасан шийдвэр биш шүү дээ. Бас амьдрах эсэх нь ч миний асуудал биш. Гэтэл өөрийнхөө асуудлыг гэр бүлийнхэндээ шахаад байгаа нь дарамттай байна. Миний өөрийн амьдралдаа баримталдаг дүрэм бол “Надад хамаатай, хамаагүй байх нь чухал биш. Миний замд л саад болохгүй байвал хэн ч биш”.

Бас нэг асуудал тулгарч байгаа нь би яагаад ч эсрэг хүйстнээ сонирхож чадахгүй байна. Өөртэйгөө ижил хүйстэй хүнээ л их харж байна. Хүйсийн сонирхол хувь хүнээс шалтгаалах ч энэ нь их дарамттай санагдах юм. Бас ойрдоо амьдрах хүсэлгүй болсон. Дэлхийд 7 тэрбум хүн амьдарч байхад надаар ч яахав дээ гэх мэтээр боддог. Их сургуульд орсон ч мэргэжлээ сонгоогүй, өөрт таарах мэргэжил байгаа ч миний сонирхлыг татдаггүй. Тиймээс амиа хорлох тухай боддог болсон.

Хэд хэдэн тэтгэлгийн шалгалт өгсөн ч тэнцээгүй болохоор юу ч хийх хүсэлгүй болоод байна. Өөрийнхөө, гэр бүлийнхнийхээ асуудлаас болоод хэцүү байна. Найз нөхөдгүй, хүнтэй амар дотносдоггүй болохоор асуудлаа хуваалцах хүнгүй хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Амиа хорлох тухай бодол улам даамжирвал...

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн сөрөг уур амьсгал хүний бодол, мэдрэмжид сөргөөр нөлөөлж байдаг. Насанд хүрсэн хүн өөрийн асуудлыг эрүүлээр шийдэхийн оронд асуудлаасаа зугтаж согтууруулах ундаа хэрэглэж байгааг зөвтгөх аргагүй. Бидний хэн нэгний хорт зуршлыг боль гэж хэлээд болиулж чадахгүй. Тухайн хүн өөрөө шийдэж, дотоодоосоо хүсэж байж асуудлаа даван туулна. Аавын чинь энэ байдал чамтай шууд хамааралгүй бөгөөд гэрт ийм асуудалтай байсан ч чи аз жаргалтай, өөртөө хайртай хэвээрээ байж болно шүү. Харин чиний хийж чадах зүйл бол боломжтой үед эвтэйхэн өөрийн бодлыг аавдаа хэлэх юм. Түүнд өөрт төрж буй мэдрэмжээ илэн далангүй хэлж бас түүнээс юу хүсэж байгаагаа тайвнаар хэлээрэй. Өөрөө хийж чадах үйлдлийг хийсэн байхад л хангалттай.

Олон асуудал тулгараад байх үед бүгдийг нь зэрэг шийдвэрлэхийг оролдох биш нэг асуудал дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Одоогийн байдлаар олон сөрөг үйл явдал тохиолдоод байгаа болохоор чиний сэтгэл зүйн ачаалал нэмэгдэж амиа хорлох талаар аюултай бодол орж ирж байгаа байх. Хэрвээ энэ бодол улам даамжирч, давтамж нь ихэсвэл яаралтай өөрийн биеэр сэтгэл зүйчтэй уулзах нь зөв юм шүү.

Ямар хүйсийн хүнд дурлах нь хайр сэтгэлд нөлөөлөхгүй. Чи хэнийг ч хайрлаж болно. Өөрийгөө ахиад сайн ажиглаж хэрвээ ижил хүйсээ сонирхдог нь баталгаа гэж үзвэл өөрийн хамгийн их итгэдэг хүнээсээ эхлэн бусдад хэлсэн нь зөв болов уу. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Эргэн тойрны маань хүмүүс бүгд дүр эсгэж амьдардаг

Сайн байна уу. Танд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Би 19 настай, эмэгтэй, оюутан. Захидал бичих болсон маань итгэж сэтгэлээ уудлах, зөвлөгөө авах хэн нэгэн хэрэгтэй байгаа учраас л тэр юм.

Миний асуудалтай байгаа мэдрэмжүүд: insecurity, anxiety, self-centeredness, laziness (гэм буруутай эсвэл тухгүй, түгшүүр зовнилтой, хувиа хичээсэн, назгайралт) Яагаад ийм мэдрэмж төрөөд байгааг жагсаавал:

1. Аав маань өвдчихсөн. Бас байнга архи уудаг (өвдөхөөсөө өмнө нь ч уудаг байсан). Үүнээс болж аавдаа хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаа өөртөө дургүй хүрдэг ч архи уухыг нь харахаар жигшсэн мэдрэмж л төрдөг.

2. Хичээл сурлагад хандах хандлага маань суларч, дүн буурсан. Өмнө нь хичээлийг өөрийнхөө үүрэг гэж бодож ямар ч тохиолдолд цалгардуулалгүй авч явдаг байсан бол сүүлийн нэг жилд хичээлийн хувьд бусад оюутнуудаас арай ачаалалтай байдаг гэсэн шалтаг гаргаж үүрэг хариуцлагаа үл тоох нь ихэссэн. Харин жинхэнэ шалтгаан нь өөрийгөө бусадтай харьцуулж, түүндээ сэтгэлээр унан сурах зорилго, хүсэл эрмэлзэл буурсных бололтой. Энэ нь өөртөө байнга урам хугарах мэдрэмж төрүүлж, надад өндөр итгэл хүлээлгэдэг аавынхаа өмнө буруутай юм шиг санагдуулдаг.

3. Өөртөө анхаарал тавих нь багасаж гадаад төрх маань өмнөхөөсөө улам дордсон. Хүний гадаад төрх гэдэг ген, өссөн орчин, амьдралын хэв маяг, арчилгаа гээд олон зүйлээс хамаардаг гэдгийг мэднэ. Ген, өссөн орчинг өөрчилж болохгүй болохоор надаас шалтгаалах зүйл болох амьдралын хэв маяг, арчилгаандаа анхаарвал зүйтэй гэдгийг бас мэдэж байгаа ч арга хэмжээ авдаггүй эсвэл тууштай байдаггүй. Энэ нь намайг өөртөө итгэлгүй болгож "арчаагүй" санагдуулдаг.

4. Бусдад итгэх итгэл буурч бусдад анхаарал тавих нь багассан. Эргэн тойрны маань хүмүүс бүгд л дүр эсгэж амьдардгийг ухаарсан. Магадгүй би өөрөө ч тийм байх. Дургүй байсан ч гаднаа инээж хүчилдэг. Харин дүр эсгэдэггүй нэг нь зүгээр л үл тоодог. Товчоор бол миний хувьд ойр дотно гэж боддог байсан хүмүүсийн ихэнх нь миний тухай "зоргоороо аашилдаг, зожиг" гэсэн сэтгэгдэлтэй байдгийг ойлгосон. Харин үлдсэн хэсэг нь өөрсдийнхөө амьдралыг яая гэж байгаа болохоор надад анхаарах сөхөө байдаггүй. Энэ нь намайг эргэн тойрныхоо хүмүүст урам хугарах мэдрэмж төрүүлж өмнөхөөсөө илүү ихээр өөрийгөө тусгаарламаар ганцаараа баймаар санагдуулах болсон.

...гээд дурдаад байвал өөрийнхөө хувьд муудсан, буурсан, доройтсон гэх сөрөг сэтгэгдэл мэдрэмжтэй л болчихсон байна.

Яг одоо л яаралтай арга хэмжээ авч өөрийгөө засаж авахгүй бол хожим өөртөө сэтгэл хангалуун бус, нийгмээс хэт тусгаарлагдсан, өрөвдөлтэй гэгдэх нэгэн болоод, залруулахад хэтэрхий оройтсон байх юм шиг санагдаж байна.

Гэсэн ч нэг алхам хийж урагшилъя гэхээр сэтгэл санаа гэнэт л өөрчлөгдөөд, хэцүү ч юм шиг санагдаад буцаад хоёр алхам ухарчихсан байх юм. Яг яах ёстойгоо хэлж мэдэхгүй л байна. Бусдад өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж зөвлөгөө авъя гэхээр итгэж хэлэх хүн ч байхгүй, магадгүй байсан ч одоо байгаа би яг үнэндээ эргэн тойрныхонтойгоо харилцахыг хүсэхгүй бас айж байна.

Эхлээд намайг тухгүй болгодог, сэтгэл санааг маань тавгүйтүүлээд байгаа өөрөөс шалтгаалах хүчин зүйлүүдээ шийдэх нь зүйтэй юм шиг санагдаж байна.

Таны зүгээс чиглүүлэх, зөвлөх зүйл байгаа болов уу? Энэ захиагаар би өөртөө тулгарч байгаа асуудал болон түүнээс төрсөн мэдрэмжээ хуваалцах гэж хичээлээ. Хэрвээ татгалзахгүй бол дараа өөр нэгэн захиагаар ямар арга хэмжээ авч байгаа болон ямар мэдрэмж төрж байгаа тухайгаа хуваалцмаар байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрчлөлтийг хүсэж байгаа бол хийж эхлэх нь зөв

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжийг бидэнтэй хуваалцсанд баярлалаа.

Юун түрүүнд гэр бүлд нь тохиолдоод буй асуудлаас эхэлье. Аавынх нь бие өвдсөн тул чи түүнд их санаа зовниж байгаа байх. Бас архи ууж байгааг нь харахаар уурлах, гомдох мэдрэмж төрдөг байх. Иймэрхүү хоёрдмол мэдрэмж төрөх нь архины хамааралтай эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд хэвийн тохиолддог зүйл юм. Эцэг эхийнхээ ямар ч зан үйлд хүүхэд буруугүй юм шүү. Эцэг эхээсээ өөрийн мэдрэмж болоод бодлыг нуухгүй, нээлттэй байхыг хичээгээрэй.

Өөрийн чинь хувьд өөрт тулгараад байгаа асуудал, таагүй мэдрэмжээс зугтах биш одоо л асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа юм байна. Сэтгэл санааны таагүй байдал, өвдөлтөө хүлээн зөвшөөрөхгүй зугтах тусам дараа гарах үр дагавар нь маш сөрөг байдаг. Өөрт төрөөд байгаа мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, илэрхийлэх нь чухал. Одоо үүсээд байгаа таагүй байдлаа ул суурьтай “эмчлэхийг” хүсэж байгаа бол сэтгэл зүйчтэй биечлэн уулзахыг зөвлөж байна. Хэрвээ үнэхээр боломжгүй бол өөрийнхөө анзаарч харсан, алдаатай үйлдлүүдээ засаж, “өөрөөр хийхийг” хичээгээрэй. Жиш: би амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэйг мэддэг ч хийдэггүй гэсэн байна. Үнэхээр өөрчлөлтийг хүсэж байгаа бол хийж эхлэх нь зөв юм. Одоогоор чи их олон зүйл бодоод, эсрэгээрээ үйлдэл хийх нь бага байгаа бололтой. Бодсон зүйлээ тэр дор нь хэрэгжүүлэх нь өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байдлын нууц юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Том болохыг хүсдэггүй

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би юмсыг хэтрүүлэн боддог. Юуг ч муугаар бодож чаддаг гэж хэлж болно. 2 жилийн дараа төгсөнө гэж бодохоор толгой эргээд, айгаад эхэлдэг. Ангийнхнаасаа хагацан том болохыг ерөөсөө хүсдэггүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөд байхаар бүр айдаг.

Гэрийнхэн, найзуудтайгаа хамт байх үедээ энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусна гэж бодоод дахиад л гуниглаад эхэлдэг. Сүүлдээ бур ингэж бодоход, амьсгалахад хүндрэлтэй болдог болж. Яг одоо миний толгойн дотор маш их зүйл эргэлдэж байна. Яг юу бичиж ойлгуулахаа мэдэхгүй байна, уучлаарай. Би зүгээр л том болмооргүй, хайртай хүмүүсээсээ хагацмааргүй байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Айдас дээр тулгуурласан ямар ч бодол эерэг биш

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.

Хэтрүүлэн бодолт ихэвчлэн “айдас” дээр тулгуурласан байдаг. Айдас дээр тулгуурласан ямар ч бодол эерэг байхгүй. Ирээдүйд үүсч болох тодорхойгүй, ойлгомжгүй байдал нь биднийг түгшээж байдаг. Гэвч болоогүй байгаа зүйлийн төлөө санаа зовж суух нь одоо байгаа цагаа хайрлахгүй байгаагийн шинж юм. Мөн хэн ч цаг хугацааг зогсоож, удирдаж чадахгүй. Хүмүүс хөгшрөх, өөрчлөгдөх, бүр нас барах бол байгалийн хууль юм. Аливаа байгалийн хуулийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тусам чи сэтгэл тайван байна. Тиймээс:

Энд, одоо байгаа мөчид анхаарлаа төвлөрүүлээрэй. Одоо байгаа цаг хугацаагаа ашиглаж хайртай дотны хүмүүстэйгээ цагийг чанартай өнгөрөөж сурах нь үүсээд байгаа түгшүүрийг намдааж чадах болов уу.

Одоо өөрт чинь ямар мэргэжилтэй болохоо эртнээс сонгож тэр мэргэжлээ судлах зэрэг олон чухал асуудал үүснэ. Бид амьдралд гарах олон асуудлаас зугтаж чадахгүй. Олон зүйлтэй нүүр тулах шаардлага гарна. Зугтаах боломжгүй олон зүйл байгаа. Одооноос зугтаах биш нүүр тулж сураарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би сайн найздаа дурлачихсан бололтой

Сайн байна уу? Би 12-р ангид сурдаг жирийн л нэг охин. Миний үеийнхэн, надтай нэг төгсөлтийнхөн өдийд толгой өндийх сөхөөгүй ЭЕШ-даа бэлдэж байгаа байх. Магадгүй тэдэнд ЭЕШ-аас өөр бодох, санаа зовох зүйл байхгүй байх л даа. Би ч бас саяхныг хүртэл зөвхөн шалгалтдаа л анхаарч ирсэн. Яагаад саяхныг хүртэл гэж бичсэн бэ гэхээр.... би сайн найздаа дурлачихсан бололтой.

Найзлаад нэг их удаагүй ээ, нэг анги болохоор мэдээж дотно байлгүй яахав. Бид хоёр 2, 3 жилийн өмнөөс сайн найзууд болсон юм л даа. Тэр үед найз минь надад сайн нь мэдрэгддэг байсан. Эмэгтэй найзууд маань ч түүнийг надад бусад охидоос илүү онцгой ханддаг гэдгийг анзаарч байсан гэсэн. Одоо ч гэсэн яг л тэр хэвээрээ. Гэвч би тэр үед өөр хүнд сайн байсан болохоор төдийлөн тоож байгаагүй боловч яах аргагүй тэр найз маань л "he is the one" гэх мэдрэмжийг төрүүлдэг байсан. Ээж ч, найзууд ч та хоёр л үнэхээр гоё зохицдог, хамт байвал үнэхээр тохирно гэж хэлдэг. Аав ээжид маань тэр их таалагддаг юм.

Би өөрөө үерхлийн тал дээр их голомтгой. Тэр нь ч ийм байна, энэ нь ч таалагдахгүй байна гээд л. Үргэлж төгс байхыг шаарддаг боловч тэр найзын маань бүх зүйл надад төгс биш байсан ч, алдаа дутагдал их байсан ч таалагддаг юм. Тэгээд сайн найздаа дурлачихсанаа мэдэхгүй яваад байсан болж таарсан. Хэдэн сар өнгөрснийг бүү мэд. Би долоохон хоногийн өмнө л өөр нэгэн найзаасаа өөрөө сайн болсноо мэдсэн. Хэрэв тэр хэлээгүй байсан бол би одоо ч мэдэхгүй байх байсан биз. Мэдээж би түүнд таалагддагаа мэднэ, харц нь бусдаас арай өөрийг илэрхийлдэг гэх үү дээ.

Асуудал нь юу вэ гэхээр, би сэтгэлээ илчлэх ёстой юм болов уу, эсвэл хүлээх ч юм уу, зүгээр орхих ёстой юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүр сэтгэлээ илчлэх эрхтэй

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Хүн бүрд өөрийн гэсэн хувийн асуудлууд байдаг. Тэдгээрээс аль нь илүү чухал вэ гэдгийг тухайн хүн өөрөө шийддэг. Тэгэхээр чиний хувьд ч адил ЭЕШ чухал уу, эсвэл хайр дурлал чухал уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Мэдээж чи ЭЕШ-даа бэлдмээр байгаа ч хайр дурлалаасаа болоод анхаарал чинь төвлөрөхгүй байгаа байх гэж таамаглаж байна. Тэгвэл яах вэ?

Хэрвээ тэр чамд олон жилийн турш сайн байсан бол ЭЕШ өнгөртөл хэдхэн долоо хоног хүлээхэд тийм ч хэцүү байхгүй байх. Харин ЭЕШ бол ганцхан л удаа болно. Мөн чиний карьерийг шийдэх чухал үе юм. Үүнийг өөртөө сануулж шалгалтдаа төвлөрөхийг хичээгээрэй. Бид аливаа зүйлийг хийх цаг хугацаа, огноогоо тодорхойлчихвол тархи түүнийг ойлгож, тэр заавраар ажиллах хандлагатай байдаг байна. Жишээ нь чи би ЭЕШ өгч дуусаад 1 хоносны дараа сэтгэлээ илчилнэ гэх мэтээр тархиндаа заавар өгч болно. Гэхдээ сэтгэлээ илчлэх үгүй нь чиний өөрийн сонголт байна. Хүн бүр сэтгэлээ илчлэх эрхтэй. Гэхдээ гарах үр дагаврыг нь мөн хариуцах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Надтай өрсөлдөх хүүхэд зөндөө гараад ирсэн

Сайн байна уу? Би хоёр дахь удаагаа захидал бичиж байна. Би 12-р ангийн сурагч, охин. Өөрийнхөө англи хэлийг сайн гэж боддог. Энэ нь ч үнэн. 6-р ангиасаа хойш 5 жилийн турш сургуульдаа англи хэлэндээ хамгийн сайн гэсэн байр сууриа хадгалсаар ирсэн. Гэвч энэ маань 12-р ангид ордог жил буюу 2019 оны намар сарниад алга болчих шиг боллоо.

Дундаж айлын хүүхэд, 3 дүүтэй болохоор бусад айлын хүүхдүүд шиг үнэтэй сургалт, хувийн сургууль, шинэ гар утас, өдөр тутмын хэрэглээний мөнгө нэг ч удаа нэхэж үзээгүй. Тэртээ тэргүй олуулаа болохоор, надаас гадна санаа тавих олон дүү байгаа болохоор байгаадаа сэтгэл хангалуун байхыг хичээдэг.

Гэвч нөгөө ангийн хүүхдүүд маань үнэтэй сургалтад явж надаас илүү дүн авч, багшид надтай адилхан үнэлэгдэхийг хараад үзэн ядсан. Би дээрээ хүн оруулах их дургүй хүн л дээ. Хор шар ч ихтэй. Нэг мэдсэн чинь англи хэлэндээ сайн хүүхдүүд олон болчихсон байсан. Надтай өрсөлдөх хүүхэд зөндөө гараад ирчихсэн байсан. Тэр үед надад мөнгөний бололцоо байсан бол би бүр ч мундаг байх байж дээ л гэсэн бодол орж ирсэн. Ингэж тэгсээр би англи хэлээ бараг л хаячихаад байна. Надад ахиж англи хэлийг гүнзгийрүүлэн судлах хүсэл алга.

89 авахад л багш маань уурладаг. 90, 92 байсан ч ялгаагүй. Би алдах ёсгүй гэж үү? Иймэрхүү дүн авахад л багш маань ямар их гайхсан, урам хугарснаа хэлдэг. Хүн л юм чинь алдаж байдаг биш гэж үү? Тэгэх бүрд нь миний англи хэлэндээ дуртай гэх үнэлэмж минь буурдаг. Бүр 800 оноо авахгүй бол чамайг ахиж харахгүй гэх мэт тоглоом маягийн үг нь ч надад шаардлага мэт сонсогддог. Багшдаа магтуулах тусам улам их хийх ёстой гэсэн дарамт шахалт надад ирдэг. Одоо ч бас л адилхан. Шалгалт өгөхдөө заавал 95-аас дээш оноо авах ёстой гэсэн айдсаар шалгалтаа өгдөг. Өчигдөр л гэхэд 83 авснаа хараад шууд л уйлчихсан. Сэтгэлээр унасан. Өөрийгөө азгүй амьтан мэтээр ч бодож үзсэн. Тийм дүн авсандаа гутарч байгаа юм биш ээ. Багштай уулзах тэр үеэс айсандаа уйлсан юм. Уулзангуутаа миний оноог хэлж, урам хугарсан харцаар харахаас нь би айсан. Би угаасаа англи хэлэндээ дургүй болоод удаж байгаа. Хүн чинь дургүй зүйлдээ яаж ханддаг билээ дээ? Багш минь миний дуртай зүйлийг дургүй болтол өөрчилсөн хүн. Би яг яавал энэ байдлаас гарч чадах бол? Хурдан л ЭЕШ-аа өгч дуусаад багшаасаа хараат бус болохыг хүсэх боллоо.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө бусдаас илүү гэж мэдрэх нь таалагддаг байсан байж болно

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, амархан хувирч өөрчлөгдөмтгий болох хандлагатай. Үүнээс үүдэлтэйгээр аливаа зүйлийг эмзгээр хүлээн авч, бусдын үзэл бодолд автагдаж, өөрийн үнэлэмж тогтворгүйтэх гээд байдаг. Хүн бүр алдаа гаргах эрхтэй шүү дээ. Үүнд санаа зовж өөрийн хийж чаддаг зүйлд урам хугарах хэрэггүй болов уу. Гэвч та үнэхээр анхнаасаа англи хэлэнд дуртай байсан уу? Аль эсвэл хамгийн сайн чаддаг зүйл тань байсан учир дуртай байсан уу? гэдэг талаар бодож үзээрэй. Магадгүй англи хэл нь таны хувьд дуртай зүйл биш байсан ч байж болно шүү дээ. Эсрэгээрээ бусдаас өөрийгөө илүү гэж мэдрэх байдал нь таалагддаг байсан байж болно.

Тэгвэл бусад хүн танаас илүү сайн байх эсвэл тантай адилхан сайн, чадвартай байхад та яагаад уурлаж байна вэ? Та үргэлж шилдэг нь байх боломжтой гэж үү? Шилдэг нь байж чадахгүй бол огт хийх хэрэггүй гэсэн үг үү? Ер нь бусдын амжилтад баярлаж байх тусам хүн өөрөө тайван, өөртөө итгэлтэй байдаг. Өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж, бусдаас хамааралгүйгээр жижиг ахиц дэвшил байсан ч түүндээ төвлөрч, өөрийгөө үнэлж байх нь чухал юм шүү. Энэ талаар бодоод үзээрэй.

Мөн одоогоор 12-р анги буюу мэргэжлээ сонгож их сургуульдаа орох чухал үе тохиож байна. Тиймээс өөрийн гол зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх үе шатуудыг судлах чухал. Хэрэв та англи хэлэнд үнэхээр дуртай бол яагаад үргэлжлүүлэн суралцаж, ярианы клубд явж, онлайнаар үнэгүй хичээл суралцаж болохгүй гэж?

Төгсгөлд нь багшдаа чамд таагүй байгаа талаар хэлсэн үү? Мэдээж чамд хэлэх хэцүү байгаа байх. Гэхдээ цаашид ийм байдал үүсвэл яах вэ? Багш нь чамайг сэдэлжүүлж, улам сайжруулах гэж л оролдсон байх гэж таамаглаж байна. Хэрвээ чи түүнд мэдрэмжээ үнэнээр нь хэлсэн бол магадгүй энэ байдал эрт зогсох байсан байж болно. Цаашдаа ийм байдалд орохгүйн тулд бусдад бодол, мэдрэмжээ илэрхийлж, нээлттэй байхыг хичээгээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Аав архи уудаг, архаг архичин

Би 14 настай. Одоогийн энэ байдлаа сэтгэл гутрал уу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байгаа учраас энэ захидлыг бичиж сууна. Ойрд би гэр бүлийнхэнтэйгээ баймаар санагдах боллоо. Яагаад гэвэл би одоогоор ээжийн дүүгийнд байгаа юм. Энд байхаар нэг л гадуурхагдаж, энэ гэрт хэн нэгэн намайг үзэн ядаад байгаа юм шиг санагдаад байна. Яг яагаад гэдгийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ ээжийгээ маш их санаад, гэрээ ч санаад, бүтэн нойртой хонож чадахгүй байна.

Гэрлүүгээ явъя гэхээр ааваасаа их айж байна. Манай аав архи уудаг, архаг архичин. Ээж, дүү бид гурвыг дандаа зовоодог. Ээжийг болох болохгүй үгээр маш их доромжилж, харааж зүхдэгт миний сэтгэл өвддөг учраас гэрлүүгээ явахыг хүсдэггүй юм. Гэхдээ одоогийн байдал маань боломжийн байгаа боловч ээжийн дүүгийн хоёр хүүхэд надтай нэг л хүндэтгэлгүй, хөндий харилцаж байгаа учир би гэрлүүгээ явмаар санагдаад байгаа юм. Ээжийн маань дүү надад аягүй сайн ханддаг ч хоёр хүүхдийг нь цаашид тэвчиж чадахгүй нь. Уйлъя гэхээр айлд байгаа болохоор уйлж чадахгүй. Хэн нэгэн нь сонсчихоод “Яагаад уйлаад байгаа юм, гэрээ санаад байгаа юм уу?” гэж хэлэх вий. Тэр хоёр хүүхэд нэг нь 7-р анги, нөгөөх нь 5 настай ч намайг ганц ч удаа эгчээ гэж дуудаж байгаагүй, миний өөдөөс хэрэлддэг. Би ч юу ч хэлж чаддаггүй. Хэд хоногийн өмнө аав маань ээжийн дүү рүү согтуу залгаж, охинтойгоо яръя гэсэн байна лээ. Тэгэж залгаснаас нь хойш дандаа санаа зовж, янз бүрийн юм ургуулан боддог болсон. Дахиж ээжийн дүү, дүүгийнх нь нөхөр лүү залгаад янз бүрийн юм ярьж, агсам тавих вий гэхээс санаа зовж, бүтэн нойртой хонож чаддаггүй.

ЗӨВЛӨГӨӨ: Байгаа байдал, мэдрэмжээ хэлж ярилцаж болно

Сайн байна уу? Өөрт тохиолдсон асуудлын талаар захидал илгээж санаа зовж буй асуудлаа шийдэх зориг гаргасанд баярлалаа. Анх яагаад эгчийндээ ирсэн бэ? Ээж нь тэгж хүссэн үү? Хэрвээ тийм бол тэр чамд хэрэгтэй, зөв сонголтыг хийхийг хичээсэн байх. Та ээжтэйгээ холбоотой байдаг уу? Холбоотой байдаг бол хэр их уулздаг вэ? Гадуур ээжтэйгээ ярилцаад уулзаад үзэх үү? Тэгээд одоо байгаа байдал, мэдрэгдэж буй зүйлсээ хэлж ярилцаж болно. Мэдрэмжээ дотроо хадгалаад байхаар хэцүү байдаг. Ээжийн тань дүү таныг гэртээ байлгаж байгаадаа баяртай байгаа гэж ойлголоо. Тиймээс та өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ эгчтэйгээ ч мөн ярилцаад үзвэл таныг ойлгох байх гэж найдаж байна. Та өөрөө бүх асуудлыг шийдэх гэж хичээж байгаа тань маш сайн боловч гэр бүлийнхнийх нь тусламж хэрэгтэй болов уу. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин


АСУУДАЛ: Хэрхэн бусдын арга эвийг олж сурах вэ? 

Сайн байна уу? Би 18 настай. Өдөр ирэх тусам зан ааш минь өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байна. Аав маань их уур уцаартай хүн л дээ. Бид хоёр өдөр бүр маргалддаг. Аав эхлээд намайг их муухай загнана. Нийгмийн хог шаар, чи оюутан болоод амьдарч чадахгүй гэх мэт. Энэ үгэнд нь би их гомддог л доо. Гэхдээ л би уучилдаг. Угаасаа би аавдаа хэдий наанаа уурласан ч гэсэн цаагуураа их хайртай. Эдгээр муухай үгсийг зүв зүгээр байхад хэлдэггүй л дээ. Яахав хоёулаа маргалдаж байх үед л. Би түргэн ууртай болохоор зүв зүгээр байхад хар яр гэсэн хүмүүсийг зүгээр өнгөрөөж чаддаггүй юм. Гэхдээ би хэчнээн уурласан ч 5 минутын дараа л мартчихдаг.

Би анги дотроо тийм ч их нэр хүндгүй. Бусад хүүхдүүд хэчнээн муухай аашилсан ч тэднийг гэх хүүхдүүд буурдаггүй. Харин намайг ганц уурлахад л хүүхдүүд зайгаа барьдаг. Яг юуг хэлэх гэсэн бэ гэвэл хэрхэн яаж бусдын гаргасан зан аашийг тэвчиж, арга эвийг нь олж сурах вэ? Мөн аавтайгаа хэрхэн ойлголцож арга эвийг нь олж сурах вэ? Хэрхэн бусад хүүхдүүд шиг "cool" байх вэ? Хариулсанд тань баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Тайван үедээ ярих нь чухал

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Уурлах гэдэг нь хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл хэдий ч уурласан үедээ хийх үйлдлээ хянаж сурах нь чухал юм шүү. Аавтайгаа ойлголцохгүй түүнээс болж бухимдвал эхлээд гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээгээрэй. Уурласан үедээ бид дандаа хожим харамсахаар, сөрөг зүйлс ярих гээд байдаг. Хэлж, ярих нь зөв ч тайван үедээ ярих нь илүү чухал юм шүү. Нэгэнт тайвширсныхаа дараа аавдаа, ангийнхандаа хэлэх гэснээр тайвнаар хэлж хэвшээрэй. Мөн аав тань яагаад тэгж хэлэх болсныг асуусан уу? Гомдсон гэдгээ хэлсэн үү? Аавдаа хайртай гэдгээ хэлсэн үү? Тэр ч мөн уурласандаа бодлогогүй зүйл ярьсан болов уу.

Бусдад cool харагдах биш өөрийнхөө сэтгэл дотор cool байх нь чухал болов уу. Одооноос өөрийгөө тайвшруулж, юмыг уужуугаар, эерэгээр харах гэж хичээгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин


АСУУДАЛ: Бага байхад нь ээж аав нь салсан учраас тийм ааштай болсон байх

Сайн байна уу Захиаг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. Би 14 настай. Манай ахын хүүхэд надаас 7 насаар дүү. Карантин эхэлснээс хойш бид хоёр хамт байгаа. Би өөрөө их тайван, дуугүй хүн. Нээх янз бүрийн юманд уурладаггүй. Томчуудын үгэнд ордог. Илүү дутуу яриагүй, ер нь өөрийгөө эерэг гэж боддог байсан. Манай дүү надад нээх их таалагддаггүй. Жоохон байхдаа үнэхээр хөөрхөн байсан. Том болох тусам ааш нь эвдэрсэн. Би тэгж болохгүй шүү гэж хэлэхээр та миний төрсөн эгч юм уу гээд өөдөөс уурладаг. Өөрөөс нь том хүн байсан ч уурладаг. Өөрт нь гээд зориулаад юм авж өгөхөөр эсвэл хүссэн юмыг нь авж өгөхөөр байж байгаад энэ чинь надад хэрэггүй гээд хаячихдаг. Уурлахаараа та тарган, царай муутай, энэ дэлхийд тань шиг ийм хүн байхгүй гэж янз бүрийн үгээр доромжилдог. Гэхдээ би өөртөө л таалагдаж байвал боллоо гэж боддог учраас тоодоггүй. Тэгсэн ч өдөр болгон л дүүд уур хүрч, уурлаж, өдөр ирэх тусам түргэн ууртай болж, карантилснаас хойш нэг ч өдрийг үр дүнтэй өнгөрөөсөнгүй. Гэхдээ дүүг өрөвддөг. Бага байхад нь аав ээж нь салчихсан учраас ийм ааштай болсон гээд хайрлах гэхээр ерөөсөө чадахгүй, уур хүрсээр... Уурлахгүй тайвнаар хандъя гэхэд өөдөөс уурлаад байхаар байж сууж чаддаггүй. Магадгүй би хүүхэдтэй зөв харьцаж чаддаггүй байх гэж бодоод зөв харилцъя гэхээр яаж гэдгээ мэдэхгүй юм.

Дүүд уур хүрснээс болж өдөр хоног бүрийг утастай хамт өнгөрөөж байна. Одоо ядаж үлдсэн хоёр сараа үр бүтээлтэй өнгөрүүлье гээд унтахаар дараагийн өдөр яг адил. Өглөө эрт сэрж, 30 минут гадаа алхаад орж ирээд хийе гэсэн ажил зөндөө байгаа ч алинаас нь яаж эхлэхээ мэдэхээ байчих юм. Нэг ажил хийж байгаад утсаа барьж аваад хэвтээд өгнө. Яаж өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөх вэ? Яаж утаснаасаа салах вэ? Дүүтэй эвээ яаж олох вэ? Залхуурлаа хэрхэн давах гэх мэт өчнөөн асуудал байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Гэнэт л утсаа бага оролддог болохгүй

Сайн байна уу? Захиа бичсэнд баярлалаа. Эхлээд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээс эхэлье. Хүн үр бүтээлтэй байхад сэтгэл зүйн тайван байдал их чухал нөлөөлдөг. Сэтгэл тайван үедээ хүн хийж буй зүйлсдээ төвлөрч чаддаг. Тиймээс сэтгэл зүйдээ анхаарах нь чухал. Нөгөө талаас хүн байнга хийдэг үйлдэлдээ дадчихсан байдаг. Өөрийн мэдэлгүй л утсаа бариад авдаг. Та үүнийг асуудал гэж харж байгаа болон үүнийг засахыг хичээж байгаа чинь сайн хэрэг. Засах хэрэгтэй гэж ухамсарлаж байна гэдэг нь өөрчлөлт хийх хамгийн эхний алхам. Тиймээс чи эхний алхмаа аль хэдийн тавьсан байна. Үнэхээр утсаа оролдохоо багасгахыг хүсэж байвал өдөрт тодорхой хэдэн цагийг л зарцуулна гэх мэтээр төлөвлөгөө гаргаарай. Мэдээж гэнэт л утсаа бага оролддог болохгүй. Дунд нь төлөвлөсөн цагаасаа хэтрүүлэн оролдох, ер нь болъё, би чадахгүй юм байна, нэг оролдохоороо больж чадахгүй байна гэх мэт мэдрэмжүүд төрнө. Тиймээс тэр үед шантралгүй дахиад л хичээгээд байх хэрэгтэй. Мөн утас ашиглан хийдэг зүйлсээ утасгүйгээр хийх аргуудад суралцаарай. Жишээ нь: Утаснаасаа зураг харж зурдаг байлаа гэж бодоход өөрийн уран сэтгэмж төсөөллөөрөө зурах гэж хичээх, дасгал хийхдээ өмнө нь үзэж байсан бичлэгээсээ санаа авч өөртөө тааруулан хийх гэх мэт. 

Дүүтэйгээ хамтдаа тухайн насанд тохирсон тоглоом тоглоод, шинэ зүйл туршаад үзээрэй. Дүүгийнхээ сонирхдог зүйлийг өөрөөс нь асууж ярилцвал илүү дотно болох болов уу. Өдөр тутамд өөр, өөр зүйл хийх хувиар хамтдаа гаргаад үзээрэй. Дүүгээ загнахгүй, ойлгож, тайван харилцах нь чиний дүүдээ тусалж чадах хамгийн том зүйл юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter