"Ярианы чадвараа хөгжүүлэхгүйгээр дүрмийн чадвараа л сайжруулах гэж хичээх нь үр дүнтэй биш"


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-18

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа хөл хорионы үеэр үе тэнгийнхээ хүүхдүүдэд онлайнаар үнэ төлбөргүй хичээл зааж, өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж буй "Spark" төслийн гишүүд Б.Нандинзаяа, А.Ялгуун, Э.Энхжин нарийг урьж оролцууллаа. Одоогоор 10-р ангид суралцдаг ч өөрсдөөсөө доод, бүр дээд үеийн сурагчдад ч хичээл заадаг мундаг "багш" нартай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань “Spark” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

- А. Ялгуун: Сайн байна уу? “Spark” төсөл маань дунд болон ахлах ангийн сурагчдад онлайнаар, үнэ төлбөргүй хичээл заах сургалтын төсөл юм. Манай сургуулийн 2019 оны төгсөлтийн ах эгч нар зуны амралтаараа Өвөрхангай аймаг руу явж, үеийнхээ сурагчдад англи хэл зааснаар төслийн маань эхлэл тавигдаж байсан. Харин бид энэ жилийн хувьд цаг үеийн байдалтай уялдуулан хичээлээ онлайнаар заах болсон. Эхний ээлжний сургалтаар нийт 5 хичээлийг цахим хэлбэрээр заасан бол хоёрдугаар ээлжийн сургалтаар 3 хичээлийг дан англи хэлээр заасан. 

YOLOОнлайн сургалтынх нь эхний ээлжийн элсэлт дууссан гэж сонссон. Ер нь хэдээс хэддүгээр ангийн хүүхдүүдийг хамруулахыг зорьсон бэ?

- Э. Энхжин: Эхний ээлжинд бид 7-12-р ангийн хүүхдүүдийг сургалтандаа хамруулахаар төлөвлөсөн. Ингээд сонгон шалгаруулалт хийхэд нэг хичээл дээр л гэхэд 300 гаруй хүүхэд бүртгүүлсэн байсан. Тиймээс хичээлээ үр өгөөжтэй байдлаар заахын тулд анги дүүргэлтээ 30-35 сурагчаар сонгон авсан юм. 

YOLOТөслийнхөө хүрээнд ямар хичээлүүдийг заасан бэ?

- Б. Нандинзаяа: Нэгдүгээр ээлжинд англи хэлний анхан болон дунд шат, санхүүгийн суурь мэдлэг, их сургуульд элсэн орох зөвлөгөө, чөлөөт эсээ бичлэг зэрэг 5 хичээл заасан. Харин хоёрдугаар ээлжинд бага ангийн сурагчдадаа ч мөн боломж олгох үүднээс 5-8-р ангийн англи хэл, 9-11-р англи хэл, англи хэлний ярих ур чадвар гэсэн 3 хичээлийг заасан. 


YOLOХичээлд хамрагдах хүүхдүүдээ сонгон шалгаруулалт хийж бүртгэдэг гэсэн. Ямар шалгуур тавьдаг вэ? 

- Э. Энхжин: Хичээл бүр өөр өөрийн гэсэн шалгууртай. Англи хэлний ангийн хувьд тухайн хүүхдийн англи хэлний мэдлэгээс илүүтэйгээр сурах хүсэл эрмэлзэл дээр нь үндэслэн сонгосон. Харин их сургуульд орох зөвлөгөө болон санхүүгийн анги дээр тухайн сурагчийг хувь хүн талаас нь харсан гэж хэлж болно.

YOLOСургалтынхаа хүрээнд хотын сургуульд сурдаг гэхээсээ илүү хөдөө орон нутгийн сурагчдыг хамруулахыг зорьсон гэж сонссон. 

- Б. Нандинзаяа: Тийм ээ. Хөдөө орон нутагт суралцдаг сурагчдын англи хэл сурах боломж бололцоо нь хотын сургуульд сурдаг сурагчдийнхаас бага байдаг шүү дээ. Гэхдээ зөвхөн хөдөө орон нутгийн сурагчид гэхгүйгээр сурах хүсэл эрмэлзэлтэй бүхий л хүүхдүүдийг энэхүү төсөлдөө хамруулахыг хичээсэн. Манай төсөл суръя, мэдье гэсэн хүсэлтэй хүүхэд бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Мөн цаашдаа англи хэлнийхээ ур чадварыг дээшлүүлэх хүсэлтэй Монголынхоо бүх хүүхдүүдийг хамруулахыг зорьж байна.  


YOLOТөслийнхөө эхний ээлжийг дуусгасан гэсэн шүү дээ. Тэгвэл уншигчидтай маань онлайн хичээлийнхээ үйл явцаас хуваалцаач?

- Э. Энхжин: Би англи хэлний анхан шат болон чөлөөт эсээ бичлэгийн ангид багшилсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд маань миний үеийн хүүхдүүд учраас аль болох чөлөөтэй байхыг хичээсэн. Заримдаа багшийн зааж байгааг ойлгохгүй ч яг тэр сэдвийг найзаараа заалгахаар маш хурдан ойлгочихдог шүү дээ. Яг л үүнтэй адилаар найздаа хичээл зааж байгаа юм шиг байдлаар л хичээлээ заадаг байсан. Мөн хичээлээ орохдоо ашигласан "Skype" платформ нь маш олон давуу талтай. Заасан хичээлээ хадгалаад үлдээх боломжтой учраас хичээл орох үеэр завгүй байсан, чөлөө авсан хүүхдүүд дараа нь хичээлээ нөхөөд үзэх боломжтой байдаг. 

YOLOМэдээж та нар өөрсдөө сурагчид болохоор сургуулийнхаа онлайн хичээлд хамрагдаж байгаа байх. Үүний хажуугаар цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

- Б. Нандинзаяа: Мэдээж бага зэрэг хүндрэлтэй байсан. Төслөө эхлүүлэхээс өмнө юунд ч санаа зовохгүйгээр өглөөний 11:00 хүртэл унтаад л, чөлөөт цаг зав ихтэй байсан бол өөрийнхөө хичээлийг хийхээс гадна зөндөө олон хүүхдүүдэд багшилж байгаа болохоор цагт баригдах үе байсан. Харин одоо энэ завгүй цагийн хуваарийнхаа ачаар цагаа төлөвлөж, аль аль ажлаа амжуулж сурсан шүү /инээв/. 


YOLOХичээлийг нь үзсэн хүүхдүүдэд ямар эерэг үр дүн гарсан бэ?

- А. Ялгуун: Англи хэлний хичээлийг сонгон судалсан сурагчид дүрмийн хувьд их алддаг байсан. Бидний зүгээс дүрмийн алдааг нь засаж, анхан шатны мэдлэг олгохыг хичээсэн. Тиймдээ ч одоо сурагчид маань өгүүлбэр зүйн бүтэц, дүрмээ маш сайн ойлгодог болсон. Хамгийн гол нь тэдний маань англи хэл сурах хүсэл нь улам илүү нэмэгдэж, цаашид хэлний чадвараа сайжруулах зөвлөгөө авч байгаа. 

YOLO“Spark” төслийн багийнхны талаар танилцуулаач?

- Б. Нандинзаяа: “Spark” төсөл 16 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг хичээлийг хоёр багш заадаг. Багш нараас гадна 4 гишүүн маркетингийн багт ажилладаг. Маркетингийн багийн гишүүд Фэйсбүүк хуудсаа хөгжүүлж, сонирхсон хүүхдүүдэд сургалтынхаа талаар мэдээ, мэдээлэл өгч, хичээлтэй холбогдолтой постерууд бэлддэг. 

YOLOТөслийн санаагаа сургуульдаа танилцуулахад хэрхэн хүлээж авсан бэ? Төсөлд нь дэмжлэг үзүүлдэг үү? 

- Э. Энхжин: Анх төсөл хэрэгжүүлэх санаагаа танилцуулахад сургуулийн зүгээс их нааштайгаар хүлээж авсан. Сургуулийн захирал маань "Бусдад мэдлэг түгээнэ гэдэг сайхан. Аливаа зүйлийг ганцаараа мэддэг байлаа гээд гайхалтай хүн болчихгүй учраас аль болох бусдад тусалж, сурсан мэдсэнээ хуваалцаж байгаарай" гэж сургадаг юм. Одоогоор сургуулийн зүгээс бидний энэхүү ажлыг их дэмжиж ажиллана. "Микрофон нь ажиллаж байна уу?", "Нөүтбүүк нь болж байна уу?", "Нөүтбүүк нь ажиллахгүй байвал сургуулийн нөүтбүүкийг авч болно шүү" гээд их санаа тавьдаг. 


YOLOХичээлүүдийн ихэнх нь англи дээр явагдаж байгаа гэсэн. Та нарын хувьд англи хэлээ анх хэрхэн сурч байв ?

- Э. Энхжин: Би 1-р ангиасаа хойш энэ сургуульд сурч байна. Бага байхад багш нар маань хичээлээ их хөгжилтэй, сонирхолтой байдлаар заадаг байсан учраас англи хэлийг нэг их зоволгүй сурчихсан гэж боддог. 

- А. Ялгуун: Би одоогийн сургуульдаа 8-р ангиасаа шилжиж ирсэн. Өмнөх сургуульдаа англи хэлийг тодорхой хэмжээнд мэддэг байсан ч одоо хамт сурч байгаа найзууд шигээ мундаг байгаагүй. Тийм болохоор ангийнхаа найзуудтайгаа англиар чөлөөтэй ярьдаг болох юм сан гэж бодоод Youtube хуудаснаас сонирхолтой бичлэг үзэж, ном их уншдаг байсан. 

- Б. Нандинзаяа: Би ч бас 8-р ангиасаа шилжиж ирсэн. Сургуулийн маань багш, сурагчид бүгд л англиар ярьдаг болохоор англи хэлийг хурдан сурсан гэж боддог. Орчин их нөлөөлдөг юм шиг санагдсан.

YOLOХүнд юм заахаар өөрийнх нь мэдлэг ч сайжирдаг гэдэг. Өөрсдөө ч гэсэн өмнө нь мэдэхгүй байсан сэдвээ илүү сайн ойлгох тохиолдлууд ажиглагдаж байна уу?

- Э. Энхжин: Миний хувьд юун түрүүнд цагийн хуваариа сайн төлөвлөж сурсан. Мөн сурагчдадаа хичээл заах явцад өмнө нь ойлгочихсон байсан ч мартсан сэдвүүдээ эргэн санаж, бататгах тохиолдол их гардаг. 

- А. Ялгуун: Харин миний хувьд олон төрлийн хүүхдүүдтэй ажилласнаар аливааг харах өнцөг маань тэлсэн юм шиг санагдсан. Өөрийгөө ч, бусдыг ч сайн ойлгож сурсан гэж хэлж болно.


YOLOИнгээд ярилцлагын төгсгөлд уншигчдад маань англи хэлээ сайжруулах зөвлөгөө өгөөч?

- Э. Энхжин: Дуртай киногоо англи хэл дээр, монгол хадмалтайгаар үзээрэй. Харин дасаад ирэхээрээ англи хэл дээр, англи хадмалтайгаар үзэж хэвшээрэй гэж зөвлөж байна. Үнэхээр үр дүнтэй бөгөөд сонирхолтой арга шүү. Мөн манай нэг сурагч англи дууны үгийг орчуулж, утгыг нь ойлгож авах нь их дүнтэй байсныг хуваалцаж байсан. 

- Б. Нандинзаяа: Болж өгвөл англиар сайн ярьж байгаарай. Эхний ээлжинд буруу, зөв ярих нь хамаагүй учраас толинд харж байгаад өөртэйгөө ч болтугай яриарай. Ярианы чадвараа хөгжүүлэхгүйгээр дүрмийн чадвараа л сайжруулах гэж хичээх нь тийм ч үр дүнтэй биш. 

- А. Ялгуун: Зарим хүмүүс сурах гэж байна гээд хүнд үгтэй ном аваад л үг бүрээр нь орчуулаад суучихдаг. Миний хувьд энэ бол хамгийн үр дүнгүй арга. Тэрний оронд сурах гэж буй хэл дээр чинь бичигдсэн жижигхэн үлгэрийн ном ч юм уу, өөрийнхөө дуртай төрөл жанрын номыг уншиж, кино үзвэл аль ч хэл хурдан сайжирдаг юм шиг санагддаг.

YOLOЯрилцсанд баярлалаа.


#Spark #Сурагчид #Мэдлэг #Амжилт