Бидний биеийг ямар элементүүд бүрдүүлдэг вэ?


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-02

Хүний болон амьтны бие гэдэг гайхалтай цогц систем. Химийн үелэх системийн маш олон элементүүд бидний биед агуулагдаж байдаг. Тэр ч бүү хэл 70 килограмм биеийн жинтэй хүний биед 0.2 милограмм алт агуулагддаг гэнэ. Ингээд бидний биеийг чухам ямар элементүүд бүрдүүлдгийг мэдэж авцгаая. 

Бидний биед байгаа ихэнх элементүүд органик болон органик бус химийн нэгдэл хэлбэрээр агуулагддаг. Ус болон эрдэс бодисууд нь органик бус нэгдлүүдийн ихэнх хувийг, харин өөх тос, уураг, нүүрс ус зэрэг нь органик нэгдлүүдийг бүрдүүлдэг ажээ.

  • УС: Ус бол хүний биед хамгийн их хэмжээгээр агуулагддаг химийн нэгдэл юм. Бидний биеийн 60-65 орчим хувийг ус эзэлдэг. Мөн бищийн эс бүрийн 65-90 хувийг энэхүү нэгдэл эзэлдэг бөгөөд эсүүдийн хооронд ч мөн агуулагддаг аж. Ус бол яалт ч үгүй бие дэх хамгийн чухал элемент билээ.
  • ӨӨХ ТОС: Одоо цагт хүн төрөлхтөнд тулгараад буй хамгийн том аюулуудын нэг бол таргалалт. Гэвч бие махбод маань өөх тосгүйгээр эрүүл оршин байх боломжгүй юм. Эрүүл эрэгтэй хүний биеийн жингийн 8-19 орчим хувийг өөх тос эзэлдэг бол эрүүл эмэгтэй хүний биеийн 21-33 орчим хувийг өөх тос эзэлдэг байна.

  • УУРАГ: Уураг бол мөн л хүний биеийн хамгийн чухал нэгдлүүдийн нэг. Уургийн тусламжтайгаар бид биед нэн шаардлагатай энзим, гормон болон бусад химийн нэгдлүүд үүсдэг. Хүний биеийн массын 16 хувийг уураг эзэлдэг бөгөөд булчин болон арьсанд их хэмжээгээр агуулагддаг. Үс болон хумсанд ч уураг агуулагддаг ажээ.
  • ЭРДЭС БОДИСУУД: Бидний биед нийт 102 төрлийн эрдэс бодис байдаг бөгөөд эрдэс бодис тус бүр өөрийн гэсэн онцгой үүрэгтэй. Кальци нь шүд болон ясыг бэхжүүлэн, булчингийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бол натри нь бие дэх шингэнийг тэнцвэржүүлдэг байна. Энэ мэтчилэн маш олон төрлийн эрдэс бодисууд бие махбодын үйл ажиллагаанд оролцдог. Хүний биеийн 6 хувь нь эрдэс бодис байдаг бөгөөд ихэвчлэн давс хэлбэрээр агуулагддаг аж.
  • НҮҮРС УС: Бид биед шаардлагатай энергийн ихэнх хувийг нүүрс усаар дамжуулан авдаг байтал биеийн маань ердөө ганцхан хувийг л энэхүү элемент эзэлдэг гэдэг итгэмээргүй хэрэг шүү. 

Энэ мэтчилэн маш олон төрлийн химийн нэгдлүүд бидний биед агуулагддаг. Харин химийн элементээр нь харж үзвэл үелэх системд буй 188 элементээс ердөө 6 нь л бидний биеийн массын 99 хувийг бүрдүүлдэг ажээ.

  • ХҮЧИЛТӨРӨГЧ: Нийтлэлийнхээ эхэнд биеийн 60-65 орчим хувийг ус эзэлдэг талаар дурдсан шүү дээ. Усны массын 90 орчим хувийг хүчилтөрөгч эзэлдэг тул энэ нь хүний биед хамгийн их хэмжээгээр агуулагддаг элемент болж таарах нь. 
  • НҮҮРСТӨРӨГЧ: Нүүрстөрөгч бүхий л органик нэгдлүүдийн найрлагад оролцдог учир хүний биед их хэмжээгээр агуулагддаг элементүүдийн хоёрдугаарт жагсдаг байна. Биеийн массын 18 хувийг эзэлдэг энэхүү элемент уураг, нүүрс ус, өөх тос болон нуклеин хүчлүүдийг үүсгэдэг.
  • УСТӨРӨГЧ: Устөрөгч нь яг л хүчилтөрөгчтэй адил усны найрлагад оролцдог тул биеийн массын 10 хувийг эзэлнэ. Үүнээс гадна электроныг дамжуулдаг чухал элемент юм.

  • АЗОТ: Ихэнх органик нэгдлүүд нь устөрөгч, хүчилтөрөгч болон нүүрстөрөгч агуулдаг. Харин бидний удамшлын мэдээллийг хадгалдаг дезоксирибонуклейн хүчлийн (ДНХ) найрлагад азот оролцдог юм. Иймд бидний биед 3.3 орчим хувийн азот агуулагддаг. Мөн азот нь агаарын 79 орчим хувийг бүрдүүлдэг аж.
  • КАЛЬЦИ: Кальци нь хүний биед хамгийн их хэмжээгээр агуулагддаг металл бөгөөд биеийн 1.5 хувийг бүрдүүлдэг. Маш олон төрлийн үүрэгтэй энэхүү металлыг бид сүү, сүүн бүтээгдэхүүн болон ногоон ургамлуудаас авах боломжтой.
  • ФОСФОР: Биеийн массын 1 хувийг эзэлдэг энэхүү элемент нь бие махбодын өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн нуклеин хүчилд агуулагддаг.

БИДНИЙ БИЕД БҮХ ЭЛЕМЕНТҮҮД АГУУЛАГДДАГ УУ?

Хүний биеийн 99 хувийг зургаан (хүчилтөрөгч, устөрөгч, азот, кальци, фосфор, нүүрстөрөгч) элемент харин үлдсэн хэсгийн ихэнх буюу 0.85 хувийг таван (кали, натри, хүхэр, хлор, магни) элемент эзэлдэг байна. Гэсэн хэдий ч хүний биед үелэх системд буй 118 элементийн синтезийн аргаар гаргаж авдаг элементүүдээс бусад нь маш бага хэмжээгээр оршин байдаг ажээ. Ингээд бодохоор амьд биет гэдэг гайхалтай зүйл шүү.

Эх сурвалж: Health Magazine

#Хүний бие #Факт