Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бусад хүүхдүүд шиг төсөөлөөд, хүсээд байгаа зүйл алга
Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. 9-р ангиа төгссөн. Би өөр сургууль руу шилжвэл энэ нь манай найзуудад болон надад хэрхэн нөлөөлөх талаар лавлах гэсэн юм. Би 6-р ангиасаа энэ сургуульд шилжиж ирсэн. Манай гэр энэ хавьд байдаг болохоор ээж аав маань шилжүүлсэн юм. Тэр үед би найздаа шилжих талаараа хэлээгүй болохоор найз маань маш их гомдсон.
Хоёрдугаарт гэвэл би мэргэжлээ сонгож чаддаггүй ээ. Хүмүүс, сургалтын төвүүд дандаа л өөрийнхөө хүсэл, сонирхлоороо сонго гээд байх юм. Гэхдээ надад бусад хүүхдүүд шиг төсөөлөөд, хүсээд байгаа мөрөөдөл, зорилго байхгүй болохоор их гайхаж байна. Тэгээд нэлээн удаан хугацааны туршид бодож байж хоёр сонголтыг өөртөө тавьсан. Хими үү эсвэл нийгмийн ухаан уу гэдэгт маш их эргэлзэж, сүүлдээ толгой гашлах шиг л болж байна. Ирээдүйд эрэлттэй гэх чиглэлийг сонгомоор байгаа ч... Би химийг сонговол ирээдүйд энэ хэцүү хичээлийг яаж сурах бол гэхээс маш их айж байна. Бас гоо сайхны мэс засалч болъё гэж бодсон ч нэг л зориг дутаад ирээдүйд гарч болох хохирлоос айгаад ч байгаа юм шиг. Хариуцлагаас айж буй энэ айдсыг би яаж даван туулах ёстой вэ? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хэцүү хичээлийг ойлгох боломжтой
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сургуулиа солих, өөр сургууль руу шилжих нь чиний сонголт. Энэ талаараа мэдээж найзууддаа хэлж, тэдэнтэй ярилцсан нь зөв. Шилжсэн тохиолдолд хэрхэн холбоотой байх, хэзээ уулзалдаж болох талаар ярилцаарай. Хэн хэнийхээ сэтгэлийг бэлдэнэ гэсэн үг.
Өсвөр насны ихэнх хүүхдүүд өөрийн сонирхлыг тэр бүр нээж олоогүй байдаг. Ахлах ангид сурч байгаа дийлэнх хүүхдүүд мэргэжил сонголтын эргэлзээтэй байдалтай нүүр тулдаг. Эцсийн сонголтондоо анхаарахаас илүүтэй үйл явцдаа анхаараарай. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноо авч байж олон мэргэжил сонгох сонголттой болдог. Нийгмийн ухаан болон химийнхээ хичээлдээ аль алинд нь сайн бэлдэх нь зөв болов уу? Заавал нэг хичээлийг сонгоод нөгөөг нь орхих хэрэггүй.
Бид яагаад байгалийн шинжлэх ухаан болон хатуу шинжлэх ухааны хичээлүүдээс айдаг вэ? Олон хүүхдүүд хими, физик, математикийн хичээлдээ дургүй байдаг. Хүнд хэцүү, ойлгохгүй байна гэсэн шалтгаанаас болж өөр өөртөө хаалт үүсгэдэг. Би чадахгүй, ойлгохгүй байна гэж бодох үед, тархи энэхүү дохиог хүлээж аваад биднийг залхуурлын байдал руу шилжүүлдэг. Тиймээс эхний ээлжинд энэ бодлын алдаанаасаа салахыг хичээх хэрэгтэй. Хичээл гэдэг бол бидний ой тогтоолттой салшгүй холбоотой. Давталтын хэмжээ их байх тусам бид ямар ч зүйлийг удаан хугацаанд санаж чадна. Хичээлээ хийх давтамж бага бол чи тухайн хичээлээ ойлгохгүй эсвэл ойлгосон ч хурдан мартана гэсэн үг. Тиймээс хичээлээ өдөр бүр тогтсон цагт давтаж хийвэл чи ямар ч хэцүү хичээлийг ойлгож, цааш сурч чадна. Чамд амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Ээж маань намайг үнэлэхээ больсон
Одоогоос 3 сарын өмнө би би байхаа больсон мэт мэдрэмж төрдөг болсон. Яг л өөрийгөө алдчихсан мэт. Өөрийгөө үнэлэхээ больж эхэлсэн. Гэтэл үүн дээрээс ээж маань намайг үнэлэхээ больж эхэлсэн нь надад маш хүндээр туссан. Хэнтэй юу ч ярьмааргүй. Чимээгүй байх тусам ээжээс "энэ нэг балайрчихсан юм чинь үхсэндээ дуугаа хураагаад байгаа юм", "үнэнийг нь хэлэхэд юунд нь уурладаг юм? утас харсаар байгаад сэтгэцийн эмгэгтэй болоод галзуурчихсан байна" гэх зэрэг сэтгэл өвтгөм үгсийг байнга л сонсох болсон.
Өөрийгөө яаж ойлгуулахаа мэдэхгүй, яг юу нь болохгүй байгааг мэдэхгүй би шөнө бүр орондоо өөрийн мэдэлгүй уйлчихдаг болсон. Унтаж чадахгүй сэтгэлд дотор юм тээглэчихсэн юм шиг мэдрэмж төрж бүх зүйлээс айж эхэлсэн. Би их эмзэг болж уйлахааргүй юман дээр хүртэл ихэр татан уйлж уур уцаар ч ихтэй болсон. Шөнө бүр унтаж чадахгүй эсвэл хар дарж зүүдэлдэг, үргэлж хүнд алуулж байна гэж. Үргэлж хайртай хүмүүсийнхээ гарт амиа алдаж байна гэж зүүдэлдэг болчихсон. Айж байна. Үнэндээ аав ээж хоёр маань миний хүсэл тэмүүллийг дэмжиж байгаагүй. Би уг нь ээжийнхээ сайн охин нь байхыг маш их хичээсэн ч би үргэлж муу охин нь байж. Байхгүй байсан бол сайхан гэсэн. Амиа хорлох бодол байнга л бодолд орж ирдэг. Би л байхгүй байвал хэн нэгэн шаналахгүй бас зовохгүй илүү сайхан байх байх гэж үргэлж боддог болсон. Сэтгэл гутрал гээч нь энэ юм болов уу? Би амьдармаар байгаач амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Уйлах нь мэдрэмжээ гаргах нэгэн арга
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.
1. Мэдрэмжээ битгий нуугаарай. Чиний дотор гадагшилж чадахгүй байгаа мэдрэмж байгаа болохоор уйлах гээд байгаа байх. Уйлах гэдэг нь мэдрэмжээ гаргах нэгэн арга бөгөөд үүнд санаа зовох зүйл байхгүй.
2. Бодол, мэдрэмжээ ажиглах мөн сөрөг бодлоо засахыг хичээх. Сөрөг бодлууд биднийг аливааг бодитоор хүртэхээс холдуулж байдаг. Яг л хар линз зүүчихсэн юм шиг болгодог. Сөрөг бодол их байгаа болохоор амиа хорлох бодол орж ирээд байгаа байх. Эерэг ч бай сөрөг ч бай ямар ч бодлууд гинжин холбоо шиг байдаг. Тэгэхээр өөрийн бодлын урсгалаа ажиглах хэрэгтэй бөгөөд би өдөрт хэр их эерэг зүйл бодож байна? Би хэр их сөрөг зүйл бодож байна? Гэдгээ ажиглах хэрэгтэй. Яг л зурагт үзэж байгаа юм шиг юу бодоод байдгаа хөндлөнгийн хүн шиг ажиглаарай. Бас ямар мэдрэмж төрж байна гэдгээ ажиглаарай. Уурлаж байна уу? Гомдож байна уу? Гомдох үед биед ямар мэдрэмж төрж байгааг мөн ажиглаарай. Цээж халуу дүүгэж байна уу? Толгой эргэж байна уу? Бодол, сэтгэл, мэдрэмжээ ажиглаад л байвал чи өөрийгөө ойлгодог болно. Мэдээж энэ тийм амар зүйл биш.
Дараах хүснэгтийг ашиглаад өдөр бүр төрсөн мэдрэмжүүдээ дүгнээд давтамжийг нь гаргаж байгаарай:
Дараа нь сөрөг бодлуудаа бодит буюу эерэг болгоход анхаарах. Өөрөөр хэлбэл бодлын алдаагаа зориудаар засах нь зөв. Яг нэг боддог загвараараа л бодоод байвал сэтгэл, мэдрэмж чинь өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл бидний сэтгэл, мэдрэмж бидний бодлын үр дүн байдаг юм. Өөртөө хатуу шаардлага тавих хэрэггүй юм шүү. Бид төгс байх албагүй, тийм ч байх боломжгүй.
3. Эцэг эхтэйгээ ярилцахаас битгий төвөгшөөгөөрэй. Магадгүй чи ярилцахыг хүсэхгүй байгаа байх. Өөрийн бодлоо хэлсэн ч үгийг минь үл ойшоох байх гээд, хаалт үүсгэсэн байгаа болов уу. Өөрт төрөөд байгаа мэдрэмжийг нууснаар асуудал шийдэгдэхгүй. Өөрийн бодол мэдрэмж, сэтгэл санааг тайвнаар ойлгуулж сурах нь ямар ч үед хэрэг болох дадал юм шүү.
Хэрвээ эдгээрийг бие дааж хийхэд хэцүү, ойлгохгүй зүйл гарвал сэтгэл зүйчид биечлэн хандаж зөвлөгөө аваарай. Үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Шинэ найз залуугаа сонгох уу? Хуучинтайгаа үлдэх үү?
Сайн байна уу? Танай хамт олонд талархаж явдгаа юун түрүүнд хэлмээр байна. Би өмнө нь 3 удаа захидал илгээсэн л дээ. Эхлээд ганцаардлын асуудлаараа хандсан. Дараа нь хамаатандаа дурласан талаараа хандсан. Хамгийн сүүлд найзынхаа асуудлаар хандсан. Харин одоо би хайр дурлалын асуудлаараа хандахаар шийдлээ.
Би 13 настай 7-р ангийн охин. Хөл хорионы улмаас гэртээ үлдээд их уйддаг болсон л доо. Найз банди маань ч амралтын үеэр хөдөө явчихдаг болохоор их уйдаад байсан. Найз банди маань надаас 1 насаар ах. Бид хоёр жилийн өмнө танилцаж, үерхсэн. Дунд нь салж нийлж, хаягдаж, уйлж, шаналж их л олон зүйл болсон. Тийм болохоор хэчнээн өөр хүнд сайн болсон ч салж чаддаггүй. Эргээд л санаад нийлчихдэг. Тэр минь намайг хаяж шархлуулсан боловч эргээд надаас уучлалт гуйгаад бид нийлсэн. Надаас дахиж урваагүй жил болсон.
Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон учир найз банди маань хөдөө явчихсан. Өнгөрсөн сард хэсэгхэн ирээд л буцсан. Би ч түүнийгээ хүлээж, санаж байлаа. Тэгж байтал түүний эгчийнх нь хуучин найз банди надтай танилцахыг хүссэн юм л даа. Эхлээд би зүгээр л найзууд болохыг хүссэн гэж бодсон. Гэхдээ тэр надад таалагдсаныг нуугаад яахав. Хэдэн долоо хоног чаталсны дараа бид нэг л мэдэхэд үерхсэн. Би хэдий найз бандитай хайртай ч хөдөө явсан хойгуур нь өөр бандитай үерхчихсэн. Шинэ найз банди маань надаас 3 насаар ах. Найз банди маань 6-р сар гаргаад хөдөөнөөс ирнэ. Миний Фэйсбүүкийн кодыг мэддэг болохоор шинэ найз банди бид хоёрын чатыг харж л таараа. Шинэ найз бандидаа би учраа хэлсэн л дээ. Тэгэхэд намайг өөрөө л сонголтоо хий гэж хэлсэн. Би одоо ч сонголтоо хийж чадахгүй л байна. Та бүхнийг надад сонголтоо хийхэд минь туслаасай гэж хүсэж байна л даа. Би ерөнхийдөө хуучин найз бандиасаа салаад шинэ найз бандитайгаа бүхнийг шинээр эхэлдэг юм билүү л гэж бодож байна. Гэхдээ би найз бандиасаа хэрхэн салж, юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна.
1. Хуучин найз банди маань дандаа зүрхтэй эможи явуулдаг, их халамжтай, нялуун талдаа л даа. Удаан үерхсэн болоод ч тэр үү чатлах ч зүйлгүй, "юу хийж байна" гээд л дуусчихдаг. Тэр маань CS:GO гэдэг тоглоом тоглодог болохоор намайг ч нээх тоохгүй, "би тоглолоо шүү. Түр баяртай" гээд л гарчихна.
2. Шинэ найз банди маань зүрхтэй эможи явуулдаггүй, хайртай гэж дандаа хэлдэг ч хэт их халамжилдаггүй. Нялуун байх ер нь их дургүй. Өдөржин ажил хийж байгаад орой нь хэсэгхэн л надтай чатлахын тулд Фэйсбүүкдээ орж ирдэг.
Би аавыгаа таньдаг ч үгүй болохоор намайг өөр хөвгүүдээс эрэгтэй хүний хайр халамжийг хүсээд байдаг хандлагатай байна гэж өмнөх захидалд минь хэлж байсан. Тийм болоод ч тэр үү хуучин найз бандийнхаа халамжийг авч чадахгүй байсан болохоор өөр хүнтэй үерхчихсэн байх.
Миний захидлыг уншигч та намайг хэнтэй нь үерхвэл дээр гэж бодож байна вэ? Нэгэнтэй нь үерхчихвэл нөгөөд нь юу гэж хэлэх вэ? Гомдоочих вий гэж айж байна. Намайг юу гэж хэлэхийг зөвлөөд өгөөч? Гуйя.
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч шалтгаан хэлэхгүйгээр харилцаагаа төгсгөх нь нөгөө хүнээ зовооно
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайр дурлал, үерхлийн харилцаанд ингэ, тэг гэсэн тодорхой зааварчилгаа байхгүй. Захиан дээр найз залуудаа хайртай болохоор өөр хүнд сайн байсан ч буцаад хуучин найз залуутайгаа нийлдэг гэсэн байна. Энэ удаад өөр хүнтэй үерхлээ гэхэд өмнөх үйл явц дахин давтагдахгүй гэсэн баталгаа байгаа юу? Одооны үерхлээ тогтвортойгоор авч явж чадах уу? Эцсийн шийдвэрийг дан ганц чи гаргахгүй бөгөөд хосын харилцаанд үргэлж хоёр талын шийдвэр хэрэгтэй байдаг. Ямар ч шалтгаан хэлэхгүйгээр хосын харилцаандаа төгсгөл тавих нь нөгөө хүндээ сэтгэлийн шарх өгөх эрсдэлтэй байдаг тул бие биетэйгээ ярилцаж байж харилцаагаа дуусгах нь зөв.
Баяртай гэж хэлэх нь маш чухал. Яагаад баяртай гэж хэлэх хэрэгтэй вэ? Бид хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай байж байгаад гэнэт болих үед ямар нэгэн үнэт зүйлээ алдаж байгаа юм шиг санагдаж, сэтгэлийн шархтай хоцордог. Энэ хүсэх зүйл биш бөгөөд яагаад өөрөөс нь холдож байгаа вэ, гэдгийг хэлэхгүйгээр харилцаагаа дуусгах нь цаашид ч бие биетэйгээ тааралдах үед тун эвгүй байдлыг бий болгодог. Хуучин найз залуугынхаа зан чанарыг хэн бүхнээс илүүтэйгээр чи мэдэж байгаа тул түүнд юу гэж хэлэхээ чи л бодож шийдэх юм. Чамд амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх