Хөдөлмөр засалч болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-05-30

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ

Та ямар мэргэжил сонгохоос шалтгаалан ирээдүйд хэн болж, хэрхэн амьдрах тань шийдэгдэх тул мэргэжил сонголт гэдэг бид бүгдийн амьдралд тохиох хамгийн чухал сонголтуудыг нэг байдаг. Муухай мэргэжил гэж байдаггүй. Гагцхүү хүний хувийн онцлог зан чанар, сонирхолд тохироогүй мэргэжил л гэж байдаг. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс мэргэжлээ хараахан сонгож амжаагүй сурагчдадаа зориулан мэргэжил сонголтын тухай цуврал нийтлэлүүд бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх дугаарт маркетингийн менежер мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл бэлтгэсэн бол энэ удаад хөдөлмөр засалч мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл хүргэж байна. 

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар хөдөлмөр засал нь 2019 оны хамгийн сайхан 50 мэргэжлийн 4-р байранд орж, жилдээ 74,000 ам.долларын цалин авдаг, 2018-2028 он хүртэл хамгийн хурдтайгаар буюу 18 хувиар өсөх мэргэжил гэж тогтоожээ. Хэрвээ та хүний бие хэрхэн ажилладаг талаар сонирхдог, мөн бусдад туслах дуртай нэгэн бол энэхүү мэргэжлийг сонирхоод үзээрэй.

Өөрийн сонгох гэж буй мэргэжлийнхээ талаар судалгаа хийх нь цаашид уг мэргэжлээр тогтвортой ажиллах, хэрхэн өсөж дэвших талаарх мэдлэгтэй болоход том гүүр болж өгдөг. Тийм ч учраас та мэргэжлийнхээ ажлын байрны тодорхойлолт, шаардлагатай ур чадвар, эрэлт хэрэгцээ зэргийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй.

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Хүмүүс цаг наргүй ажилласнаасаа болж өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихаа мартчихдаг. Энэ үед хөдөлмөр засалчид хүмүүсийн хөдөлмөрийн тэнцвэртэй байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, амьдралын эрүүл хэв маягт сургадаг. 

Мөн өвчин эмгэг, осол гэмтлийн улмаас ямар нэг хөдөлмөрөө хийж чадахгүйд хүрч, бусдын тусламж дэмжлэг авах, цаашлаад хэн нэгний асаргаанд ороход хүрсэн бүх насны хүмүүст хөдөлмөрийн гүйцэтгэлд нь тусламж үзүүлдэг. 

Хөдөлмөр засалчид дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Төрөл бүрийн өвчтөнүүдтэй ажиллах бөгөөд олон удаагийн давтамжтай уулзаж, удаан хугацаанд эмчилгээ хийх
  • Өвчтөнүүдэд оношилгоо хийх, нөхцөл байдлын үнэлгээ хийх
  • Өвчтөнд тохирсон дасгал хөдөлгөөний хөтөлбөр боловсруулах
  • Өвчтөнийг эмчлэх, хянахдаа зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх
  • Жишээ баримтаа тэмдэглэж авах, мэдээллээ цуглуулах
  • Эмч, нийгмийн ажилтан зэрэг бусад мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох, өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл солилцох
  • Өвчтөнийг эмчлэхийн тулд сүүлийн үеийн техник технологийн талаар судалгаа хийж, ашиглах
  • Дадлагын оюутан болон залуу хөдөлмөр засалч нарт зөвлөгөө өгөх, хяналт тавих
  • Эмнэлзүйн эрсдэлийг удирдах, тооцоолох
  • Өвчтөний харилцаа, танин мэдэхүйд гарсан асуудлуудыг дүгнэж, таарах эмчилгээг хийн, харилцааны чадварт сурахад туслах

ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД

Хөдөлмөр засалч хүнд дараах мэргэжлийн ур чадварууд байх шаардлагатай. Үүнд:

  • Харилцааны өндөр ур чадвартай байх. Өөрийн үг яриандаа анхаарахаас гадна өвчтөндөө ойлгогдохоор ярьж сурах
  • Өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүдтэй эелдэг найрсаг харилцах чадвартай байх
  • Эрүүл мэндийн салбарын бусад мэргэжилтнүүдтэй үр дүнтэйгээр хамтран ажиллахын тулд багаар ажиллах чадвартай байх
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Тэвчээртэй, хянуур, хүлцэнгүй байх
  • Зохион байгуулах болон удирдах чадвартай байх
  • Бусдыг урамшуулах, зовлонг нь ойлгодог, хийж буй зүйлдээ тууштай байх
  • Өвчтөнүүддээ анхаарал халамж тавих
  • Цагаа зөв төлөвлөх, товлосон хугацаандаа ажлаа гүйцэтгэх чадвартай байх

АЖИЛЛАХ ЦАГ

Хөдөлмөр засалч нь бусад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй харьцуулахад харьцангуй бага цагаар ажилладаг. Долоо хоногт дунджаар 37.5 цаг ажиллах бөгөөд үүнд амралтын өдрүүд багтана. Бага цагаар ажиллах тул чөлөөт цагаараа цагийн ажил хийх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх зэрэг давуу талуудтай. 

БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ

Дэлхийн ихэнх улсад хөдөлмөр засалч мэргэжлээр ажиллахын тулд их сургуулиа дүүргэхээс гадна улсынхаа хөдөлмөр заслын нийгэмлэгээр бакалаврын зэргээ баталгаажуулсан байх шаардлагатай байдаг. Мөн зарим улсад нэмэлт сургалт, курсуудэд суух шаардлагыг тавьдаг.

Харин Монгол улсын хувьд 2020 оны байдлаар хөдөлмөр засалч мэргэжилтнийг зөвхөн АШУҮИС-д бэлдэж байгаа аж. Тус сургууль нь дэлхийн хөдөлмөр заслын холбоонд магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд болох Япон улсын Гунма их сургууль, Швейцар улсын Цүрихийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулиудтай хамтран ажиллаж Монгол улсад хөдөлмөр засалчдыг бэлтгэдэг байна. 

АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ

Дээр дурдсанчлан хөдөлмөр засалч мэргэжилтэй хүмүүс маш олон салбарт ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй боловсролын байгууллага болох сургууль, цэцэрлэг, тусгай хэрэгцээт хүүхдийн байгууллага, нийгмийн хамгааллын байгууллагууд болох сэргээн засах хөгжлийн төвүүд, асрамжийн газруудад ажиллах боломжтой байна. 

Монгол улсын хувьд халдварт бус өвчин нийт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог. Үүний дотор хөдөлмөр засалчийн тусламж зайлшгүй шаардагдах зүрх судасны эмгэг, осол гэмтэл эхний байруудад байгаа нь энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ манай улсад маш их байгааг харуулж байна. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо зуу гаруй мянга болж байхад тэдний дунд хөдөлмөр эрхлэгчид ердөө хоёрхон хувийг л эзэлдэг. Тиймээс хөдөлмөр заслыг эрчимтэй хөгжүүлснээр бусдын асаргаанд байдаг хүмүүсийн тоо эрс цөөрч нийгмийн баялаг бүтээгчдийн тоо нэмэгдэх боломжтой юм. 

КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ

Туршлага хуримтлуулах тусам карьер тань илүү тодорхой болж эхэлнэ. Тиймээс та өөрийн сонирхолдоо тулгуурлан нарийн мэргэших хэрэгтэй. Жишээ нь дараах чиглэлүүдээс сонгох боломжтой юм. 

  • Зүрх судасны болон уушгины эмчилгээ
  • Цахилгаан болон гэр эмчилгээ
  • Хүүхдийн хөдөлмөр засалч
  • Спортын хөдөлмөр засалч
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
  • Өвчин намдаах эмчилгээ
  • Нурууны өвдөлтийн эмчилгээ

Мөн та эмнэл зүйн бус үүрэг гүйцэтгэх боломжтой. Жишээлбэл, бодлого төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, төсөв зэргийг хариуцаж болохоос гадна их сургуульд багшлах, судалгаа хийх боломжтой.

Хөдөлмөр засалч мэргэжил нь салбартаа чамгүй нэр хүндтэй мэргэжлийн тоонд ордог. Мөн энэ мэргэжлийг сонгосон хүмүүс мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэд хэн нэгний амьдралд эерэг өөрчлөлт бий болгодог хүмүүс шүү дээ.

Эх сурвалж: Career Addict

#Эрэлттэй мэргэжил #Хөдөлмөр засалч