COVID 19-ын ЭРГЭН ТОЙРОНД: Тандалт, судалгаа


Цэцээ | YOLO.MN
2020-05-20

Хятад улсын Хубэй мужийн Үхань хотод үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаатай төстэй шинэ төрлийн халдвар 2020 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн билээ.  Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирус дэлхийн 215 улс орон, бус нутагт тархсан бөгөөд нийт 4.5 сая хүн энэхүү вирусийн халдвар авч, 305 мянган хүн нас баржээ.

Үүнтэй холбоотой дэлхийн эрдэмтэн судлаачид шинэ төрлийн вирусийн судалгаа, шинжилгээ хийж вакцин гаргаж авахаар ажиллаж байна. 

Сүүлийн үеийн тандалт, судалгааны талаарх мэдээллийг хүргэе.

1. БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлгийн судлаачид Ковид-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэхдээ судлаачид коронавирус бэлгийн замаар дамжин халдварладаг эсэхийг цаашид судлах шаардлагатай гэжээ.

2. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаачид Ковид-19-тэй 1376 өвчтний 58.9%-ийн эмчилгээнд гидроксихлорокин хэрэглэж энэ нь нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

3. Жонс Хопкинсийн инженерийн болон нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хамтран тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн өвчлөлийг Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй холбон эрсдэл тодорхойлох "COVID Control" аппликэйшн зохиожээ. Хэрэглэгч аппликэйшнд биеийн температур, шинж тэмдгийн мэдээллийг өдөр бүр оруулснаар программ бүртгэн, зурагжуулж коронавируст халдварын шинэ болон сэжигтэй тохиолдлыг илрүүлдэг болжээ.

4. БНХАУ-ын Чунчан хотын эмнэлгээс эдгэрч гарсан 6 хүнд лабораторийн шинжилгээгээр дахин коронавирус илэрчээ. Эдгээр хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг бөгөөд ойрын хавьтлуудад коронавирус илрээгүй байна.

5. Бельги улсад Ковид-19-өөр өвдсөн 26 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйгээс 960 гр жинтэй төрсөн нярайгаас 7 хоногийн дараа коронавирус илэрчээ. Ээж 21 хоног, хүүхэд 14 хоногийн дараа эдгэрсэн байна. Тиймээс хүүхэд харьцангуй хурдан эмчилгээ авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

6. “Northwestern” их сургуулийн судлаачид Америк, Хятад, Франц, Герман, Итали, Иран, Солонгос, Испани, Швейцарь, Их Британи улсын коронавируст халдварын улмаас нас барсан хүмүүсийн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийхэд Итали, Испани, Их Британи улсын өвчтнүүдэд Д аминдэмийн хэмжээ бага байжээ. Тиймээс судлаачид Ковид-19-ийн нас баралтад Д аминдэмийн дутагдал нөлөөтэй байх магадлалтай гэж үзжээ.

7. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид COVID-19 өвчний явцад нөлөөлж болох таван хүчин зүйлийг нэрлэжээ.
Үүнд:

  • Вирусийн хэмжээ: вирусийн тоо бага байгаа үед шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн өвчлөл илэрдэг бол их хэмжээний вирус нь дархлааны системд хүчтэй нөлөөлж улмаар илүү ноцтой хүндрэл үүсгэдэг.
  • Генетик: хувь хүний удамшлын онцлог нь халдварт өртөх эрсдэлд нөлөөлнө. Хүлээн авах эсийн гадаргуугийн бүтэц нь хүн бүрт харилцан адилгүй, өвөрмөц шинж чанартай байдаг. Тухайлбал, зарим хүний эсийн гадаргууд уураг бага байвал Ковид-19-ийн халдварт тэсвэртэй байж болох юм гэжээ.
  • Халдвар дамжих зам: ханиах, найтаах үед агаарт цацагдсан дуслуудаар амьсгалах болон бохирлогдсон гадаргууд хүрэх замаар вирусийн халдвар авах нь өвчний явцад нөлөөлж болно.
  • Вирусийн хоруу чанар: коронавирусийн хоруу чанар ихтэй омог нь эд эсийг гэмтээж, дархлаа сулруулан өвчний явцыг хүндрүүлнэ.
  • Дархлааны байдал: өмнө нь халдварт өвчнөөр өвдсөн эсэх нь коронавируст халдварын үед үзүүлэх бие махбодийн хариу үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эдгээр хүчин зүйл нь хүн бүрт ялгаатай тул халдвар авсан хүний өвчний явц, тавилан хэрхэн өрнөхийг таамаглах аргагүй. Тиймээс коронавирус халдвар авсан ихэнх хүн хөнгөн хэлбэрээр өвчилнө гэж үзэж байгаа хэдий ч хэнд ч эрсдэл учирч болзошгүйг цартахлын аюул гэж судлаачид онцолжээ.

АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮЖ, ГАРАА САЙН УГААЖ БАЙГААРАЙ.

Эх сурвалж: ЭМЯ

#коронавирус #covid