Найзтай болоход чинь туслах 10 зөвлөгөө


Сондор | YOLO.MN
2016-04-08

Бид ихэвчлэн найзтай байхыг л боддог ч найзтай болохын зэрэгцээгээр өөрөө сайн найз байхад анхаарах ёстой байдаг.

Найз нөхөдгүй юм шиг санагдаж эсвэл найз нөхөдтэй байсан ч тэдэнтэйгээ нэг л эвтэй биш, үл ойлголцол үүсэж харилцаанд чинь ямар нэгэн асуудал байгаа мэт санагдаж байвал чамд дараах зөвлөмж тус болно гэдэгт итгэлтэй байна.

Чи өөрөө найз бол
Найзыг багын найз, байрны найз, ангийн найз, үй зайгүй найз, фэйсбүүк найз гээд л ангилж болох юм. Хэрэв чи найзтай болмоор байгаа бол эхлээд өөрөө жинхэнэ найз бол. Нэг үгээр чи ямар найзтай болмоор байна, хүсээд байгаа найзын шинж чанарыг өөртөө эхлээд бий болго, өөрөөсөө эхэл.

Өөрийнхөөрөө бай
Хүн бүр л дахин давтагдашгүй цорын ганц гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэн нэгнийг дуурайн дүр эсгэх, дуурайн хувцаслаж цаашлаад бүр инээдийг нь хуулбарлах гэж бүү хичээ. Хатуухан сануулахад энэ нь маш өрөвдмөөр арга юм шүү. Чи өөрийнхөөрөө байвал өөртөө илүү итгэлтэй байх болно.

Бусдад тусал
“Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байсан нь дээр” гэдэг дээ. Найз гэх ойлголтыг тус дэмтэй шууд холбон ойлго. Чиний тусламж хэн нэгэнд хүрч байна гэдэг нь чи найзтай болох баттай алхмаа хийж байна гэсэн үг. Хүнд тус дэм хэзээ ч илүүддэггүй. Харин “чамд би тэр үед тэгж тусалсан одоо чи надад тусал” гэсэн хариу нэхсэн хандлагаар хэзээ ч найзтай болохгүй гэдгийг санаарай.

Хүндлэлтэй ханд
Замагтай нууранд загас олон, зан сайтай айлд зочид олон гэж нэг гоё зүйр үг байдаг. Тэгэхээр чи хэдий чиний сайхан зан чанартай байна, төдий чинээ найз нөхөд олонтой байна. Би зөвхөн түүнтэй л найз гээд ганцхан хүнд сайхан аашаа гаргаад, бусадтай муухай харьцаад байх юм бол эцэстээ чи огт найзгүй хоцорч ч мэднэ. Тиймээс бусадтай инээмсэглэн ярь, хүндлэлтэй ханд.

Даруухан бай, гэхдээ тунг нь тааруул
Савсагансан, онгироо, өөрийгөө хэт дээгүүр тавих үзэлтэй хүн дотнын найзтай болж чаддаггүй. Хэн ч тийм хүнд нууцаа яриад, дэргэд нь хамт байхыг хүсдэггүй юм. Нэг үгээр даруулгатай, даруухан байх нь найзтай болох бас нэгэн урхи юм. Гэхдээ хэт даруухан буюу ганцаар дүмбийн суухыг хэлээгүй юм шүү. Хааяахан онгирч, дэгж дэрвэх үе байлгүй л яах вэ. Энэ үед тунг нь тааруулах хэрэгтэй гэдгийг санаарай.

Гадуур гарч, олон нийтийн ажилд хамрагд
Сургууль гэр, гэр сургууль гэсэн жимтэй бол чамд найз олдоход хэцүү байх шүү. Ангийн уулзалт цуглаан, олон нийтийн ажилд идэвхтэй хамрагдаж бай. Шинэ найзтай болмоор байгаа бол сургуульд чинь шинээр шилжиж ирсэн хүүхэдтэй яриа өд, найзууд бол. Нэг үгээр чи өөрийгөө хайрцгаас чөлөөлж, олон нийттэй ойр бай. Гэхдээ энэ үед буруу зүйлд уруу татагдахаас сэрэмжлээрэй. Гадуур гарч найз нөхөдтэй болж байна гээд архи дарс ууж, тамхи татаж, шоу цэнгээнд хөтлөгдөх нь чи найзтай болж байгаа биш харин сөрөг зүйлд дурлагсдын эгнээнд шилжиж байна гэсэн үг юм.

Инээмсэглээд дараа нь үр дүнг нь хараарай
Мөнгө төлдөггүй хэрнээ хамгийн үнэ цэнтэй бэлэг юу гээч. Тэр бол инээмсэглэл. Инээмсэглэл “халдвартай”. Инээмсэглэсэн хүнийг харсан хүн мөн л инээмсэглэдэг. Инээмсэглэж байгаа хүн хэзээ ч муухай харагддаггүй, бусдад үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг юм. Нэг үгээр чиний инээмсэглэл чамд найзтай болоход тусална гэсэн үг. Бод л доо, хөмсгөө зангидан дүнсийсэн нэгэнтэй хэн найзууд болохыг хүсэх билээ.

Сайн сонсогч байж, нууц хадгалж сур
Бусдыг сонсож сур. Хэн нэгэн чамд нууцаа ярьж байвал чи түүний найз аль хэдийнэ болсон байна гэсэн үг. Харин үүнийх хариуд түүнтэй үзэл бодлоо хуваалцаж, зөвлөгөө өг. Гэхдээ энэ үед чи найз шиг найз байна шүү. “Хэнд ч битгий хэлээрэй” гээд чамд итгэж ярьсан зүйлийг нь “хэнд ч битгий хэлээрэй” гээд дахин өөр нэгэнд ярих нь эцэстээ тэр чамд дахин итгэхгүй, ярихгүй, цаашлаад харьцахгүй байх үндсийг тавина гэдгийг санаарай.

Хэн ч төгс биш гэдгийг сана
Чи хүн бүрт таалагдах албагүй. Чамд таатай бус хандаж дээрэлхэх өнгө аястай хандаж байгаа хэн нэгнээс зүгээр л зайгаа барьчих. Таалагдах гэж ч хичээх хэрэггүй. Учир нь таалагдах гэж хичээх л юм бол дээр дурдсанчлан чи өөрөө өөрийнхөө бус хэн нэгний дүрийг эсгэнэ гэсэн үг. Ийм төрлийн сөрөг хүмүүсээс болж “найзтай болж чадахгүй юм байна” гэсэн бодлоор өөрийгөө гутраах хэрэггүй. Учир нь чиний эргэн тойронд зөвхөн тэд л байхгүй, сонирхол нэгтэй, чамтай найз болохыг хүсдэг хүмүүс хүрээлж байдаг гэдгийг санаарай.

Бусдыг ойлгож сур
Хэн нэгэнд бэрхшээл, асуудал тулгарвал түүний оронд өөрийгөө тавьж “энэ асуудал надад тулгарсан бол би яах байсан бол” гэж төсөөлж байх хэрэгтэй. Миний асуудал биш учир би оролцохгүй гэсэн хандлагаар чи хэзээ ч найзтай болохгүй гэдгийг санаарай. Тиймээс хүний асуудалд чин сэтгэлээсээ хандаж, гарах гарц, туслах дэм байгаа эсэхийг байнга бодож, хэрэгжүүлэхийг хичээж бай.

#Найз #Friend #Хайр #Итгэл #Trust