Э.Дөлгөөн: НАДАД ШАНТРАХ ЭРХ БАЙХГҮЙ


Өнөөдөр сонин | YOLO.MN
2017-11-06

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс багийн спортоор анх удаа тивийн аваргаар шалгарсан билээ. Тодруулбал, FIBA сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ баг алтан медалийн эзэн болсон юм. Тус шигшээ багийн тамирчин, багтаа олон оноо авч, MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Э.Дөлгөөнийг зочноор урилаа.

-Бусад тэмцээнтэй харьцуулахад эх орондоо зохион байгуулж буй тэмцээнд оролцоход тамирчнаас сэтгэл зүйн бэлтгэл илүү их шаарддаг мэт санагддаг. Үзэгчид олноос гадна, ойр дотнын хүмүүс нь ирж үздэг болохоор тэр байх.
-Яг үнэн. Нутагтаа болж буй тэмцээнд сэтгэл зүйгээ илүү их бэлдэх ёстой. Ойр дотнынхон бүгд үзнэ. Бүгд хожно гээд найдчихна. Спортын сэтгэлзүйч Заяа эмч багийн сэтгэл зүй болон хувь хүн өөрийгөө хэрхэн бэлдэх талаар бидэнд зааж зөвлөсөн. 2008 оноос хойш олон улсын тэмцээнд оролцсон болохоор тоглолтын үед сэтгэл зүйгээ бэлдээд сурчихсан.

-ААШТ-ий MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор та шалгарлаа. Тэмцээн эхлэхийн өмнө шагналын цомыг нь барьж зургаа авахуулсан байсан. Авна гэдгээ зөгнөсөн мэт.
-Тэмцээн эхлэхийн өмнө үнэ цэнэтэй тоглогчид гардуулах цомыг нь харсан юм. Юмыг яаж мэдэх вэ гээд барьж байгаад зургаа авахуулчихсан. “Энэ минийх болбол гоё доо” гэж бодож байлаа. Арнольд Шварценеггер ДАШТ-д оролцохынхоо өмнө тайзан дээр нь түрүүлсэн мэтээр зургаа авахуулж, тэр зөгнөснөөрөө тус тэмцээндээ аваргалж байсан гэдэг дээ. Тэгж л бодсон юм.

-Австралийн шигшээ багтай цаг сунгаж, нэлээд өрсөлдөөнтэй тоглосон. Энэ тоглолт хамгийн хүнд нь байсан уу?
-Тийм ээ. Цаг сунгаж хожил авсан. Тэмцээн эхлэхийн өмнө “Нутагтаа зохион байгуулж байгаа учраас заавал амжилттай оролцох ёстой” гэсэн даалгавар дасгалжуулагч болон холбооны зүгээс өгсөн. Австралийн баг тус тэмцээнд урилгаар ирж оролцсон, чансаа өндөр учраас бага зэрэг эмээж байлаа. Гэхдээ даалгавраа амжилттай биелүүлсэндээ баяртай байгаа.

-ААШТ-д түрүүллээ. Удахгүй ДАШТ-д оролцоно. Энэ мэтчилэн оноо цуглуулан чансаагаа ахиулж, цаашлаад олимпод оролцохыг зорьж буй байх. Хамгийн ойрын тэмцээн нь хаана, хэзээ болох вэ?
-ААШТ-д түрүүлсэн нь манай багийг олимпод нэлээн ойртууллаа. ДАШТ ирэх оны зургадугаар сард Филиппиний Манила хотод болно. Амжилттай оролцож чансаагаа ахиулна л гэж үзнэ дээ. Тамирчин хүний зорилго олимп шүү дээ. Болж өгвөл амжилт үзүүлэхийг хүсэж байна.

Ер нь тамирчин хүнд зөв хор шар байх ёстой гэж боддог юм. Наад зах нь тэмцээн дөхсөн үед өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Үнэхээр их ядарч, болимоор санагдах үе гарна.

-ДАШТ, олимпод оролцохын тулд бэлтгэл шаргуу хийхийн зэрэгцээ багийн бүрэлдэхүүнээ маш сайн тогтоож, тактикаа боловсруулах ёстой байх. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд сэлгээний тоглогчтойгоо нийлээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх боломжтой юм билээ. Тэгэхээр шинэ тамирчдаар хүчээ нэмэх үү?
-Гадаадын багуудын туршлагыг судалж, бэлтгэлээ хийж байна. Одоогийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй. Харин тамирчин нэмэх, эсэхийг багаараа ярилцаж байж л шийднэ.

-Нэг жилд ойролцоогоор хэчнээн тэмцээнд оролцож байгаа вэ?
-5х5 төрөлд тоглодог лигийн тамирчин жилдээ улирлын хоёр тоглолт, олон улсын хоёр тэмцээнд л явдаг. Харин 3х3 төрлөөр долоо хоног болгон олон улсад өндөр түвшний тэмцээн зохион байгуулдаг. Шилдэг таван багийг урьж оролцуулах ёстой гэсэн заалт ч бий. Түүнд нь багтаж чадвал нэг жилд 300 гаруй тэмцээн уралдаанд оролцож, чансаагаа өсгөх боломжтой.

-Сагсан бөмбөгийн 5х5 төрлөөр манайх ийм өндөр амжилт үзүүлж байгаагүй. Гэтэл 3х3 төрлөөр амжилт гаргаж буй. Энэ төрөл нь манай тамирчдад арай ойр байна уу?
-Тэгж хэлж болно. Бид багаасаа л гадаа сагсан бөмбөгийн хагас талбайд тоглосон шүү дээ. Тийм болохоор их ойр. 5х5 төрөлд холбогч бол холбогчоо, хамгаалагч бол хамгаалагчаа л хийдэг. Харин 3х3-т холбогч, хамгаалагч, төв гээд бүх л байрлалд тоглодог. Тиймээс тамирчнаас олон чадвар шаарддаг нь их сонирхолтой. Хамгаалсан бол буцаад хурдтай довтолгоондоо орох шаардлагатай болдог, довтолгооны 12 секундтэй, самбараас бөмбөг аваад тоглолтоо заавал гурван онооны зайнаас эхлүүлдэг гэхчилэн ялгаа бий л дээ. Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар бид гурав 2008 оноос “TLG-13” багт тоглож байна. Хоорондоо маш сайн ойлголцдог. Удаан хамт тоглосон учраас бусдаас илүү давуу талтай байх л даа.

-10-аад жил хамт тоглож байгаа юм чинь бараг харцаараа ойлголцдог болчихсон уу?
-Тоглолтын талбай дээр ч, амьдрал дээр ч тэгж ойлголцох үе байдаг. Нэг багийн тамирчнаас гадна зүү орох зайгүй сайн найзууд шүү дээ. Энэ нь багийн спортод амжилт үзүүлэхэд нөлөөлж буй байх.

-Өмнөх тэмцээнүүдээс харахад танай багийн техник, тактик, тоглолтын систем Европ болон Азийн орнуудынхтай харьцуулахад холимог мэт санагдсан.
-Арай өөр арга барилтай л даа. Бусад орны багуудын тоглолтын сонирхолтой, байж болох хувилбаруудыг нэлээд туршиж үзсэний эцэст бидний одоо тоглож буйг дасгалжуулагч боловсруулсан юм.

-Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн тоглогчдод гадаадын багт тоглох урилга ирдэг. Харин 3х3 төрлийнхөнд ийм санал ирдэг үү. Танд ирж байв уу?
-ААШТ-ий дараа Японоос манай багт ийм санал тавьсан. Дасгалжуулагч шууд л “Үгүй” гэж хариулсан. Манай тактикийг л судлах санаатай байгаа байх.

-Гадаадын багт тоглож үзэх сэн гэсэн хүсэл байдаг биз дээ?
-Байдаг л юм. Тийм санал ирвэл явчихаад ирж яагаад болохгүй гэж. Харин иргэншлээ солихыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

-Мэргэжлийн тамирчин болох замыг тань зассан анхны багш, дасгалжуулагч хэн бэ?
-Хамгийн анх сагсан бөмбөг сонирхоход нөлөөлсөн хүн бол “Лидер” багийн дасгалжуулагч байсан М.Гантөмөр багш. Анх энэ багшийнхаа секцэнд хамрагддаг байв. Мөн С.Тулга багшийгаа нэрлэнэ. Миний өдий зэрэгтэй тамирчин болж яваа минь С.Тулга багштай холбоотой.

-Ярилцлагын сэдвээ жаахан өөрчилье. Хаана төрж, өссөн бэ?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. X хороололд өссөн дөө. “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль төгссөн.

-Таныг сагсан бөмбөгөөс гадна их олон зүйл сонирхдог гэж сонссон.
-Багадаа дуулж, бүжиглэдэг байлаа. Дунд ангид байхдаа бүжгийн уралдаанд оролцохоор бэлдэж байв. Уралдааны өмнөх өдөр Монголын хүүхдийн ордноос гутал, хувцас авч өмсөн жигдрэхээр боллоо. Гэтэл надад таарах хувцас, гутал байгаагүй. Тэгээд л хүссэн уралдаандаа оролцож чадаагүй юм. Тэрнээс хойш дахиж бүжиглээгүй. Бас ятга тоглодог байлаа. Юм юм л сонирхож, оролдсон доо. Харин ахлах ангиасаа сагсан бөмбөгөөр түлхүү хичээллэсэн.

-Спортын өөр төрлөөр хичээллэж байв уу?
-Хөлбөмбөг, волейбол сонирхдог, оролддог байсан. Уг нь дунд сургуульдаа хөлбөмбөгийн секцэнд явдаг байлаа. Бэлтгэл хийж байхдаа хүзүүгээ гэмтээснээс хойш дахиж тоглоогүй.

-Аав, ээж тань спортод хэр элэгтэй хүмүүс вэ?
-Спортын хүмүүс биш ээ. Аав ээж минь “Ажил чухал шүү. Гэхдээ дуртай спортыг чинь ч хорьж чадахгүй. Миний хүү аль алийг нь цалгардуулалгүй улам хичээх хэрэгтэй” л гэж захидаг юм. Эгч минь бас сагсан бөмбөгт их дуртай.

-Санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй гэл үү. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Би “Отгонтэнгэр” их сургуулийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн. 2013 оноос хойш “Чингис хаан”, Монголбанкинд ажилласан. Одоо Төрийн банкинд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг.

-Ажлынхаа хажуугаар гадагшаа тэмцээнд явах, бэлтгэл хийх амаргүй байх. Энэ бэрхшээлээс болж өмнөх ажлуудаасаа гарч байсан юм билээ. Одоо хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Хэцүү шүү дээ. Монголын нөхцөлд зөвхөн сагс тоглоод амьдрах боломжгүй. Заавал давхар ажил хийхгүй бол амьдрал урагшлахгүй. Гэтэл гадаадад ямар байдаг билээ дээ. Бэлтгэлээ хийгээд, тэмцээнд оролцоод цалин авна. Гэтэл бид бэлтгэл хийх заалныхаа төлбөрийг хүртэл өөрсдөө л төлдөг. Биднийг гадаадад очиход “Та нар Монголдоо одууд уу. Тансаг амьдардаг уу” гэх мэтчилэн асуудаг л даа. Үнэндээ худлаа шүү дээ. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л бэлтгэлээ шаргуу хийхийн тулд ажлаасаа гарсан. Гэтэл санхүүгийн байдал хэцүүдээд ирлээ. Ийм байхад давхар ажиллахгүй гээд яах билээ. Өглөө нь ажилдаа явж, орой нь багийн болон хувийн бэлтгэлээ хийгээд аль болох болгох гээд л хичээж байна даа.

-Гадаадад тэмцээнд оролцохдоо зардлаа хэрхэн шийддэг вэ?
-Бид гадаад руу явж олон улсын тэмцээнд оролцохдоо нислэгийн зөрүүнээс болж онгоцны буудал дээр хонох тохиолдол зөндөө. Мөнгө муутай болохоор гоймон идээд л сууж байдаг. Хүмүүс “Ёстой гоё юм. Гадаадад зугаалаад, аялаад” гэж боддог. Үнэндээ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хоосон халаастай хүмүүс. Эхний хэдэн тэмцээнд хамаатан саднаасаа мөнгө цуглуулаад явчихдаг байлаа. Аргаа барах үе ч бий. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад удаагүй байна. Энэ жилээс баг, тамирчдын тэмцээнд оролцох зардлыг шийдэж өгөх болсон. Дараа дараа жилээс тамирчдаа цалинтай болгохоор зорьж байгаа.

-Гадаад руу тэмцээнд явчихаад ганзага хоосон ирэх үе бий. Тэр үед тамирчид өөрсдийгөө хэрхэн тайвшруулж, урамшуулдаг бол?
-Тийм үе зөндөө бий. Гадагшаа явчихаад харамсалтайгаар хожигдоод ирэхэд дараагийн тэмцээндээ орох хүртэл нэг л гонсгор байдаг юм. “Тэр үед тэгчихгүй яав даа” гэж харамсаад л. Гэхдээ манайх багаараа байнга ярилцдаг. “Би энэ удаа ингэж алдлаа. Чи тэглээ. Цаашдаа ингэмээр байна. Тэгж засъя” гээд л. Алдаа бүрээсээ л суралцаж, урагш ахих хэрэгтэй.

-Харамсалтайгаар хожигдсоноос болж уйлж байсан удаа бий юү?
-Байгаа.

-Шартай байх нь ээ?
-Шартай шүү. Ер нь тамирчин хүнд зөв хор шар байх ёстой гэж боддог юм. Наад зах нь тэмцээн дөхсөн үед өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Үнэхээр их ядарч, болимоор санагдах үе гарна. Тийм үед “Бусад бүх хүн надтай адил ядарч байгаа. Тийм учраас хичээх хэрэгтэй. Дуртай спортдоо амжилт үзүүлж, баг хамт олныхоо хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг болж яваа надад шантрах эрх байхгүй. Хичээх ёстой” гээд л өөртэйгөө ярина даа.

-Таны мөрөөдөл юү вэ?
-Хүний шунал хязгааргүй гэдэг дээ. Өдөр ирэх тусам л мөрөөдөл минь томорсоор байна. Дунд сургуульд байхдаа тэмцээнд оролцож, түрүүлэхийг мөрөөддөг байлаа. Дараа нь оюутан болж, оюутны АШТ-д түрүүлэхийг хүссэн. Удалгүй лигт орж, мөн л аварга болохыг мөрөөдсөн. 3х3 төрлөөр Азийн аварга болчихлоо. ДАШТ-д амжилт гаргахыг хүснэ. Цаашлаад олимпод хүч үзмээр байна. Шилдэг тамирчин, сайн багш, дасгалжуулагч болохыг мөрөөдөж явна даа.

-Үлгэр дуурайл авдаг тамирчин тань хэн бэ?
-“Харцага” багийн төвийн тоглогч Б.Одбаяр ахын дайчин тоглолт их таалагддаг. NBA-ийн тамирчдаас Леброн Жеймсийн фэн. Гэхдээ тамирчин болгонд сурах зүйл, авууштай чанар бий. Тэр бүрийг нь ажиглаж, суралцахыг хичээдэг.

-Амьдралаа спорттой холбосноор та юу олж авч, юуг золиосолсон бэ?
-Золиосолсон, алдсан зүйл байхгүй ээ. Харин ч спорт надад бүх зүйлийг өгсөн. Амьдралын минь бүх л сайн сайхан хором, боломжууд энэ спортоос үүдэлтэй.

-Ажил, бэлтгэлийн хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг уу. Юу хийх дуртай вэ?
-Өглөө ажилдаа явна. Тараад бэлтгэлээ хийнэ. Орой ядарч үхэх шахсан юм л гэртээ ирнэ. Чөлөөт цаг гарвал эхнэр хүүхдэдээ л зарцуулахыг хүсдэг.

-Таныг www.fiba.basketball цахим хуудсанд Азийн царайлаг сагсчдын тоонд багтааж, хамгийн гоё үс засалттай залуу хэмээн онцолсон байна билээ. Харсан уу?
-Үс засалтдаа анхаарал хандуулдаг минь үнэн. Тоглолтын үеэр толгой руугаа бөмбөгөөр цохиулсан ч гэсэн үсний минь хэлбэр, хэв маяг алдагддаггүй. Бусдаас ялгарах гэсэндээ биш, хувь хүний соёлдоо ингэж анхаардаг. Анхандаа үсээ янзлах гэж цаг шахам ноцолддог байлаа. Одоо бол 10 минутын дотор л амжуулчихна.

А.Халиун

#Sport #Спорт #Freetime #Hobby #Basketball