ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №5


ССҮТөв | YOLO.MN
2020-05-14

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Яаж сайн талуудаа нээж, муу талуудаа багасгах вэ?

Сайн байна уу? Би 12 настай. Би өөрийнхөө муу талыг өдөр бүр бодож шаналах юм. Манай ангийн тэр ийм юм сурсан, тэр ийм хэл сурсан гээд байдаг. Гэтэл би үнэхээр хичээгээд ч анхаарал төвлөрөхгүй байх юм. Өдөржин л Facebook ухна. Бас өдрийн тэмдэглэл хөтөлж сууна. Бас гадаад төрх гэж нэг асуудал байна. Арьс маань бас жоохон барзайгаад, 1 нүд маань нөгөөгөөсөө жижиг, намхан хамартай.

Гэхдээ бас яг ч гутраад байгаа юм биш. Зүгээр л сэтгэл дундуур байна. Өөрийнхөө сайн талуудыг боддог л доо. Гэхдээ бодоод байхад нэг их сайн талууд байдаггүй юм байна лээ. Яаж сайн талуудаа нээж, муу талуудаа багасгах вэ? Мартах гэхээр хүмүүс сануулаад байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Үр дүнд хүрэх үйл явцад анхаарлаа хандуулахыг хичээгээрэй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бидний утасны хэрэглээ ихсэж байна. Энэ дан ганц чамд тохиолдож байгаа зүйл биш бөгөөд бусад өсвөр насныхан бидэнтэй холбогдож мөн энэ талаар тусламж хүсэж байгаа.

Бусад хүмүүсийн сурсан зүйл дээр анхаарлаа хандуулахаас илүүтэй өөр дээрээ төвлөрөөрэй. Чи ч мөн адил шинэ юм сурч мэдэж, судалж чадна. Би “ийм юм” сурмаар байна гэж бодлоо буюу төлөвлөгөөгөө тодорхой болгохыг зөвлөе. Мөн үр дүнг бодож яарах биш үр дүнд хүрэх үйл явцад анхаарлаа хандуулахыг хичээгээрэй.

Өсвөр насанд өөрийн гадаад үзэмжид анхаарах, өөрийгөө голох нь хэвийн зүйл. Өөрийгөө бодит байдлаас илүү доогуур үнэлэх бодлын алдаа энэ насанд түгээмэл ажиглагддаг. Мөн чамайг зөвхөн гадаад дүр төрх чинь тодорхойлохгүй. Биднийг тодорхойлох маш олон зүйл байдаг. Бусадтай харилцах харилцаа хандлага, хүмүүжил, биеэ авч яваа байдал, аливааг харах өнцөг гэх мэт олон зүйл биднийг тодорхойлж байдгийг санаарай. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээжийнхээ хий гэснийг л хийдэг.

Сайн байна уу? Би одоо 16 настай. Би  ирээдүйгээ үргэлж төлөвлөж, мөрөөдөх дуртай. Ээж аавдаа ч үргэлж хэлдэг. Гэвч ээж маань миний шийдвэрийг дэмждэггүй. Намайг онгоцны үйлчлэгч, зохиолч, загвар зохион бүтээгч, тамирчин гэх мэт мэргэжил сонгох бүрд үргэлж эсэргүүцэж уурладаг. Ээж маань намайг инженер болгохыг хүсдэг.

Би ч анхандаа инженер болохыг хүсдэг байсан ч нас нэмэх тусам итгэлгүй болж байна. Одоо бол энэ мэргэжлээр сураад, төгсөөд, ажилд орлоо гэхэд би дуртай байх уу? чадах болов уу? гэж боддог. Гэхдээ би ээжийнхээ үгнээс гарч үзээгүй. Ээжийнхээ хий гэснийг л хийдэг. Зөвшөөрөлгүйгээр юу ч хийж чаддаггүй болохоор одоо өөрөө сонголт хийж чаддаггүй. Гэвч би өөрийн үзэл бодолтой. Тэрийгээ ээждээ хэлэхээр өөдөөс яагаад ч юм утгагүй юм яриад байгаа юм шиг санагддаг. Би уйлж, уурлаж, гуйж үзсэн ч ээж минь намайг дэмждэггүй. Хааяа аав маань намайг өмөөрөх үед тэд ам зөрдөг. Тэгсэн ч ээж зөрүүдлээд л байдаг. Би одоо яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч үед өөрийн мэдрэмжийг битгий нуугаарай.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн бодол болон хүсэл мөрөөдлийг эцэг эхдээ хэлдэг чинь сайн байна. Үүнийгээ битгий зогсоогоорой. Ямар ч үед өөрийн мэдрэмжийг битгий нуугаарай.

Мэргэжил сонголтод өөрийн шийдвэрээс гадна өөрийг чинь хүрээлж байгаа хүмүүсийн нөлөө тодорхой хэмжээнд байдаг. Эцэг эх хүүхдийнхээ мэргэжил сонголтын  юунд илүү анхаардаг вэ? Судалгаагаар эцэг эхүүд хүүхдүүдээ эдийн засгийн хувьд чөлөөтэй амьдраасай гэсэн үүднээс цалин өндөр, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийг сонгохыг хүсдэг гэж гарсан байдаг. Мэдээж энэ нь хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хэлж байгаа боловч эргүүлээд энэ байдал хүүхдүүдэд дарамт болох буюу сонирхолгүй мэргэжлээ сонгоход хүрэх тохиолдол бий.

Хүн бүр өөрийн мэргэжлийг сонгох эрхтэй. Өөрийн хүсэж байгаа мэргэжлийг ийм учраас сонгож байгаа юм аа гэдгийг илүү тодорхой байдлаар ээждээ хэлж ойлгуулсан нь зөв болов уу. Магадгүй чиний сонирхож байгаа мэргэжлийн талаар ээж нь хангалттай мэдээлэлгүй байж болно шүү дээ. Өөрийн хүсэл сонирхлыг тодорхой өдрүүдийн давтамжтайгаар ээждээ эвтэйхнээр хэлээд байвал ямар вэ? Өөрийн хүсэл сонирхолд тууштай байгааг чинь сонсоод чамайг хүлээн зөвшөөрч болно шүү дээ. Бүр эсвэл би өөрийнхөө сонголтоор ээжийнхээ шийдвэрийг дагаж болно. Гол нь эцсийн шийдвэр, сонголтыг чи өөрөө л гаргах нь чухал. Учир нь чи л энэ мэргэжлээр ажиллаж, амьдарна шүү дээ. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Одоо хүмүүс миний тухай буруу бодолтой явж байгаа гэж бодохоор

Сайн байна уу? Би 10-р ангийн сурагч. 16 настай. Жилийн өмнө би нэг бандид сайн болж үерхсэн ч төд удалгүй салсан. Бүтэн нэг жил өнгөрсөн хэдий ч хааяа түүний талаар, буцаад нийлэх талаар их бодож, мартаж чадахгүй байгаа. Гэтэл саяхан миний үерхэхээ больсон бандийн найз нь намайг хүмүүст муулж, хүүхдүүд надад дургүй байгааг олж мэдэхэд надад их эвгүй санагдсан. Одоо хүмүүс миний тухай буруу бодолтой явж байгаа гэж бодохоор үнэхээр муухай байна. Зүгээр тоохгүй байхыг хичээж байгаа хэрнээ гомдоод байх юм. Би яах вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Мартмаар байна гээд шууд мартах ч боломжгүй.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Марталт бол амархан зүйл биш юм. Мартмаар байна гээд шууд мартах ч боломжгүй. Тэр тусам амьдралд чинь бага ч болов сайхан мэдрэмж үлдээж чадсан хүнийг. Гэвч хэн нэгнийг санах бол буруу зүйл биш. Харин хэт их санаж, нэг хүний талаар бодох нь амьдралын идэвхийг сулруулах сөрөг талтай байдаг тул анхаараарай.

Ямар ч шалтгаантай байлаа гэсэн хэн нэгэнд муугаар хэлүүлэх шударга бус санагдаж байгаа болов уу. Энэ мэдээж таатай зүйл биш. Хэн нэгний хэнэггүй хэлсэн үгнээс болж таагүй мэдрэмж авч байгаа гэдгийг чинь төсөөлж байна. Хэн нэгний үйлдэл, хэлэх үгийг бид хянаж чадахгүй ч өөрийн хэлэх үг, үйлдлийг хянаж чадна. Тэр хүн өөрийн харилцаа хандлага ямар вэ гэдгийг л харууллаа. Би ямар хүн бэ, гэдгийг өөрийн чинь үйлдэл, харилцаа хандлага харуулаад өгөх болов уу. Бусад хүний хэлсэн үг шууд чамайг тодорхойлохгүй гэдгийг санаарай. Хүчтэй байгаарай, чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ярилцъя гэж бодсон ч яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Сайн байна уу Би 17 настай. Найз охинтой. Бид хоёр үерхээд 4 сар болж байна. Энэ хугацаанд бид хоёр нэгэндээ хамгийн сайхнаараа харилцаж, нэгэндээ хайртайгаа мэдрүүлдэг байсан. Харин сүүлийн үед бидний харилцаа зүгээр л эрэгтэй эмэгтэй найзууд шиг энгийн болсон. Миний зүгээс үзүүлэх халамж ч дутсан юм шиг санагддаг. Хамгийн сүүлд хэзээ нэгэндээ хайртай гэж хэлснээ ч санахгүй байна. Би дандаа уулзъя гэж хэлдэг ч үгүй гэж хариулдаг. Яагаад гэж асуухад зүгээр л гэх мэт хариу өгнө. Ярилцъя гэж бодсон ч яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Надаас эсвэл найз охиноос минь болоод байгаа үгүйг ойлгохгүй байна. Сүүлдээ ингэж үерхээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байдлаас залхаж салдаг ч юм уу гэж бодож байна. Гэхдээ түүнд үнэхээр хайртай болохоор яг яах хэрэгтэйг мэдэхгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийнхөө зүгээс хийх алхмаа хийчихсэн байна

Сайн уу? Өдрийн мэндийг хүргэе. Найз охинд нь хувийн асуудлууд, сэтгэл зүйн асуудлууд тохиолдсондоо ганцаараа байхыг хүсэж байж болно, эсвэл тэр харилцаанаасаа уйдаж байж болно. Гэвч яагаад гэдгийг таамаглаж, ургуулж бодож байхаар өөрт төрсөн мэдрэмжээ түүнд нээлттэй илэрхийлэх нь зөв болов уу. Жишээ нь: “бидний харилцаа хөндий санагдах боллоо, чи юу гэж бодож байна?” “би харилцаагаа сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ” гэх мэт. Магадгүй тэр “юу ч болоогүй” “зүгээр” гэх мэт ойлгомжгүй хариулт өгч болно. Гол нь чи өөрийнхөө зүгээс хийж чадах алхмаа хийчихэж байгаа учир дараа нь харамсахгүй юм. Ер нь хосын харилцаанд ямар мэдрэмж төрөөд, юу болоод байгаа, хосоосоо юу хүсээд байгаагаа нээлттэй хэлдэг байх нь иймэрхүү үл ойлголцол, ургуулсан бодлууд үүсэхээс сэргийлдэг гэж хэлж болно. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter