ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-05-06

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Яагаад хэн нь ч надтай дотно биш юм бол? 

Сайн байна уу? Би бага ангидаа маш дотно найзуудтай байсан ч дунд ангид ороод л тэднээс хөндийрчихсөн. Тэгээд ойролцоогоор 2 жил ердөөсөө сайн найзтай болоогүй. Энэ жил шинэ сургуульд шилжиж ирсэн. Би ангийнхантайгаа жигд сайн харилцаатай боловч нэгэнтэй нь ч дотно сайн найзууд биш. Би бүгдэд нь сайн хандахыг хичээдэг. Ойртож яриа эхлүүлдэг. Гэхдээ яагаад хэн нь ч надтай дотно биш юм бол оо? Ангийнхаа 3,4-өөрөө найзалж, нийлдэг хүүхдүүдэд атаархах юм. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чи найзыг юу гэж тодорхойлдог вэ? 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ангийнхандаа сайн хандаж, өөрөө яриа эхлүүлж, хичээж байгаа чинь сайн хэрэг. Мэдээж бусадтай найз нөхөд болохын тулд өөрөө түрүүлж алхам хийх нь зөв. Гэхдээ бусдад хэт анхаарал хандуулаад өөрийгөө тоохгүй байгаа юм биш биз? Бусадтай сайн найзууд болж чаддаг хүн бусдад анхаарал хандуулж, санаа тавьж, бусдыг сонсож, бусадтай сайхан харилцдаг ч өөртөө хайртай, өөрийгөө анхаардаг, өөрийн давуу болон сул талыг мэддэг, өөрийнхөө дуртай болон дургүй зүйлээ мэддэг бас илэрхийлдэг, өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ үнэнч байдаг байна. Тиймээс бусдад анхаарал хандуулахын хажуугаар өөрийгөө бүү орхигдуулаарай.

Мөн бусдад өөрийнхөө талаар сөрөг зүйлс аль болох битгий яриарай. Учир нь чи өөрийгөө юу гэж дүгнэж байгаагаас шалтгаалж бусад хүмүүсийн чамайг харах өнцөг өөрчлөгддөг. Гэхдээ хүн болгонд таалагдах албагүй бөгөөд хүн болгон чиний найз болох албагүй гэдгийг санаарай. Чиний бодлоор сайн найз гэж ямар хүнийг хэлэх вэ? Сайн найзууд нэгэндээ итгэдэг, нэгнийхээ ярьсан зүйлийг бусдад хэлдэггүй, нэгэндээ хувийн орон зай өгдөг, хэрэгтэй үед нь хажууд нь байдаг, амжилтад нь баярладаг, хэцүү үед нь дэмждэг, давуу болон сул талыг нь шударгаар хэлдэг, хамт цагийг өнгөрөөдөг, сонирхлыг нь дэмждэг гээд хүн бүрийн тодорхойлолт өөр болов уу. Чи юу гэж тодорхойлох вэ? Өөрийгөө хайрлаж өөрийгөө бусдад илэрхийлдэг байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг 


АСУУДАЛ: Утсаа гартаа барьчихаад залхуу хүрээд...

Сайн байна уу? Би одоо 17 настай. Төгсөх ангийн сурагч, эмэгтэй. Надад маш олон толгой өвтгөсөн асуудал байна. Хичээлийн жилийн эхэнд би маш олон зүйл төлөвлөчихсөн байсан. ЭЕШ өгч их сургуульд орох учраас өөрийгөө маш завгүй байлгаж ЭЕШ-даа бэлдэнэ гээд л. Тэгсэн одоо карантинд байна. Карантин эхэлснээс хойш сургууль маань үүдээ барьж, хичээлээ бие даан бэлдэх шаардлагатай болсон.

Гэхдээ гэртээ байхаар юу ч хийж чадахгүй байна. Урьд өдөр нь төлөвлөөд дэвтэр дээрээ бичсэн хэрнээ яг маргааш нь хийх гэхээр анхаарал төвлөрч өгөхгүй, утсаа гартаа барьчихаад бас залхуу хүрээд нэг л болж өгөхгүй байна. Үүнээсээ болоод маш их шаналдаг. Үеийн хүүхдүүд маань хичээлээ сайн давтаж байгааг хараад би ч энэ жил чадахгүй бололтой гэх бодол төрдөг болсон. Хааяа бас “хийхгүй хүүхдүүд зөндөө л байгаа шүү дээ, яг дараа сараас бэлдээд эхэлчихвэл болчих байх” гэсэн муу бодол төрнө. Харин гэрийнхэн маань надад үргэлж “за энэ жил орчихно биз дээ? чамд итгэж байгаа шүү дээ” гэж хэлдэг.

Гэрийнхэн маань тэгж хэлдэг ч миний ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа талаар ерөөсөө асуудаггүй. Ярилцахыг ч хүсдэггүй. Хааяа нэг дасгал хийхээр “Хичээлээ хийгээч! Өөрт нь итгээд байхад” гэж загнадаг. Гэтэл би ерөөсөө ч хичээлээ хийж чадахгүй байгаа шүү дээ. Gap year авна гэхэд бүр ч их уурласан. Надад итгэл тавиад байгаа хүмүүсийн итгэлийг алдчих вий гэхээс маш их айж байна. Их сургуульд орж чадахгүй бол миний ирээдүй ч баларлаа гэсэн үг шүү дээ. Би яг яаж эхлэх ёстой вэ? Яавал цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөрийгөө өөрчлөх вэ? Надад туслаач. Надад үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Алдаа гаргалаа гээд чамд хайргүй болохгүй

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Асуудалдаа анхаарал хандуулж, санаа зовж байгаа нь маш сайн. Учир нь чамд хийх хүсэл байна шүү дээ. Чиний захианаас уншихад залхуурсандаа биш яаж хийх учраа олохгүй байгаа учраас хойшлуулаад байдаг бололтой. Тиймээс яаж, ямар аргаар хичээлээ хийж болох вэ, хийж эхлүүлэх гэхээр төрөөд байгаа хэцүү мэдрэмжийг яаж давах вэ гэдгийг дор бичлээ.

Хэрвээ ганцаараа хийхэд хэцүү байгаа бол видео дуудлага хийгээд хамт хичээлээ хийх, нэгнийхээ хийсэн зүйлсийг шалгадаг, нэгэндээ ойлгосон зүйлээ зааж өгдөг, нэгнээ дэмждэг, юмыг цаг хугацаанд нь хийдэг хүүхдүүдтэй цаг товлоод хамтдаа хичээллэж болох юм. Эсвэл групп чат нээж болно шүү дээ. Заавал таньдаг хүүхдүүд гэхгүйгээр сонирхлын бүлэг үүсгээд хамт хичээллээд үзээрэй.

Энэ жил их сургуульд орох нь чиний зорилго гэж ойлголоо. Тиймээс зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гаргаад шалгалтаа өгөөд үзээрэй. Гэр бүлийнх нь хүн ямар мэргэжилтэй болох нь хамаагүй сургуульд орох нь л чухал гэж боддог байж болох юм. Мөн алдаа гаргалаа гээд гэрийнх нь чамд хайргүй болохгүй учраас санаа зовохгүйгээр хичээгээд үзээрэй. Зарим тохиолдолд хичээсэн ч болохгүй үе байдаг. Битгий шантраарай. Тэглээ гээд чиний ирээдүй балрахгүй харин дахиад хичээгээд үзэх боломж гарч ирдэг. Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Харин хичээлээ эхэлье гээд нэг л эхэлж чадахгүй хойшлуулаад байвал дараах нийтлэлийг уншаад зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлээд үзээрэй. 

Нийтлэлийг унших бол ЭНД дарна уу. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Хичээгээд байгаа боловч болж өгөхгүй юм

Сайн байна уу? Би 10-р ангид сурдаг, эмэгтэй. Би өмнө жил хичээлдээ сайн байсан ч 10-р ангид орсноос хойш хичээлдээ улам муудах боллоо. Янз бүрийн тэмцээн уралдаанд орохоос айж өөртөө итгэлгүй болж эхэлж байна. Ээж аав маань “Чи яагаад тэрэн шиг, энэн шиг байж болдоггүй юм. Адилхан л толгойтой байж яагаад байр эзэлж, тэдэнтэй адилхан байж болдоггүй юм, сэргэлэн байгаач” гэж зэмлэдэг. Би ямар нэг хичээлийг сайн хийж чадахгүй болохоороо “яагаад тэр сайн сурдаг хүүхэд шиг биш юм болоо” гэж өөртөө гутарч эхлээд байна.

Шалгалтад муу дүн авбал “би чадахгүй юм байна” гэж уйлж, өөртөө гутарч эхэлдэг. Гэхдээ би маш их хичээж, шөнөжингөө хичээсэн ч гэрийн даалгавар, дасгал ажил дээрээ дунд оноо авдаг. Намайг хичээж байгааг багш нар ч ойлгохгүй байгаа юм шиг... Өөрийнхөө боломж, нөөц бололцоог ашиглаж хичээж байгаа ч би хичээлдээ муудаж, намайг хүрээлж байсан найзууд маань надаас холдож эхэлж байна. Хичээгээд байгаа боловч нэг л болж өгөхгүй байх юм. Багш нар маань ч намайг өмнөх шигээ анзаарахаа больсон. Би яг л сүнс мэт санагдаж байна хичээсэн ч тоохгүй, үнэлэхгүй юм. Надад туслаач...

ЗӨВЛӨГӨӨ: Зарим тохиолдолд хичээсэн ч болохгүй үе бий

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чамайг ямар их хичээж байгааг ойлгож байна. Хүн бүхэнд сайн хийж чаддаг эсвэл хийж чаддаггүй зүйл гэж байдаг. Зарим хичээлдээ муу байлаа гээд бүх хичээлдээ эсвэл бусад зүйлд ч муу байна гэсэн үг биш юм. Тиймээс би ямар хичээлдээ сонирхолтой вэ? Би юу чаддаг вэ? Миний бусдаас ялгарах давуу тал юу вэ? гэх мэт өөрийнхөө давуу талыг тодорхойлж түүнийгээ сайжруулаарай.

Давуу талаа ашиглан сурах арга барилаа ч өөрчлөөд үзэж болно. Аливаа зүйлийг маш олон удаа, олон аргаар, олон талаас нь оролдож байж хийж чаддаг болдог. Зарим тохиолдолд хичээсэн ч болохгүй үе байдаг. Гэхдээ битгий шантраарай. Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Харин аав ээждээ намайг бусадтай харьцуулж байгаа намайг хурцлах биш өөртөө итгэлгүй болгоод байна гэх мэт аав ээжийнх нь хэлж байгаа үгс чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг хэлээд үзээрэй. Хэлэхэд хэцүү байвал захидал бичээд өгөөрэй. Найзууд нь үнэхээр чамайг хичээлдээ муудаад байгаа болохоор холдоод байгаа гэж үү? Найзуудыгаа яагаад холдоод байгааг таахын оронд ярилцаж асуух нь илүү үр дүнтэй. Гэхдээ ярилцсаны дараа ч нэг л хөндийрөөд байвал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид бусдын өмнөөс шийдвэр гаргахгүй боломжгүй шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Удахгүй үхэх юм шиг мэдрэмж төрж байна. 

Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Карантин эхэлснээс хойш би дандаа л муу юм бодож өдрийг өнгөрөөдөг боллоо. Ямарваа нэг муу зүйлийг дандаа өөртэйгөө холбож, удахгүй үхэх юм шиг мэдрэмж байнга, бүр өдөр болгон мэдрэгдэж байна. Шөнө нойр хүрсэн ч хэтэрхий их юм боддогоосоо болж сайн унтаж ч чадахгүй байна. Бас би маш аймхай болж байна. Юм болгоныг өөр дээрээ тусгаж аваад, сэтгэлээр унаж байна. Сүүлдээ зүрх минь маш их өвдөж, дотор давчдаж, сэтгэл санаа тогтворгүй болж байна. Энэ их бодлуудаасаа болоод удахгүй галзуурах ч юм шиг... Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Толгойд орж ирсэн бодлуудаа дэвтэрт тэмдэглээрэй

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сөрөг мэдээ, мэдээлэл хэр их үзэж уншиж байгаа вэ? Сөрөг мэдээ, мэдээлэл хүнийг донтуулдаг ба улам их унших хүсэл төрүүлдэг. Хэрвээ та интернет орох бүрдээ сөрөг мэдээлэл харж байгаа бол юун түрүүнд тэрийгээ багасгах хэрэгтэй.

Мөн тархи аливаа зүйлийг бодит болоод байна уу, төсөөлөл үү? гэдгийг ялгадаггүй. Та сөрөг зүйл бодоод л байвал тархи түүнийг жинхэнэ гэж хүлээн авч хиймэл айдас үүсгэдэг. Тиймээс эхлээд сөрөг бодлуудаа засах хэрэгтэй. Бодлын тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Толгойд орж ирсэн бодлуудаа тэмдэглээд энэ үнэхээр үнэн үү, зөв үү, буруу юу? гэдэгт хариулаад, эерэг буюу зөв бодол юу байж болохыг дор бүр нь тэмдэглээрэй.

Карантин эхэлснээс хойш та хүмүүстэй хэр холбоо барьж ярилцсан бэ? Төрж байгаа сөрөг бодлуудаа түүнээс үүсээд байгаа мэдрэмжээ аль болох ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай. Мөн гэртээ дасгал хийх орчин бүрдүүлээд өдөрт дор хаяж 15 минут дасгал хийгээрэй. Ингэснээр таны стресс, түгшүүр тодорхой хэмжээнд багасах юм шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Бид хоёр нууцаар үерхдэг

Сайн байн уу? Би 16 настай. Ангийнхаа бандид сайн болоод бараг 1 жил болж байна. Бид үерхээд 5 сар болж байна. Нэг асуудал нь тэр миний сайн найзтай их дотно харилцаатай юм шиг санагддаг. Бид 2 нууцаар үерхдэг юм л даа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч “хэнд ч хэлж болохгүй” л гэдэг. Гэхдээ би энэ тухайгаа ганцхан сайн найздаа л хэлсэн. Гэвч бид хоёрын маргалдах шалтгаан нь үргэлж сайн найзаас минь болдог. Сайн найз маань бид хоёрыг үерхдэгийг мэддэг мөртлөө түүнтэй байнга чаталж уулздаг. Надтай уулзахдаа бүх чатаа устгачихдаг. Уг нь бид хоёр хэзээ ч бие биенээсээ юм нуудаггүй.

Сүүлийн үед найз залуу маань түүнд сайн болчихсон юм шиг санагддаг болсон. Нэг өдөр би тэр хоёрын чатыг нь олоод уншчихсан юм л даа. Тэгтэл найз залуу маань түүнийг аягүй од, бараг бүх банди нар дурлачихаар хөөрхөн охин гэсэн байсан. Бас тэр хоёрын байдаг групп чат байдаг. Тэр групп чатад байдаг хүүхдүүд байнга тэр хоёрыг хооронд нь холбодог юм шиг байсан. Тэгтэл найз залуу маань “хоёулаа эд нарт үерхэж байгаа юм шиг дүр эсгэе” гэсэн байсан. Би үүнийг уншчихаад уурлатал “одоо би тэр найзтай чинь дахиж харьцахгүй“ гээд блоклоод, “зүгээр л тоглоомоор тэгж хэлсэн” гээд уучлалт ч гуйхгүй уурлаад яваад өгсөн. Харин найз маань надтай ярихдаа байнга түүний тухай ярих болсон. “Чамайг тэгж хэлсэн шүү дээ, над руу баахан юм бичээд яах бол гэсэн чинь бүр тэгж хэлсэн”, “намайг хөөрхөн гэсэн” гээд бид хоёрыг салгах гээд ч байгаа юм шиг санагддаг. Одоо би яах ёстой вэ? Найз залуугаасаа салаад түүнийг мартах ёстой юу эсвэл тэвчээд найзтайгаа ярилцаад түүнтэй харьцахгүй байхыг хэлэх хэрэгтэй юу?

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд шохоорхол давамгайлдаг 

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хоёр хоёулаа өсвөр насныхан байна. Өсвөр насанд жинхэнэ хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр шохоорхол давамгайлдаг. Энэ үнэхээр ач холбогдол өгч өөрийгөө стрессдүүлэхээр харилцаа мөн үү гэж өөрөөсөө эхлээд асуугаарай. Тийм биш бол хайран цагаа өөр зүйлсийг бодож, хийхэд зарцуулсан нь дээр байх.

Харилцан бие биенээ хайрлах нь хосын харилцаанд маш чухал. Чи ганцаараа залуугаа хайрлаад байгаа юм биш биз? Үүнийгээ тодорхой болгох үүднээс нээлттэйгээр ярилцаад үзээрэй. Хэрвээ тэр чамд хайртай эсвэл сайн бол чиний үгийг сонсож ойлгохыг хичээх болно.

Найзын чинь үйлдэл таалагдахгүй, таагүй мэдрэмж төрүүлээд байвал энэ байдлаа түүнд илэрхийлэх хэрэгтэй. Ер нь хүн хэн нэгнээс авч буй мэдрэмжээ илэрхийлэхгүй юу ч болоогүй мэт яваад байхаар сүүлдээ ядарч, тэр хүнийг үзэн ядаж, бүр харилцаагаа таслахад хүргэдэг. Тэгэхээр өөрийгөө илэрхийлж байгаа нь мөн найзтайгаа харилцаагаа хадгалж үлдэх зорилготой гэсэн үг. Өөрийгөө илэрхийлж тэднээс тусламж хүссэн ч таагүй мэдрэмж чинь арилахгүй эсвэл дахин дахин уг асуудал чинь давтагдсаар байх тохиолдолд найзтайгаа ч, найз залуутайгаа ч үргэлжлүүлж харилцах эсэхээ шийдэх юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Намайг жаахан хэвээрээ байгаа юм шиг харьцдаг

Сайн байна уу? Би 21 настай. Одоо 3-р курс. Насанд хүрсэн ч шийдвэрлэж чадахгүй асуудал их юм. Надад 3 том асуудал байна.

1. Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж тусалдаг ч намайг жаахан хэвээрээ байгаа юм шиг харьцах юм. Миний шийдвэрлэж чадахаар асуудлыг ингэ тэг гээд л заадаг. Хэт өөрсдийнхөөрөө байлгах гээд байдаг нь надад дарамттай санагддаг. Энэ байдлаа хэлэхээр “чи юу ч мэдэхгүй байж олон юм ярих юм” гэх юм. Би гэр бүлийнхнийгээ ерөөсөө ч буруутгаж байгаагүй. Зүгээр л намайг жаахан ойлгодог байгаасай гэж хүсдэг.

2. Надад сөрөг бодлууд ихээр бий болдог болсон. Өөрийгөө муу хүн, царай муутай, тарган гэх мэтээр боддог болчихлоо. Зөндөө л идэвхжүүлэх бичлэг, лекц үзээд нэмэр алга. Найзуудтайгаа ярилцсан ч сайн найзууд маань ажил амьдрал их учир нээх тусгаж авахгүй. Би саяхан нэг залуутай танилцаад утсаар ярьдаг болсон юм. Нэг өдөр уулзахаар болоод уулзтал маргаашаас нь над руу ярихаа больчихсон. Энэ мэт асуудлаас болоод би өөрийгөө хайр дурлалын тал дээр бүтэлгүй, азгүй гэж боддог болчихож.

3. Дараагийнх нь гэвэл би сонгосон мэргэжилдээ дургүй юм шиг байна. Дуртай байсан бол юу ч болж байсан хичээлээ хийгээд өөрийгөө хөгжүүлэх байсан биз. Эсвэл би хэт залхуу байгаад байна уу? Надад зөвлөгөө өгч тус болооч. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Сэдэлжүүлэх лекц, нөлөөлөгчдөөр дамжуулж өөрийгөө идэвхжүүлнэ гэж битгий бодоорой.

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

1. Гэр бүлдээ асуудлаа шийдэж чадах хэмжээнд хүрсэн юм байна гэх итгэлийг төрүүлэхүйц үйлдэл хийгээд үзээрэй. Энэ нь чиний мэдлэг, ур чадвар, зорилгоос хамаараад хичээл номондоо шамдах, мэргэжлийн дагуу хүсэлтээрээ дадлага хийх, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох мөн гэр бүлийнхэндээ илүү дотно харилцах алхмыг түрүүлж хийх гэх мэт алхмуудаас гадна бусад энгийн зүйлс ч байж болно. Чамайг хариуцлагатай, бодолтой, зөв шийдвэр гаргаж байгааг гэрийнхэн чинь олон ажиглах тусам улам илүү чамд сонголт хийх эрх чөлөө олгоно. Мөн тэдэнд хэлэхдээ “би өөрөө мэдэж байна, би том болсон” гэх мэт "хүүхдэрхүү" үг хэлдэг юм биш биз? Оронд нь “надад сонголт хийж, шийдвэр гаргаж, хариуцлагаа өөрөө үүрэх боломж олгооч, тэгэхгүй бол би биеэ даахгүй, үеийнхнээсээ хоцроод байгаа мэт санагдаад байна” гэх мэтээр ул суурьтай, насанд хүрсэн хүний өнгө аясаар ярих гээх үзээрэй.

2. Сөрөг бодлуудаа засаж сураарай. Янз бүрийн хүчин зүйлс чамд сөрөг бодлуудыг үүсгэж байгаа ч үүнийг захирч хянаж чадах хүн бол зөвхөн ЧИ. Хүн байгалиас өө сэвгүй, төгс, тэгш байна гэж байхгүй шүү дээ. Зарим зүйлстэй эвлэрч, зарим зүйлсийг нь өөрийн чадах хэмжээгээр сайжруулаарай. Хүн бүрд янз бүрийн сөрөг бодол төрдөг. Зарим нь тэр бодолдоо итгэж, автаж байхад зарим нь засаж чаддаг.

3. Хичээлээ хийхгүй байгаагаасаа болоод мэргэжилдээ дургүй юм байна гэж дүгнэх нь учир дутагдалтай болов уу. Би ирээдүйд ямар хүн болохыг хүсч байгаа билээ? Энийг хийх нь эсвэл хийхгүй байх нь надад ямар үр нөлөө авчрах билээ? Би энэ цагаа ашиглаж юу хийж болох билээ? Гээд зорилгоо маш сайн тодорхойлоод түүнийг бодит болгох бичил алхмуудыг төлөвлөн өөрийгөө хуурахгүйгээр хичээгээд үзээрэй. Түр завсарлага аваад дахин эхэлсэн ч болно шүү дээ.

4. Сэдэлжүүлэх лекц, нөлөөлөгчдөөр дамжуулж өөрийгөө идэвхжүүлнэ гэж битгий бодоорой. Ер нь хүн өөрөө өөрийгөө л дотроосоо идэвхжүүлдэг. Дотроосоо төрсөн зорилго, мэдрэмжээрээ үйлдэл хийж байгаа хүн урт хугацаанд бууж өгөлгүй урагшилж чаддаг. Гаднаас эрч хүч хайлгүйгээр өөр рүүгээ өнгийгөөрэй.

Юу ч хийсэн үр дүн өгөхгүй, урагшлахгүй байгаа мэт санагдах, урт хугацаанд сөрөг бодол мэдрэмжүүдэд автах, ангижрахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчэд хандан зөвлөгөө, тусламж аваарай. Өөртөө үнэнч байж, өөрийгөө хайрладаг байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Эмч болж чадахгүй бол тэр үед жинхэнээсээ үхье гэж бодох боллоо

Сайн байна уу? Би одоо 18 настай, эмэгтэй. Энэ жил сургуулиа төгсөж байгаа. Би сэтгэл гутралд орсон гэдгээ мэддэг. СЭМҮТ-ийн сэтгэл судлалын тестүүдийг бөглөж үзтэл хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон байна гэж гарсан.

Амьдралд яаг яах учраа олохгүй байгаа. Нас залуу, цус шингэн болохоор инээж хөхөрч байх ёстой гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ бүхэн маш багаас минь эхэлсэн байх. Trauma гэж боддог юм. Би аавынхаа тухай юу ч мэдэхгүй. Ээжтэйгээ ч хамт амьдардаггүй. Энэ нь ч бас нөлөөлдөг байх. Магадгүй өнгөрсөн болоод одоо байгаа зүйлсээ бодож их стресст ордог байх. Хүний хүн хүрэн бөөртэй гэж одоо хамт амьдарч буй ээжийн хамаатнууд хэдий сайн хүмүүс ч гэлээ хэзээ ч жинхэнэ гэр бүл минь байж чадахгүй мэт мэдрэмж төрдөг. Үхэх тухай маш их боддог. Би ер нь дуугүй талдаа хүн болохоор уурлаж бухимдсан гэдгээ тэр болгон гаргаад байдаггүй нь жижиг зүйлс дээр гэнэт маш их уурлаж стрессдэхэд хүргэдэг байх.

Өөрийгөө хайрлаж чаддаггүй болохоор хэн нэгэн намайг хайрлахгүй байх гэж бодогддог боллоо. Эсвэл хэн нэгэн намайг хайрласан ч би буцаагаад хайрлахгүй байх гэж бодогдох юм. Гэр бүлийнхэн маань намайг эмч болгохыг хүсдэг. Гэхдээ би дургүй ч биш, дуртай ч биш. Хэрвээ эмч болж чадахгүй бол тэр үед жинхэнээсээ үхье гэж бодох боллоо. Хаана хэнд хандаж энэ асуудлаа шийдэх вэ? Хэнтэй уулзаж ямар сэтгэл зүйчтэй уулзвал дээрдэх бол?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө төлөө тууштай тэмцээд, даваад гарна гэж найдаж байна. 

Сайн байна уу? Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал гэж оношлогдсон гэлээ. Тэр бол түргэвчилсэн тест болохоос эцсийн онош тавих арга зүй биш юм. Яг л коронавирус түргэвчилсэн оношлуураар тийм гэж гарсан ч лабораторийн шинжилгээгээр үгүй гэж гардагтай ижил чи тэр тестэд тулгуурлаж шууд өөрийгөө оношлож болохгүй.

Харин амиа хорлох талаар бодоод байна гэдгээс харвал сэтгэл гутрал мөн байх магадлалтай байна. Чи үүнийгээ хэлж, тусламж хүсч байгаад баяртай байна. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд Монголд цөөнгүй байгаа. Интернетээс хайлт хийн өөрт тохирохуйц газраа сонгож болно. Бидний зүгээс мэдээж Сэтгэл Судлалын Үндэсний Төвд хандаад үзээрэй гэж зөвлөе. 77324233 дугаарт холбогдож цаг бичүүлдэг. Заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй шүү. Өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбоотой олон бодол, мэдрэмжүүд холилдоод түүнээс болж ядарч, гуниглаж байгааг ойлгож байна. Гэсэн ч өөрийнхөө төлөө тууштай тэмцээд, энэ бүгдийгээ даваад гарна гэж итгэж байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Мөнхийн хүүхэд хэвээрээ баймаар байна 

Сайн байна уу? Би одоо 17 настай, эмэгтэй. Би бага байхаасаа л бусадтай юм ярих, мэндлэх зэрэг харилцааны тал дээр маруухан хүүхэд байсан. Одоо ч тийм. Гэхдээ би сайн таньдаг хүнтэйгээ, эсвэл дуртай зүйлийнхээ талаар ярихдаа шал өөр болчихдог.

1. Ойрын өдрүүдэд байнга өөрийнхөө талаар бодох боллоо. Яагаад гэдгийг мэдэхгүй ч өөрийнхөө ирээдүйн мэргэжил, ирээдүйд юу болох гэхээс айгаад байх юм. Мөнхийн хүүхэд хэвээрээ байх боломжгүй ч энэ хэвээрээ баймаар байна. Дотроо олон зүйл бодоод байдаг болохоор өөрийнхөө бодлоос заримдаа айх юм.

2. Найз нар маань намайг юу гэж боддог талаар эмээдэг. Надтай 1-р ангиасаа найзалж байсан найзууд маань хот руу шилжээд явчихсан. Тэд Фэйсбүүк дээр байхад би айсандаа болоод ч юм уу, яагаад ч юм би чат бичиж чаддаггүй. Нэгтэй нь ойр ойрхон чат бичдэг ч, нөгөө найзтайгаа 3, 4 сарын өмнө л нэг чат бичсэн. Тэр надаа гомдсон байх даа гэж бодоод чат бичиж чаддаггүй. Удахгүй бид уулзах гэж байгаа юм. Түүний царайг яаж харна гэж бодохоос эмээж байна.

3. Нэг зөвлөгөөн дээр өөрийнхөө гадаад байдлыг өөрчилж, шинэчлэлт хийвэл өөртөө итгэх итгэл бага ч болтугай өсдөг гэж бичсэн байсан юм. Тиймээс би сүүлийн 2 жилд өөрийгөө бага багаар өөрчилж, өөртөө итгэх итгэл маань бага багаар өсөж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өөрийгөө өөрчлөхөд сайшаах хүн байхад муулах хүн байдаг. Хүмүүсийн гадаад төрхөөр хэн нэгнийг шүүх нь зохимжгүй санагддаг. Би одоо өөрийнхөө үсний өнгийг өөрчлөх сонирхолтой байгаа ч хэн нэгний хэл амны бай болох вий гэж бодохоор гомдолтой санагдах юм. Олон зүйл бичсэн уучлаарай. Эдгээр асуудлыг шийдэхэд минь тусална гэж итгэж байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Буруу зүйл хийгээгүй бол эмээх шаардлага байна уу? 

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Бусадтай ярилцах, мэндлэх зэрэг ур чадвараа хөгжүүлж, сайжруулж болно. Чи хэт их бусдын бодол, ая тавд төвлөрөөд байдаг бололтой. Энэ зан чинь нэг талаас боловсон, эелдэг, хүнд төвөг уддаггүй мэт боловч нөгөө талаас чамайг өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхээс хориод байна шүү дээ. Одооноос хүн юу гэж бодох бол гэдэгт биш, би юу гэж бодож байна гэдэгт төвлөрөхийг хичээгээрэй.

Хүн мөнхөд хүүхэд хэвээрээ байх боломжгүй шүү дээ. Чи ч үүнийг мэдэж байгаа. Хүүхэд байх юмсан гэж бодсоноос илүү бодлоо цэгцэлж сурах - жишээ нь ямар мэргэжилтэй болох талаар бодогдоод байгаа бол би юу хийж чадах билээ? Энэ мэргэжлийг сонговол би юу хийх билээ? гэх мэтээр бодоод үзээрэй. Асуудлаас зугтахгүй нүүр тулна гэсэн үг юм.

Найз нарынхаа өмнө буруу зүйл хийгээгүй бол эмээх шаардлага байна уу даа? Надад ингэж мэдрэгдэх боллоо, найз нь чамайг гомдоосон уу? гээд мэдрэмж, бодлоо илэрхийлээд ярилцаад үзээрэй. Энэ нь бас л чи өөрийгөө биш эсрэг хүнээ хэт их боддогоос л болж төрж байгаа мэдрэмж байх гэж таамаглаж байна. Бас л асуудлаар зугтахгүйгээр найзуудтайгаа уулзаж ойлголцох хэрэгтэй. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Дүү наргүй байсан бол хэчнээн сайхан бол гэж боддог

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Би доороо 3 дүүтэй. Аав ээж хоёр өглөө ажилдаа явдаг. Ээж 12 цагт цайны цагаараа ирдэг. Би ээжийг ирэхээс 1 цагийн өмнө хоолоо хийдэг. Өдөр дүү нараа харж, орой бас л хоол хийдэг. Дүү нар маань өдөр тоглоод гэр буулгаж, орилж чарлаж байх нь надад үнэхээр хэцүү байдаг. Аав орой ирээд гэрээ цэвэрлэхгүй яасан юм гэж загнах нь надад их ядаргаатай санагдаж, өдөр хоол хийж дүү нараа харахад л болоо юм биш үү гэж бодогддог.

Бас өдөр гэрээ зөндөө цэвэрлэдэг боловч дүү нар бүгдийг нь буулгадаг. Дүү нартаа зөндөө хэлдэг боловч үгэнд ордоггүй болохоор үргэлж уурлаж, бухимдаж, үгэнд орохгүй бол гар хүрдэг болсон. Өдөр болгон хоол хийхээс залхаж, дүү наргүй байсан бол хэчнээн сайхан бол гэх бодол үргэлж төрөх болсон. Үргэлж уурлаж бухимдах нь муу гэдгийг мэддэг ч гэсэн энэ залхмаар зүйлүүдийг хийх болгонд үргэлж уур хүрч бухимддаг. Аав ээждээ хэлдэг ч гэсэн үл ойшоодог. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Насанд хүрсэн хүмүүстэй тэдний хэлээр ярихаар ойлгодог

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Энэ насан дээрээ хоолоо хийгээд, дүү нараа асраад, ээжийнхээ өдрийн хоолыг хийгээд их ажилсаг охин байна. Гэвч энэ ажлуудаасаа болоод ядраад, залхаад, аав ээждээ хэлээд байхад тоохгүй болохоор яах учраа олохгүй бидэнд хандсан юм байна гэж ойлголоо.

Чи хоолоо хийж, дүү нараа харж байгаа нь гэр бүлдээ оруулж байгаа маш том тус нэмэр, хөрөнгө оруулалт юм шүү. Дүү нартаа гар хүрч болохгүй гэдгээ чи өөрөө мэдэж байгаа байх. Чи асуудлыг уур, хүчирхийллээр шийддэг буруу занд сурах гээд байна шүү дээ. Дүү нар нь хүүхэд учраас тоглох эрхтэй, бас тэд нарын ажил нь гэрээ буулгах гээд хүлээгээд авчихвал чамд амар. Тэд жаахан томроод чамд тусалдаг болох байх. Тэднийг айлгаж биш хайрлаж хүмүүжүүлээрэй.

Би ч гэсэн хүүхэд шүү дээ гэдэг бодол төрж байна уу? Чи ч гэсэн дуртай зүйлээ хийгээд, санаа амар баймаар байдаг байх. Аав ээждээ арай эвтэйхнээр ойлгуулах гээд үзээрэй. Олон удаа хэлэх хэрэгтэй. Хүн нэг хэлүүлээд л ойлгочихдоггүй. “Би хоол хийж дүү нарыг харж байгаа болохоор, бас дүү нар байнга гэрээ буулгадаг болохоор гэр муухай байгаа юм, би одоо их ядарч байна, та хоёр надад жаахан тусалж намайг ойлгооч ээ” гэж хэлээд байгаарай. Насанд хүрсэн хүмүүстэй тэдний хэлээр ярихаар ойлгодог. Юу болсон талаар ахиад захиа бичээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би сэтгэлзүйч болмоор байгаа ч гэр бүлийнхэн маань...

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Хөл хорионоос болж сатаарах зүйл маань багасч ганцаараа байх болсон. Тийм ч учраас өөрийн дотоод хүнтэйгээ их зөрчилдөөд байх шиг. Би сэтгэл зүйч болохыг хүсдэг. Багаасаа их зүйл боддог, бусдыг үргэлж ажиглаж ямар нэг зүйлийг ургуулан боддог сул талтай байсан болохоор үүнийгээ давуу тал болгон ашиглахыг хүссэн юм. Түүнчлэн өмнө нь сэтгэл гутралд орж, амиа хорлох талаар хүртэл бодож байсан ч тэр үед надад хажуугаас тусалж, дэмжиж өгөх хүн байхгүй байсан учраас их хэцүү байсан. Хүний сэтгэл зүй гэдэг энгийн мөртлөө их төвөгтэй, басхүү бие махбодын эрүүл мэндээс илүүтэй хүний амьдралын хэв маягт сайн болон муугаар нөлөөлдөг юм байна гэдгийг тухайн үед өөрөө их сайн ойлгосон. Тийм болохоор сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байгаа хүнд туслахыг хүсдэг болсон юм. Философи, гүн ухааны зүйлүүд ч гэсэн сонирхолтой санагддаг учир сэтгэл зүйч болохыг хүсэж байгаа.

Гэсэн ч гэр бүлийн талаас дэмжиж өгөхгүй байгаа юм. Хэдий гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, ойлгуулж болох ч "Би үнэхээр чадах болов уу?" гэсэн эргэлзээ бас айдас байгаа болохоор өөрөө зориглож, хичээж чадахгүй байна. Гэр бүлийн гишүүд маань надад эргэлзэх тоолонд би өөртөө эргэлзээд байгаа. Ирээдүйнхээ зураглалыг гаргаж, урдаа зорилго тавин, түүнийхээ төлөө тууштай тэмцэхийн тулд мэргэжлээ баттай сонгохыг хүсэх ч ирээдүйд тохиож магадгүй саад, өөрийн гаргаж болох алдаанаас үргэлж айгаад байх юм. Хааяа үнэхээр энэ мэргэжлийг сонгоод явж чадах юм шиг санагдах ч хааяа өөрийгөө шүүмжилж, чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болж шантарчих гээд байна. Сүүлийн өдрүүдэд энэ үнэхээр миний хүсэж байгаа зүйл мөн болов уу ч гэж гайхах болсон. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хэрхэн зорилгоо тодорхойлж, тууштай хандах вэ? Зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрөө эргэлзээд байвал гэрийнхэн чинь чамд яаж итгэх вэ? 

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Юмыг олон талаас нь боддог зан чинь мэргэжлээ сонгоход саад болоод байгаа бололтой. Бид бүгд л мэргэжлээ сонгохдоо жаахан ч гэсэн эргэлзэж байсан. Бидний хэн нь ч ирээдүйд юу болохыг хэлж чадахгүй шүү дээ. Бүх эрсдэлийг бодоод хамгийн зөв шийдвэрийг гаргах гээд суугаад байвал өөрөө л стрессдэж, явж явж буруу шийдвэрийг гаргаж магадгүй. Стрессдсэн тархи ер нь л буруу шийдвэр гаргачих гээд байдаг. Чи өөртөө эргэлзээд байвал гэрийнхэн чинь чамд яаж итгэх вэ? Бас чи энэ мэргэжлээр суралцаж, ажиллах хүн нь учраас чи л шийднэ шүү дээ.

Сэтгэл судлал бол маш хувирамтгай, хөрвөх чадвар сайтай мэргэжил юм. Бараг л бүх салбар сэтгэл судлалтай холбогдож байна. Чи заавал мэргэжлээрээ ажиллахгүй аль ч салбар руу жаахан хичээгээд л хөрвөчих боломжтой байна. Дээр нь сэтгэл судлалаар сурахын давуу тал нь өөртөө болон эргэн тойрныхондоо туслах боломжтой. Хичээлээ хийнгээ өөрийгөө улам ойлгож сайжруулах боломжтой. Сэтгэл судлаач нар аль ч нийгэмд нэр хүндтэй байдаг. Хүмүүс чиний үгийг сонсоно. Мөн сул талууд байна. Чи үргэлж суралцах хэрэгтэй болно, хэзээ ч хангалттай сурчихлаа гэж хэлэх үе ирэхгүй. Бас чи үргэлж биеэ зөв авч явах хэрэгтэй. Чи ихэнхдээ л амьдралын хүнд хэцүү асуудлуудыг сонсож тэдэнд туслах хэрэгтэй болно. Бас гоёж гангалах дуртай, олны анхааралд өртөх дуртай хүмүүст энэ мэргэжил жаахан тохирдоггүй.

Өөртөө итгэлтэйгээр шийдвэрээ гаргаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би өөрөөсөө 8 насаар ах хүнд дурлачихсан

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Би одоогоор яг яахаа мэдэхгүй байна л даа. Учир нь сэтгэл санаагаа ойлгохгүй байна. Би өөрөөсөө 8 ах хүнд дурлачихсан. Бид хоёр өмнө нь царай зүсээ мэдэлцдэг байсан ч 1 жилийн өмнөөс чаталж эхлээд бие биенээ бүр сайн мэддэг болсон. Гэхдээ зөвхөн чаталдаг. Ингээд нэг л мэдэхэд чатыг нь хүлээж, тааралдахыг хүсдэг болчихсон байсан.

Би өөртэйгөө маш удаан ярилцаж үзээд “одооноос л болъё, одооноос л сэтгэлээ татъя” гэх тусам илүү их бодогдоод байх юм. Бас чат ирэнгүүт нь л баярлаад цаанаасаа инээмсэглэл тодроод л байдаг. Гэхдээ тэр ах маань намайг өөрт нь сайныг мэдэхгүй. Зүгээр л сайн хуурай дүү гэж боддогт асуудал байгаад байгаа юм. Сэтгэлээ татах нь зөв үү, эсвэл хэлэх нь зөв үү? Надад туслаач. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Бид хэнд ч зориудаар дурладаггүй

Сайн байна уу, бидэнд хандсанд баярлалаа. Хайр дурлал, бусдад татагдах мэдрэмж түр зуурын шинжтэй бол тэр харилцаанаас үүсэх үр дагавар нь чамд насан туршид чинь нөлөөлнө. Хүнд дурлах нь буруу биш. Бид хэнд ч зориудаар дурладаггүй шүү дээ. Тэгэхээр чиний догдолж байгааг ойлгож байна. Гэхдээ чиний нас хэтэрхий бага байна. Хэрвээ чи өөртөө хайртай бол одооноос өөрийгөө удирдаж “татаж авах” нь зөв. Мэдээж одоохондоо чамд хэцүү байх ч дараа нь үүсэж болох бүр хэцүү байдлаас хамаагүй амархан байна гэж бодож байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Хутга, үзүүртэй зүйлээс айдаг болсон 

Сайн байна уу? Би одоо 18 настай, эмэгтэй. Би 3жилийн өмнө гэв гэнэтхэн л бие муудаж, зүрх дэлсэж, үхэх гээд байгаа юм шиг, амьсгалахад гэнэт л амьсгаа зогсох юм шиг санагдаж эмнэлгээр явсан ч онош тодроогүй. Бүх зүйл л хэвийн байсан. Тэгээд төд удалгүй зүгээр болчихсон. Үүний дараагаас үе үехэн бас л зүрх зогсох юм шиг санагдаад унтаж чадахгүй болж, дараа нь гэнэт хэн нэгнийг гэмтээчих юм шиг санагдаж хутга, үзүүртэй зүйл зэргээс айдаг болсон. Яг л гэнэт бүх зүйл болчих юм шиг, би тийм зүйл хийж чадах юм шиг санагдаж их айдаг болсон. Ихэвчлэн орой иймэрхүү зүйл бодогддог. Олны дунд зүгээр болчихдог. Гол нь хэсэг хэсэг хугацаанд шинэ айдас бий болоод байдаг. Энэ депресс үү?

ЗӨВЛӨГӨӨ: Паник аттак гэх сэтгэл зүйн эмгэгийн шинж тэмдэгтэй төстэй байна

Сайн байна уу, энэ сэтгэл гутрал биш харин паник аттак (panic attack) гэж нэрлэдэг сэтгэл зүйн эмгэгийн шинж тэмдэгтэй төстэй байна. Үе үе гэнэт зүрх дэлсэж, амьсгал боогдож, хяналтаа алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Үүнийг сэтгэцийн эмч нарт үзүүлж оношлуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter