Одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд "Avengers: Endgame" кино нээлтээ хийж байжээ. "Avengers: Endgame" (2019) нь Avengers цувралын дөрөв дэх, Marvel Cinematic Universe (MCU)-ийн 22 дахь бүрэн хэмжээний бүтээл болсон билээ. Дэлхийн зах зээлээс нийт 2,7892 тэрбум ам.долларын ашиг орлого олсон энэхүү бүтээл нэрт кино уран бүтээлч James Cameron-ийн зохиолыг нь бичиж, найруулж, продюсерээр нь ажиллласан "Avatar" (2009) киноны амжилтыг эвдэн "Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино"-гоор тодорсон. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ "Marvel" студийн үүсэл болон энэхүү студи "The Walt Disney" кино компанитай хэрхэн холбогдох болсон талаарх түүхийг бичихээр шийдлээ.
"Marvel" студи нь "The Walt Disney" кино компанийн харьяалалд байдаг бөгөөд "Marvel Comics" комик хэвлэлийн газрын бүтээсэн супер баатруудын адал явдалд суурилсан кино бүтээлүүд хийдэг болохыг бид бүхэн сайн мэднэ. 1970-аад оны үеийн АНУ-ын поп соёлд комик ном асар том нөлөөг үзүүлдэг байсан бөгөөд хүүхэд болгон комик номыг дурлан хайрлан уншдаг байлаа.
Комик салбар хурдацтай хөгжихийн хэрээр "Marvel Comics" болон "DC Comics" зэрэг комик хэвлэлийн газрууд дэлхий даяар алдарших болсон. Хэдийгээр энэхүү нийтлэлийн маань сэдэвт "DC Comics" хамааралгүй боловч дурдах нь зүйтэй байх. Batman, Superman, Wonder Woman-гүй комик ертөнц ч гэж хаа байх билээ дээ. Ингээд комик номын дүрүүд алдартай болсноор кино урлагийн салбарт эдгээр дүрүүдийг амилуулах боломж гарсан юм.
Анх 1986 оны арванхоёрдугаар сарын 2-нд "Marvel Entertainment" групп байгуулагдсан нь одоогийн "Marvel" студийн эхлэл юм. Тухайн жилдээ "New World Pictures" компани "Marvel Entertainment" группийг худалдан авснаар Marvel-ийн кино болон цувралууд хийгдэх эхлэл тавигдсан билээ. Ингээд "Howard the Duck" (1986), "The Punisher" (1989), "Captain America" (1990) зэрэг бүтээлүүд гарч Marvel-ийн супер баатрууд дэлгэцнээ амилсан боловч төдийлөн амжилт гаргасангүй.
1998 онд "Sony Pictures" кино компани Marvel-ийн хамгийн алдартай супер баатруудын нэг болох Spider-Man-ийн эрхийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ л Marvel-ийн агуу амжилтын эхлэл байсан юм. Найруулагч Bryan Singer-ийн "X-Men" (2000) болон найруулагч Sam Raimi-гийн "Spider-Man" (2002) уран бүтээлүүд Marvel-ийн хувь заяанд асар их өөрчлөлтийг оруулснаар Marvel-ийн супер баатрууд кино урлагийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх болсон.
Үүнээс хойш "Hulk" (2003), "Daredevil" (2003), "X-Men 2" (2003), "Spider-Man 2" (2004), "Fantastic Four" (2005), "X-Men: The Last Stand" (2006), "Spider-Man 3" (2007), "Fantastic Four: Rise of the Silver Surfer" (2007) зэрэг Marvel-ийн олон арван супер баатрууд дээр тулгуурласан кинонууд хийгдсэн ч энэ бүхэн Marvel-ийн хүссэн зүйл биш байв.
Энэ бол Marvel-ийн хамгийн том асуудал байв. Тэд энэхүү асуудлыг шийдэх нэгэн эрхмийг олсон нь одоогийн "Marvel" студийн ерөнхийлөгч Kevin Feige байлаа. Тэрээр "X-Men" (2000)-с хойш Marvel-ийн гаргасан бараг бүх уран бүтээлд туслах болон ерөнхий продюсерийн үүргийг гүйцэтгэсэн. Ингээд 2007 оны гуравдугаар сард тэрээр "Marvel" студийн уран бүтээл хариуцсан захирлаар томилогдсон билээ.
Түүний хариуцсан хамгийн анхны уран бүтээл нь "Iron Man" (2008) байлаа. Тэрээр энэхүү кинонд жүжигчин Robert Downey Jr.-ийг Tony Stark /Iron Man/-ийн дүрд тоглуулахаас эхлээд олон эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргасан ч эдгээр нь нүдээ олсон шийдвэрүүд байлаа. Өөрөөр хэлбэл "Iron Man" (2008) нь эдийн засгийн хувьд ч, кино урлагийн хувьд ч томоохон амжилтыг олж чадсан юм. "Box Office"-оос нийт 585.3 сая ам.долларын ашгийг олсон энэхүү кино Marvel Cinematic Universe (MCU)-ийн эхлэлийг тавьж чадсан гайхалтай бүтээл билээ.
2009 оны арванхоёрдугаар сарын 31 буюу Шинэ жилийн баярын өдөр "The Walt Disney" кино компани "Marvel Entertainment" группийг 4 тэрбум ам.доллараар худалдан авсан. Үүнээс хойш "Marvel" студийн амжилт асар ихээр нэмэгдэж, одоогоор Marvel Cinematic Universe (MCU)-ийн 23 дэлгэцийн уран бүтээл гарч, 2022 он гэхэд 6 бүрэн хэмжээний кино, Disney+ (Disney Plus) платформ дээр 8 цуврал гарна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Marvel Cinematic Universe бол орчин цагийн хамгийн шилдэг франчайз яах аргагүй мөн. Кино урлагийг цоо шинэ түвшинд хүргэсэн энэхүү франчайзын кино бүр өөр өөрсдийн гэсэн түүх болон онцлогтой байхаас гадна нийгэмд байх бүхий л асуудлуудыг хөндөж чаддаг билээ. Та энэхүү франчайзын уран бүтээлүүдийг үзэж амжаагүй байгаа юм биш биз? Тэгвэл би танд ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ хэмээн зөвлөж байна.
Эх сурвалж: Screen Rant, MCU Fandom, Marvel
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх