И-мэйл буюу цахим шууданг ХЭРХЭН илгээх вэ?


Цэцээ | YOLO.MN
2020-08-26

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бичиг баримтыг цаасан хэлбэрээр ашиглах нь ховор болжээ. Улмаар шинэ үеийн залуус бид и-мэйл буюу цахим шууданг зөв илгээх шаардлагатай нүүр тулж байна. Ингээд YOLO.mn сайтын хамт олон та бүхэндээ зориулаад энэ талаар зөвлөгөө бэлтгэн хүргэлээ.

Бидний цахим хэрэглээнд түгээмэл ашиглагддаг Google mail /gmail/ болон Yahoo mail зэрэг платформууд дээр жишээ авлаа.

АЛХАМ 1. 

Та өөрийн ашигладаг browser-оороо www.mail.google.com гэж бичээд хандахад сайт нээгдэнэ. Та gmail хаягтай бол тухайн хаягаараа нэвтэрч, байхгүй бол шинээр хаяг үүсгэн ашиглах боломжтой. 

Шинээр gmail хаяг үүсгэх заавар үзэх бол ЭНД дараарай. 

АЛХАМ 2. 

Ингээд нэвтрэн орсны дараа "ИМЭЙЛ БИЧИХ" хэсэгт дарахад цахим шуудан илгээх цонх нээгдэнэ. Цонхны хамгийн эхний мөрөнд цахим шуудан хүлээн авах хүний и-мэйл хаягийг бичээрэй. 

АЛХАМ 3.

Харин дараагийн мөрөнд захидлынхаа ерөнхий утга /subject/-ыг оруулна. Залуусын цахим шуудан илгээхдээ гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол уг хэсэгт захидлаа тэр чигт нь бичих явдал юм. Та энэ хэсэгт тухайн захидалдаа яг ямар утга бүхий мэдээлэл илгээж буйг хэдхэн үгэнд багтаан бичих хэрэгтэй.

Мөн цахим шуудан илгээхдээ ямар нэгэн файл хавсаргах бол шар өнгөөр тэмдэглэсэн хэсэгт дараад файлаа сонгоно. 

АЛХАМ 4.

Та цахим шуудангаа илгээхээсээ өмнө бичсэн захидлаа дахин нэг гүйлгэж хараад тухайн хүнийхээ и-мэйл хаягийг зөв бичсэн эсэх, файлаа хавсаргасан эсэх, өгөх гэж буй мэдээллээ бүгдийг нь багтаасан эсэхээ сайтар нягтлаарай. Ингээд болсон байна гэж үзвэл "Илгээх" товчин дээр дараарай. 

АЛХАМ 5.

Шуудан тань амжилттай илгээгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл "Илгээсэн и-мэйл" /Sent items/ хэсэгт хандаарай. Ингээд л боллоо. wink

Харин одоо Yahoo Mail ашигладаг залуустаа зориулан и-мэйл хэрхэн илгээх талаар зааварчилгаа өгье. 

АЛХАМ 1. 

Та өөрийн ашигладаг browser-оороо www.mail.yahoo.com гэж бичээд хандахад сайт нээгдэнэ. Та yahoo хаягтай бол тухайн хаягаараа нэвтэрч, байхгүй бол шинээр хаяг үүсгэн ашиглах боломжтой. 

Шинээр yahoo хаяг үүсгэх заавар үзэх бол ЭНД дараарай. 

АЛХАМ 2. 

Ингээд нэвтрэн орсны дараа "Compose" хэсэгт дарахад цахим шуудан илгээх цонх нээгдэнэ. Цонхны хамгийн эхний мөрөнд дээр дурдсантай адилаар цахим шуудан хүлээн авах хүний и-мэйл хаягийг бичээрэй. 

АЛХАМ 3.

Харин дараагийн мөрөнд захидлынхаа ерөнхий утга /subject/-ыг оруулна. Цахим шуудан илгээхдээ ямар нэгэн файл хавсаргах бол шар өнгөөр тэмдэглэсэн хэсэгт дараад файлаа сонгоно. 

АЛХАМ 4.

Шуудангаа илгээхээсээ өмнө ямар нэгэн алдаа гаргасан эсэхээ дахин нэг нягтлаад "Send" товчин дээр дараарай. 

АЛХАМ 5.

Шуудан тань амжилттай илгээгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл "Sent" хэсэгт хандаарай. Ингээд л боллоо. wink

НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ: 

1. Шуудангаа илгээхдээ юун түрүүнд мэнд мэдээрэй. Жишээлбэл "Сайн байна уу", "Өглөөний мэнд", "Өдрийн мэнд" гэх мэт. 

2. Харин дараа нь ямар шалтгаанаар и-мэйл бичиж буйгаа бичнэ. И-мэйл хүлээн авагч нь монгол хүн бол шуудангаа кириллээр, үг үсэг болон найруулгын алдаагүй бичих гэж хичээгээрэй. Мөн илэрхийлэх гэж буй санаагаа цэгцтэй бичиж илэрхийлэх нь чухал. 

3. Шуудангаа бичиж дууссан бол эелдгээр төгсгөхөө бүү мартаарай. Тухайлбал "Баярлалаа", "Амжилт хүсье!", "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" зэрэг үгсийг ашиглаж болно. Мөн хамгийн сүүлд нь "Хүндэтгэсэн ...." гээд нэрээ бичихээ мартаж болохгүй шүү. 

Ингээд жишээ болгон дараах зургийг хавсаргалаа. 

Өнөө үед ажил, хичээл, хувийн зэрэг ямар ч шаардлагаар бусадтай и-мэйлээр харьцах тохиолдолд и-мэйлээ "зөв" илгээдэг байх нь чухал. Захидал бичих соёл гэдэг шиг и-мэйл бичих соёл ч яригддаг болсон цаг шүү дээ. Мөн таны илгээсэн и-мэйлээр таныг ямархуу хүн бэ гэдгийг дүгнэж болох тул "Send" гэх товчийг дарахаасаа өмнө бүх зүйл тань зөв байгаа эсэхийг нягталж нэг хараарай. 

Цахим орчинд соёлтой оролцоцгооё!

#И-мэйл #Боловсрол