"Ингэж явсаар би ганцаардлын өвчин тусчихгүй байгаа?"


Сондор | YOLO.MN
2016-08-18

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Хүнтэй танилцахгүй явсаар ганцаардлын өвчин тусчихгүй байгаа?

Өөр хүнтэй танилцъя гэсэн бодол битгий хэл намайг хаясан гэж тэр хүнийг үзэн ядах сэтгэл ч төрөхгүй юм

Сайн уу?

Би өнгөрсөн зун нэг хүнтэй танилцсан юм. Тэр надаас 3 насаар ах байсан л даа. Эхэндээ ч яахав фэйсбүүкээр харилцаад гурван сар гаруй болсон. Бид хоёр үерхсэн юм. Гэхдээ нэг их дотно биш, ойлгомжгүй харьцаатай явсаар хавар салсан. Гэхдээ харьцсаар л байсан. Үнэндээ бол би анх удаа хүнтэй үерхэж байгаа маань энэ л дээ. Саяхан түүний найз охин гээд нэг хүн над руу “Түүн рүү ярих хэрэггүй” гэх мэтээр залгах болсон. Эвгүй л юм байна лээ. Ядаж байхад миний танил байсан. Ер нь бол хэцүү л юм. Өөр хүнтэй танилцъя гэсэн бодол битгий хэл намайг хаясан гэж тэр хүнийг үзэн ядах сэтгэл ч төрөхгүй юм. Юуных вэ, энэ явдлыг мартахгүй өөр хүнтэй танилцахгүй явсаар ганцаардлын өвчин тусчихгүй байгаа? frown

Зөвлөгөө: Үерхэл үргэлж бие биедээ дэм болж, зөв чигт хамт явахын нэр байдаг

Хэрэв чи гэртээ ганцаараа, надад хүн олдохгүй гэж бодож суугаад л байвал дээр дурдсан шигээ хэзээ ч зөв хүнтэйгээ таарахгүй гэдгийг анхаараарай.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Бичсэн асуудлаас нь харахад та хоёр албан ёсны үерхлээр үерхээгүй бололтой. Өөрөөр хэлбэл ойлгомжгүй харилцаатай явсан гэдэг нь хэн хэн нь ямар үүрэгтэй, ямар эрхтэй, яаж харилцахаа тодорхой болгоогүй байсан гэсэн үг.

Тэгэхээр үерхэл гэдэг зүйлийг ярихаас өмнө энэ ямар хэрэгтэй зүйл вэ гэдэг дээр ойлголттой байх хэрэгтэй юм шүү. Чи хэн нэгэнтэй үерхэх гэж байгаа бол чи түүнд, тэр ч бас чамд таалагддаг байж, та 2 бие биетэйгээ хамтдаа байхдаа ярилцаж, нээлттэй чөлөөтэй байж, ямар нэг гэнэтийн таагүй асуудлаас бие биенийгээ хамгаалдаг, буруу зүйл хийхэд нь буруутгаж, зөв тал руу чиглүүлдэг байх хэрэгтэй гэх мэт та 2 хоёулаа нэг нэгдээ санаа тавих ёстой юм. Ингэж танихгүйгээр хол зайнаас цахим ертөнцөд танилцаад, уулзаж ярилцаж, бие биенээ дэмжихгүйгээр үерхэл амжилттай болдоггүйг санаарай.

Ингээд чи үерхэл юуны төлөө байх ёстойг мэдсэн учраас дараагийн алхам бол зөв хүнээ сонгоход анхаарлаа хандуулах явдал. Өсвөр насныхны дунд найзууддаа гайхуулах гэж, эсвэл өөрийгөө мундаг хүн гэж бодохын тулд гээд олон шалтгаанаар нэг дор олон хүүхэдтэй зэрэг үерхэх асуудал гардаг. Хэрэв чиний сонгох гэж буй хүүхэд ийм төрлийнх бол сайтар бодоорой! Үерхэл үргэлж бие биедээ дэм болж, зөв чигт хамт явахын нэр байдаг бол ийм төрлийн хүүхдүүд чамд санаа тавьж, чамтай хамт цагийг үр дүнтэй өнгөрөөж, аюул ослоос хамгаалах тухай бодох ч үгүй явдаг юм  шүү. Харин чамд тохирсон сайн тэр нэгнийг олохын тулд шинээр хүмүүстэй танилцаж, дотор хүнийг нь сонирхохоо зогсоож огт болохгүй. Хэрэв чи гэртээ ганцаараа, надад хүн олдохгүй гэж бодож суугаад л байвал дээр дурдсан шигээ хэзээ ч зөв хүнтэйгээ таарахгүй гэдгийг анхаараарай. Чамд амжилт хүсье, дараагийн удаад сонголт нь зөв байна гэж итгэж байна wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Ганцаардал