Альберт Эйнштейний зөв!


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-23

Энэ зургийг хараагүй хүн ховор. Харьцангуйн онол, фотоэлектрик нөлөөлөл, масс ба энергийн холбоо хамаарал зэрэг түүний оруулсан хувь нэмэр физикийн салбарт хэмжээлшгүй их. Тиймдээ ч түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг физикчдийн нэг хэмээн тодорхойлдог. Магадгүй хамгийн шилдэг нь...

2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд одон орны шинжлэх ухаанд түүхийн хуудаснаа бичигдэх маш том үйл явдал болсон нь дуран авайнуудын сүлжээний тусламжтайгаар хар нүхний зургийг анх удаа авсан явдал юм. Энэ нь сансар огторгуйн томоохон нууцуудын нэгийг тайлахад хэмжээлшгүй их туслалцаа үзүүлсэн билээ. Хар нүх гэж юу болох, ямар хэлбэртэй зүйл болохыг эрдэмтэд олон жилийн турш таамагласан боловч тэдний хэн нь ч бодитоор харж байсангүй. Ингээд тэр өдөр хар нүхний зургийг баримтжуулан авснаар одон орны түүх тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн бол 1 жилийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд эрдэмтэд бас нэгэн гайхалтай нууцыг илрүүлж чаджээ. 

"European Southern Observatory" олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон сүүлийн 27 жилийн туршид S2 нэртэй одыг ажигласан бөгөөд ажиглалтын үр дүнгээ сая танилцууллаа. S2 од нь Сүүн зам галактикийн төвд орших Sagittarius A* нэртэй хар нүхийг тойрч байхдаа Исаак Ньютоны таталцлын онолоор тайлбарлагдаж байсан дугуй хэлбэрийн хөдөлгөөн биш, харин Альберт Эйнштейний ерөнхий харьцангуйн онолоор тайлбарлагдсан сарнайн дэлбээтэй төстэй хэлбэрийн хөдөлгөөн хийж байгааг тогтоожээ.

Альберт Эйнштейн 100 гаруй жилийн өмнө манай нарны аймгийн хамгийн жижиг гариг болох Буд нь нарын тойрохдоо мөн л ийм хэлбэрийн хөдөлгөөн хийдэг болохыг илрүүлж байсан түүхтэй. 

Макс Планкийн нэрэмжит физикийн хүрээлэнгийн захирал Рейнхард Гензелийн мэдээлснээр Sagittarius A* хар нүх нь нарнаас 4 сая дахин их масстай, дэлхийгээс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Тэрбээр энэхүү төслийн анхдагчдын нэг бөгөөд 2007 онд Альберт Эйнштейний нэрэмжит шагналыг хүртэж байсан ХБНГУ-ын шилдэг астрофизикчдын нэг юм.

S2 од нь хар нүхэнд хамгийн ойрхондоо 20 тэрбум километрийн зайд очдог бөгөөд сарнайн дэлбээтэй төстэй хэлбэрийн хөдөлгөөн хийж буй анхны од болсон юм. S2 од нь Sagittarius A* хар нүхийг тойрох болгондоо замаа маш бага хэмжээгээр өөрчилдөг нь сарнай дэлбээ хэлбэрийн хөдөлгөөн бий болгох үндсэн шалтгаан болсон ажээ. Эйнштейний харьцангуйн онолын тусламжтайгаар бид энэхүү од нь хөдөлгөөний замаа хэдий хэмжээгээр өөрчилж буйг мэдэх боломжтой. Ингэснээр Альберт Эйнштейний харьцангуйн онол цоо шинэ түвшинд хүрэх юм.

Альберт Эйнштейний 100 жилийн өмнө нийтлэгдсэн “The Foundation of the General Theory of Relativity” нэртэй эрдэм шинжилгээний ажил бидний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Цөмийн цахилгаан станц, цахилгаан соронзон, GPS гэх мэтчилэн асар олон технологийг харьцангуйн онолын тусламжтайгаар бүтээдэг. Ингээд бодохоор Альберт Эйнштейн бол яалт ч үгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг физикч юм.

Эх сурвалж: Live Science, ScienceDaily, ScienceNews, Cosmos

#Albert Einstein #Шинжлэх ухаан