Энэ долоо хоногийн онцлох жүжигчин: Timothee Chalamet


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-21

Долоо хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон хүргэдэг “Artist of the Week” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Timothee Chalamet-ийг онцолж байна. 

Бидний дунд “Lady Bird” (2017), “Call Me By Your Name” (2017), “Beautiful Boy” (2018) зэрэг кинонуудаараа алдаршсан жүжигчин Timothee Chalamet 1995 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Түүний ээж АНУ-ын хамгийн нэр хүндтэй, шалгуур өндөртэй сургуулиудын нэг болох Йелийн Их сургуулийг Франц хэлний чиглэлээр төгссөн бол аав нь НҮБ-ын хүүхдийн санд редактороор ажилладаг аж. Чамгүй өндөр боловсролтой гэр бүлд өсөж торнисон гэдэг нь Timothee-гийн биеэ хэрхэн авч явж буй байдлаас шуудхан харагддаг. Мөн тэрээр Америк болон Франц улсын давхар иргэншилтэй ба уг хоёр улсын хэлээр чөлөөтэй ярьж чаддаг гэнэ. 

АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн нэр хүндтэй урлагийн ахлах сургуулиудын нэг болох "Fiorello La Guardia" ахлах сургуульд тэнцсэн нь түүний жүжигчин болох хүслийг улам дүрэлзүүлсэн явдаг байлаа. Timothee тус сургуульд жүжигчин Ansel Elgort-той хамт суралцаж байсан билээ. Та бүхэн түүнийг “The Fault in Our Stars” (2014) киноны Augustus-ийн дүрээр нь сайн мэдэх байх. 

Timothee ахлах сургуульд сурч байх хугацаандаа Lil Timmy Tim нэрээр реп хийж байсан бөгөөд энэ бичлэгүүд одоо ч Youtube хуудсанд байдаг билээ. 

Timothee бага байхдаа хоёр ч богино хэмжээний аймшгийн кинонд дүр бүтээгээд амжсан бол хамгийн анхны бүрэн хэмжээний кино нь “Men, Women & Children” (2014) байлаа. Харамсалтай нь энэхүү уран бүтээл кино шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс тийм ч сайн үнэлгээ авч чадаагүй юм. 

Ингээд Timothee тухайн жилдээ ахин нэг кинонд дүр бүтээсэн нь “Interstellar” (2014) байлаа. Хэдийгээр энэ кинонд тоглосноор түүний цаашдын карьер хурдацтай өснө гэж итгэж байсан ч "Miss Peregrine's Home for Peculiar Children" (2016), “White Boy Rick” (2018) зэрэг киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон ч тэнцэж чадаагүй аж. Ингээд анхны бүрэн хэмжээний кинондоо дүр бүтээснээсээ хойш бүтэн гурван жилийн дараа хоёр залуугийн хайр дурлалын түүхийг маш үзэсгэлэнтэйгээр харуулсан “Call Me by Your Name” (2017) кинонд гол дүр бүтээсэн нь түүнд жинхэнэ амжилтыг авчирсан юм. 

Тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд үнэлгээ өгдөг хамгийн алдартай сайтуудын нэг болох "Rotten Tomatoes" сайтаас 95 хувийн үнэлгээ авсан уг кинонд Timothee өөрийн жүжиглэх чадварыг бүрэн дүүрэн харуулж чадсан. Түүний төгөлдөр хуур тоглож, франц хэлээр чөлөөтэй ярьдаг чадварууд нь уг кинонд тоглоход давуу тал болсон ч зөвхөн энэ л кинонд зориулан итали хэлийг сурах болсон гэдэг. “Call Me By Your Name" (2017) киног үзсэн хүн бүрийн сэтгэлд тамгалагдсан үлдсэн төгсгөлийн хэсгийг үнэхээр л түүнээс өөр ямар ч жүжигчин ингэж илэрхийлж чадахгүй байсан мэт. 

Timothee уг киноны Elio-гийн дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээгээд ч зогсохгүй Оскарын шагнал гардуулах ёслолд “Шилдэг Эрэгтэй Жүжигчин“ төрөлд нэр дэвшиж чадсан юм. Ингээд тэрээр "Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчид" жагсаалтын гуравдугаар байранд бичигдэх болжээ. 

Өдгөө 24 настай ч нийт 16 кинонд дүр бүтээгээд амжсан залуу жүжигчин маань мөн хамгийн загварлаг алдартнуудын эгнээнд жагсдаг. Тэрээр нэгэн ярилцлагадаа аливаа ёслолын арга хэмжээнд ямар хувцас өмсөхөө тусгай стилистийн багийнхны тусламжгүйгээр өөрөө сонгодог хэмээн дурдаж байсан бөгөөд өдөр тутамд ч хэрхэн хувцаслахаа маш сайн мэддэг нэгэн. Түүний олны хайрыг татдаг бас нэгэн шалтгаан бол зан характер болон биеэ авч явж буй байдал нь яах аргагүй мөн. Жаахан эв хавгүй ч цаанаасаа л сэтгэл татам ярианы хэв маяг нь олон ч охидын сэтгэлийг татдаг. 

Мэдээж энэхүү нийтлэлийг уншиж буй охид бүсгүйчүүд маань түүний хувийн амьдралын талаар бишгүй л сонирхож байгаа байх. Тэрээр 2013 онд домогт дуучин Madonna-гийн охин Lourdes Leon-той үерхэж байсан. Залуус маань 2017 онд үерхэж эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хоёр тийш болсон. Үүний дараа мөн л алдарт жүжигчин Johnny Depp-ийн ганц охин Lily-Rose Depp-тэй үерхэж эхэлсэн ч нэг жил гаруй хугацааг хамтдаа өнгөрүүлсний эцэст энэ оны эхээр харилцаагаа төгсгөсөн гэдэг. 

“A Rainy Day in New York” (2019) бол Timothee-гийн дүр бүтээсэн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл. Тэрээр уг кинонд дуучин Selena Gomez-тай хамтран тоглосон ч киноны найруулагч Woody Allen-тай холбоотойгоор шинэхэн кино нь маш их шүүмжлэлд өртсөн юм. Гэвч нэгэн таатай зүйл болсон нь Timothee уг киноноос олсон ашгаа бүгдийг нь LGBTQ+ хүмүүст туслахад зориулна гэдгээ Инстаграм хуудсаараа мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар түүний дүр бүтээсэн хоёр ч уран бүтээл энэ онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаагийн нэг нь шинжлэх ухааны уран зөгнөлт кино болох “Dune” юм. Тус кинонд Timothee-гээс гадна Zendaya, Jason Momoa, Rebecca Farguson зэрэг олон алдартай жүжигчид оролцож буй нь энэ кинонд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа билээ. Үүнээс гадна өвөрмөц өнгө төрх бүхий уран бүтээл туурвидаг найруулагч Wes Anderson-ий “The French Dispatch” кино ч мөн энэ онд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна. 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд түүний тоглосон 14 киног "Rotten Tomatoes"-өөс өгсөн үнэлгээгээр эрэмбэлэн хүргэж байна. Уг үнэлгээ нь Timothee Chalamet-ийн жүжиглэлтэд өгсөн үнэлгээ биш, дүр бүтээсэн кинонд нь өгсөн үнэлгээ гэдгийг битгий мартаарай. Дараа долоо хоногт ахин нэг авьяаслаг жүжигчний уран бүтээлүүдээр эргэн уулзацгаая.

14. "LOVE THE COOPERS" (2015) - 18%

13. "THE ADDERALL DIARIES" (2016) - 21%

12. “MEN, WOMEN,& CHILDREN” (2014) - 33%

11. “HOT SUMMER NIGHTS” (2018) - 33%

10. “ONE&TWO” (2015) - 44%

9. “A RAINY DAY IN NEW YORK” (2019) - 60%

8. “BEAUTIFUL BOY” (2018) - 69%

7. “THE KING” (2019) - 71%

6. “HOSTILES” (2017) - 71%

5. “INTERSTELLAR” (2014) - 72%

4. “MISS STEVENS” (2016) - 91%

3. “LITTLE WOMEN” (2019) - 95%

2. “CALL ME BY YOUR NAME” (2017) - 95%

1. “LADY BIRD” (2017) - 99%

#Artist of the Week #Timothee Chalamet