М. Бат-Эрдэнэ: Хамгийн сайнаараа хичээсний эцэст ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН болсон


YOLO.mn | YOLO.MN
2020-04-16

“Lead Mongolia” төслийн 2019 оны Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийнхны Gogo.mn сайтын хамт олонтой хамтран хэрэгжүүлж буй “Монголд тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Монгол дахь тэгш хүртээмжтэй боловсрол”-ын талаар цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ.

Өмнөх нийтлэлээр тэгш хүртээмжтэй боловсролын үндсэн ойлголт, хэрэгжилтийн тухай мэргэжилтнүүдийн санаа бодлыг хүргэсэн бол энэ удаад “Сургуульд сурах гоё” сэдвээр МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр суралцдаг 2-р курсийн оюутан, олон улсын марафоны гүйгч, "Achilles International Mongolia" ТББ-ын гишүүн М. Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

LMӨөрийгөө товч танилцуулахгүй юу? Нэр, сурдаг сургууль, анги?

- Сайн байна уу. Намайг Мөнхбатын Бат-эрдэнэ гэдэг. Би 19 настай. МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр суралцдаг. Одоо 2-р курсийн оюутан.

LMХичээл, сургууль хаасан карантиний энэ үеэр цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ? Хичээлээ нөхөж, давтаж чадаж байгаа юу? Өөрийгөө хөгжүүлэхээр шинэ зүйл сурч эхэлсэн үү?

- Хичээл хаагдсанаас хойш гэртээ гэр бүлийнхнийхээ ойр зуурын ажилд туслахын хажуугаар нь онлайн хичээлээ үзэж, лекц семинараа бичиж тэмдэглэл хөтлөөд, өмнөх улиралд судалсан хичээлүүдээ давтаж мэдлэгээ баталгаажуулж байгаа. Одоогоор шинэ зүйл сурч эхлээгүй байгаа ч ойрын хугацаанд англи хэлнийхээ түвшинг сайжруулах зорилго бий. 

LMЧиний бодлоор сургуульд сурахын хамгийн гоё зүйл нь юу вэ? Сургуулийнхаа хамгийн гоё 3 зүйлийг нэрлээч?

- Миний бодлоор сургуульд сурахын хамгийн гоё зүйлс нь:

  • Шинэ мэдлэг
  • Шинэ найзууд
  • Цоо шинэ ертөнцийг бүтээх

LMЧи өөрийгөө сайн сурагч гэж боддог уу? Чамайг хичээл зүтгэл гаргаж сайн суралцахад хэн хамгийн их тусалж дэмждэг вэ?

- Би арван жилээ энгийн ЕБС-д сурч төгссөн. Хамгийн сайнаараа хичээж суралцсаны үр дүнд их сургуулийн оюутан болсон. Гэхдээ би өөрийгөө нэг их сайн оюутан гэж хэлэхгүй /инээв/. Учир нь би хичээлээ бусдаас удаан ойлгодог учраас хоцрогдох магадлал маш их. Тийм болохоор багштайгаа харилцан тохиролцож, ярилцсаны үндсэн дээр хичээлээ хийж, заримдаа тусгай даалгавар авдаг. 

Надад манай ангийн болон сургуулийн хэсэг найзууд, багш нар их тусалдаг. Тэд миний онцлогийг мэддэг учир намайг сайн ойлгож, дэмждэг. Мөн эцэг эх минь надад хамгийн том дэмжлэг болж өгдөг дөө.

LMХэрвээ дэлхий дээр сургууль гэж байдаггүй, бүх хүүхдүүд сургуульд сурдаггүй бол ямар байх байсан бол? Төсөөлж чадаж байна уу?

- Хэрвээ дэлхий дээр сургууль гэж байдаггүй, хүмүүс сургуульд явдаггүй басан бол дэлхий дээр байгаа бүх шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа байхгүй, тэр бүү хэл хүмүүс хоорондоо ч харилцахад хүндрэлтэй, нийгмийн хөгжил гэж үгүй байх байсан болов уу? 

LMСургуулиуд байсаар байхад олон хүүхэд сургуульд сурч чадахгүй ангийн гадаа үлдэж байгаагийн нэгэн жишээ бол тусгай хэрэгцээт хүүхдүүд. Тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдийн талаарх бодлоо хуваалцаж болох уу?

- Миний бодлоор үүнд 3 шалтгаан бий.

Боловсролын системийн чанар ба тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуулийн хүртээмж:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Тусгай болон Энгийн сургуулийг сонгон суралцах боломжтой байдаг. Энгийн сургуульд явахад бусад хүүхдүүдэд гадуурхагдаж, хичээлээ ойлгохгүй хоцрох тохиолдол маш их (энгийн сургуулийн хичээлийн систем хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг, тэдний онцлогийг харгалзаж үзээгүй байдаг учир хүнд юм шиг санагддаг). Харин Тусгай сургуульд явахад зориулалтын, онцлогт нь таарсан системтэй боловч манай улсад ердөө л 6 тусгай сургууль байдаг бөгөөд нэг ангид 15-20 хүүхэд л суралцах ёстой учир хүртээмжгүй байдаг. Мөн хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд тусгай сургуулийн хүртээмжтэй байдал бүр ч том асуудал болдог.

Эцэг эхийн мэдлэг дутмаг ба хариуцлагагүй байдал:
Эцэг эхчүүд маань хүүхдээ сургуульд сургахын тулд хариуцлагатай байх ёстой. Хэрэв хүүхдийн хөгжлийн бэрхшээл хөнгөн төрлийнх бол сургуулийн насанд хүрмэгц нь аль болох энгийн, харин хүнд хэлбэрийн бэрхшээлтэй бол тусгай сургуульд оруулах хэрэгтэй. Үгүй бол хүүхэд томрох тусам нийгэмд байр суурьгүй, өөртөө итгэлгүй, чимээгүй нэгэн болох магадлалтай.

Нийгмийн нөлөө:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийг ч бусадтай ижил тэгш эрхтэй гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, ялгаварлахгүй байж, нийгэмд байр сууриа олох нөхцөлийг нь сайн бүрдүүлээсэй гэж хүсдэг. Үүний суурь нь тэднийг тэгш хүртээмжтэй боловсролоор хангах, хүүхэд бүр сургуульд сурч, боловсрол эзэмших явдал юм болов уу гэж боддог.

LMБидэнтэй ярилцаж санал бодлоо хуваалцсанд маш их баярлалаа. Хичээл сурлагад нь амжилт хүсье!

Монгол улсад 0-17 насны 11,500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардгаас 40% орчим нь сургуульд хамрагдаж боловсрол эзэмшиж чадахгүй байсаар байна. Сургуулийн орчинд суралцах, анхаарлаа төвлөрүүлэх, аливаа зүйлсийг тогтоох, сэргээн санах болон бусадтай харилцах харилцааны хувьд хүндрэлтэй хүүхдүүд боловсролын орчинд хамгийн их бэрхшээлтэй тулгардаг аж.

Гэсэн хэдий ч тэднийг сургуульд тэгш хамруулснаар нийгмийн харилцаа, бие даах чадвар, үе тэнгийнхэн болон сургуулийн амьдралд татагдан орж байгаа байдал, хувийн хөгжил, нийгэмшилд бага ч атугай ахиц өөрчлөлт гарах бөгөөд үүнд багш нарын үүрэг оролцоо маш их юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг илүү ихээр чадавхжуулан, бүх талаар нь дэмжих, сурж хөгжих боломжоос гадуур орхигдож байгаа хүүхэд бүрийг сургуульд хамруулж чадвал хүүхдийн хөгжилд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлт илүү нэмэгдэх бүрэн боломжтой билээ.

 

Lead Mongolia хөтөлбөрийн 2019 оны Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах баг

#Lead Mongolia #Залуус