“Lead Mongolia” төслийн 2019 оны Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийнхны Gogo.mn сайтын хамт олонтой хамтран хэрэгжүүлж буй “Монголд тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Монгол дахь тэгш хүртээмжтэй боловсрол”-ын талаар цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ.
Өмнөх нийтлэлээр тэгш хүртээмжтэй боловсролын үндсэн ойлголт, хэрэгжилтийн тухай мэргэжилтнүүдийн санаа бодлыг хүргэсэн бол энэ удаад “Сургуульд сурах гоё” сэдвээр “The Eagle Huntress” баримтат киноны гол дүр, өсвөр насныхны төлөөлөл болсон бүргэдчин охин Н.Айшолпантай ярилцлаа.
LM: Өөрийгөө товч танилцуулахгүй юу? Нэр, сурдаг сургууль, анги?
- Намайг Нургайв овогтой Aйшолпан гэдэг. Би Баян-Өлгий аймагт төрж өссөн. Одоо Нурсултан хотын "Спектрум" олон улсын сургуулийн 12-р ангид сурдаг.
LM: Хичээл, сургууль хаасан карантиний энэ үеэр цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ? Хичээлээ нөхөж, давтаж чадаж байгаа юу? Өөрийгөө хөгжүүлэхээр шинэ зүйл сурч эхэлсэн үү?
- Карантин тогтоосноор гэр гэртээ цагаа төлөвлөж, үр бүтээлтэй зүйлс хийж болдог гэдгийг маш сайн ойлгож авч байна. Жишээ нь уншихыг хүсдэг байсан номнуудаа унших, подкаст сонсох, дасгал хөдөлгөөн хийх болон бусад бүтээлч зүйлсийг гараа гарган хийх боломж олдож байгаа.
Арьс арчилгаандаа ч анхаарч олон төрлийн нүүрний маск хийж сурсан. Мөн өөрийнхөө нуугдсан авьяасыг хөгжүүлэхээр шүлэг бичиж, зураг зурж эхлээд байна.
LM: Чиний бодлоор сургуульд сурахын хамгийн гоё зүйл нь юу вэ? Сургуулийнхаа хамгийн гоё 3 зүйлийг нэрлээч?
- Сургууль бол хүний хоёр дахь гэр. Мөн өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломжуудын нэг гэж боддог. Сургуулиараа дамжуулж дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхаж, дэлхий яаж хөгжиж, хүмүүс хэрхэн суралцаж байгааг харж, тэдэнтэй мөр зэрэгцэн урагшлах нь хамгийн сайхан. СУРГУУЛИЙН БҮХ ЮМ ГОЁ, СУРГУУЛЬД СУРАХ Ч ГОЁ!
Сургууль бол бидний мэдлэг, боловсрол эзэмшдэг, өөрийгөө хөгжүүлдэг, хүн болоход суралцдаг нандин орчин. Сургууль доторх номын сан хамгийн “best” нь гэдгийг одоо л илүү их ойлгож байна /инээв/. Онлайн хичээл хийхэд ном, эх сурвалж байхгүй учраас сургуулийнхаа номын сангийн ач тусыг маш ихээр мэдэрч байна даа.
LM: Чи өөрийгөө сайн сурагч гэж боддог уу? Чамайг хичээл зүтгэл гаргаж сайн суралцахад хэн хамгийн их тусалж дэмждэг вэ?
- Би маш хичээнгүйлэн суралцахыг хичээдэг. Сурагчид цэцэг шиг урган дэлгэрэхэд түүнийг услагч багшийн нөлөө их гэж боддог. Багш хүн бүх сурагчдаа анхаарч, хичээлээ сайн зааж тусалбал бүх л сурагчид сайн сурна гэсэн үг. Миний бодлоор намайг сайн сурахад хамгийн их дэмжлэг үзүүлдэг хүмүүс бол миний аав, ээж бас багш нар минь яах аргагүй мөн.
LM: Хэрвээ дэлхий дээр сургууль гэж байдаггүй, бүх хүүхдүүд сургуульд сурдаггүй бол ямар байх байсан бол? Төсөөлж чадаж байна уу?
- Би сургуульгүй нийгмийг ерөөсөө ч төсөөлж чадахгүй байна. Хүн оюун ухаанаараа ямар ч амьтнаас ялгардаг. Харин тэр оюун ухаан, эрдэм боловсролыг хөгжүүлж, жинхэнэ ухаант хүнийг, илүү дээр нийгмийг бүтээхэд хамгийн чухал зүйл нь сургууль, сургуулийн орчин гэдэгт итгэдэг.
LM: Өнөөдөр сургууль, боловсрол эзэмших газар байсаар байхад олон сая хүүхэд сургуульд сурч, чанартай боловсрол эзэмшиж чадахгүй хэвээр байна. Тэдний нэгээхэн хэсэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүд. Ер нь танай ангид тусгай хэрэгцээт сурагч бий юу?
- Одоогоор манай ангид тусгай хэрэгцээт сурагч нэг ч байдаггүй.
LM: Хэрэв байсан бол тусгай хэрэгцээт ангийн найзтайгаа хэрхэн харилцаж, бас яаж дэмжиж туслах байсан бол?
- Би түүнд чадах чинээгээрээ туслах байсан. Найздаа "Чи өөрийгөө дор үзэх хэрэггүй. Өөрийгөө мэдэхгүй, чадахгүй гэж голох хэрэггүй. Чи бол бидэнтэй л адилхан хүүхэд гэдгээ байнга санаарай. Мөн бидний хийж чаддаг бүхнийг чи ч гэсэн хийж чадна. Боломжгүй зүйл гэж байдаггүй шүү” гэдгийг үргэлж хэлэх байсан.
Бусад хүүхдүүдийг ч мөн тэдэнтэй ижил тэгш хандаасай гэж хүснэ. Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөр гэж боддог, зарим нь бүр тэднээс айдаг. Тэд өөрсдөө тийм хүн болъё гэж хүсэж төрөөгүй шүү дээ. Бид бүгд хүн, бидний бие биедээ өгөх дэмжлэг, урам зориг бүх бэрхшээлийг даван туулахад тусалдаг гэж боддог.
LM: Ярилцсанд баярлалаа. Хичээл сургууль, цаашдын зорилго бүхэнд нь амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх