Үзэгчдийн хүртээл болсон даруйдаа магтаал сайшаал, хайр хүндэтгэлийг зэрэг хүртэж байсан кино бол "Call Me by Your Name" билээ. Тэгвэл энэхүү уран бүтээл сэтгэлд нь тодоос тод үлдсэн, хэдэн ч удаа давтан үзсэн уйддаггүй үзэгчдэдээ дуулгах таатай мэдээтэй шүү.
"Call Me by Your Name" киноны ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч Luca Guadagnino Италийн "la Repubblica" сонинд өгсөн ярилцлагадаа уг киноны үргэлжлэл "Find Me" хэмээх уран бүтээл гарах гэж байгаа талаар мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ:
- "Мэдээж Timothеe Chalamet, Armie Hammer, Michael Stuhlbarg, Esther Garrel болон тус кинонд дүр бүтээсэн бусад жүжигчидтэй хамтран ажиллах нь үнэхээр сайхан байсан. Тиймээс "Find Me" кинонд өмнөх жүжигчдийн бүрдэл бүгд оролцох болно.
Уг нь би коронавирусийн халдвар гарахаас өмнө АНУ-д очоод "Call Me by Your Name" киноны үргэлжлэлийг хийх талаар өөрийн хүндэлж явдаг нэгэн зохиолчтойгоо уулзаж ярилцсан юм. Гэхдээ одоогоор бусад кино багийнхны адилаар коронавирусийн асуудал намжтал түр хүлээх шаардлагатай боллоо" хэмээжээ.
“Call Me by Your Name” нь 2007 онд хэвлэгдэн гарсан ижил нэрт зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн кино билээ. Үүний үргэлжлэл болох "Find Me" зохиол нь 2019 онд хэвлэгдэн гарсан. Уг зохиолд “Call Me by Your Name”-д гардгаас 10 жилийн дараах Elio болон Oliver нарын амьдралыг өгүүлдэг ба Elio-гийн эцэг өөрөөсөө олон насаар дүү бүсгүйтэй учир ургуулж байгаа талаар түлхүү харуулах аж.
Ингээд “Call Me by Your Name” киног эргэн нэг дурсаж, анх үзэхдээ мэдэрсэн мэдрэмжээ дахин нэг мэдэрцгээе!
Эх сурвалж: Vogue, Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх