ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-04-03

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Шалгалтын хугацаа дөхөх тусам

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. ЕБС-ийн сурагч. Энэ жил ЭЕШ өгнө. COVID-19-өөс болоод хугацаа нь хойшлогдсон ч ЭЕШ өгөхөөс үнэхээр их айж байна. Сайн оноо авч чадаагүйгээсээ болоод их сургуульд орж чадахгүй гэр бүлийнхнийхээ итгэлийг алдах вий гэж айж байна. Манай гэрийнхэн “Чи л их сургуульд орж сайн сурч, дүү нартаа үлгэр дуурайл болох хэрэгтэй”, "Чи чадна", “Миний охин л сайн их сургуульд орохгүй бол болохгүй” гэх үгсийг их хэлдэг. Шалгалтын хугацаа дөхөх тусам эдгээр үгсүүд толгойд байнга бодогдоно. 

Би өдөржингөө хичээл хийдэг ч орой унтах гэхээр бас л хичээл хийх ёстой юм шиг санагдаад нойр ч хүрдэггүй. Үүр цайлгах тохиолдлууд ч бий. Хүчээр унтахыг хичээсэн ч сэтгэл нэг л зовиуртай. Байж байгаад л уйлна. Мөн Gap year авч болох эсэхийг асуухад гэрийнхэн маань бүгдээрээ эсэргүүцсэн болохоор ЭЕШ өгөхөөр болсон юм.

Найзуудтайгаа ярилцаж, цагийг хамт өнгөрөөсөн ч нөгөө хичээл хийх ёстой гэсэн бодол маань үргэлж толгойд эргэлдэнэ. Хэсэг хугацааны турш өөр зүйл хийснийхээ дараа ямар их цагийг үр бүтээлгүй өнгөрөөчихвөө гээд өөрийгөө үзэн яддаг. Сүүлдээ галзуурч байгаа юм болов уу гэж бодох боллоо. Амиа егүүтгэх талаар ч бодож үзлээ. Гэхдээ зүгээр л бодсон юм шүү. Одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Ийм үед яах хэрэгтэй вэ? Захидлыг минь уншсанд баярлалаа. Та биеэ сайн бодоорой.

ЗӨВЛӨГӨӨ: Хүчлэх хэрэггүй

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Шалгалтын өмнө бид ердийн үед мэдэрдэг түгшүүрийн хэмжээнээс хоёр дахин илүү их хэмжээний түгшүүр мэдэрдэг гэсэн судалгаа байдаг. Үнэхээр л бид шалгалт ойртох үед илүү их түгшүүр мэдэрч сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог. Өмнө нь сургуулийнхаа хэмжээнд шалгалт өгч байсан бол одоо нийт Монгол улсын нийт ЕБС-ийн сурагчидтай өрсөлдөж их сургуульд орох тул ирэх ачаалал илүү их хүнд тусч байгаа байх. Гэвч энэ их ачааллыг зөвхөн чи ганцаараа мэдрээгүй юм шүү.

Шалгалтанд орохоосоо өмнө дараах зүйлс дээр анхаараарай:

  • Хичээл хийх хуваарь гаргах. Ягштал биелүүлж чадахгүй байсан ч өөртөө тодорхой цагийн хуваарь гаргаж хичээлээ хийгээрэй. Өдрийн тэдээс тэдэн цагт хичээлээ давтсан байна гэсэн цагийн хуваарьтай болоорой. Тэгвэл бусад үед тайван байх боломжтой.
  • Хүчлэх хэрэггүй. Үнэхээр анхаарал чинь төвлөрөхгүй байгаа тохиолдолд 5-10 минут нүдээ аниад амар. Анхаарал төвлөрөхгүй байхад яаж хичээлээ давтах билээ? Хичээл хийж байгаад амрах нь уншиж мэдсэн зүйлийг урт хугацааны ой тогтоолт руу оруулж байдаг юм шүү.
  • Хэцүү санагдаж байгаа бол эцэг эх, найз нөхөд, ойр дотны хүндээ хэлээрэй. Гэхдээ энэ үед эцэг эхчүүд зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр хүүхдээ зүгээр л чимээгүй сонсоод ойлгодог байгаасай. Хүүхдүүдээ ирээдүйд чи л мундаг хүн болох ёстой гэж хэлэхээс илүүтэйгээр “хүн бас алдаж болдог юм шүү” гэж хэлж хүүхдүүддээ үүрүүлдэг ачааг бага ч болов хөнгөлж байгаасай. Чи чадна, чадах ёстой гэдэг үг хүүхдүүддээ урам өгч байгаагийн хэлбэр боловч зарим үед ачаа болдог гэдгийг гэрийнхэн нь ойлгохгүй байж магадгүй. Уг нь бол чамайг сэдэлжүүлж, хичээл хийх эрч хүч өгөх гэж хэлж байгаа байх. Мэдээж эцэг эх болгон хүүхдүүддээ сайн сайхан бүхнийг л хүснэ. Тиймээс эцэг эхээ мөн ойлгоорой.
  • Нийгмийн гишүүн гэдгээ битгий мартаарай. Шалгалт өгөх чухал жил хэдий ч ээж аавын охин, найзуудынхаа найз гэдгийг санаарай. Энэ хүмүүс бол чамайг хүрээлж байгаа чухал хүмүүсийн нэг шүү дээ. Тэдэнтэй цагаа өнгөрөөлөө гээд өөрийгөө битгий зэмлэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагаа өнгөрөөх нь шалгалтандаа бэлдэхтэй л ижил чухал зүйл.
  • Аливаа стрессийг буруулдаг гол хүчин зүйл бол дасгал. Булчин хэт хөшиж ядарснаас болж бид ихээхэн стрессддэг. Ширээнээсээ холдохгүй хэт удаан суух нь бие махбодын хөшингө байдалд оруулдаг тул хөнгөхөн ч болтугай сунгалтын дасгал хийж байгаарай.
  • Мөн аливаа зүйлийг даваагүй байгаа болохоороо л бид ихээхэн бухимддаг. Давсныхаа дараа тийм ч хэцүү биш юм шиг санагддаг. Тиймээс энэ үеийг л давчих. Хичээлийнхээ хуваарийг гаргаад давтаад байвал санаа зовох зүйл байхгүй болов уу. Хичээлээсээ гадна эрүүл мэндээ мөн бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ганцаараа удаан байхаар уйлмаар санагддаг боллоо

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би сүүлийн 1 жил хагасын хугацаанд маш гутранги болсон. Найз нөхөд маань миний дэргэд байгаа ч маш их ганцаардах мэдрэмж авах боллоо. Надад асуудал байхгүй ч юунд ч юм бэ маш их түгшин, тайван байж, анхаарал төвлөрөхөд хэцүү санагдах боллоо. Ганцаараа удаан байхаар уйлмаар санагдах зэргээр маш тухгүй болчихлоо. 

Ингэх болсон шалтгаан нь ахлах ангид орсон явдал ч байж болох юм. Надад шилжиж орсон сургууль маань таалагдаж, хүүхдүүдтэй нь найзалж эхэлж байсан ч сургуулийнх нь үйл ажиллагаа доголдсоноос болоод гэр бүлийнхэн маань их санаа зовж байгаа. Үүнд нь би маш их гэмшсэн. Хуучин сургуулийнхаа найзуудтай их дотно байсан ч шилжээд явсны дараа бага зэрэг муудалцаад холбоо тасарсан учраас буцаад шилжээгүй. 

Энэ жилээс нэгэн сургуульд сурч эхэлсэн боловч хуучин сургуулиудтайгаа харьцуулаад, хуучин сургуулиудтайгаа хамааралтай зүйл харахаар цаанаасаа л сэтгэлд тавгүй мэдрэгдэж байна. Мөн гэрийн ажил хийх, дүүгээ харах, давтлагад явах гэх мэт их завгүй байдаг учраас үеийнхэнтэйгээ харьцуулахад гадуур дотуур явах цаг бараг байдаггүй. Сүүлдээ гадуур гарах, хүнтэй ч уулзах дургүй боллоо. Гэхдээ их ганцаарддаг. Энэ тухайгаа дотны найзууддаа хэлдэг ч дотор онгойж өгөхгүй байна. Сүүлдээ хүмүүстэй харилцахад ч төвөгтэй боллоо. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө бусдаас бүү тусгаарла

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Үнэхээр хэцүү санагдаж, дотор онгойж өгөхгүй байгаа бол сэтгэл зүйч дээр очихыг зөвлөж байна. Энэ бол санаа зовох зүйл биш юм шүү.

Өөрийгөө бусдаас битгий тусгаарлаарай. Үнэхээр чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдаад хамт баймааргүй санагдсан ч гэсэн өөрийгөө битгий тусгаарлаарай. Найзууд чинь чиний л үеийн хүмүүс шүү дээ. Тэд бусдад зөвлөгөө өгөхийг хүссэн ч юу гэж хэлэхээ л мэдэхгүй байгаа болов уу.  Ганцаараа байснаар бид өөрсдийн хийсвэр бодолдоо улам автаж эхэлдэг. Хэрэв тэр бодол маань сөрөг байх юм бол гинжин холбоо шиг л үргэлжлэх болно. Үргэлжилсэн сөрөг бодлуудыг тэр бүр зогсоох хэцүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найз залуугаасаа болоод хичээл хийж чадахгүй байна

Сайн байна уу? Би одоо төгсөх ангийн сурагч. Хичээлээ хийж ЭЕШ-даа бэлдэх ёстой ч найз залуугаасаа болоод хичээлээ хийж чадахгүй юм. Өдөржингөө найз залуутайгаа чаталсаар байгаад өдөр хоног өнгөрчих юм. Яаж хичээлээ хийх үү? Найз залуугаасаа салаад хичээлээ хийх ёстой юу? Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Түүнд бүх цаг хугацаагаа зориулна гэсэн үг биш 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Нэг зүйлийг сонгохын тулд өөр нэг зүйлийг хаях нь хэр зөв бол? Хичээлдээ бэлдэх хэрэгтэй гээд найз залуугаасаа салаад тайван хичээл хийж чадах уу? Хичээл хийх ёстой тул байнга чаталж мессэж бичиж чадахгүй гэдгээ хэлж чадахгүй гэж үү?

Хоёр тал хоорондоо өөрсдийн бодлыг хэлж байх нь зөв. Хичээлдээ санаа зовж байгаа талаараа найз залуудаа хэлээд үзээрэй. Би өдрийн тэдээс тэдэн цагийн хооронд хичээлээ хийх тул чамтай харилцаж чадахгүй болов уу гэх мэт. Үерхэнэ гэдэг нь түүнд бүх цаг хугацаагаа зориулж, өөр зүйлс хийхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Зорилгодоо хүрэхийн тулд юунаас эхлэхээ мэддэггүй

Сайн байна уу? Би 15 настай. 9-р ангийн сурагч. Би 4-р ангиасаа хойш л одон орон судлаач болохыг хүсдэг байсан. Гэхдээ яагаад ч юм сүүлийн хоёр жилийн турш энэ мэргэжлээр ажиллаж чадахгүй юм шиг санагдах боллоо. Хүмүүс миний ирээдүйн мэргэжлийг асуухад би зоригтой хариулдаг ч “Чи угаасаа чадахгүй ээ, энэ чиний чадах зүйл биш” гэх мэтээр хэлдэг.

Эхэндээ тоодоггүй л байлаа. Гэхдээ бодоод байхад нээрээ л би чадахгүй байх. Учир нь би математик болон физикийн хичээлдээ тийм муу биш ч бас тийм сайн ч биш. Энэ хөл хорионы үеэр хичээхэд л болно гэдгээ мэдсээр байж яг юунаас эхлэхээ мэдэхгүй төөрөлдөөд байна. Харин хими болон биологийн хичээлдээ илүү сайн болохоор эмч болъё гэж шийдсэн ч эмч болох сонирхол байхгүй. Сонирхолгүй мэргэжлээ эзэмшвэл ирээдүйд хэцүү ч энэнээс өөр сонголт алга. Гэхдээ заавал одон орон судлаач биш ч үүнтэй төстэй, янзтай, эрч хүчтэй мэргэжилтэй болмоор байна.

Даанч би бас л чадахгүй байх л даа. Надад хайр дурлал, найз нөхөд, хэцүү үед түших тулах хүн байхгүй ганцаараа үлдсэн ч би хэзээ ч хэн нэгнээр дутахгүй. Хэцүү байсан ч даваад гарна. Хичээх л юм бол юуг ч хийж чадна гэдгээ мэддэг ч зорилгодоо хүрэхийн тулд юунаас эхлэхээ мэдэхгүй юм. Би яг яах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Бусдын саналыг сонс, тэгээд өөрөө шийд

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Сонирхож байгаа мэргэжилтэй байгаа чинь сайн хэрэг. Өөрийн сонирхолд тохирсон мэргэжил сонгосон байхад бусад хүмүүсээс ирэх шүүмж биднийг ихээхэн дарамтанд оруулах үе байдаг. Аливаа сонголт үргэлж дардан байдаггүй. Эргэлзээгээр дүүрэн байдаг. Чиний сонирхлыг шүүмжлээд байгаа хүмүүс тэр чиглэлийг хэр сайн мэдэх бол? Тэд мэдэж байгаа болохоороо шүүмжилж байгаа болов уу? Эсвэл зүгээр  сэтгэлийн хөөрлөөр ярьж шүүмжилж байгаа болов уу?

Бусдын үг бидэнд нөлөөлдөг хэдий ч өөрийн амьдралын сонголтыг чи л хийх юм шүү. Магадгүй чи тэдний зөв, өөр мэргэжил сонгоё гэдэг шийдвэр гаргаж болно. Гол нь чи л шийдэх юм шүү. Яагаад гэвэл энэ чинь чиний амьдрал шүү дээ. Бусдаас саналыг нь сонс, тэгээд өөрөө шийд. Өөртөө итгэлтэйгээр, аз жаргалтайгаар шийд. 

Их сургуулуудийн цахим хуудсаар орж өөрийн сонирхож байгаа мэргэжлээс гадна өөр ямар холбогдолтой мэргэжлийн анги байгаа талаар судалж болох юм. Хоёр хичээлээр шалгалт өгөхөд олон ангид орох боломжтой байдаг. Өөрийгөө чадахгүй гэж битгий бодоорой. Хаанаас эхлэхийн хувьд бол өөртөө байгаа  ном, онлайн хичээл, Youtube, ах эгч, цагийн багш гээд чамд ямар нөөц бололцоо байна бүгдийг нь л эрэлхийлж, ашиглаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Нээлттэй байх олон зөвлөгөө уншсан ч үр дүнгүй

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 14 настай, эмэгтэй. Би хүмүүстэй дотно харилцаж чаддаггүй. Хэлье гэсэн зүйлээ хэлж чаддаггүй. Хамт баймаар, дотно баймаар байвч өөрийн мэдэлгүй л зугтчихдаг. Бүр үе үе манай гэр ирдэг хамаатны хүн байсан ч нэг үг дуугарахаас ч айдаг. Надтай "Сайн уу?" гээд мэндлэхээр нь яахаа ч мэддэггүй. Ярилаа гэсэн ч олигтой юм ярьж чаддаггүй. Юу ярихаа ч мэддэггүй.

Нээлттэй байх талаар маш олон зөвлөгөө уншсан ч үр дүнгээ өгөхгүй юм. Найзад минь хэцүү зүйл тохиолдоход дэмжье, эерэг зөвлөгөө өгье гэж бодсон ч юу ч хийж чаддаггүй. Хааяа “тэгээд хэлчих юм сан” гэх бодол төрдөг ч амнаас гардаггүй. Би үнэндээ хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, бусдад сайхан ханддаг, нээлттэй, зоригтой, бусдыг өөртөө татдаг, нүднээс нь гал цацарсан тийм хүн байхыг хүсдэг. Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Бууж өгөхгүйгээр тууштай хичээгээрэй

Сайн уу? бидэнд хандсанд баярлалаа. Яг юунаас болоод бусадтай өөрийнхөөрөө, илэн далангүй харилцаж чадахгүй байгаа нь их чухал. Тэрийгээ олчих юм бол яаж шийдэх вэ гэдгийг хоёулаа ярилцаж болно. Бусадтай харилцсан туршлага бага учраас “ичээд” эсвэл яах учраа олохгүй, туршлагагүйтээд байна уу? Хэт бусдын юу гэж бодож байгаа бол гэдэгт анхаараад бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс айгаад байна уу?

Гэхдээ ямар ч шалтгаантай байсан хүн бусадтай ойрхон ойрхон харилцаад байх тусам улам л сайн харилцагч болдог. Нэг, хоёр удаа оролдоход болох зүйл биш. Бууж өгөхгүйгээр, тууштай хичээх хэрэгтэй. Бас чи өөрийгөө ойлгож, өөрийгөө сайнтай, муутай нь хүлээн зөвшөөрч хайрлах хэрэгтэй. Тэгвэл бусадтай илүү чөлөөтэй харилцдаг болдог. Өөрийгөө ойлгоход сэтгэл судлаачтай биеэр уулзаж ярилцах нь маш сайн тусалдаг. Тиймээс чи боломжтой бол аав, ээждээ хэлээд сэтгэл судлаачтай уулзаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Зүгээр холдох хэрэгтэй юу?

Сайн байна уу? Би одоо гадаадад амьдардаг. Одоогоос яг 1 жилийн өмнө монголд байхдаа нэг хөвгүүнтэй танилцсан. Тэрнээс өмнө бие биенээ хараад зүс таньдаг байсан ч яг дотно танилцсан гэвэл 1 жилийн өмнө. Эхэндээ их чөлөөтэй, сайн найзууд шиг л харьцаатай байсан. Өнгөрсөн намар би гадаадад ирсэн юм. Гэсэн хэдий ч саяхныг хүртэл яг л монголд байсан шигээ дотно харилцаатай хэвээр л байлаа. Яагаад саяхныг гэж байгаа вэ гэхээр би түүнд өөрт нь дассан гэдгээ илэрхийлсэн юм. Тэр ойлгоод, бид нэгэн шийдэлд хүрсэн юм. Тэр нь намайг монголд очиход үерхэх шийдэл байсан. 

Гэтэл өчигдрөөс эхлээд их сонин болчихлоо. Чатаар юм бичсэн ч тоохгүй, хариу бичихгүй. Тийм болохоор би өөрийгөө хэтэрхий ядаргаатай байгаа байх гээд одооноос эхлэн зайгаа барьж байгаа. Би үнэхээр энэ харилцаагаа алдмааргүй байна. Гэхдээ тэр яагаад гэнэт ийм болсныг ойлгохгүй дотроо их гуниглаж байна. Ийм үед яг яах ёстой байдаг юм бол? Зүгээр холдох хэрэгтэй юу? Би үнэхээр хүсэхгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Түүнийг бүү хүчлээрэй

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Ийм үед яг тэгэх ёстой гэсэн хариулт байхгүй. Яг яахаа хүн өөрөө л шийднэ. Зарим хүн сэтгэл, мэдрэмжээ дагаж хэлэхийг хүссэн зүйлээ хийж, үйлддэг бол зарим нь бодлоо дагахаар шийдэж өөрийнхөө үйлдлийг хянаж эхлэдэг. Аль аль нь давуу болон сул талтай.

Гэхдээ ямар ч тохиолдолд бид нар хүнийг өөртэйгөө харилц гэж хүчилж чадахгүй. Тэгэхээр өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлсээ хийчихээд түүнийг хүчлэхгүйгээр тайван орхих нь дараа нь харамсах зүйлгүй болов уу? Чиний хийж чадах зүйл нь түүнд төрж байгаа мэдрэмжээ үнэнээр нь хэлж, ямар харилцаатай баймаар байгаагаа хэлэх, өөрөөс нь асуух, эсвэл түүний хандлага, ааш занг хүлээн зөвшөөрөх, эсвэл нэг сарын турш би түүнд харилцаагаа сайжруулах оролдлого хийх боломж олгъё гэх мэтээр түүнд хугацаа өгөх гэх мэт байж болно. Чи бодож байгаад аль нэг шийдвэрийг гаргаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter