Залуучууд дийлэнх хувийг нь эзэлдэг манай улсын хувьд оюутан залуус бид боловсорч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь хамгаас чухал. Тэгвэл үүнийг бага наснаасаа ойлгон хөдөлмөрлөж аль ч цаг үед үеийнхнээ манлайлж ирсэн олон эрхэм байдгийн нэг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Батцогт билээ. Түүнтэй өнөөгийн залуучуудын тухай болон түүний оюутан ахуй цагийн тухай ярилцахад тэрээр уншигчдад маань зориулан үнэтэй зөвлөмжөө харамгүй хуваалцсан юм.
YOLO: Ярилцлагаа таны оюутан ахуй наснаас эхлүүлмээр байна. Та аль сургуульд ямар мэргэжил эзэмшсэн бэ? Оюутан насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач.
- Би 2003 онд ШУТИС-д элсэн орж 2008 онд Уул уурхайн инженер мэргэжил эзэмшин төгссөн. Тэр үед ШУТИС-ийн Оюутны холбоо гэх оюутны өөрөө удирдах байгууллага байсан. Миний хувьд 2-р курсдээ Оюутны зөвлөлдөө элссэн. Анх оюутны зөвлөлд элсэх өргөдөл гаргахад Оюутны зөвлөлийн дарга маань “Чиний давуу тал юу вэ” гэж асууж байсан. Миний хувьд сурагч наснаасаа волейболын спортоор хичээллэж, тухайн үед “Уурхайчин” клубт тоглодог байснаа хэлэхэд намайг спортын хороонд хуваарилж байсан. Ингээд 2008 онд сургуулиа төгсөхдөө оюутны холбооныхоо "Дэд тэргүүн" гэсэн сонгуульт албан тушаал хашиж байснаас маань хойш даруй 12 жил өнгөрсөн байна шүү. /инээв/
YOLO: Оюутан хүний хувьд сургуулийнхаа Оюутны холбооны даргыг ийшээ тийшээ гүйж хичээлийнхээ хажуугаар нийт оюутны эрхийн төлөө багш нар, удирдлагуудтай уулзаж явахыг харахад өмнөөс нь ядрах шиг болдог. Та ч мөн тийм л завгүй тэргүүн явсан байх даа?
- Нэг талаасаа тийм шүү. Үндсэн хичээлийнхээ хажуугаар оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, мөн оюутнууддаа чиглэсэн тэднийг хөгжүүлэх, олон талт төлөвлөгөөт хэмжээг Оюутны холбоо маань зохион байгуулдаг. Нөгөө талаасаа манай ШУТИС-ийн Оюутны холбооны дотоод журмын дагуу тухайн үед идэвхтэй оюутны зөвлөлийн дарга, тодорхой төвшний гишүүдэд сар бүр 3 кредитийн урамшуулал олгодог нь биднийг урам зоригтой, идэвхтэй ажиллах, хөгжих хөшүүрэг болдог байсан болов уу?
Мөн хувь хүн талаасаа багаар ажиллах, аливаа ажлыг зохион байгуулах зэрэг маш олон ур чадвар, эерэг дадлуудыг оюутан насандаа эзэмшсэн санагддаг. Эдгээр оюутан насандаа эзэмшсэн дадлууд өнөөдөр ч намайг хөтөлдөг.
YOLO: Ингээд бодоход нэг зүйл сонирхолтой санагдлаа. Та яагаад их сургуулиа уул уурхайн инженер мэргэжлээр төгсчхөөд өнөөдөр улс төр, нийгмийн салбарт ажиллаж байна вэ?
- Энэ бас л миний оюутан насны амьдралтай салшгүй холбоотой гэх үү дээ? 2006 онд ШУТИС-ийн сургалтын төлбөрийг нэмэгдэх тухай шийдвэрийг сургуулийн ТУЗ-аас гаргаж байсан. Энэ үед олон мянган оюутнуудынхаа дуу хоолой болж эрх ашгийг нь хамгаалан ажилладаг манай оюутны холбооны удирдлагууд ярилцаад энэ асуудал дээр бид өөрсдөө эрхээ хамгаалах хэрэгтэй гэж үзэн ШУТИС-ийнхээ оюутнуудыг уриалаад, зохион байгуулалтад ороод Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан маань үр дүнд хүрч төлбөр нэмэгдэх шийдвэр цуцлагдаж байсан.
Энэхүү үйл явдлаас нэг зүйлийг ойлгосон нь “Залуучууд бид үзэл бодлоо, дуу хоолойгоо илэрхийлж, эрхийнхээ төлөө” үйлдэл хийж чадвал ардчилсан нийгэмд эрхээ хамгаалж, төр засаг хүлээж авдаг юм байна, цаашид залуучууд төр засагтайгаа хамтарч ажилладаг төлөөлөлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ингээд өөрсдийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээрээ нэгдсэн оюутан насны хэсэг найзуудын хамт Ардчилсан намд элсэн орж, 2006 онд намын дэргэдэх оюутны байгууллагыг анх байгуулан улс төр, нийгмийн ажилд идэвхтэй оролцож эхлүүлсэн.
YOLO: Ажиглаад байхад сүүлийн үеийн нийгэмд залуучуудын оролцоо илүү их болсон юм шиг санагддаг. Ардчилсан хувьсгалын жагсаалд ч дийлэнх хувь нь оюутнууд оролцож байсан. Гэвч яг одоо үед оюутнууд эрхийнхээ төлөө жагсах болохоор нэлээд хэсэг нь утасны араас тэмцэж, цөөн хэсэг нь л биеэрээ очдог болж. Та өнөөдрийн оюутан залуучуудын оролцоог өөрийнхөө оюутан байсан үетэй харьцуулбал?
- 15 жилийн өмнөх оюутны байгууллага болон одоогийн оюутны байгууллага хоёр хоорондоо маш өөр. Дэлхий даяар техник технологи маш хурдтай хөгжиж байна. Бидний үед гар утас, мэдээллийн сүлжээ зэрэг хязгаарлагдмал байсан учраас оюутнууд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө бодитоор жагсаж тэмцдэг байсан. Одоо бол яг сая өөрийн тань хэлснээр утасны араас байр сууриа илэрхийлж байна. Энэ нь бодитой үр дүнд хүрэх, хүрэхгүй байх хоёр талтай. Нэг талаар үр дүнд хүрч чадаж байвал цаг хугацаанаас эхлээд олон зүйлийг хэмнэж буй хэлбэр. Гэвч энэхүү утасны цаанаас илэрхийлж буй тэмцэл бодитоор хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байвал зарим тохиолдолд залуучууд зайлшгүй бодитойгоор оролцох хэрэгтэй. Манай улсын хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг. Бид л оролцож, хэлж, илэрхийлж байж өөрт ээлтэй нийгэм, тогтолцоог бий болгоход нөлөөлж чадна шүү дээ.
YOLO: Таны хобби юу вэ? Сая нэгдүгээр курсдээ “Уурхайчин” клубд волейбол тоглодог байсан гэж ярилаа.
- Би 7-р ангиасаа эхлэн гар бөмбөгийн спортод хорхойсон хичээллэж эхэлсэн. Бага байхад байрны гадаа тоотой хэдэн сагсны шийд байдаг байсан. Тэр үе анх удаагаа нэг гар бөмбөгийн тэмцээнд орох болсон юм. Хэдий сайн тоглож мэдэхгүй ч тухайн үед биеийн тамирын багш маань гар бөмбөгийн секцэд явуулсан. Энэ үеэс хойш л волейболын спортоор хичээллэж, хувь хүнд ямар их төлөвшил, багаар ажиллах чадвар, хатуужил өгдгийг мэдэрсэн.
YOLO: Одоо волейболтой хэрхэн холбогддог вэ? Үе үе тоглох уу?
- Мэдээж боломж олдвол тоглоно. Ажлын хүрээнд байгууллага дээр зохион байгуулагддаг тэмцээнд хамт олноороо тогтмол оролцдог. Гар бөмбөгийн спорт бол багийн спорт. Ганцхан сайн тамирчинтай байгаад тэр баг хожилд хүрнэ гэж байдаггүй. Тиймээс хамт олноороо үе үе тоглож байх нь байгууллагын уур амьсгал, хамтын ажиллагаанд эерэг хандлагыг авчирдаг гэж боддог.
Одоо бол мэргэжлийн тамирчин биш ч гэсэн уг спортыг хөгжүүлэхэд өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулж, хүүхэд багачууддаа спортоор хичээллэх боломж бүрдүүлж өгөхийг хичээдэг. Иймээс өнгөрсөн оноос эхлэн Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр, мөн Баянзүрх дүүргийн волейболын холбооны салбар зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна.
YOLO: Хэдийгээр төрийн байгууллагаас ажил зохион байгууллаа ч иргэдийн төлөвшил хамгийн чухал мэт санагддаг. Иргэд зохион байгуулж буй ажлыг чинь хэрхэн дагаж мөрдөж, хариу үйлдэл үзүүлдэг вэ?
- Улсын хөгжилд эдийн засаг нэг талаараа чухал ч нөгөө талаараа хүн, хүний хөгжил хамгийн чухал. Тиймээс бид иргэдээ зөв төлөвшүүлж, боловсролтой болгох, хүндэтгэн хайрлах нинжин сэтгэлтэй болгоход чиглэсэн соён гэгээрүүлэх ажлууд маш их дутагддаг. Хэдий төр, засгаас улсын хөгжил гээд зам тавиад л, өндөр шилэн барилгууд барьж, гудамж талбайгаа тохижуулаад байгаа боловч түүнийг нь ашиглах, хэрэглэх иргэдийн хандлага ажлын үр дүнд өндөр нөлөө үзүүлдэг.
Тиймээс бид ирээдүй болсон дүү нараа, хүүхэд багачууддаа эерэг хандлагатай, зөв хүн болж төлөвшихөд нь тусалж дэмжих үүднээс нийгмээ бий болгох шаардлагатай байдаг. Нэг ч гэсэн зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд аав хүний хувьд хичээж явдаг даа.
YOLO: Төлөвшсөн иргэнийг бий болгохын тулд төлөвшсөн сурагчдыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл таны бодлоор хувь хүний үүднээс сурагчдад хичээлээс нь гадна хэрхэн төлөвшилт олговол зүйтэй бол?
- Хүний төлөвшил гэдэг бол хүүхэд ахуй насанд бүрдэж, насан туршид нь амьдралынх нь нэг хэсэг болж явдаг. Хүүхэд насанд нь цаашид хувь хүн, Монгол улсын иргэн байх үүднээс нь маш олон зөв дадал, эерэг хандлагуудыг бий болгож төлөвшүүлэх нь маш чухал. Жишээ нь хүүхдийг өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах хэрэгтэй. Үүний тулд тэднийг маш сайн сонсож, нээлттэй харилцдаг байх шаардлагатай юм байна. Манайхан чинь одоо хүүхдүүддээ ихэвчлэн “Хичээлээ хий” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг болчхоод байгаа шүү дээ. Сонирхолтой нь дэлхийн хүн амын 0,25 хувийг эзэлдэг Еврей үндэстнүүд Нобелийн шагналтнуудын 22 хувийг эзэлдэг. Тэдний амжилтын нууц нь боловсролын системд нь байдаг хүүхдээ сонсох тухай асуудал байдаг учиртай.
YOLO: Бид болон бидний дүү нар их азтай мэт санагддаг. Өмнө нь оюутан сурагчдад зориулсан үйл ажиллагаа, лекц, сургалт ийм нээлттэй зохион байгуулагддаггүй байсан. Одоо бид л хичээх юм бол боломж маш их байна шүү дээ. Та юу гэж бодож байна. Таны бага наснаас одоогийн нөхцөл байдал мэдээж ондоо байгаа байх.
- Хүн бүрд маш их боломж бий болж байна. Нэг талаараа их азтай. Нөгөө талаар хэтэрхий их мэдээлэл, боломжийн дунд буруу зүг руу чиглэх аюул бас бий. Дэлхий нийт глобалчлагдаж, нэг талаараа бид мэдээллийн эрин зуунд төөрч амьдарч байна. Энэ их хязгааргүй нийгмийн харилцаанд зөвөөр үлдэх, зөв сонголт хийх чадварыг хүүхдэд бага насанд бий болгож өгөх үүргийг томчууд бид хүлээж байна.
Миний хүүхэд насанд ёстой л гэр - сургууль гэсэн маршрутаар явж, цөөхөн хэдэн телевизийн суваг үзэн тоймтой мэдээлэл авч өссөн. Гэтэл одоо үеийн хүүхдүүд, багачууд наад зах нь хичээлдээ явахдаа хүртэл эрсдэлд орж болзошгүй, сайн муу зүйл рүү татагдах ийм л нийгмийн өргөн харилцаа үүсээд байна.
YOLO: Бид боловсролын талаар нэлээдгүй ярилаа. Тэгвэл боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Боловсролтой хүн гэж дипломтой хүнийг хэлэх юм болов уу? Аль эсвэл олон хэл мэддэг хүнийг хэлэх юм болов уу?
- Энэ их өргөн хүрээний ойлголт. Орчин цагт хүний боловсрол, мэдлэгийн төвшинг хувь хүний аливаа асуудалд хандах хандлагаар нь дүгнэн хардаг болсон. Хэдий их, дээд сургууль төгсөөгүй боловч эерэг хандлага, зөв төлөвшилтэйгээр амьдралаа аваад явж байгаа залуучууд олон л байна. Нөгөө талаар дэлхийн шилдэг боловсрол эзэмшээд мансууруулах бодист автаад явж байгаа ч жишээ байдаг.
Тэгэхээр чи хэн байх нь чиний амьдралд хандах хандлагаар илэрхийлэгдэнэ. Хүн бүр шинжлэх ухааны гүн гүнзгий магистр, докторын түвшний боловсрол эзэмших албатай биш. Гэхдээ хүн бүр хөдөлмөрлөх хүсэлтэй, бусдын эрх ашгийг хүндэлдэг, өөрийн тайван амьдралыг бий болгож чадах ур чадварыг эзэмшсэн байх ёстой юм болов уу гэж бодож явдаг.
YOLO: Та хэр "уншдаг" хүн бэ? Сүүлд ямар ном уншсан бэ?
- Цаг үеэ дагаад сүүлийн үед интернетээс богино хугацаанд мэдээлэл авах нь их болж байна. Гэхдээ мэдээж цаг зав гаргаж ном унших гэж их хичээдэг. Одоо бол “Цойлогсод” хэмээх еврей хүмүүс болон тэдний боловсролын тухай өгүүлэх ном унших байна. Мөн төвлөрөөд уншаад суух боломжгүй үедээ сонсдог номнуудыг багагүй ашиглаж байна шүү. /инээв/
YOLO: Та өнөөгийн залуучуудыг хэрхэн дүгнэх вэ?
- Бидний болон манай дээд үеийнхний хэлдэг "Одоо үеийн хүүхдүүд ийм байна. Бид ийм байгаагүй" гэх зэрэг зүйл дээр санал нийлдэггүй. Үнэндээ бол цаг үе, нийгэм тэс өөр байхад тэдний хүсэл, сонирхол, амьдралын арга хэлбэр өөр байх нь аргагүй шүү дээ. Түрүүн бид хоёрын ярьсанчлан та нарын хувьд мэдээлэл авах, сурч, мэдэх боломжууд асар олон байна. Надад өнөөгийн залуучуудын өөрийн дуртай зүйлээ мэддэг, хүссэн ажлаа хийж чаддаг, шинийг санаачилж чаддагийг нь харахад бахархам санагддаг шүү.
YOLO: Залуучууд залхуураад байна уу даа гэх бодол хааяа төрдөг юм. Манлайлагч хүний хувьд энэ тал дээр бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?
- Залхуу байна гэдэг бусдаас хойно байж, өөрийн боломжоо алдаж байна гэсэн үг. Хэрэв чи бусдын адил сайн, сайхан, амжилттай байя гэж хүсвэл энэ нь чамаас л хамаарна. Түүнээс биш зүгээр сууж байхад чинь хэн нэгэн чамайг аврахгүй, хүссэн амжилт чинь хүрч ирээд наалдахгүй. Залхуурна гэдэг нь нэг ёсондоо өөрийгөө амьдаар нь үнэгүйдүүлж байна гэсэн үг.
“Эхний удаа бүтэлгүйтнэ, нэг хэсэгтээ үр дүнгүй байж болно. Хэн ч үнэлэхгүй байж магадгүй, хэзээ ч амжилт гаргахгүй мэт санагдана. Харин тэгэх тусам хичээгээрэй, тууштай хүнийг амьдрал шагнадаг” гэж урам өгье даа. /инээв/
YOLO: Амжилттай яваа эр хүний ард сайн хань, сайн гэр бүл байдаг гэдэг. Та гэр бүлийнхээ тухай яриач?
- Манайх гурван хүүхэдтэй, тавуулаа амьдардаг. Хоёр том хүүхэд маань сургуульд сурдаг. Харин бага маань жаахан. Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан, манай хүн бас оюутны холбооны идэвхтэй гишүүн байсан. Тиймдээ ч миний хувьд Оюутны холбоо, оюутан нас хамгийн нандин дурсамжуудтай минь холбогддог.
YOLO: Таны ойрын болон хэтийн зорилго юу вэ?
- Бусдын өмнө хариуцлага хүлээсэн хүний хувьд амласандаа хүрэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс итгэл хүлээлгэн сонгосон олон мянган сонгогчдынхоо өмнө эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхийн төлөө улс төрч хүний хувьд дуу хоолой болон зөвийн ард бат зогсох нь эрхэм зорилго.
Нөгөө талаас аав хүний хувьд дан ганц өөрийн хүүхдийн сайн сайхны төлөө өнөө, маргаашдаа ажиллаад байх бус маргааш миний хүүхдүүдийн хамт нийгмийг бүтээх, найзлах, нөхөрлөх, бүр миний хүүхдүүдийн ирээдүйн гэр бүлийн гишүүд болох тэр л бяцхан ирээдүй, ертөнцүүдийг зөв хүн болж төлөвших өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна даа.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх