Охид хөвгүүдийн ҮЕРХЭЛ ба ХАРИЛЦААНЫ ТАВАН ҮЕ гэж юу вэ?


Үжин | YOLO.MN
2016-12-14

Ямар ч насны бай хамаагүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцааны дараах таван үеийг туулсны дараа бат бөх хосууд, гэр бүл болох нь элбэг байдаг нь судалгаагаар нотлогджээ.

Нэгдүгээр үе: Татагдалт
Энэ үед эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүд ч гэсэн ялгаагүй, хоёр биендээ татагддаг. “Ямар хөөрхөн охин бэ, яасан царайлаг хөвгүүн бэ” гээд л. Хөвгүүд ихэвчлэн охидын царайг хардаг. Энэ нь зөвхөн өсвөр насны хөвгүүдэд байдаг зүйл биш. Ер нь эрэгтэй хүн гадаад харагдах байдалд их ач холбогдол өгөх нь бий. Охид бол хамгийн гоё хувцасладаг, сагс лаг тоглодог, царайлаг хөвгүүнтэй үерхэхийг хүсдэг. Хэн хэнийх нь хувьд энэ буруу зүйл биш.

Хоёрдугаар үе: Эргэлзээ
Хоёр биенээ таалсан эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдөөсөө “Энэ миний хайж явсан хүн мөн үү?”, “Энэ миний “мөрөөдлийн” охин, хөвгүүн мөн үү?”, “Худлаа дүр эсгэгч биш байгаа” гэх мэт асуултуудыг асуудаг. Эргэлзээгээ тайлахын тулд “туршилт” хийдэг. Тэр нь асуулт асуух, ямар нэг арга хэмжээнд хамт явах, аливаа нөхцөл байдалд ямар ааш авир гаргахыг нь ажиглах гэх мэт юу ч байж болно. Туршиж байгаа юм чинь хамт байж, ярилцах нь ойлгомжтой. Түүнийг нь үерхэл гэж андуурах нь бий. Гэтэл өөрт чинь огт мэдэгдэхгүй ажиглалт, туршилт хийж байж ч болно. Энэ үе хэн нэгнийх нь эргэлзээ арилтал үргэлжлэнэ. Сайн, дажгүй нэгэн байх нь танигдвал харилцаа цааш үргэлжилнэ. Хайж байсан хүн нь биш байвал харилцаа төгсөнө.

Гуравдугаар үе: Онцгойлон үерхэнэ
Хэн хэнийх нь эргэлзээ арилсан бол охин хөвгүүн хоёр онцгойлон үерхэнэ. Онцгойлон гэдэг нь өөр охин эсвэл хөвгүүнтэй аальгүйтэхгүй гэсэн үг. Жинхэнэ үерхэл эндээс л эхэлнэ. Өсвөр наснаасаа эхлэн дээд сургууль төгстлөө үерхээд гэр бүл болсон хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, харилцааны энэ үе хамгийн удаан үргэлжлэх магадлалтай. Мэдээж, гэрлэсний дараах хугацааг оруулахгүй бол шүү дээ.

Дөрөвдүгээр үе: Дотно харьцаа
Онцгойлон үерхэж хоёр биенээ нэлээн сайн мэдэж, хоёр биендээ хайртай болсны дараа хосууд дотно харьцаанд ордог. Дотно харьцаа гэдэг нь заавал бэлгийн харилцаанд орно гэсэн үг биш шүү, нөхөд өө! Энэ тухай болон хөвгүүд яагаад бэлгийн харьцаанд орох гэж яардаг тухай дараагийн нийтлэлдээ хүргэнэ.   

Тавдугаар үе: Сүй тавих
Энэ үед хосууд сүй тавьдаг. Дасгал хийхээс өмнө тамирчид биеэ халаадаг даа. Тэрэн шиг сүй тавилт бол гэрлэлтийн өмнөх бие халаалт юм. Бие халаалт хийхгүйгээр сагс тогловол шөрмөсөө таслах, фитнесийн дасгалууд хийвэл бэртэл авах магадлалтай. Түүнтэй адилаар гэрлэлтийн өмнө биеэ халааж, гэр бүл, эхнэр нөхөр болсон мэт амьдарч үзэх хэрэгтэй. Сайхан ааштай хүнтэй хамт байж, харьцах тийм ч асуудалтай биш. Харин муухай ааштай хүнтэй хамт байх хүсэлтэй хүн байдаггүй. Хүний амьдралд уурлаж, гомдож, сэтгэлээр унах үе гарна. Тэр үед хүмүүс хайртай хүмүүстээ ч гэсэн муухай ааш гаргадаг. Тэр үед найз охин эсвэл хөвгүүн чинь чамайг хайрласан, халамжилсан хэвээр байвал гэрлэхэд асуудалгүй юм гэж дүгнэж болно.

Энэ ТАВАН ҮЕ ШАТЫГ алгасалгүй дамжвал бат бөх хосууд болох магадлал өндөр тухай дээр дурдсан. Харин зарим хос нэгдүгээр үеийн дараа шууд 3 эсвэл 4 дүгээр үе рүү оччих гээд байдаг. Ингэх нь буруу. Эргэлзээгээ тайлаагүй байж онцгойлон үерхэх явцад найз хөвгүүн/охин чинь “онцгүй” нэгэн байсныг мэдвэл  чиний зүрх шархалж үлдэх нь тодорхой. Харж явдаг, дурлачихсан түүнтэй дөнгөж танилцангуутаа, хэт саймшраад хэт дотно болвол чамайг “амархан охин” гэж бодоод үерхэлээ үргэлжлүүлэхгүйн зэрэгцээ сургуулиар нэг “онигоо” болговол сайхан байхгүй нь тодорхой. Тиймээс дээрх таван үе шатыг байнга санаж явахад илүүдэхгүй буй за.


Уншигч та бүхэн “Эсрэг Хүйстнээ Найрах Нууц” номын зохиогч Д.Гэрэлт-Одоос үерхэл, хайр дурлал, хосуудын харилцаатай холбоотой асуултыг yolo@mongolcontent.mn и-мэйл хаягаар кирилээр дэлгэрэнгүй бичиж ирүүлэн хариулт авах боломжтой. Мөн түүний номыг ЭНД дарж онлайн дэлгүүрээс авч хүргүүлэх боломжтой.

#LOVE #Teenagers #advice