Залууст үлгэр дуурайл болж буй МОНГОЛ ЭРЭГТЭЙЧҮҮД


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-03-27

Бид өмнө нь "Залууст үлгэр дуурайл болж буй монгол эмэгтэйчүүд" хэмээх нийтлэл хүргэж байсан бол энэ удаад залууст үлгэр дуурайл болж буй монгол эрчүүдийг танилцуулж байна. Мэдээж одоо дурдах гэж буй 10 эрхмүүдээр монголын үлгэр жишээ залуучууд дуусна гэж үгүй. Дурдаад байвал дуусахгүй олон авьяаслаг залуустай шүү дээ. Үүнийг уншиж буй залуу минь чи ч монголын үлгэр жишээ нэгэн юм шүү.

РЕППЕР BIG GEE

“REAL” лэйблийн продюсер, рэппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нь 1999 оноос эхлэн реп хийж эхэлсэн бөгөөд 2006 оны арваннэгдүгээр сарын 18-нд "Click Click Boom" бүлгийг сонирхол нэгт нөхдийн хамтаар байгуулсан. Улмаар “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл” (2008), “Мөнгөгүй хүний цомог” (2009), “Монгол реппер” (2010), Жонон хамтлагтай хамтарсан “Монголз” (2011), “Geeometry”(2014), “33” (2017), “Зогсохгүй” (2019) зэрэг цомгууд гаргаж байсан билээ. Харин "Click Click Boom" бүлгийн нөхөдтэйгөө хамтарч “Үл хөдлөх хөрөнгө” (2011), “Нүүдэл” (2013) цомгуудыг тус тус гаргажээ. 2012 онд АНУ-ын алдарт "Onyx" хамтлагийг урьж “Click Click Boom&Onyx - Original Hip Hop” хэмээх тоглолтыг зохион байгуулан монголын хип хоп хөгжим сонсогч залууст томоохон бэлэг барьж байсан түүхтэй. 

Тэрээр энэ хугацаанд чадварлаг реппэр гэдгээс гадна муугүй жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан. Тухайлбал “7 сарын 1”, “Нарны жим”, “Алтан Ус”, “Микроны босс”, “Приусны босс” зэрэг кинонд тоглож байсан бол “Боссын босс” кинонд гол бүр бүтээхийн зэрэгцээ продюсерээр нь ажилласан байна. 2016 онд “Spotify”-ийн 10 жилийн ойн тоглолтод Ази тивийг төлөөлөн оролцсон цорын ганц реппэр байв.

Зургийг Big Gee Фэйсбүүк хуудсаас

“Би сэтгүүлчийнхээ өнцгөөс харсан үг, үзэл бодлоо хип хоп дуундаа шингээж бичдэг. Хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдлээд явж байна даа” хэмээж байсан түүний дууны үг бүр үнэнхүү нийгэмд тулгамдаж буй асуудлын голыг нь олж хэлдэг билээ. Тиймдээ ч түүнийг “Гудамжны философич” гэж нэрийддэг биз ээ. Түүний тухай илүү ихийг мэдье гэвэл дуунуудыг нь сонсоход л хангалттай. Яаж амьдарч, юуг туулж өнөөдрийн энэ цэгт хүрсэн тухайгаа дуу болгон олон түмэнд хүргэдэг. Сэтгэл санаа тавгүй, шантарч яахаа мэдэхээ больсон үедээ би Big Gee-гийн дуунуудыг сонсох дуртай. Урам авч, хийж бүтээх хүсэл эрмэлзэл ямар их ундардаг гээч. Магадгүй яг ийнхүү түүнээс үлгэр дуурайл, урам зориг авдаг олон залуучууд буй биз.

ХАСБАНКНЫ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г. АМАРТҮВШИН

Хасбанкны ерөнхий захирал, шарк Г.Амартүвшинг мэдэхгүй хүн үгүй биз. Түүнийг монголд өнгө өнгийн ганган оймс өмсөх моодыг дэлгэрүүлсэн загварлаг нэгэн гэхэд ч дэгсдүүлсэн явдал болохгүй байх.

Г.Амартүвшин Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй нэгэн бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Мөн ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон АНУ-ын Чикаго хот дахь салбар, Казахстаны Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.

Тэрээр дугуйн спортын тамирчин бөгөөд Tour de France тэмцээнд оролцдог спортлог нэгэн. Мөн залууст зориулсан, нийгэмд хандсан ажлуудад идэвхтэй оролцдог. Тэр дундаа залуусын урмыг тэтгэж, хийж бүтээж буй ажлуудыг нь хэрхэн дэмждэгийг "XMF" буюу Xyyp хөгжмийн фестивалийн ерөнхий спонсороор ажиллаж байснаас нь харж болно.

Зургийг Amar Hanibal Фэйсбүүк хуудсаас

“Бага байхад Ринчен өвөөгийн номын өрөө гэхэд л гайхалтай байсан. Маш олон хэл дээрх номын цуглуулгатай, ном бүр нь нарийн тэмдэг, тэмдэглэгээтэй. Тиймээс ч их багаасаа мэдлэгийн хүрээгээ тэлэхийн тулд гадаад хэл сурах ёстой, номтой ойр байх ёстой юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярих тэрээр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Б.Ринчен гуайн зээнцэр билээ.

“UNLOCK” ПОДКАСТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ О. БАТНАЙРАМДАЛ

Надад подкаст гэх зүйлийг анх таниулсан эд бол “Unlock” подкаст. Уншигч олон маань ч уг подкастыг сайн мэднэ байх. Шинэ сонирхолтой олон номыг яг өөрөө уншсан юм шиг санагдтал тайлбарлаж, асар хэрэгтэй мэдээлэл өгдөг “Unlock” подкастын үүсгэн байгуулагч О.Батнайрамдал ч өөрөө ихээхэн мэдлэгтэй залуу.

Цахим ертөнцөд “Ховдоос Харвард, Харвардаас Wall Street-д хүрсэн монгол залуу” хэмээн танигдсан тэрээр 2008 онд АНУ-ын Миннесота мужийн Макалестер Коллежид Нобелийн энх тайвны шагналт Кофи Аннаны нэрэмжит тэтгэлэг аван тэнцэж байсан гэдэг. “Wall Street”-д ажиллах хүсэлдээ хөтлөгдөн АНУ-д бизнесийн удирдлагын магистр хамгаалахаар Америкийн их сургуулиуд руу элсэх өргөдөл явуулахад хэд хэдэн сургуулиас урилга ирсний нэг нь Харвардын Бизнесийн сургууль байжээ.

Ийнхүү тэрээр Харвардын Бизнесийн сургуульд 2013 онд элсэн орж 2015 онд төгссөн. Сургуулиа төгсөөд “Wall Street”-ийн “Bank of America Merrill Lynch” хөрөнгө оруулалтын банкны Нью-Йорк хотын төвд ажилд орсон. “Би хөдөөний дунд сургуулиас авсан суурь боловсролоор өдийг хүртэл явж байгаа” хэмээн даруухан загнах тэрээр “сонсдог ном Unlock” подкастыг үүсгэн байгуулж, ажлынхаа хажуугаар подкастаа хөтөлдөг. Хэрвээ “Unlock” подкастыг сонсож байгаагүй бол, мөн ажил хичээлийн хажуугаар хүссэн номоо унших цаг зав хомс байдаг бол энэ подкастыг заавал сонсож үзэхийг зөвлөж байна.

“UB COMEDY” КЛУБИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б. БАТБИЛЭГ

Нэг хэсэг ихээхэн шүүмжлэл дагуулж байсан ч өдгөө хэдийн хөлөө олж өөрсдийн үнэнч үзэгчидтэй болсон салбар бол стэнд-ап комеди. Хошин урлагийн энэхүү төрлийг манай улсын иргэд төдийлөн ойлгодоггүй байх үед эхлүүлж, олон удаа бүтэлгүйтэж байсан ч шантралгүй үргэлжлүүлсээр өнөөдрийн зэрэгт хүрэхэд гар бие оролцсон хүн бол Б.Батбилэг.

Зургийг Batbileg Batts Фэйсбүүк хуудсаас

Тэрээр 2014 оны нэгдүгээр сард “UB comedy” клубээ байгуулсан. Эрэл дунд сургууль, "Raffles" институтийг дүүргэсэн. Маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн ч зөөгч, бармен, DJ, туслах найруулагч гээд янз бүрийн л ажил хийж үзсэн гэдэг. Анх “The Basement” клубийн тайзан дээр гарахад 10 гаруй үзэгч үзсэний олонх нь түүний найзууд байсан бол өдгөө танхим дүүрэн үзэгчтэй болжээ. Комеди хийхээс гадна тэрээр өөрийн мэргэжил нэгт нөхөд болох Бадрал болон Ангарагтай хамтран "Битгий Сонс" подкастыг хөтлөн явуулдаг. Уг подкастад шинэ залуу уран бүтээлчдээс гадна салбар бүрдээ нэрээ гаргасан эрхмүүд оролцдог аж. 

Зургийг Batbileg Batts Фэйсбүүк хуудсаас

“Үзэгчдийг татахын тулд тайзан дээр чөлөөтэй байж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Ус орсон савандаа тааруулан хувирдаг. Тиймээс ус шиг биегүй бол гэж Брьюс Ли хэлдэг дээ” хэмээн тайзан дээр буй комедианыг устай зүйрлэн тайлбарлаж байсан удаатай. Залуусаа эрүүл чийрэг байхыг уриалан "Чанга 90" challenge-ийг эхлүүлсэн мундаг залуу. Түүнээс сурах хамгийн гол чанар бол өөрийн чин сэтгэлээсээ дурлаж буй зүйлдээ тууштай зүтгэх чанар билээ. 

РЕППЕР ROKIT BAY

Дөрөвдүгээр хорооллын унаган хүү тэрээр АНУ-аас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.

О.Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн бөгөөд англи хэлний хичээлдээ ихээхэн сонирхолтой байсан учраас бие дааж хичээллэдэг байжээ. Мөн зургийн хичээлдээ сонирхолтой сурагч байсан нь түүний “ОННЦ ДҮМД” цувралаас ч бэлхэн харагддаг. Rokit Bay АНУ-д бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байжээ. Тэрээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, шаардлагатай бол CD-ний дизайн, клипнийхээ эвлүүлгийг өөрөө хийдэг байна.

Зургийг Rokit Bay Фэйсбүүк хуудсаас

Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливүүдийн өлгий нутаг болох +Лос Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. Мөн “Big fish”, “Алтан ус”, “Эцсийн зогсоол Э цэг” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан. Цомгийн хувьд “Пуужин Баяраа” (2010), “Эвдэрхий хүмүүс” (2013), “Хариуцлага” (2016) гэсэн гурван цомог гаргасны зэрэгцээ “Авьяаслаг монголчууд” болон АНУ-ын CBS телевизийн “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан.

Rokit Bay 2017 оноос өөрийн үүсгэн байгуулсан "Beer Night" студийн багийнхны хамтаар Монголын анхны бүрэн хэмжээний анимейшин цуврал “ОННЦ ДҮМД”-ийг амжилттай бүтээсэн бөгөөд одоогоор “Fragile” хэмээх видео тоглоомын сайжруулалт дээр ажиллаж байна. Тэрээр мөн хоёр хүүхдийн сайн аав, сайн хань билээ.

“ЛАНТУУН ДОХИО” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ч. ГАНЖАВХЛАН

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч, “Jack’s coffee” кофе шоп, кофе хууралтын үйлдвэрийн үүсгэн байгуулагч, "Чүү Чүү" аяллын клубийн үүсгэн байгуулагч бол бидний эчнээ танил Ч.Ганжавхлан. Хаана ядарсан зүдэрсэн хүн байна, тэдэнд тусламжийн гараа сунгаж явдаг нэгэн дээ.

Тэрээр БНСУ-д 2 жилийн хугацаанд суралцаж ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хийж байсан. 2007-2012 онд БНХАУ болон АНУ-д үргэлжлүүлэн сурч байх хоорондоо Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар ажиллаж байсан. 2012 онд Монголдоо эргэн ирээд төрийн албанд орж, Саппород өөрийн кофе шопыг нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрсон удаатай.

Зургийг Ganjavkhlan Chadraabal Фэйсбүүк хуудсаас

Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар монголд хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож "Лантуун Дохио" ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм. Мөн тэрээр “Автуус ба амьдрал”, “Боорцог ба сарнай”, “8 км 400 м” номуудыг бичиж олны хүртээл болгосон.

2012 оны үед хүмүүнлэгийн ажил хийж байхдаа хэцүү амьдралтай айлын хүүхдүүдэд шинэ жилээр өвлийн өвгөн болж очоод бэлэг өгөөд гараад явж байхдаа "Энэ хүүхдүүд, энэ айлын төлөө би ганцхан удаа бэлэг тараахаас өөр юу ч хийж чадахгүй юм гэж үү" хэмээн бодож байсан гэдэг. “Ид шидийн орон-1” төслөө санаачилчихаад халаасандаа сохор зоосгүй, яаж ард нь гарна аа хэмээн эмээж байсан ч өдгөө “Ид шидийн орон-2” байгуулагдчихсан байна. “Маш олуулаа нэг зүйлийг мөрөөдвөл ид шид болдог” гэж ярих түүнийг хүндэлж, үлгэр дуурайл авахгүй байхын аргагүй.

Зургийг Ganjavkhlan Chadraabal Фэйсбүүк хуудсаас

“МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ”-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Х.ХАТАНБААТАР 

Дэлхийн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин бол Хандсүрэнгийн Хатанбаатар юм. Харин өдгөө түүний олон олон шавь нар дэлхийн рекордыг эзэмшиж байна. Тэрээр 2000 онд МУИС-ийн улс төр судлалын ангид элсэн орж хоёр жилийн хугацаанд суралцаж байгаад 2002-2008 оны хооронд засгийн газар хоорондын тэтгэлгээр Турк улсын Газ Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн. 2008-2009 онд Турк улсын Анкара их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан, эрх зүйч мэргэжилтэй.

Зургийг Хандсүрэнгийн Хатанбаатар Фэйсбүүк хуудсаас

2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн "Оюун ухааны академи"-ийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан байна. Тэрээр 2009 онд сургуулиа төгсөж ирмэгцээ өөрийн судалж суралцсан ой тогтоолт хөгжүүлэх мэдлэг дээрээ тулгуурлан Монголын Оюун Ухааны академийг үүсгэн байгуулсан. 

Мөн тэрээр Монголын Оюун Ухааны Академийн гадаад хэлний үг цээжлэх хөтөлбөр дээр үндэслэн MemoWords аппликейшнийг зах зээлд гаргахын зэрэгцээ Монголын Оюун Ухааны Академийн Лос Анжелес дахь франчайз салбарыг өлгийдөн авч байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр "JCI Grand" салбар байгууллагын 2020 оны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хэд хэдэн ажлыг зэрэг амжуулдаг хөдөлмөрч залуу юм.

СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, НАЙРУУЛАГЧ Б.ТАМИР

“Фантастик” продакшны захирал, найруулагч, жүжигчин, Соёлын Тэргүүний Ажилтан Б.Тамир нь СУИС-ийг төгсөн. 2008-2016 онд Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2013 оноос киноны найруулагчаар ажиллаж эхэлснээр бидний үзэх дуртай олон киног найруулах болсон юм.

“Аз жаргалын шок” (2014), “Миний ах атаман” (2014), “247 хэм” (2015), “Хар сувдны нууц” (2015), “Маш нууц” (2015), “Том толгойтын романс” (2015), “18 нас: Би чамд хайртай” (2016), “Зүрхний хилэн” (2017), “Маш нууц” , “Маш нууц 2: Байтаг Богд” (2018) болон бидний үзэх дуртай “37-р точка” (2019-2020) ОАК-ны зохиолч, найруулагчаар тус тус ажилласан билээ. Мөн гарсан даруйдаа шуугиан тарьсан “Халуун зүрх” уянгын УСК (2019)-д гол дүр бүтээснийг уншигчид маань санаж буй биз ээ. 

Зургийг Tamir Bat-ulzii Фэйсбүүк хуудсаас

Бүтээсэн кино бүр нь олны сайшаалыг хүртдэг Б.Тамир найруулагч “Хүн төлөвлөсөн ажлаа зоригтойгоор хаяж сурах хэрэгтэй байдаг. Төлөвлөчихсөн юм чинь яаж ийгээд болгочихмоор байна гэж цаг алдаж байснаас, энэ болох уу, болохгүй юу гэсэн нэг асуулт тавиад л дор нь шийдээд явчихвал цаг их хэмнэдэг” гэж хэлдэг шийдэмгий нэгэн. Үнэхээр л түүнээс ихийг суралцмаар хүн шүү.

КОМЕДИАН Б.ИДЭР-ОД

Бид түүнийг комедиан гэдгээр нь сайн мэднэ. Дан ганц комедиан гээд ч зогсохгүй “CallPro” компанийн хамтран үүсгэн байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, үг цээжлэх хөтөлбөрийн багш, комедиан, "Shark Tank Mongolia" нэвтрүүлгийн хөтлөгч билээ.

Б.Идэр-Од АНУ-ын Канзас мужийн Канзасын их сургуульд инженерийн мэргэжлээр таван жил сурч төгссөн. Тухайн үед сургуульдаа бакалаврын зэргээр сурч байсан цорын ганц монгол оюутан байжээ. Сургуулийнхаа зуны зугаалга дээр авьяасаа үзүүлэхээр болж мэддэг орос монгол онигоонуудаа англи хэл дээр ярихад нь хоёр америк найз нь “Идэрээ, чи ер нь юу хийж байгаагаа мэдэж байна уу? Чиний ярьсан зүйл бол стэндап комеди” гэж хэлснээр анх стэндап комедитай танилцсан гэдэг.

Зургийг Ider-Od Bat-Erdene Фэйсбүүк хуудсаас

“FARO” сургалтын төв нь боловсролын зориулалттай “Hippocards” гap утасны аппликэйшнийг 2 жил гаруйн хугацаанд хөгжүүлж олон нийтийн хэрэглээнд бэлэн болгосон. Байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг 100 гаруй байгууллага, компанид нийлүүлж, хамтран ажилладаг “Call Pro” компани нь Японы хөрөнгө оруулагчтай хамтран цаашид тус улсын зах зээл рүү тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлохоор бэлтгэж буй. 

“Залуус их ажлыг амжуулна гэхээс илүү би юу хийвэл онох бол гэдгээ сайн бодож, бага багаар олон удаа туршиж явах нь илүүтэй чухал юм болов уу. Би бол бүжиглэж дуулж чадахгүйгээ мэдэж байсан учраас комедиан болсон” гэж ярих Б.Идэр-Од цахим хаягаараа дамжуулан залуучуудад урмын үг хуваалцаж, хүн болгонд хийж бүтээх сэдэл өгөхийн зэрэгцээ Англи хэл сурах зөвлөмж хүргэдэг билээ.

МУГТ, “KING TUG” Н.ТӨГСЦОГТ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын болон ДАШТ-ний мөнгөн медальт, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогтын Гери Рассельтэй хийх IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөөх тулаан саяхан монгол хүн бүрийг омогшуулж, захаа мушгихад хүргэсэн билээ. Тэрбээр 12 үеийн турш идэвхтэй тулалдсан ч 115:113 буюу хоёрхон оноогоор мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа анхны ялагдлаа хүлээсэн. 

Өдгөө 27 настай Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингд тулалдахдаа 11 удаа ялж, нэг ч ялагдалгүй байсан юм. Н.Төгсцогт одоогоос 11 жилийн өмнө 17 насандаа ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаараа Монголын боксчдоос хамгийн залуудаа ийм өндөр амжилтад хүрсэн тамирчин болсон юм.

Зургийн Tugstsogt Nyambayar Фэйсбүүк хуудсаас

Тэр 10 настайгаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэсэн ч 14 насандаа сонирхолдоо хөтлөгдөн боксоор хичээллэж эхэлжээ. Тэр анх кикбоксын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин дараа нь боксын улсын аварга болж, удалгүй ДАШТ-ний мөнгөн медаль хүртсэн түүхтэй. МУГТ Н.Төгсцогт ээлжит тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийхээр болсон бөгөөд тэдний тулаан ирэх сарын 26-нд Миссисипи мужид болохоор товлогджээ.

Дашрамд дуулгахад комедиан Б.Идэр-Од МУГТ Н.Төгсцогтоос үлгэр дуурайл авдаг гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Ард түмний хүү, "King Tug" хочит Н.Төгсцогт монгол түмний бахархал, үлгэр дуурайл билээ.

#Эрэгтэйчүүд #Idol