"Хүмүүсийн юу гэх нь хамаагүй гэж бодоод тоолгүй байх уу?"


Сондор | YOLO.MN
2016-08-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хүмүүсийн юу гэх нь хамаагүй гэж бодоод тоолгүй байх уу?

Би ерөөсөө ч нүүрээ буддагүй болоод ч тэр үү нэг л тухтай санагдахгүй юм.

Сайн байна уу намайг Н гэдэг. Одоо 15 настай.

Би их онигор нүдтэй л дээ, тэгээд давхраа наачихаар найзууд маань тайван байлгахгүй юм аа. Уг нь би өөртөө таалагдаж л байвал яадаг юм гэж бодсон боловч бусад хүмүүсийн бодол их нөлөөлөөд байх юм аа. Би ерөөсөө ч нүүрээ буддагүй болоод ч тэр үү нэг л тухтай санагдахгүй юм. Яах вэ, хүмүүсийн юу гэж хэлэх нь хамаагүй гэж бодоод давхраагаа зүүх үү, тэд аяндаа дасаад юм хэлэхээ байх болов уу яах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Найзуудаасаа шалтгааныг нь ч асуучихаж болно шүү дээ

Хэт өндөр эсвэл хэт намхан, давхраатай, давхраагүй, махлаг, туранхай гээд бүх л эмэгтэй хөөрхөн байж чадна. Гол нь өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан тэр үед л чи өөртөө итгэлтэй байж тэр хэрээрээ итгэл чинь чамайг чимж чи бусдад сайхан харагдах болно.

Сайн байна уу? Бидэнд захиа бичсэнд баярлалаа.

Юун түрүүнд чиний давхраа наах болсон шалтгааныг мэдэхийг хүсч байна? Бусдад таалагдах гэж давхраа нааж байна уу, эсвэл зөвхөн өөртөө таалагдах гэж нааж байна уу. Энэ талаар сайн бодоод үзээрэй. Ямар эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй гэх вэ гэдэг асуултанд тохирох зөв хариулт гэж байхгүй. Хэт өндөр эсвэл хэт намхан, давхраатай, давхраагүй, махлаг, туранхай гээд бүх л эмэгтэй хөөрхөн байж чадна. Гол нь өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан тэр үед л чи өөртөө итгэлтэй байж, тэр хэрээрээ итгэл чинь чамайг чимж чи бусдад сайхан харагдах болно.

Гэхдээ мэдээж гадаад үзэмж ялангуяа өсвөр насанд их чухал боловч хэрхэн арьсаа арчлах, хэрхэн нүдээ хөнгөн будах, магадгүй давхраа хэрхэн найзууддаа шоолуулалгүй цэвэрхэн наах вэ зэргийг сайн судалж туршаад үзээрэй. Давхраа нааж байгаа нь чамайг урд нь байснаас чинь эв хавгүй харагдуулж байгаа болоод л найзууд чинь шоолж байна уу яаж байна гэдэг дээр ч мөн дүгнэлт хийж бодоод, боломжтой бол найзуудаасаа шалтгааныг нь ч асуучихаж болно шүү дээ. Хэзээд өөрийнхөө сайн сайхан, сайхан байдалд анхаарад хандуулах нь зөв. Гэхдээ энэ арга чинь чамайг улам дордуулах ёсгүй.

 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Friend #beauty