"Гадаадад сурах чин хүсэлтэй боловч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байна"


ССҮТөв | YOLO.MN
2016-08-15

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би аль улсад суралцахаа шийдэж чаддаггүй ээ.

Гадаадад сурах гэсэн чин хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй юуг ч яаж хийхийг ч мэдэхгүй юм.

Сайн байна уу?
Зөвлөгөө өгөх хүн олдохгүй болохоор зөвлөгөө авахаар энэхүү зүйлийг бичиж байна. Би энэ жил 12 дугаар ангид элсэн суралцана л даа. Мэдээж хүн бүхний дотроо мөрөөддөг мөрөөдөлтэй л хүүхэд. Гадаадад сурах гэсэн чин хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй юуг ч яаж хийхийг ч мэдэхгүй юм. Гэр бүлийн хүмүүсээс энэ тал дээр зөвлөгөө өгөх хүн байдаггүй. Би уг нь Солонгост сурч мөрөөдлөө биелүүлэх алхамаа хиймээр байгаа ч яахаа сайн мэдэхгүй  байна. Солонгост их сургуульд сурч байгаа эсвэл сураад ажиллаж байгаа хүнээс зөвлөгөө авмаар байгаа ч надад тэр бүр энэ хүмүүс нь олдохгүй юм. Хэрвээ би Солонгост байж байсан хүмүүстэй уулзвал

1. Солонгост хүн амьдрахад хэр тохиромжтой вэ? Үнэхээр хүмүүсийн мөрөөддөг шиг байж чадах уу?
2. Тэнд сурахад хүндрэлтэй сайн муу тал байна уу
3. Их сайхан орон гэж хэлэгддэг энэ үнэн болов уу? Тэнд яг ямар амьдралын хэв маяг үргэлжилдэг юм болоо гэх мэт зүйл зөндөө асуумаар байна.
Бас сүүлийн үед сэтгэл санаа хоёрдоод байгаа АНУ-д бас суралцахыг хүсдэг боллоо. Мэдээж АНУ бол Солонгос улсаас боловсролын системээрээ давуу талтай улс. Мэргэжлээ ч хараахан шийдэж амжаагүй үнэхээр шаналантай байх юм аа.

Yolo надад тус болоод энэ бүх зүйл дээр хариулт өгч болох болов уу ?
Хүндэтгэсэн:…………………


БАЯРЛАЛАА YOLO^^

ЗӨВЛӨМЖ: Сонгосон мэргэжлээс хамаарч хаана сурахаа шийдэх хэрэгтэй

Өөрийн сонгосон мэргэжлээс хамаарч хаана сурахаа шийдэх нь илүү дээр. Хүнтэй ажилладаг мэргэжил бол харилцааны хувьд илүү нээлттэй оронд сурах нь давуу тал болно.

Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Өөрийн амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байгаагаа ойлгоод санаа зовж буй чинь тун сайн. Учир нь гэнэт л олон чухал шийдвэр гаргах гэж яарч, буруу алхам хийх биш эртнээс санаа тавьж хэрэгтэй зүйлээ хийж, өөрийгөө бэлтгэж эхлэх нь зөв шийдэл. Чиний яг ямар мэргэжлээр дээд боловсрол эзэмших гэж буй чинь одоогоор тодорхой болоогүй болохоор тэнд энд гэж зөвлөхөд бэрхшээлтэй юм. Учир нь өөрийн сонгосон мэргэжлээс хамаарч хаана сурахаа шийдэх нь илүү дээр. Хүнтэй ажилладаг мэргэжил бол харилцааны хувьд илүү нээлттэй оронд сурах нь давуу тал болно. Монгол байсан ч болно шүү дээ.
Тухайн мэргэжлийг эзэмшээд дараа нь ямар хүмүүстэй ажиллах вэ гэдэг чинь их чухал. Тэгэхээр чи мэргэжлээ зөв сонгосон нь дээр.

Солонгост эсхүл АНУ-ын алинд нь сурахаа шийдээгүй зүгээр л тэнд сурвал гоё, илүү сайхан гэж бодож байгаа бол тэр чиний сонголт биш сэтгэл хөдлөл л гэсэн үг. Магадгүй чиний сонголт өөрчлөгдөх ч юм билүү.  Мэдээж гадаад улсад суралцах нь тийм ч амар хялбар зүйл биш. Суралцах хугацаандаа дан ганц дээд боловсрол бус хувь хүний нийгмийн ур чадвараас эхлэн олон чухал амьдралын чадваруудад суралцдаг болохоор "Суралцах чиглэл, мэргэжлээ" бол тэр мэргэжлийн илүү хөгжсөн оронд очиж сурах нь дээр болов уу. Харин тэр болтол сонголтоо хийх гэж өөрийгөө зовоож, яарах бус өөрийгөө бэлтгэх хэрэгтэй шүү. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #University #Lesson #Scholarship