Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хичээгээгүйгээсээ болоод үүр муу сурсан дүнтэй явах уу?
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би 14 настай. Энэ жил улсын шалгалт өгнө. Энэ карентиний хугацаанд хичээл номон дээрээ төвлөрч хоцорсон бүхнээ нөхөж суралцана гэсэн зорилготой байсан юм. Гэтэл Цагаан сарын баяр болж гэртээ хором мөч бүрийг хичээл хийж биш, сошиалаар хэсэж, зурагт үзэж, цагийг дэмий өнгөрөөх боллоо.
Теле хичээлээс гадна бусад хичээл ордог багш нар маань богино хугацаанд их даалгавар өгөх болсон. Ийм байдлаар түгшсэн, стрессдсэн байдалд өдөр хоногийг өнгөрөөж байна. Би хэрхэн даалгавруудаа санаа зовох зүйлгүй хийх вэ? Энэ жил хичээгээгүйгээсээ болоод улсын шалгалтдаа унаж, үүрд муу сурсан дүнтэй явах болов уу? Чаддагсан бол дэлхийгээс замхармаар байна л даа. Та надад тусалж чадах уу?
ЗӨВЛӨГӨӨ: Зөвхөн чамд бус хүн бүрд тохиолдож байгаа байх
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хичээлээ хийхгүй байгааг мэдэж байгаа чинь сайн хэрэг. Санаа зовж байна гэдэг нь өөрийгөө өөрчилж чадах алхмуудын нэг юм. Түгшүүр, санаа зоволт биднийг унтраах биш сэдэл өгөх боломжтой байдаг. Гэхдээ хэт их санаа зовоод байвал эсрэгээрээ биднийг ядрааж, сульдуулдаг. “Дэлхийгээс замхарчихмаар” гэснээс харвал чи арай хэтрүүлэн санаа зовж байгаа бололтой.
Удаан хугацааны амралт нь биднийг хөдөлгөөнгүй, хөшингө, залхуу амьдралын хэв маягт оруулах хандлагатай байдаг. Бид үүндээ өөрийн мэдэлгүй дасчихдаг буюу бидэнд рефлекс суучихдаг. Энэ нь зөвхөн чамд бус гэрээсээ ажиллаж, хичээл хийж байгаа хүн бүрд тохиолдож байгаа байх. Тиймээс өөрт зорилготой цагийн хуваарь гаргаж хичээлээ давтаарай. Булчингаа хөдөлгөөнгүй байлгах нь эргүүлээд бидний сэтгэл санаанд нөлөөлж эхэлдэг. Чи дасгал хөдөлгөөн хийж байгаа юу? Хийхгүй байгаа бол хөнгөхөн сунгалтын дасгал хийгээрэй. Булчин хөдөлж сунаснаар сэтгэл санаа тайван эерэг болдог.
Булчин хөдөлж эхэлсэн тул дараа нь хичээл хийх цаг гаргаарай. Хүний анхаарах чадвар 40 минут үргэлжилдэг тул энэ хугацаанд нэг хичээлээ хийнэ гэж төлөвлөөрэй. Үнэхээр анхаарал чинь төвлөрөхөд хэцүү байгаа бол түр амар, өөрийгөө хүчлэх хэрэггүй. Энэ вирусийн тархалтын үе сэтгэл санаагаа тайван байлгаж дархлаагаа дэмжих нь юу юунаас илүү чухал байгаа шүү дээ. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Балчирхан байхад нь биед нь зохисгүйгээр хүрсэн
Дахин зөвлөгөө авах гэсэн юм. Би саяхан 14 нас хүрсэн. Найзууд маань ч бас надтай чацуу. Бид нар бүгд энэ хорвоод охин болон мэндэлсэн юм. Тэр нь ч гайхалтай хэрэг. Дотны найзуудад минь тохиолддог хэргээс болоод тан руу бичиж байна. Энэ захидлыг бичих гэж өчнөөн хичээсэн ч ерөөсөө зориг гараагүй юм. Найзууд минь намайг бичсэн гэж мэдвэл яана? Надтай дахиж хэзээ ч харьцахгүй бол яана? Найз аа, намайг уучлаарай.
Бид нэг өдөр хичээл тарсны дараа найзуудаараа алхаж байсан юм. Гэтэл манай нэг найз өөрөөс нь нэлээд ах “хамаатан” нь манай найзыг балчирхан байхад биед нь зохисгүйгээр хүрч, илж, дурсагдахад бэрх аргаар түүний биеийн хувийн хэсэгт нь хүрч байсныг хэлж байсан. Тухайн үед түүний бие бүрэн боловсорч эхлээгүй байсан шүү дээ. Тэгж хэлэхэд өөр нэгэн найз маань ч мөн эрэгтэй, ойрын хамаатан нь өөрийнх нь биед зохисгүйгээр хүрч, илж таалж байсныг дурссан.
Үүнийг сонсоод би маш их цочирдсон. Найзуудыгаа өрөвдөж, тэднийг хамгаалах гэсэн маш хүчтэй мэдрэмж, уур хилэн төрсөн. Энэ тохиолдлууд нь бүр нэг удаагийн явдал ч биш байсан. Үүнээс гадна маш олон удаа, маш олон дотны эрэгтэй хүмүүс, автобус болон гудамжинд тааралдсан залуус надад болон манай найзуудын биед олон нийтийн, хүний нүднээс далд газар хүрч байсныг ухаарсан юм. Бидний итгэж найддаг ангийн хөвгүүд маань ч бас тийм хэрэг гаргадаг. Үүнээс болоод хотын гудамжаар явахад ч айх боллоо.
Хэчнээн нуун дарсан ч энэ дурсамж намайг болон манай найзуудыг үүрд дагах болно гэдгийг би сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. Би энэ үйл явдлыг мартмаар байна. Хэзээ ч болоогүй юм шиг жүжиглэх тусам улам санагдаад байх юм. Энэ нөхцөл байдлыг яаж даван туулах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Бид тэвчиж болохгүй
Сайн байна уу? Зориг гаргаж захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд энэ талаар ярьж эхлэх нь зөв бөгөөд юу ч болоогүй юм шиг өнгөрөх эсвэл мартах гэж оролдох тусам уг үйлдлийг улам өөгшүүлж байдаг. Түүнчлэн энэ бол дан ганц танай найзуудад тулгарсан асуудал биш бөгөөд монгол улсад охид бэлгийн дарамтад өртөх нь ямар түгээмэл байгааг харуулж байна.
Ямар ч хүн хэн нэгний эрхшээлд орох ёсгүй. Хувийн орон зай руу халдаж байгаа ямар ч тохиолдол гэмт хэрэг юм. Ураг төрлийн хүчирхийлэл, "street harassment" буюу гудамжны хүчирхийллийг бид тэвчиж болохгүй. Энэхүү хүчирхийлэлд өртсөн охид залуус ямар их айж, ямар их сэтгэл зүйн болон бие махбодын хохирол авдгийг хэмжих аргагүй.
4 эмэгтэй хүн тутмын 1 нь гудамжны хүчирхийлэлд өртөж байдаг бол 15 эрэгтэй хүн тутмын 1 нь гудамжны хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн жил бүр 300-аас ч олон охин ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө цагдаад мэдэгдэж тусламж авдаг. Цагдаад мэдэгдээгүй хэчнээн тохиолдол байгааг мэдэхгүй. Тэгвэл бид яах ёстой вэ?
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Нэгдүгээр байранд орохгүй яасан юм гэдэг
Сайн байна уу? Би одоо 16 настай, эмэгтэй. Аав ээж хоёр маань 2 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Одоо бол аавтайгаа амьдарч байна. Би ангидаа толгой цохидог, дүнгүүд 90-ээс доош буудаггүй байсан. Гэхдээ цаашид юу хийх, юунд хүрэх гэх зэрэг зорилгуудаа хараахан тодорхойлж чадахгүй л байна. Бас хичээлдээ анхаарах анхаарал минь ч багассан. Дүнгээрээ гуравдугаар байранд жагсаж байгаа ч аав ээж минь “нэгдүгээр байранд орохгүй яасан юм” гээд огтхон ч баярлаагүй. Би олон хүнтэй газар байх дургүй. Цаг зав гарвал ганцаараа л байдаг. Ямар нэгэн хүнтэй хамт байхаар цаанаасаа л бачуураад, уур хүрээд байдаг болсон байна. Би яг одоо яахаа мэдэхгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Ямагт нэгт байх боломжгүй
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Ямагт нэгт байх боломжгүй, алба ч байхгүй. Үргэлж нэгт байна гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хоромхон хугацаанд ч өөрийгөө тайвшруулах боломж өгөөрэй. Сэтгэл санаа тайван байхад хичээл хийх, ирээдүйгээ төлөвлөх тийм ч хэцүү биш байх болов уу? Олон хүнтэй газар байх дургүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. Олон хүмүүс дунд байх шаардлагатай бол мэдээж үүнээс зугтах аргагүй. Чамд мэдрэгдэж байгаа мэдрэмжээ хэн нэгэнд хэлж байгаарай. Чамайг сонсох, ойлгох хүн байхгүй юм шиг санагдаж байвал тэмдэглэл хөтөлж үзээрэй. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрийн төрж байгаа мэдрэмжийг бичээрэй. Мөн яг энэхүү захиаг бичсэн шигээ сэтгэл зүйчид хандаж байж болно. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Хамгийн сайнаараа хандсан ч надаас зугтаад байна
Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Би сургууль дээрээ ч, дугуйлан дээрээ ч найзгүй. Өмнө нь би хоёр сайн найзтай байсан. Гэтэл нэг нь надад гомдоод өөр найзтай болчихсон. Тэр найз нь их хөгжилтэй, хүнийг үгээрээ эдгэрүүлдэг ч хартай, дарамттай, надад нэг л дургүй. Харин нөгөө найзтайгаа хамт сурч, хөгжихийг хүсээд хамтдаа номын санд суудаг байсан. Тэр найздаа хамгийн сайнаараа хандахыг хичээдэг байсан ч тэр бас л надтай харьцахаа больсон.
Харин одоо дугуйлан дээрээ найзтай болохыг хүссэн ч бас л чадахгүй байна. Найз нартаа хамгийн сайнаараа хандсан ч яагаад надаас зугтаад байгааг нь ойлгохгүй юм. Хэн нэгэнтэй найзлахын тулд заавал тэр охин шиг хөгжилтэй, алдартай байх ёстой юм болов уу? Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл богино
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл богино гэсэн үгийг ихэнх хүмүүс сонсож байсан болов уу? Энэ үг яагаад гарсан юм бол? Үүний талаар бодож байсан уу? Эмэгтэй хүмүүс бие биедээ гомдож бухимдсан үедээ тэр бүр шууд хэлдэггүй. Тэвчээд дотроо хадгалаад үлддэг. Энэ байдал удаан үргэлжилсний дараа дахиад таагүй зүйл болох үед өөрийн дотор хуримтлагдсан олон гомдлыг хэлж орхидог. Нэг удаа төрсөн мэдрэмжээ хэлэх олон удаа тэвчсэн мэдрэмжээ хэлэх үгс хоорондоо ялгаатай байдаг.
Найзаасаа авсан сөрөг ч бай, сайхан ч бай мэдрэмжүүдээ нуух хэрэггүй болов уу? Найзуудтайгаа холбоогоо шууд битгий таслаарай. Нөхцөл байдлыг ажиглаарай. Болж өгвөл яагаад чамаас зайгаа бариад байгааг асуухад гэмгүй болов уу. Чи ингэж их санаа тавьж, хичээж байгаа юм чинь жинхэнэ сайн найзаа олно гэж итгэж байна. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Дунд зэргийн сэтгэл гутралтай гэсэн
Юун түрүүнд илгээсэн бүх захианд хариу илгээж өсвөр үеийнхэндээ тусалдагт баярлалаа. Би одоо 15 настай. Миний хувьд анх удаа л ингэж тулгамдаж байгаа асуудал болон дотоод сэтгэлийн байдлаа өөр хүнд илэрхийлэх гэж байна. Энэ хичээлийн жилээс сурлага минь мэдэгдэхүйц буурсан. Их юм бодож их санаа зовдог болсон. Ирээдүйд би яг эмч болж чадах болов уу, ЭЕШ-д бага оноо авчихвал яана, тэтгэлэг авч чадах болов уу гэх мэт маш олон зүйлд санаа зовж байна. Би үнэхээр өөртөө итгэлгүй байна. Уг нь би бусадтай харилцаа сайтай, олон найзтай, сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хэдий ч энэ бүгд гэнэт л ямар ч хэрэггүй юм шиг санагдаад байдаг болсон. Сэтгэл хөдлөл ихсээд юм л бол уйлах гээд л.
Хэдэн долоо хоногийн өмнө “Khulan Nemekhbayar” гэдэг Youtube Channel хөтөлдөг эгчийн сэтгэл гутралын талаар бичлэгийг үзэж байгаад надтай яг адилхан байгааг анзаарсан. Дараа нь сэтгэл гутралын талаар бага зэрэг судлаад СЭМҮТ-ийн сэтгэл гутралын тест бас өөр хэд хэдэн тест бөглөж үзсэн. СЭМҮТ-н тестийн оноо маань 12 гарсан (дунд зэргийн сэтгэл гутралтай гэсэн) бусад нь ч сэтгэл гутралтай гэсэн.
Гэрийнхэн маань намайг уужуу тайван, өөдрөг гэж байнга хэлдэг. Тийм байдагт минь ч баярладаг учраас тэдэнд энэ талаар хэлж урмыг нь хугалахыг хүсэхгүй байна. Хэн нэгэнтэй ярилцмаар байвч хүнд итгэж чаддаггүй болохоор бусдад хувийн зүйлээ ярьдаггүй. Сайн найзууддаа ч сэтгэлээ нээж чаддаггүй. Хүнд итгэхийг үнэхээр хүсдэг ч одоо яг хэлнэ гэж бодоод хэлэх гэхээр яагаад ч юм амнаас үг гардаггүй. Тэд өөр хүнд хэлчих байх гэсэн бодол төрдөг. Сэтгэл гутралаас гарахыг хичээж байгаа ч яг яах аргаа олохгүй байна. Миний захианд хариу илгээж надад бас надтай адилхан байдалд байгаа хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгөхийг хүсэж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Заавал мэргэжлийн хүнд хандаж байж тогтоогдоно
Мэргэжил сонголт бол бидний амьдралдаа гаргадаг чухал шийдвэрүүдийн нэг учраас санаа зовж, түгшиж, айх нь хэвийн юм. Харин төрж буй түгшүүрийн мэдрэмжийг санаа зовж байгаа зүйлдээ анхаарал хандуулж, цаг гаргаж, юу хийвэл чиний түгшүүрийн мэдрэмж буурах талаар жагсаан бичиж, тэдгээрийг бага багаар хийж эхэлснээр бууруулах боломжтой. Харин хичээлдээ эрс муудсан бодит шалтгаан юу вэ? Жишээ нь: Хичээлээ ойлгохгүй байна уу? Хичээлээ хийх цаг гаргахгүй байна уу? эсвэл ирээдүйдээ хэт санаа зовоод тэр нь чамайг анхаарлаа төвлөрүүлэхэд нөлөөлөөд байна уу? Өөр ямар ч шалтгаан байж болно.
Эхлээд хичээлдээ яагаад муудаад байгаа вэ гэдгээ тодорхойлоод дараа нь нөлөөлөөд байгаа асуудлыг яаж шийдэх талаар бодоорой. Мөн ойр дотны хүмүүстэйгээ зөвхөн эерэг мэдрэмжээ биш өөрт төрж буй сөрөг мэдрэмжүүдээ хуваалцах хэрэгтэй. Хуваалцсанаар бид сэтгэц, сэтгэлзүйн хувьд эрүүл байх нэг үндэс нь болдог юм шүү. Сөрөг мэдрэмж яг л сав усаар дүүрэхээр асгардагтай адил заавал хүнээс гарч байдаг. Зөв гаргахгүй дотроо хадгалаад л байх юм бол уураар, байнга сэтгэл тавгүйтэх гэх мэт сөргөөр илэрч байдаг. Энэ маань сүүлдээ өөрийгөө ойлгохгүй байгаа мэт байдалд хүргэх магадлалтай юм шүү.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх