Гар утасны дэлгэц нь суултуураас АРАВ ДАХИН БОХИР байдаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-03-12

Ихэнх хүмүүс амны хаалт зүүж, гараа сайтар угааж ариутгаснаар элдэв төрлийн халдваруудаас урьдчилан сэргийлж байна гэж боддог ч энэ нь хангалтгүй юм!

Өөрөөр хэлбэл бид өглөө сэрэхээс авахуулаад орой унтах хүртлээ гар утсаа оролдож, хүрч, барьж явдаг ч утсан дээрээ ямар их хэмжээний нян үржиж байдгийг анзаардаггүй аж. 

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар 10 хүн тутмын нэг нь 4 минут тутамд гар утсаа шалгадаг нь тогтоогдсон байдаг. /Эх сурвалж: NY Times/ Үүнээс үзэхэд гар утас бол өнөөгийн бидний үргэлж хамтдаа байдаг "найз" болсон нь харагдаж байна. 

Тэгвэл өөр нэгэн судалгаагаар буюу Мичиганы их сургуулийн профессоруудын хийсэн судалгаагаар зөвхөн ахлах сургуулийн сурагчдын гар утасны дэлгэцэн дээр 17'000 орчим нян оршиж байдаг нь тогтоогдсон байдаг. Энэ нь бидний хамгийн их сэжиглэдэг ариун цэврийн өрөөний суултуураас 10 дахин бохир байгааг илтгэж байна. Тэдний хэлж буйгаар: 

 -“Хүн болгоны арьсан дээр биед онцын хор хөнөөлгүй бичил биетүүд оршиж байдаг бөгөөд тэдгээр нь гар утас руу ч мөн дамжиж байдаг. Гэвч байгаль орчны бохирдлын талаарх асуудал хүчтэйгээр яригдаж буй өнөө үед гар утасны дэлгэцэн дээр байгаа нянгууд нь бүгд ямар ч хор хөнөөлгүй гэсэн үг биш юм. Ойр дотны хүн тань тантай хамт байхдаа ханиаж найтаахад ханиадны вирус таны гар утсанд наалдахаас авахуулаад маш хор уршгийг тарьж болдог".

Мөн гар утсаа авч ороход хамгийн тохиромжгүй газар бол ариун цэврийн өрөө гэдгийг ч сануулсан байна.

ТЭГВЭЛ ГАР УТСАА ХЭРХЭН АРИУТГАН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

АНХААР: Энгийн алчуур болон хуурай, нойтон салфетка зэргийг бүү хэрэглэ!

Юун түрүүнд гар утсаа ариутгахаас өмнө гараа угаахаа мартуузай.

МИКРОФАЙБЕР АЛЧУУР

Микрофайбер материалтай алчуур нь зөөлөн гадаргуутай тул утасны дэлгэцийг ямар нэгэн байдлаар гэмтээхгүй. Уг алчуураар гар утасны дэлгэцээ босоо эсвэл хэвтээ чиглэлд зөөлөн дарж арчина. Хэрэв гар утасны дэлгэцэн дээр чинь мэдэгдэхүйц толбо тогтсон байвал алчуураа бага зэрэг норгож болно. Үүний дараа гар утасны дэлгэцээ ариутгах арга хэмжээг авна.

Ингэхдээ хэд хэдэн аргууд ашиглаж болно.

1. НҮДНИЙ ШИЛ АРЧИГЧ

Нүдний шил арчигчаар гар утасныхаа дэлгэцийг арчиж болно. Энэ нь сайн ариутгагч болоод зогсохгүй утасны дэлгэц гэмтээхгүй давуу талтай.

2. НЭРМЭЛ УС БОЛОН ЦАГААН ЦУУ

Тусгай зориулалтын шүршигч сав бэлдээд 50-50 харьцаатайгаар нэрмэл ус болон цагаан цууг хольж хийгээрэй. Сайтар сэгсэрсний дараа тусгай зориулалтын алчуур (микрофибр) эсвэл хөвөнд шингээнэ. Ингэхдээ арчих материалыг нэвт норгож болохгүй. Үл ялиг чийгтэй болсон алчуур эсвэл хөвөнгөөр гар утасны дэлгэцээ нэг чиглэлд арчина. Хэрэв дэлгэц нойтон хэвээр байвал хуурай алчуураар арчиж хатаахыг зөвлөж байна.

3. ГАР АРИУТГАГЧ ШИНГЭН

Хэрэв тусгай зориулалтын шингэн байхгүй бол гар ариутгагч ашиглаж болно. Хөвөнд шингээж утасны дэлгэцээ зөөлөн арчих бөгөөд хэтэрхий норговол дэлгэц гэмтээх аюултай.

Эх сурвалж: Time

#Вирус #Нян #Гар утас #Зөвлөгөө