Бидний дуртай кинонуудын талаарх СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ баримтууд


Миау | YOLO.MN
2020-07-13

Бид сэтгэлд хүрсэн кино үзчихээд киноноосоо гарч чадалгүйгээр шуудхан л тухайн киноны талаарх сонирхолтой баримтууд, кино хийгдсэн түүх, жүжигчдийн мэдээлэл зэргийг уншиж судалдаг шүү дээ. Кино нь ердөө л сайтар засаж, янзалсан эцсийн бүтээгдэхүүн бөгөөд уг бүтээгдэхүүнийг гарган авах явцад маш олон сонирхолтой /зарим тохиолдолд киноноосоо ч сонирхолтой/ үйл явдлууд болж өнгөрсөн байдаг. Ингээд бид кино сонирхогчдодоо зориулан өөрсдийн олж мэдсэн дараах баримтуудыг хүргэж байна. 

DALLAS BUYERS CLUB

"Dallas Buyers Club" киноны зохиолыг бүхэл бүтэн 20 жилийн турш бичсэн гэвэл та итгэх үү? Бичих бичихдээ нийт 137 удаа эхлүүлж, больж байсан гэдэг. 

Мөн уг кино нь маш бага буюу 6 сая ам.доллар ч хүрэхгүй төсөвтэй байсныг дурдах нь зүйтэй байх. Ингээд киноны нүүр хувиргалтын багийнханд ердөө 250 ам доллар оногдсон ч тэд ажлаа сайн хийхийн тулд нүүрс ашиглах үе ч гарч байсан аж.

Эцэст нь яасан гээч? Уг кино 86 дахь Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг нүүр будалт" шагналыг хүртсэн.

A STAR IS BORN

Жүжигчин Bradley Cooper-ийн зохиолыг нь бичиж, найруулж, продюсерээр нь ажилласан "A Star is Born" кинонд дуучин Lady Gaga дүр бүтээснийг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр уг киноны Ally-гийн дүрд тоглохдоо үндсэндээ өөрийгөө дүрслэн харуулсан гэж хэлж болно. Учир нь Lady Gaga гайхалтай авьяастай ч маш цөөн хүмүүс түүнийг ийм өндөр амжилт гаргана гэдэгт итгэдэг байсан аж. Тэрээр нэгэн ярилцлагад: 

- "Жинхэнэ "би" болон миний бүтээсэн дүрийн ялгаа бол би дуучин болохын тулд чадах бүхнээ хийсэн явдал. Нью Йоркийн өнцөг булан бүрээр төгөлдөр хууртайгаа явж, боломжит бүх хаалгыг тогшиж ирсэн. Би үнэхээр өөртөө итгэдэг байсан. 

Мөн хүүхэд насны минь дурсамж энэ дүрийг бүтээхэд маш их нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Сургуульд байхад хүмүүс мөрөөдлийг минь сонсоод шоолж инээлдэцгээдэг байсан. Магадгүй би ийм зүйлсийг туулж өссөн учраас л Ally-гийн дүрийг гайхалтайгаар бүтээж чадсан байх" гэж хэлсэн байдаг.

Та бүхэн Lady Gaga-г уг киноны ихэнх үзэгдэлд ямар ч будаггүйгээр харах болно. Учир нь Bradley Cooper Ally-гийн дүрийг өөрийн ур чадвар, гадаад төрхөндөө итгэлгүй байгааг харуулахыг хичээсэн байна. 

ONCE UPON A TIME IN HOLLYWOOD

Найруулагч Quentin Tarantino Leonardo DiCaprio-г "Once Upon a Time in Hollywood" киноны адал явдалт киноны жүжигчин, алдартны дүрд үнэмшилтэйгээр тоглуулахын тулд маш хатуу дэглэм бариулсан гэдэг.

Кино багийнхны хэлж буйгаар DiCaprio уг дэглэмийн дагуу өөрийн идэх дуртай паста, амттан болон чихэр агуулсан бүхий л хоол хүнсийг хорьсон аж. Мөн хувийн дасгалжуулагч нь түүнийг өдөрт хэдэн зуун удаа суниалгадаг байсан гэнэ. 

JOKER 

Joker-ийн сэтгэлзүйн байдлыг тод томруунаар илэрхийлэхийн тулд жүжигчин Joaquin Phoenix хэд хэдэн янзаар инээж сурсан. Ингэж сурахын тулд тэрээр Joker-той ижил сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн бичлэгүүдийг тоогоо алдталаа үзэж байсан гэдэг. 

Хамгийн хачирхалтай нь Jack Nicholson, Heath Ledger, Jared Leto болон Joaquin Phoenix нар буюу Joker-ийн дүрийг бүтээж байсан жүжигчид бүгд Оскарын шагнал хүртсэн байдаг. 

IRISHMAN

Продюсерууд нэг бол киноны төсвийг танах, эсвэл киноны хугацааг багасгах саналтай байсан ч найруулагч Martin Scorsese тэгэхийг хүсээгүй тул "The Irishman" кино үзэгчдийн хүртээл болох гэж бүхэл бүтэн 10 жилийг зарцуулсан байдаг. 

Эцэст нь тэрээр Netflix-тэй гэрээ байгуулж чадсан бөгөөд Netflix ч найруулагчийн хүссэний дагуу ажилласан. Ингээд 3 цагийн турш үргэлжлэх уг кино 159 сая ам.долларын өртгөөр бүтсэн байна. 

ROCKETMAN

Жүжигчин Taron Egerton-ийг "Rocketman" кинонд дуучин Elton John-ийн дүрд тоглуулахаар сонгосон нь нүдээ олсон явдал байв. Учир нь жүжигчин Taron гайхалтай сайхан дуулдаг бөгөөд дуучин Elton John ч үүнийг нь мэддэг байв. Ингээд ч зогсохгүй тэрээр "Хааны нэрэмжит драмын урлагийн академи"-д элсэн орохоор шалгалт өгөхдөө Elton John-ийн дууг дуулж байсан түүхтэй. 

Киноны гол дүр сонгогдсоны дараа Elton John Taron-той уулзаж, костюм, зургийн цомгуудаа үзүүлж, өөрийн амьдралд болсон олон онцлох үйл явдлуудын тухай ярьж өгсөн байна. 

Киноны дүр хувиргагч Elton John-ийн толгойн халцарсан хэсгийг дуурайхын тулд Taron-ийн үсний урд хэсгийг хусах шаардлага гарсан. Ингээд киноны анхны постер цацагдах үед Elton John уг постерийг хараад өөрийнхөө зургийг харж байна гэж бодсон гэдэг. 

BOHEMIAN RHAPSODY

Уг кинонд "Queen" хамтлагийн гоцлол дуучин, домогт Freddie Mercury-гийн дүрд тоглосон жүжигчин Rami Malek "Queen" хамтлагийн шүтэн бишрэгч байх нь байтугай дуунуудыг нь ч сайн мэддэггүй байсан гэнэ. Харин кино зураг авалтын дараа тэрээр
"улаан" фэн нь болсон аж. 

Мөн тэрээр уг кинонд тоглохдоо яг л Freddie шиг харагдахын тулд тусгай хиймэл шүд зүүж байсан. Харин одоо уг хиймэл шүдээ сувенир болгон хадгалдаг. 

THEORY OF EVERYTHING

Жүжигчин Eddie Redmayne суут шинжлэх ухаанч Stephen Hawking-тай ердөө ганцхан удаа л биечлэн уулзсан байдаг. Тэрээр дүрийн судалгаа хийхийн тулд 4 сарын хугацаанд бүжгийн багштай биеэ хэрхэн удирдах тал дээр ажиллаж, Stephen Hawking-тай ижил эмгэгтэй 40 гаруй өвчтөнтэй уулзсан байдаг. 

Зураг авалтын ихэнх хугацаанд тэрээр хөдөлгөөнгүй, хазайлттай сууж байсан учраас кино зураг авалт дуусах үед түүний нуруу илт мэдэгдэхүйц мурийлттай болсон байлаа. 

Гэхдээ энэ бүх хүчин чармайлт үр өгөөжөө өгсөн юм шүү. Stephen Hawking "Theory of Everything" киног үзээд киноны найруулагч руу жүжигчин Eddie-гийн жүжиглэлт өөрт нь маш их таалагдсан талаар и-мэйл илгээж байсан байна. Мөн зарим үзэгдлүүдийг хараад яг л өөрийгөө харж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэнэ. 

IT CHAPTER TWO

Аймшгийн төрлийн "It" киноны хоёрдугаар ангийн найруулагч Pennywise-ийн дүрд тоглосон жүжигчин Bill Skarsgard-ийг нэгэн зэрэг хоёр өөр тийшээ харж чаддаг гэдгийг хараахан мэдээгүй явж байж. Нэгэн өдөр тэрээр Bill-ээс уг киноны нэгдүгээр ангид нэгэн зэрэг хоёр өөр тийшээ харахад ямар тусгай эффект ашиглаж байсныг асуухад яг тухайн үед алиалагчийн хувцас, нүүр будагтайгаа байсан Bill "Ингэж үү?" гээд нүдээ эргэлдүүлж үзүүлсэн гэдэг. 

Эх сурвалж: Brightside

#Кино #Баримт